Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0598

 

“БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 42 дугаар зүйлийн 42.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тус тус заасныг баримтлан “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “БГ” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “БГ” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий “БГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж..” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн 529 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна .

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Өлзийт хороололд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зориулалтаар 163,23 га газрыг 2008 оноос хойш манай компани эзэмшиж ирсэн гэж тайлбарладагч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар цуцалсан байна.” гэжээ.

“БГ” ХХК-ийн ашигт малтмал ашиглах зориулалттай газрыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Нийслэлийн Засаг дарга нь 2017 онд газрыг цуцалсан. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга нь улсын тусгай хэрэгцээнд 2 жилийн өмнө авагдсан байсан газрыг цуцалсан.

“БГ” ХХК-ийг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаа газаргүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр болох Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоол гарах үед “БГ” ХХК нь газар ашиглах эрхтэй байсан болно.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт орууллаа.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Богд-Уул газарт байрлах 163.24 га талбай бүхий MV-013869 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлийг ашиглагч нь газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар дуусгавар болгосон бөгөөд уг захиргааны актыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаар магадлалаар үндэслэлтэй хэмээн шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Үүний дараагаар нэхэмжлэгч “БГ” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “БГ” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “БГ” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлагатай.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоолоор Улаанбаатар хот-Хөшигийн хөндий олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын хэмжээнд авч, тус газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа газрын нөхөн олговрыг тооцож олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт хамааралгүй байх тул тус тогтоолын дагуу хариуцагчийг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заасны дагуу маргаан бүхий газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.

Учир нь Захиргааны эрх бүхий байгууллагаас маргаан бүхий газрыг ашиглах эрхийг 2017 онд газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр нэгэнт дуусгавар болгосон, үүнтэй холбоотой нэхэмжлэгч шүүхэд маргаан үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад 2018 онд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоолд нийцүүлэн нөхөх олговор олгох нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “БГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгт ач холбогдолгүй хуулийн заалт баримталсан тул өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “  заасныг тус тус баримтлан “БГ” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “БГ” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаартай тогтоолыг үндэслэн “БГ” ХХК-ийн эзэмшлийн 163,24 га газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА