Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 545

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Болортуяа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч П.Энхболд /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, иргэдийн төлөөлөгч Ж.Төмөрбаатар, шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч П.Дэлгэр, Ж.Нарантуяа, нарийн бичгийн дарга Б.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Э-ийн Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910012680433 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “Өршөөл үзүүлэх” тухай 2009 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Э-ийн Ч /РД: ШЖ69031175/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хэсэг, 000 тоот гэртээ иргэн Б.А-тай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О: “...Би энэ хэргийн талаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өглөө мэдсэн. Амь хохирогч, шүүгдэгч хоёр хамт тоглож өссөн хүүхдүүд, адилхан архи уудаг байсан. Иймд яалтай билээ, Ч миний хүүхдийг санаатай алаагүй байж болно. Би эх хүн учраас хүү минь амьд байсан бол надаас хойш олон жил амьдрах байсан гэж маш их харамсаж байна. Уг хэрэг шүүгдэгчийн согтуу байдлаас болж үүссэн байна, нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булагдсан байгаа. Хэдийгээр хүүхдээ алдсандаа харамсаж байгаа боловч Чыг яллах бодолгүй байна. Миний хүү, Ч хоёр бага наснаасаа нөхөрлөж ирсэн. Шүүгдэгч архинаас болоод ийм асуудал гаргасандаа харамсаж байгаа байх гэж бодож байна. Э.Ч-ын ар гэрийнхэн нь надтай нэг ч удаа холбоо барьж уулзаагүйд нь харамсаж байна. Миний хүү охиныхоо сургалтын төлбөрийг төлдөг байсан. Иймд би шүүгдэгчээс суралтын төлбөр болон оршуулгын зардалд нийт 15,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ч: “...Талийгаачийг санаатай алаагүй, бид хоёр хамт архи ууж дуусаад талийгаачийг гэртээ харьж унт гэхэд талийгаач адилхан архи уучихаад чи намайг хөөлөө гээд манай шүүгээ рүү эргээд хутга бариад над руу алчихья л даа гээд хүрээд ирсэн, би хутгатай гартай ноцолдоод бид хоёр хамт унасан, тэгээд талийгаач эргээд орон дээр суусан, ингэх үед нь гар нь цус болсон байхаар нь би хутга барьсан байсан, шалбарсан байсан байх гэж бодоод нээх тоогоогүй. Гэтэл хутгалагдсан байсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А миний ууган хүүхэд, доороо 5 дүүтэй. ...2019 оны 5 сарын эхээр зайсангийн эцэст хорих ангийн ертөнцийн зүгээр урд талд байх айлууд руу очиж гэр барьж буусан, тэндээ ганцаараа амьдарч байсан. ...Миний хүү Б.А нь олон найз нөхөдтэй нөхөрсөг, тусч, амьдралын төлөө зүтгэлтэй хүн байсан. Архи уусан үедээ жаахан ширүүн зантай, хаяа агсам согтуу тавьж байсан. ...Хэрэг болохоос ойролцоогоор 7 хоногийн өмнө хоол ундгүй боллоо мөнгө явуулаач гээд ярьж байсан. ...Э.Ч нь зайсангийнх багаасаа зайсанд байсан, түүний дүү нь талийгаачийн ангийнх нь хүүхэд, сайн найз нь байсан юм, тэр хоёр нэг нэгнийгээ сайн мэднэ, нөхөрлөдөг энэ хоёрын хооронд миний мэдэхээр ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. ...Миний хувьд оршуулгын зардлыг гаргуулах хүсэлттэй байна. Баримтууд гэх зүйл байхгүй, авсан зүйлээ дэвтэр дээр тэмдэглэж байсан, Ойролцоогоор 6,000,000 орчим төгрөг зарцуулсан. Мөн талийгаач Б.А-ын охин А.Б-ийн их сургуулийн төлбөрийг 2 жилийн хугацаандтөлүүлэх хүсэлттэй байна. Нэг жилийн төлбөр нь 3 орчим сая төгрөг, нийтдээ12 орчим сая төгрөг болно, нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 37-39, 40/ гэсэн,

 

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гэртээ унтаж байхад 23 цаг 20 минутын орчим хаалга тогшихоор нь би хэн бэ гэж асуухад би байна гэж Э.Ч хэлсэн. Би очоод хаалгаа нээж  гэртээ Э.Ч-ыг оруулахад А хүнд хутгалуулчихсан байна, цагдаа, түргэн тусламж дуудаад өг, энэ үхэж магадгүй шинжтэй байна гэж хэлэхээр нь би чи юу хуцаад байгаа юм бэ гэж хэлээд дагуулаад гэрт нь очиход А шалан дээр цус алдчихсан хэвтэж байхаар нь би буцаж гэрлүүгээ очиж гар утсаа аваад өөрийнхөө 0000000 дугаараас 102 тусгай дугаарлуу залгаж хаягаа зааж өгөөд хүн хутгалуулчихсан байна гэж хэлсэн, дараа нь 103 дугаарлуу залгаж мөн адил хүн хутгалуулаад их цус алдчихсан байна гэж хэлээд буцаж гэрээсээ гараад Ч-ын гэрийн гадаа очоод дотогш оролгүйгээр зогсож байтал ойролцоогоор 10-20 минутын дараа 103 яаралтай түргэн тусламжийн эмч ирж үзээд баруун гарыг нь юмаар боогоод байх шиг байснаа би дусал хийж байна, энэ хүнийг аваад явах гэж байна гээд утсаар ярьж байсан, би тэр үед үүдний буюу гадна хаалганы орчим сандраад зогсож байсан учраас 103-н эмч яг юу хийснийг нь сайн харж чадаагүй, харин тухайн үед Ч хажууд нь хараад зогсож байсан. Тэгтэл удалгүй гаднаас 2-3 орчим минутын дараа цагдаа нар ирэхээр нь би Чын гэрээс гарсан. ...А Э.Ч-ын гэрийн том өрөөнд байдаг орны урд шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, өөрийнх нь баруун талын хэсгийн шал нь их хэмжээний цус болчихсон, өөрөө бие нь өвдсөн хүн шиг яраглаад хэвтэж байсан. А ямар нэг зүйл яриагүй ээ, харин гэрт нь ороход өөр хүн байгаагүй. Э.Ч манай гэрт дуудлага өг гэж хэлэхдээ их хэмжээний согтуу, хоёр хөл дээрээ тогтож чадахгүй явж байсан...” /1-р хх-ийн 41-46/ гэсэн,

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Орой унтаж байхад гаднаас Ч ах согтуу байдалтай орж ирээд ээжтэй уулзаад А хутгалуулчихаад манай гэрт ороод ирлээ, цагдаа дуудаад өгөөч гэж хэлснээр ээж очиж харахаар Ч ахыг дагуулаад гарсан. Тэгээд удаагүй ээж буцаж орж ирээд нээрэн А-гийн царай шаргалтчихсан байна, үхчихэж магадгүй, хөдлөхгүй байна гэж хэлээд утсаа авч цагдаа болон түргэн дуудсан...” /1-р хх-ийн 48-49/ гэсэн,

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэртээ ирэхэд ээж байхгүй, Ч ахынд байгаа гэхээр нь Ч ахын гэрт очиход түргэний эмч ирчихсэн, дотогш ороход Ч ах орон дээр сууж байсан, А ах газар хэвтэж байсан, эмч А ахыг үзээд боолт хийгээд байх шиг харагдсан. Удаагүй цагдаа нар ирээд би гэрээс гарч явсан...” /1-р хх-ийн 450-51/ гэсэн,

