Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 04

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  Ж.Гт холбогдох 1916003760161 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1976 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Ц овогт Ж-н Г гэв.

Шүүгдэгч Ц овгийн Ж-н Г нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ... хашаанд Мөнхбатын гэрт үл ялих зүйлээс болж маргалдан Ч.Иыг  зуух руу түлхэн зүүн бугалганы ар хэсгийг түлж, хүзүүнд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, 43 дугаар шүдний эмтрэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Ж.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... баг Атар 1-3 тоот хашаанд Мөнхбатын гэрт үл ялих зүйлээс болж маргалдан Ч.Иыг  зуух руу түлхэн зүүн бугалганы ар хэсгийг түлж, хүзүүнд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, 43 дугаар шүдний эмтрэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

        Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Г гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч Ж.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дотны найз болох Мөнхбатынд орж адуу асуугаад гарч яваад 2 найзтай нэг шил архи авч орж уусан. Тэгээд үл ялих зүйлээр маргаад хохирогч И нь нүүр рүү маажих гээд дайрахаар нь санамсаргүй түлхсэн. Ийм зүйл болсонд уучлалт гуйж, буруугаа хүлээж байгаа. Надад оногдох 800 нэгжийн торгуулийг торгуулийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү?... Эхнэртээ 2 үг хэлэхэд нь эхнэр рүүгээ үг хэллээ гэж маргалдаад цээж рүү түлхэхээр нь цааш түлхтэл ийм зүйл болсон. Би архи ууж хэрэгт холбогдож байгаагүй. Анхных учраас харж үзнэ үү?...” гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Ч.Иын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өдрийн 14 цаг өнгөрч байхад Г эхнэр болох Баярмааг дуудаад бид  дөрөв хоол цай хийж идэж уугаад сууж байтал Г эхнэрээ хэл амаар доромжлоод байхаар нь Б гараад явсан. Хэсэг чимээгүй сууж байснаа босч ирээд намайг бариад авсан. Би гарыг нь тавиулах гээд хүчрээгүй. Тэгээд байж байтал намайг зуух руу унагасан. Намайг зуух руу түлхэж унагаад миний бугалга түлэгдсэн. Зуух руу унах үедээ шүдээ цохисон байх... Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх15-рт/,

Хохирогч Ч.Иын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх хүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 345 дугаартай акт /хх36-37рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

   Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

   Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ч.И нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “...Ж.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг зодож биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бөгөөд надад учруулсан хохирлоо бүрэн төлж, гомдол саналгүй болсон. Ж.Гөөс нэхэмжлэх зүйл байхгүй. Бүрэн уучилж эвлэрсэн болно...” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Гийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Гийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Г нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн Ж-н Гийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Гт танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА