| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 500/2017/0040/Э |
| Дугаар | 614 |
| Огноо | 2017-08-15 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 614
М.Бямбатүшигт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 563 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тус дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 тоот дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн М.Бямбатүшигт холбогдох 201726010667 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Шарнууд овгийн Мөнхтөрийн Бямбатүшиг, 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 2-111 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ИЭ00311113/,
М.Бямбатүшиг нь 2017 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 2 дугаар орцны 111 тоотод төрсөн эцэг Д.Мөнхтөрийг цээжин тус газарт нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: М.Бямбатүшигт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр М.Бямбатүшигт холбогдох 201726010667 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Үүнд: Прокурорын газраас яллагдагч М.Бямбатүшигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт” гэж,
Яллагдагч М.Бямбатүшигийн нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх М.Бямбатүшигт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 563 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл болон яллагдагчийн нэр зөрүүтэй. Мөн хуульд заасан хугацааны дагуу анхан шатны шүүхэд прокурорын эсэргүүцэл бичсэн. Залруулга хийсэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Бямбатүшигт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, яллах дүгнэлтийг прокуророор гардуулуулах зорилгоор хэргийг прокурорт буцаах тухай 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 563 дугаар шүүгчийн захирамжийг гаргажээ.
Гэтэл уг захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг “Э.Мэндсайхан”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1” гэх зэргээр өөр хэргийн холбогдогчийг хэргээс хуулбарлан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн энэхүү алдаа зөрчил нь техникийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, М.Бямбатүшигт холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасан атлаа уг хэрэгт прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа залруулга хийж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин 620 дугаартай захирамж гаргасан нь эрх зүйн зөрчилтэй эрхийн актыг техникийн шинжтэй алдаанд хамруулж залруулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 тоот дээд шатны прокурорын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцлээс бусад заалтыг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин 620 дугаартай хүчингүй болгон, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 563 дугаартай захирамжид зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 563 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “...181.2.1 дэх заалтад...” гэснийг “...91.1 дэх хэсэгт...” гэж,
“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...М.Бямбатүшигийг...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 620 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч М.Бямбатүшигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц.ОЧ