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минутаас 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаанд Хан-Уул дүүрэгт Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмчээр үүрэг гүйцэтгэж ажилласан. ...2019 оны 5 дугаар сарын 21-ний орой ойролцоогоор 23 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0000 тоотод хүн хутгалуулсан, Жавхлан дэлгүүрийн хажууд байж байя гэх дуудлага ирсэний дагуу 23 цаг 49 минутанд очиход жижиг улаан тоосгон байшин байсан, ороход байшингийн шалан дээр 45 орчим насны согтуу эрэгтэй сууж байсан, юу болсон талаар асуухад хатгалуулж орж ирээд цаг гаруй болж байгаа гэж байсан, тэгээд би хохирогчийг үзэхэд хохирогчийн баруун далны 5, 6 дугаар хавирганы завсар хурц зүйлээр хатгасан мэт шархтай толгойн орой хэсэгт 3-4 см орчим язарсан шархтай, царай нь цайсан, хүүхэн хараа хоёр талдаа нарийссан, эвэрлэгийн рефлекс маш сул, захад пульс тэмтрэгдэхгүй, ухаангүй эрэгтэй хүн байсан, тухайн хүний амнаас архи үнэртэнэ. Эхлээд шархийг ариутган уян боолт тавьсан, баруун гарын артерын судсанд уян зүү тавих гэсэн боловч олдоогүй тул зүүн хөлийн гутлыг тайлж артерийн судсанд уян зүү тавьсан, тэгээд адерналин авч СПР хийсэн боловч үр дүн өгөхгүй байсаар нас барсан. Тэнд байсан Ч гэх эрэгтэй айж сандраагүй, согтуу байдалтай байсан, болсон хэргийн талаар надад хэлээгүй...” /1-р хх-ийн 52-53/ гэсэн,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хашаанд А ах амьдардаг болохоор тэдний гэрт ороод унтахаар орохд гэр нь цоожтой байсан, тэгэхээр нь Ч ахынд байгаа гэж бодоод 19 цагийн орчим очсон, тэгэхэд тэр хоёр нэг литрийн том шилтэй архи талаасаа доогуур ортол нь уучихсан, нэлээд халаалттай бараг согтуу шахуу байсан, би ч бас тухайн үед нэлээн согтуу байсан. Би А ахыг гэрийнхээ түлхүүрийг надад өгчих, би ороод унтчихья гэж хэлээд түлхүүрийг нь аваад тэдний гэрт очиж хоносон. Намайг унтаж байхад шөнө цагдаа нар ирээд уулзах хэрэг байна гээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Намайг очиход тэр хоёр л архи уугаад сууж байсан, өөр хүн байгаагүй...” /1-р хх-ийн 54-55/ гэсэн,

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагаас 5 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг хүртэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн арцат 111 чиглэлд хөдөлгөөнт эрүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ...Энэ хугацаанд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн орчим хутгалуулсан хүн байна, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Жавхлант дэлгүүр дээр тосно гэх дуудлага ирсэний дагуу дуудлагаар очиход эмч ирсэн байсан. ...Хэргийн газар луу буюу 000 тоот улаан тоосгон байшин руу ороход байшингийн цаад хэсэгт шалан дээр дээшээ харсан байдалтай 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан, тухайн хүн юм ярих чадваргүй, царай нь цайрсан байдалтай байсан. ...Хажууд нь 45 орчим насны эрэгтэй Э.Ч гэх хүн сууж байсан, тэр хүнээс юу болсон талаар асуухад мэдэхгүй, ийм байдалтай гаднаас орж ирсэн гэж хэлсэн. Э.Ч нь согтуу архи үнэртүүлсэн байдалтай, биед ил харагдах бэртэл гэмтэл ажиглагдаагүй...” /1-р хх-ийн 59/ гэсэн,

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагаас 5 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг хүртэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн арцат 111 чиглэлд хөдөлгөөнт эрүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ...2019 оны 5 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим хутгалуулсан хүн байна, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Жавхлант дэлгүүр дээр тосно гэх дуудлага ирсэний дагуу дуудлагаар очиход улаан тоосгон байшин байх ба ороход үл таних 40 орчим насны эрэгтэй хүн ухаангүй байдалтай, юм ярих чадваргүй хэвтэж байсан. ...Түүний хажууд орон дээр 45 орчим насны эрэгтэй Э.Ч гэгч нь сууж байсан, юу болсон талаар асуухад гаднаас хутгалуулсан байдалтай орж ирсэн гэсэн. ...Намайг харахад Э.Ч нь тухайн үед сандраад чимээгүй суугаад байсан...” /1-р хх-ийн 60/ гэсэн,

Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед өөрийн гэртээ танил Б.А-ын хамт 0,75 литрийн архи хоёр шилийг авч гэртээ уусан. Б.А миний орон дээр хэвтээд байхаар нь чи гэрлүүгээ харь, чамайг би гэртээ унтуулахгүй гэхэд битгий солиороод бай, цуг архи уучихаад нэгийгээ хөөлөө гээд байсан. Би нэг их юм хэлээгүй татаад босгосон чинь Б.А хоолны шүүгээнээс нарийн ногоон иштэй хутгыг бариад над руу ойртож ирэхээр нь чи яах гэж байгаа юм бэ гэхэд чамайг алчихья л даа гэхээр нь би шанаа руу нь нэг удаа гараараа цохиод хутгыг нь авах гээд гарнаас нь барьж авахад хутгаа өгөхгүй ноцолдоод байсан. ...Бид хоёр газарт унаж дээр доороо орж ноцолдож байгаад босож ирсэн, тэгээд би талийгаачийн гарнаас барьсан, тэгтэл талийгаач хутгаа доош хаясан тэгэхээр нь би хутгыг аваад үүд рүү шидсэн. Тэгтэл талийгаачийн хэвлий орчмоос цус гарсан, тэгэхээр нь би гараад эгч дээр очиж түргэн дуудуулсан. Тэгээд түргэн болон цагдаа ирсэн. Ойролцоогоор 22-23 цагийн орчим болсон, бид хоёр адилхан уусан, ухаан орон гаран байсан, архи уусан, болохоор манараатай байсан...” /1-р хх-ийн 182-184, 187-190/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-14/,

- Цогцост болон гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-20/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-33/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-23/,

- Мэдүүлгийг газар дээр нь шаласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 191-195/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №1188 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач Б.А-ын цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн баруун хэсэгт суганы арын шугамаар өрцийг гэмтээн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, толгойн хуйх, баруун өгзөг, зүүн тахимны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Толгойн хуйхны шарх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, бусад шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ.

4. Хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Талийгаач нь О(I) бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

7. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 04 цаг 50 минутын байдлаар нас бараад 5-7 цаг болсон байна гэжээ.

8. Талийгаач нь дээрх хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...” /1-р хх-ийн 68-70/ гэсэн,

- Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 785 дугаартай магадлагаа: “...Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргав.

1. Э.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Э.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

3. Э.Ч нь өөрийн үйлдлийг ухамсарлан, хийж байгаа үйлдлээ хянан чадвартай байна. Э.Ч нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Э.Ч нь хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 76-77/ гэсэн,  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн, химийн,  дезоксирибонуклейны шинжээчийн 2019 оны №2834, 3142, 3147, 3148, /1-р хх-ийн 79-80, 109, 118-119, 124-125, 133-134/ гэсэн дүгнэлтүүд,

- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 2/,

- Дуудлагын лавлагааны хуудас /1-рхх-ийн 3/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 34/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 191-195/,

- Хохирлын баримт /2-р хх-ийн 20-30/,

- Шүүгдэгч Э.Чийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 240/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 248/, лавлагаа /2-р хх-ийн 8, 10-15/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хэсэг, 00 тоот гэртээ Б.А-тай маргалдаж, улмаар түүний хэвлийд нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, гэрч Э.М, Т.М, Б.Т, Д.Б, Э.А, Г.О нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны №1188 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны №2834, 3142, 3147, 3148 дугаартай дүгнэлтүүд, хүний биед болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны №1188 дугаартай дүгнэлтэд “...хэвлийн баруун хэсэгт суганы арын шугамаар өрцийг гэмтээн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, толгойн  хуйх, баруун өгзөг, зүүн тахимны шарх гэмтэл тогтоогдлоо...” /1-р хх-ийн 68-70/ гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч “...Би А-ын толгой руу цохиогүй, ойролцоогоор долоо хоногийн өмнө манайд ирэхдээ толгойгоо хагалуулчихсан гээд ирсэн...” /1-р хх-ийн 184/ гэсэн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө толгойндоо гэмтэл авсан бөгөөд тухайн гэмтлийг шүүгдэгчийг учруулаагүй байна гэж үзэв.

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах нь хүнийг алах явцдаа эсхүл алахын өмнө хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон байхыг шаардах бөгөөд амь хохирогчийн баруун өгзөг, зүүн тахимд учирсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж,

Амь хохирогч согтуурсан, эсхүл бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах чадваргүй болсныг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байхыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсэн гэж үзэхээр хуульчилсан бөгөөд амь хохирогч, шүүгдэгч нар гэмт хэрэг гарах үед хэн аль нь адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байсан, шүүгдэгч нь амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсныг ухамсарлах чадваргүй байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн тус тус дүгнэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас Б.А-ын амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-т мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Оршуулгын зардал, талийгаачийн охин А.Б-ийн сургалтын төлбөрт нийтдээ 15 сая төгрөг нэхэмжилж байна, гаргуулж өгнө үү...” /1-р хх-ийн 37-40/ гэжээ.

Амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан баримт хэрэгт авагдаагүй боловч хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Н.О-ын гараар бичиж өгсөн баримтаар оршуулгын зардалд 4,903,390 төгрөг /2-р хх-ийн 20-29/ зарцуулсан гэснийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин амь хохирогчийн охин А.Б-ийн сургалтын төлбөрт “сургалтын төлбөрийн нэхэмжлэл”-ээр /2-р хх-ийн 30/ 7,458,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

Учир нь 2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан нэхэмжлэл нь тухайн сургуулийн хэддүгээр дамжааны оюутан хэний төлбөрийн нэхэмжлэл болох нь, хэдээс хэдэн онд суралцах сургалтын төлбөрийн баримт болох нь тус тус тодорхойгүй байх тул амь хохирогчийн охин А.Б-ийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс /1-р хх-ийн 170-176/ шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1910012680433 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Э.Ч-ын өмсөж явсан гэх саарал өнгийн хагас ханцуйтай урд энгэр хэсгээрээ урагдсан цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн шорт 1 ширхэг, хар хөх өнгийн хоёр хажуу хэсэгтээ цагаан өнгийн судалтай бэлтгэлийн өмд 1 ширхэг,  Б.А-ын өмсөж явсан гэх хар өнгийн урдаа цахилгаантай хүрэм 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, шар эрээн подволк 1 ширхэг, хар өнгийн нимгэн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг, оймс 1 хос, цус мэт зүйлээр бохирлогдсон урт цагаан өнгийн даавуу 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн болон цэнхэр өнгийн гутал тус бүр 1 хос, 29,5 см урттай, ажлын хэсэг нь 18 см урттай ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, Э.Ч-аас хураан авсан 10 хурууны хумс, арчдас 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан тамхины иш, Б.А-ын 10 хурууны хумс, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан цус мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч-ын өмгөөлөгч нар П.Дэлгэр, Ж.Нарантуяа нараас “...Шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн, Амгаланбаатарыг санаатай алаагүй, талийгаач хутга аваад Ч руу алчихья л даа гэж дайрсан, улмаар Э.Ч өөрийгөө хамгаалж, хутгыг булааж авахаар ноцолдож байх явцад тухайн гэмтлийг авч нас барсан, иймд Э.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн, мөн шүүгдэгчийн “...талийгаач хутга бариад алчихья л даа гээд над руу ирэхэд нь би хутгыг нь авах гэж гараас нь барьж авахад хутгаа өгөхгүй байсан, тэгээд бид хоёр давхарлаж унаад ноцолдсон, босож ирээд би талийгаачийн гарнаас барьсан, тэгсэн талийгаач хутгаа доош хаясан, түүний гэдэснээс цус гарахаар нь би шалбарсан юм байх л гэж бодсон, би түүнийг санаатай алаагүй...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны №1188 дугаартай дүгнэлтэд “...хэвлийн баруун хэсэгт суганы арын шугамаар өрцийг гэмтээн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх,...” гэж бичсэнээс үзэхэд баруун суганы араас хатгагдсан шархыг өөрөө өөртөө учруулах, эсхүл хутга булаацалдах явцад үүсэх боломжгүй, энэ талаар нотлосон бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын санал, хүсэлт няцаагдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Э-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Э-ийн Ч-ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Ч-ын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-аас 4,903,390 (дөрвөн сая есөн зуун гурван мянга гурван зуун ер) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-д олгож, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Н.О гэмт хэргийн улмаас өөрт учирсан шууд болон шууд бус зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг түүнд тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 1910012680433 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн саарал өнгийн хагас ханцуйтай урд энгэр хэсгээрээ урагдсан цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн шорт 1 ширхэг, хар хөх өнгийн хоёр хажуу хэсэгтээ цагаан өнгийн судалтай бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн урдаа цахилгаантай хүрэм 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, шар эрээн подволк 1 ширхэг, хар өнгийн нимгэн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг, оймс 1 хос, цус мэт зүйлээр бохирлогдсон урт цагаан өнгийн даавуу 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн болон цэнхэр өнгийн гутал тус бүр 1 хос, 29,5 см урттай, ажлын хэсэг нь 18 см урттай ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, 10 хурууны хумс, арчдас 1 ширхэг, тамхины иш, 10 хурууны хумс, цус мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                       ШҮҮГЧИД                                             С.БОЛОРТУЯА

 

                                                                                                                     М.МӨНХБААТАР