| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 201/2016/0041/и |
| Дугаар | 201/МА2016/00040 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 201/МА2016/00040
У.Уртнасангийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад
холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/01065 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдах гомдлоор У.Уртнасангийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдох Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч У.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2012 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн 4 жил ажилласан. Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, сумын 2000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд бүхий л нөхцөл бололцоог ашиглан ажиллаж ирсэн. Манай эрүүл мэндийн төвийн ачаалал их байдаг. Нэг мэргэжилтэн 2, 3-н хүний ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Энэ ачааллыг бууруулах зорилгоор мэргэжилтэн авч ажиллуулахыг хүссэн боловч цалингийн сан хүрдэггүй байсан. 2016 онд цалингийн сан 30 гаруй сая төгрөгөөр нэмэгдсэн учир нэмж мэргэжилтэн ажиллуулах боломж бүрдэж аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтан Эрдэнэтуяад бага эмч, сувилагчийн орон тооны захиалга өгсөн. Мөн манай эх баригч, дүн бүртгэгч, бага эмч Г.Ганцэцэг жирэмсэний амралт авах тухайгаа 2016 оны 2 сард хэлсэн. Сумын эрүүл мэндийн төвийн хувьд эх баригч, бага эмч нь жирэмсэн, төрсөн эхчүүд, нярай, 0-5 хүртэлх насны бүх хүүхдүүд болон нийт хүн амын төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийт хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бүртгэл судалгаа, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг илрүүлж, эрүүлжүүлэх зэрэг үүргийг хариуцан ажилладаг. Г.Ганцэцэгийг амралтаа авчихвал түүний оронд ажиллах хүн олдохгүй байсан бөгөөд эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн. Ажиллах хүн олдохгүй байсан учир Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 35 жил эх баригч, бага эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, дадлага туршлагатай өөрийн ээж Бүдсүрэнг Ганцэцэгийн орон тоон дээр ажиллуулах зорилгоор 2016 оны 2 сарын 15-наас эхлэн тус төвд лаборант бага эмчээр ажиллуулсан. Ганцэцэгийг 2016 оны 3 сарын 07-ны өдөр жирэмсэний амралт авахад нь түүний хариуцан ажилладаг эх баригч, бага эмчийн ажлыг Бүдсүрэнгээр хавсран ажиллуулсан. Ийнхүү ажиллуулснаар манай эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, чанар үр дүн дээшилсэн. Хөдөө суманд очиж ажиллах хүн байгаагүй, орон тооны дутагдалтай байдлаас шалтгаалан өөрийн төрсөн эхийг батлагдсан орон дээр ажиллуулсан нь үнэн. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Миний хувьд төрсөн эхийгээ авч ажиллуулснаар ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил гаргаж төр болон иргэнд ямар ч хохирол учруулаагүй. Харин тус сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэвийн түвшинд явуулсан. Гэтэл Баянтүмэн сумын Засаг дарга П.Гунгаацэрэнгээс 2016 оны 5 сарын 23-ны өдөр 1/211 тоот албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгээр миний 2016 оны 5 сар хүртэл хугацаанд гаргасан тушаалыг хянаад зөвлөмж хүргүүлсэн байсан. Энэ зөвлөмжийн дагуу алдаа дутагдлаа засаад хариу хүргүүлсэн. Эх баригч, лаборант Б.Будсүрэн нь 2016 оны 5 сарын 25-ны өдөр халагдах өргөдлөө өгсөн учир 6 сарын 03-ны өдөр ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл сумын Засаг дарга нь 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар миний албан тушаалыг бууруулсан. Дээрх захирамж нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байх тул захирамжийг хүчингүй болгож, Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч П.Гунгаацэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тус сумын эрүүл мэндийн төвийн даргаар 4 жил тасралтгүй ажилласан гэж дурдсан хэдий ч Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгосон талаар огт дурдаагүй байна. Баянтүмэн сумын Засаг даргын 2012 оны 7 сарын 09-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар У.Уртнасанг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байдаг. Энэ нь “Эрүүл мэндийн тухай хууль”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-д “Эрүүл мэндийн төвийн даргыг харьяа дээд шатны байгууллагын даргатай тухайн шатны Засаг дарга зөвшилцсөний үндсэн дээр хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасан байтал Дорнод аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга, сумын Засаг дарга хоёр зөвшилцөөгүйн улмаас нэг албан тушаалд нэг хүнийг тус тусдаа захирамж, тушаал гарган томилсон байсан. Энэ байдлаа засч У.Уртнасанг томилсон тушаалаа 2-лаа хүчингүй болгосон байгаа. Үүний дагуу сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар зөвшилцсөний үндсэн дээр сумын Засаг дарга 2013 оны 2 сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүйг харгалзан сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Улаанхүүгийн Уртнасанг томилсон болно. Сумын Засаг дарга нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэндийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүргийнхээ хүрээнд сумын ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Э.Нарангаравын төсвийн байгууллагуудын эрхлэгч нарын эрхлэн гаргаж буй тушаал шийдвэрт хууль эрх зүйн болон албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу хийсэн хяналт шинжилгээний мөрөөр илэрсэн алдаа дутагдлыг арилгах талаар зөвлөмж тайланг гаргасан. Сумын Засаг даргын 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 1/211 дугаар албан тоотоор алдаа дутагдлыг арилгаж 2016 оны 5 сарын 25-ны дотор ирүүлэх талаар хариутай албан үүргийг У.Уртнасанд өгсөн. Хариуг 2016 оны 5 сарын 26-ны өдөр хавсралт 1 хуудас албан бичгээр ирүүлсэн. Уг тайлан гэх 1 нүүр бүхий бичмэлд Б.Бүдсүрэнг томилсон 2016 оны 2 сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалын талаар алдаа дутагдлаа арилгасан, авсан арга хэмжээний тухай бичээгүй байсан. Дээрх 2016 оны 2 сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчиж өөрийн төрсөн ээж Б.Бүдсүрэнг лаборант, бага эмчээр орон тоо гарган ажиллуулсан нь хуульд нийцэхгүй байгаа алдааг засч арилгасан талаар огт мэдээлээгүй. Гэтэл нэхэмжлэлд “Б.Бүдсүрэн 2016 оны 5 сарын 25-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн, миний бие 2016 оны 6 сарын 03-ны өдөр Б.Бүдсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан...” гэж бичсэн боловч тухайн үед тайлан ирүүлэхдээ энэ талаар дурдаагүй. Иймд Засаг даргын хувьд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Хулантай зөвшилцөн У.Уртнасангийн албан тушаалыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу бууруулсан. Үүнийг дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д заасан заалтаар зохицуулсан байдаг. Сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга У.Уртнасан нар нь үр дүнгийн гурвалсан гэрээг жил бүр байгуулж ажилладаг бөгөөд гэрээгээр хүний нөөцийн талаар ил тод байдлыг хангаж ажиллах талаар У.Уртнасан үүрэг хүлээсэн боловч Монгол Улсын “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн 8.1.1-д заасан заалтыг зөрчиж өөрийн ээжийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр орон тоо гаргаж гэрээ байгуулсан. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.7, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан заалтыг зөрчсөн тул албан тушаал бууруулах шийдвэр гаргах гол үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга У.Уртнасан нь Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Эрүүл мэндийн газрын дарга, Баянтүмэн сумын Засаг дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын 2016 онд байгуулсан гурвалсан гэрээгээ зөрчиж өөрийн хамаарал бүхий этгээд болох ээж Б.Бүдсүрэнг сонгон шалгаруулалтгүй бага эмчээр авч ажиллуулсан зөрчил гаргасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, ... гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заасан байдаг. Гэвч У.Уртнасан нь Б.Бүдсүрэнг 2016 оны 02 сарын 15-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажилд авсан байна. Нэг дугаартай 2 өөр утгатай тушаал гаргасан байдаг. Нэг нь 2016 оны 2 сарын 15-ны өдрөөс туршилтын 6 сарын хугацаагаар ажиллуулах, нөгөө нь бага эмчээр ажиллуулах тухай тушаал байдаг. Энэ бүгдээс харахад Б.Бүдсүрэнг ажилд авсан нь тогтоогдож байна. Мөн өөрийн ээж Б.Бүдсүрэнг ажилд авснаар ашиг сонирхлын зөрчил үүсч Авлигын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “..албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар ...бусдад давуу байдал гаргах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт зөрчигдсан байна. Дээрх зөрчлийг гаргасантай холбогдуулан Баянтүмэн сумын Засаг даргын зүгээс 2016 оны 5 сарын 23-ны өдөр У.Уртнасан даргад зөрчил арилгах тухай үүрэг өгсөн. Энэ дагуу эрүүл мэндийн төвийн дарга У.Уртнасан нь 2016 оны 5 сарын 25-ны өдрийн 67 дугаар албан тоотоор алдаагаа зассан тухай үүргийн биелэлт, ажлын тайланг хүргүүлсэн байдаг. У.Уртнасан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Б.Бүдсүрэн нь 2016 оны 5 сарын 25-ны өдөр ажлаас гарах тухай өргөдөл өгсний дагуу би 2016 оны 6 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас чөлөөлсөн” гэжээ. Гэтэл У.Уртнасан нь 2016 оны 5 сарын 25-ны өдөр Баянтүмэн сумын Засаг даргад хүргүүлсэн 67 дугаартай албан бичигтээ “Б.Бүдсүрэн нь өргөдлөө өгсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалж 6 сарын 03-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн” талаар огт дурдаагүй байдаг. Ийм учраас Баянтүмэн сумын Засаг даргын зүгээс У.Уртнасанг Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 2016 оны 6 сарын 17-ны өдөр Б/11 тоот захирамжийг гаргасан байдаг. У.Уртнасан нь зөрчил гаргасан, зөрчлөө арилгах үүрэг өгсөн боловч хугацаанд нь арилгаагүй, мөн зөрчил арилгасан талаар тайландаа тусгаж ирүүлээгүй учраас Баянтүмэн сумын Засаг даргын зүгээс тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга У.Уртнасангийн албан тушаалыг бууруулах тухай захирамж гаргасан нь хуулийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/01065 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Улаанхүүгийн Уртнасанг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч У.Уртнасан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч байгууллага Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжид албан тушаал бууруулах үндэслэлийг “гурвалсан гэрээг зөрчиж, өөрийн хамаарал этгээд ээж Б.Бүдсүрэнг сонгон шалгаруулалтгүй бага эмчээр ажиллуулсан” гэсэн байдаг. Энэхүү гурвалсан гэрээний заалт, үр дүнг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл гэрээний 3.2, 3.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил илэрч дээрх дутагдлыг арилгах зөвлөмжийг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй байсан нь гэрээний заалтыг зөрчсөн болохыг нотолж байна. Хариуцагч Баянтүмэн сумын Засаг дарга Эрүүл мэндийн төвийн дарга У.Уртнасанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ аваагүй харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3, Авлигын эсрэг хуулийн 33.1.2-д заасан зөрчлийг гаргасанд нь тухайн хуулийн дагуу албан тушаал бууруулах үндэслэлээ тодорхой зааж, 2016.06.17-ны өдрийн Б/11 тоот захирамж гаргасан байдаг. Нөгөө талаас шүүх хариуцагч нь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Хуланд зөвшилцөх саналаа явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч Эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичиг, дарга Х.Хулангийн мэдүүлгээс зөвшилцөх саналыг хүргүүлээгүй болох нь тогтоогдох байх тул гэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан О.Сарантуяа, Х.Хулан нарын мэдүүлэг нь бусад нотлох баримттай зөрүүтэй байхад шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Уртнасан нь хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2013 оны 02 сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар У.Уртнасанг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. /хх-ийн 29 дэх тал/
Мөн Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар “... 2016 онд байгуулсан гурвалсан гэрээгээ зөрчиж өөрийн хамаарал бүхий этгээд ээж Б.Бүдсүрэнг сонгон шалгаруулалтгүй бага эмчээр ажилд авч ажиллуулсан“ гэх үндэслэлээр ажилтан У.Уртнасанг сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас нь бууруулжээ. / хх-ийн 30-31 дэх талууд/
Ажилтан У.Уртнасан нь Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “хамаарал бүхий этгээд“ болох өөрийн төрсөн эх Б.Бүдсүрэнг сумын Эрүүл мэндийн төвийн лаборант, бага эмчээр авч ажиллуулсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог ба талууд энэ талаар маргаагүй болно.
Ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга нь ажилтны гаргасан “хамаарал бүхий этгээд“ ажилд авч ажиллуулсан гэх зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт зааснаар албан тушаал бууруулах арга хэмжээ авах эрхтэй ажээ.
Гэвч ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга хуульд заасан өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дэх хэсэгт заасан “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэсэн, Аймгийн эрүүл мэндийн газрын дарга, Баянтүмэн сумын Засаг дарга, Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн дарга нарын хамтарсан “Хамтын ажиллагааны гурвалсан“ гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн төвийн удирдлагыг томилох, чөлөөлөхөд аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх, ...“ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. /хх-ийн 68 дахь тал/ Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Түүнчлэн ажилтан У.Уртнасангийн “намайг албан тушаал бууруулахдаа Аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүй“ гэсэн тайлбар, мөн гэрчээр асуугдсан Х.Хулангийн “... Баянтүмэн сумын Засаг дарга Гунгаацэрэн нь Эрүүл мэндийн төвийн дарга У.Уртнасанг албан тушаал бууруулсан. Идэрзориг гэж хүнийг оронд нь томилсон шүү гэж хэлж байсан ...“ гэсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 2/246 дугаар албан бичгийн “Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 1/231 тоот албан бичиг манай байгууллагад ирээгүй болно” гэснийг хариуцагч буюу ажил олгогч Баянтүмэн сумын Засаг дарга бичгийн нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд энэ талаар давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/01065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
З.ЭНХЦЭЦЭГ