Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар ХШТ/2026/31

 

                                                          А.М, Б.Ц, Д.Э нарт

                                              холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч А.М, Д.Э, Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Г.Наранбаатар, Д.Бурмаа, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1940 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1351 дүгээр магадлалтай, А.М, Б.Ц, Д.Э нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт А.М,

 

2.Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой ус сувгийн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт Б.Ц,

 

3.Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, *** ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт Д.Э.

 

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон тэдгээрийг цагаатгаж,

шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ы цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 405,000 төгрөгийг түүнд оногдуулсан 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөс хасаж, эдлэх торгох ялын хэмжээг 35,595,000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг 01 жилийн хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоож,

шүүгдэгч А.М-ы Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн *** дансанд байршуулсан нийт 290,000,000 төгрөг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 29,900 ам.доллар, 5960 евро, 18,300,000 төгрөг, 12,650 ам.доллар, 6,000,000 төгрөг, 5000 рубль, 20,000 төгрөг 84 ширхэг, нийт 1,680,000 төгрөг зэргээс 29,900 ам.доллар, 12,650 ам.доллар, нийт 42,550 ам.доллараас Монгол банкнаас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зарласан 3,593,62 ханшаар 149,000,000 төгрөгийг 41,469 ам.долларт шилжүүлж, уг хураагдсан ам.доллараас хасаж, улсын орлогод оруулах, үлдэх 1,081 ам.доллор, 5960 евро, 18,300,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 5000 рубль, 20,000 төгрөг 84 ширхэг, нийт 1,680,000 төгрөгийг зэргийг шүүгдэгч А.М-д буцаах олгох,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.Э-ийн 20,000 дэвсгэрт 430 ширхэг, 10,000 дэвсгэрт 40 ширхэг 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 10,000 вон 4 ширхэг, А.М-ийн ашиглаж байсан Iphone 13 загварын гар утас, Б.Ц-ийн 8,737,6000 төгрөг зэргийг шүүгдэгч Д.Э, А.М, Б.Ц нарт тус тус буцаан олгох,

хэрэгт хавсаргагдсан сиди 8 ширхэг, тусад нь битүүмжилж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан магадалгаа 3 хавтас, сиди 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Д.Э-ийн үйлдлээс Б.Ц-д хахууль өгсөн гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Б.Ц-ийг цагаатгасугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...Шүүгдэгч *** овгийн А.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч *** овгийн Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

3 дахь заалтыг “...шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Ө.Мөнхнавч хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ДШМ/1351 дугаартай магадлалыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлзх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, мөн шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн байх тул зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн үндэслэлийн тухайд:

Шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаас утга найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна хуулийн зүйл заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.9 дэх хэсэгт заасан заалтуудыг хууль зүйн хувьд өөр өөрийн онцлог шинжээр ялгагдах байдлаар хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь “үйл баримтын хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, өөрөөр хэлбэл хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон боловч яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэрэг биш байх” нөхцөл байдлыг, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт нь “үйл баримтын хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй боловч тухайн яллагдагч, шүүгдэгчийн хувьд нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй” байх нөхцөл байдалд хэрэглэхээр хуульчлагдсан байна.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд мөн заалтын 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаадаг хууль хэрэглээний практик нэгэнт тогтсон.

Гэтэл анхан шатны шүүх “Б.Ц нь Д.Э-аар *** ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бухий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдан авахуулсан, мөн *** ХХК-ийн *** амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлсэн болох нь үгүйсгэгдэж байх тул эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй байна” гэсэн 2 агуулга бүхий хууль зүйн дүгнэлтийг хийсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Шүүхийн дээрх шийдвэрт бичигдсэн прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 91 дугаартай эсэргүүцлийн дагуу хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д.Э-ийн үйлдлээс Б.Ц-д хахууль өгсөн гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Б.Ц-ийг цагаатгасугай...” гэж нэмэлт, өөрчлөлтийг оруулан шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь “анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тодорхойлсон.... үгүйсгэгдэж байна, .... эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй...” гэх салаа утгатай, хууль зүйн дүгнэлтийн талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн уг хэрэгт нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л үйл ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх гэмт хэргийн тухайд А.М нь Д.Э-аас хахууль авсан гэж шийдвэрлэсэн, Д.Э нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн практикаас өөр байгаа тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн гэж үзэж байна.

 

2.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлийн тухайд:

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй, энэ нь бодитой байхуйц сэтгэл зүйн субьектив илэрхийлэл юм.

Шүүгдэгч Д.Э болон түүний түүний хүсэл зоригийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байгаа өмгөөлөгч Д.Наранбаатар нараас анхан шатны шүүхийн шатанд “...Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргасан байр сууринаас оролцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг үгүйсгэсээр байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм... Анхан шатны шүүх Д.Э-г... эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдзэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтийг хийж, анхан шатны дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “ял хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх” хуулийн зохицуулалт нь хуулиар шүүхэд эрх олгосон хэм хэмжээ боловч тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох юм.

Гэтэл анхан шатны шүүх “гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон шүүгдэгчийг маргаагүй мэтээр дүгнэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд нийцээгүй”, улмаар давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн байр сууриа өөрчилж “маргахгүй” гэж хэлсэн нь анхан шатны хуралдааны үед бий болоогүй нөхцөл болох Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүхээс хэрэглэх үндэслэлийг бий болгохгүй, нөгөөтэйгөөр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл биш юм.

Мөн Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал” зэрэг урьдач нөхцөлүүдийг үгүйсгэж, шүүхийн шатанд гэм буруутай нь тогтоогдсоны дараа шүүгдэгчийн зүгээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэл болох эсэхэд нэгдсэн нэг ойлголтод хүрснээр хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой болно.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1940 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ДШМ/1351 дугаартай магадлалыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгуулахаар мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Сүхбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Нийслэлийн прокурорын газраас А.М нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл гаргасныг дэмжин оролцож байна. Шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, Д.Э нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн болох нь нотлогдсон ба энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, 1.9 дэх заалтад заасан “Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэсэн заалтуудаар шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль хэрэглээний хувьд болон хууль зүйн үр дагаврын хувьд өөр байдаг.

Тодруулбал, үйл баримт нь бүхэлдээ гэмт хэргийн шинжгүй бол гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин шалгуулахаар хэрэг бүртгэлтэд буцаахгүй, харин үйл баримт нь гэмт хэргийн шинжтэй боловч шүүгдэгчийн хувьд нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор үргэлжлүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаадаг онцлогтой. Ийнхүү хэрэг бүртгэлтэд буцааж дахин шалгуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болох гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах зорилтыг хангуулахтай шууд хамааралтай байна. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, Э.Ц-аас хахууль авсан, Д.Э нь хахууль өгсөн гэх үйл баримтад дахин өөр этгээдийг холбогдуулан шалгах хэрэгцээ шаардлага байхгүй байна. Иймд прокурорын эсэргүүцэлд дурдагдсан шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгуулах үндэслэлийг дэмжиж байна. Эсэргүүцлийн хоёрдугаар үндэслэлийн тухайд, шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч нараас анхан шатны шүүх хуралд “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргаж оролцсон болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалт нь хэдийгээр шүүхэд эрх олгосон зохицуулалт боловч тодорхой болзол, хязгаар, шалгуурыг харгалзан тухайн хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шийдвэрлэгдэнэ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзах ёстой байсан. Хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл, Д.Э болон түүний өмгөөлөгч нараас анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргасан, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзвэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл бүрдээгүй байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар хэлсэн саналдаа Миний бие Д.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод 4 жил гаруй хугацаа болж байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа, хяналтын шатны шүүхээр 3 дахь удаагаа хянан хэлэлцэгдэж байна. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын бичсэн эсэргүүцэлд холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, прокурор эсэргүүцлийнхээ үндэслэлд “анхан болон давж заалдах шатны шүүх 2 тусдаа үйлдэлд холбогдох хууль зүйн дүгнэлтийг хольж ойлгосон. Тодруулбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “зөвхөн Д.Э болон Б.Ц нарын үйлдэл эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байхад тус дүгнэлтийг Д.Э болон А.М нарын үйлдэлд хамаатай мэтээр шүүхийн шийдвэрийг зөрүүтэй агуулгаар бичсэн” талаар дурджээ.

Анхан шатны шүүхийн тогтоолын 15-17 дугаар талд “Б.Ц нь Д.Э-аас хахууль авсан, Д.Э нь Б.Ц-т хахууль өгсөн гэх үйл баримт нь анхан шатны шүүхийн шинжлэн судалсан нотлох баримттай таарч байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй” хэмээн хууль зүйн дүгнэлтийг туйлын тодорхой, салаа утгагүй бичсэн. Өөрөөр хэлбэл, хахууль өгсөн, авсан үйлдэл нь нотлох баримтаар үгүйсгэгдэхгүй бол эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж үзэх ба эсрэгээрээ нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг “эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй” гэж анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой бичигдсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх хэрэгцээ, шаардлага үүсээгүй гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнээс Б.Ц, Д.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэртэй маргаж буй эсэх талаар прокуророос тодруулахад тэрээр “ямар нэгэн саналгүй” хэмээн байр сууриа илэрхийлдэг. Уг нөхцөл байдал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан. Уг тайлбарт “Шүүхээс “гэм бурууг тогтоох” ажиллагааны явцад “in dubio pro reo” зарчим нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр, хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдах явдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд чиглэдэг учраас шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэх утга агуулгаар хэрэглэгддэг.” гэжээ. Хоёр дахь буюу хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой үндэслэлийн тухайд, прокуророос “анхан шатны шүүх гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон шүүгдэгчийг маргаагүй мэтээр дүгнэж, эрүүгийн хариуцлагыг чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн байр суурийг өөрчилж, “маргахгүй” гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлийг бий болгохгүй” гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын дээрх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгч хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй. Нөгөөтээгүүр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээх боломжтой. Монгол Улс нь жишгийн эрх зүйн тогтолцоотой бус эх газрын эрх зүйн тогтолцоотой болохынхоо хувьд бичмэл эрүүгийн хуулийг дагаж мөрдөх учиртай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн ухагдахууныг тодорхойлж хуульчилсан. Прокурор эсэргүүцэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг “тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдлын талаарх эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй. Энэ нь бодит байхуйц сэтгэл зүйн субъектив илэрхийлэл” гэж тодорхойлсон нь Эрүүгийн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дээрх зарчмуудад нийцэхгүй, гэм буруугийн ухагдахууныг өргөжүүлж тайлбарласан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн үр дагаварт хүргэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хулгайн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээсэн ч прокурор хэргийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн тохиолдолд энэ талаар маргахгүй байх, хохирол буруу тооцсон тохиолдолтой маргахгүй байх, гэм буруугаа хүлээсэн ч эрх бүхий байгууллага хүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнтэй маргахгүй байхыг гэм буруугаа зөвшөөрөх ойлголтод явцууруулан хамаатуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг дээрх явцуу утгаар тайлбарлан, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байдлаар авч үзэж, Улсын Дээд шүүхэд тогтоолгохоор хандсан нь хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэх, улмаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан гэм буруугийн зарчмыг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсэхээр байна. Прокурорын эсэргүүцэл нь шүүхийн тогтоол, магадлалд бичсэнээс агуулгын зөрүүтэй бичигдсэн, бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүйгээс гадна Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд харш, хүний эрхийн ноцтой зөрчилтэй байх тул эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Тус шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа хэлсэн саналдаа “Б.Ц-ийг эрүүл мэндийн эко гудас авсан, *** рашаан сувилалд 7 хоног амарсан асуудлаар шалгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шүүхээр хэлэлцэх ажиллагааг 60 хүртэлх хоногийн хугацаагаар 2 удаа хойшлуулж, улмаар шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Шалгалтын ажиллагааны хүрээнд Б.Ц-ийн дээрх үйлдлүүд гэмт хэргийн шинжгүй болох нь нотлогдон тогтоогдсон. Прокуророос эсэргүүцэл гаргахдаа Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан талаар маргаагүй, хууль хэрэглээтэй холбоотой асуудлын талаар дурджээ. Өмгөөлөгчийн зүгээс Б.Ц-ийг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байжээ гэж үзэж байна. Иймээс хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах замаар хууль хэрэглээг зөвтгөх боломжтой” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэлсэн саналдаа “Прокурор А.М-ы үйлдэлтэй холбоотой эсэргүүцэл бичээгүй учраас тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. А.М нь өөрийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Тэрээр 2017-2018 онд хүнд хагалгаанд орж, Бүгд Найрамдах Солонгос улсад элгээ солиулсан. Одоо тэрээр хүний элэгтэй явж байгаа. Хоёр шатны шүүх А.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзсэн байх гэж бодож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч А.М хэлсэн тайлбартаа “Би эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан. Эмчийн ажлыг хийж байхдаа өвчин авч 30 орчим жил элэгний цирроз өвчнөөр өвчилсөн. 2018 онд миний элэг ажиллагаагүй болж зайлшгүй солиулах шаардлага бий болсон. Ингээд 2019 онд Өмнөд Солонгос улсад элгээ солиулсан. Миний бие 30 жил төрд ажилласан боловч эмчилгээний төлбөрийг төлөх хуримтлагдсан хөрөнгөгүй байсан. Би 2022 оны 05 дугаар сард хорих 461 дүгээр ангид 27 хоног хоригдсон. Намайг анх 264,000,000 төгрөг авсан үндэслэлээр шалгаж хорьсон, 175,000,000 төгрөгийн асуудал огт яригдаагүй. Миний бие дээрх 27 хоногийн 4 хоногийг хорих өрөөнд ганцаар өнгөрүүлсэн бөгөөд 23 хоногт нь эмнэлэгт хэвтсэн. Миний бие хамаг хөрөнгөө зарж, арай гэж амь насаа аварсан байж шоронгийн нөхцөлд байх нь эрүүл мэндийн байдал дахин хүндрэх эрсдэлтэй гэж санаад шоронгоос гарахын тулд мэдүүлгээ зөвшөөрч өгсөн. Намайг мэдүүлгээ өгөхөд өмгөөлөгч цуг байсан. Би өөрийнхөө эрүүл мэндийн нөхцөл байдлыг дордуулахгүйн тулд мэдүүлгээ өөрчилснийг дурдах нь зүйтэй” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц хэлсэн тайлбартаа “Авлигатай тэмцэх газарт намайг нэг өрөөнд оруулаад маш ихээр айлгасан. Тухайн үед гар хүрч, зодож цохихоос бусдаар бүх юмыг хийсэн. Нэрийг нь мэдэхгүй, том гүзээтэй залуу надаас мэдүүлэг авсан ба “таныг нэг газар луу авч явна” гэж байсан. Би тухайн үед пүүз өмссөн байсан. Гэтэл тэрээр “пүүзнийхээ үдээсийг тайл, хүмүүс очоод боогоод үхчихдэг” гэж хэлсэн. Надаас мэдүүлэг авна гэхээр нь “би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэхэд “та хэргээ хүлээчих” гээд байсан. Миний бие сахрын өвчнөөр олон жил өвдөж байгаа. Тухайн үед ам хатаад ярьж чадахгүй болсон. Тэр залуу намайг маш ихээр айлгаж, “гэрт чинь хариулахгүй, таныг одоо ачаад аваад явна” гэж хэлсэн. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн боловч “өмгөөлөгчөөр яадаг юм, хэргээ хүлээчих. Тэгвэл гэр лүү чинь явуулна” гээд байсан. Аргагүйн эрхэнд, гэртээ харихын тулд би тэгж мэдүүлсэн. Миний бие энэ талаар гомдол гаргаж “надаас мэдүүлэг авсан бичлэгийг үзүүлж өгнө үү” гэж хүссэн боловч “бичлэгт таныг дарамталсан зүйл байхгүй байна” гээд надад ямар ч бичлэг өгөөгүй. Миний бие өмгөөлөгчийн хамт дээрх хүсэлтийг бүх шатанд гаргасан, тус хүсэлтүүд хэрэгт байгаа” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э хэлсэн тайлбартаа “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.М, Б.Ц, Д.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон хүнд шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна гэм буруутай болох нь нотлогдоогүй, гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсвэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэнэ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах талаар оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

 

Харин гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд энэхүү зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан болно.

 

2.Прокурорын бичсэн эсэргүүцэлд дараахь 2 үндэслэлийг дурджээ. Үүнд:

 

2.1.Анхан шатны шүүх “Б.Ц нь Д.Э-аар *** ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдан авахуулсан, мөн *** ХХК-ийн *** амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 12-ны хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлсэн болох нь үгүйсгэгдэж байх тул эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй байна” гэх 2 агуулга бүхий, салаа утгатай хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

2.2.Шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Д.Наранбаатар нар анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргасан байр сууринаас оролцсон байхад маргаагүй мэтээр дүгнэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Анхан шатны шүүх Д.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг хийж, дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн… Шүүгдэгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн байр сууриа өөрчилж “маргахгүй” гэж хэлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэжээ.

 

3.Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримтын талаар

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1321 дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд (8 дахь хавтаст хэргийн 211 дэх тал):

 

3.1.Шүүгдэгч А.М нь *** ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл *** банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан *** ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э-г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *** банк дахь *** ХХК-ийн *** дугаартай дансанд эхнэр Д.Г-ийн нэрээр 264,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ***-нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** төвийн орчим 175,000,000 төгрөгийн хахууль авсан;

 

3.2.Шүүгдэгч Б.Ц нь *** ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч *** ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э-ийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд түүний 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо *** хотхонд байрлах *** ХХК-ийн дэлгүүрээс 4,700,000 төгрөгөөр худалдан авсан эрүүл мэндийн матрас 1 ширхгийг хахуульд авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр *** аймгийн *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулах *** ХХК-ийн *** амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан;

 

3.3.Шүүгдэгч Д.Э нь 2017 оноос *** ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *** ажиллаж байсан А.М-ы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *** банк дахь *** ХХК-ийн *** дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Д.Г-ийн нэрээр шилжүүлж хахууль өгсөн,

мөн *** ХХК-нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А.М-д *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

мөн уг төслийн барилгын ажлын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** хотхонд үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ийн дэлгүүрээс 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдаж авч хахууль өгсөн,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Ц-д *** аймгийн *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулах *** ХХК-ийн *** амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр 4,037,600 төгрөгийг төлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4.Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар

 

Прокуророос шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, хэрэг анхан шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаартай яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулсан (6 дахь хавтаст хэргийн 233 дахь тал) байна.

 

5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын талаар

 

5.1.Анхан шатны шүүхээс “Шүүгдэгч А.М-ыг *** нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа *** банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн *** дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан *** ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-аас хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264,000,000 төгрөгийн хахууль, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 175,000,000 төгрөгийн хахууль, нийт 439,000,000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Д.Э нь А.М-д дээрх мөнгийг хахуульд өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн” гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгож оногдуулахдаа “гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, 61 настай, эрүүл мэндийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн” гэж хэт ерөнхий дүгнэлт хийсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Тухайлбал, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тодорхой, ойлгомжтой бичих шаардлагыг хангаагүй, тухайлбал “гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүл мэндийн байдал, хувийн байдал” гэдэгт хэргийн ямар нөхцөл байдлыг хамааруулан дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл бүрийн агуулга нь тодорхойгүйгээс гадна шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгосон үндэслэл, мөн шүүх ял оногдуулахдаа баримталсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх аль нөхцөл байдалд хамаарах, түүнчлэн шүүхээс оногдуулсан торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шаардлагыг хэрхэн хангаж буй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Шүүгдэгч А.М, Д.Э нар шүүх хуралдаанд оролцохдоо хахууль өгсөн, авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан байхад анхан шатны шүүх А.М-д торгох ял оногдуулахдаа “...гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага… зэргийг харгалзан үзсэн” гэж түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэтээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч А.М-д холбогдуулан эрүүгийн хэрэг, үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш түүний гэм буруугийн талаар илэрхийлж байсан байр суурийг судалж үзэхэд тэрбээр 2022 оны 06 дугаар сарын 08-нд өмгөөлөгч Ц.Туулын хамт өгсөн мэдүүлэгтээ *** хотхонд захиалсан байрны төлбөр хийх шаардлагатай болсон тул Д.Э-аас 2018 оны 12 дугаар сарын 14-нд 264,000,000 төгрөг авсан (2 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал) гэж,

мөн 2022 оны 06 дугаар сарын 16-нд өмгөөлөгч Б.Баатарсайханы хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “264,000,000 төгрөгийн хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ноос 25-ны үед 175,000,000 төгрөгийг Э-ийн дүү гэх залуу *** гадаа надаа авчирч өгсөн” (2 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал) гэж,

мөн 2022 оны 10 дугаар сарын 19-нд өмгөөлөгч Б.Баатарсайханы хамт яллагдагчаар өгсөн “Д.Э-аас 175,000,000 төгрөгийн хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн агуулгатай мэдүүлгүүд өгч (5 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал), 2022 оны 06 дугаар сарын 22-нд 200,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-нд  90,000,000 төгрөгийг АТГ-ын дансанд тус тус тушаасан (4 дүгээр хавтаст хэргийн 191, 192 дахь тал) нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Харин шүүгдэгч А.М 2024 оны 11 дүгээр сарын 25-нд өмгөөлөгч Б.Баатарсайханы хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгийн агуулгаас өөрөөр “...Яллагдагчаар татах тогтоолд дурдсан 264,000,000 төгрөг дээр бол маргахгүй, харин Д.Э-аас 175,000,000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж (8 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал)  мэдүүлсэн байна.

 

Түүнээс гадна 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.М оролцохдоо “...Э-аас 264,000,000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулах зорилгоор зээлж авсан, мөн 175,000,000 төгрөгийг аваагүй” гэж, харин шүүгдэгч Д.Э нь  “Би 264,000,000 төгрөгийг элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна гэхээр нь тус болох зорилгоор өгсөн, 175,000,000 төгрөгийг өгөөгүй, Чихрийн шижин өвчний тестерийг дүүгээрээ өгч явуулсан ... намайг 264,000,000 төгрөг өгчихсөн юм чинь үүнээс гарах гарц байхгүй учраас өгсөн гэж хэл гээд тухайн үед өмгөөлөгчийн үгээр хэлсэн... Тухайн үед өмгөөлөгч маань шууд үгийг нь зааж өгөөд бичүүлээд байсан... Ц-ийн *** компанийн амралтад амарсан төлбөрийг би төлөөгүй...” гэж (7 дугаар хавтаст хэргийн 115-129 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл),  

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.М оролцохдоо “...264,000,000 төгрөгийг би эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхийн тулд авсан, 175,000,000 төгрөгийн хувьд 2022 оны 05 дугаар сард АТГ-аас 461 дүгээр ангид хоригдож байх хооронд тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөгч, миний өмгөөлөгчийн хамт хүрч ирээд энэ асуудал гарч ирсэн. Би Б.Баатарсайхан өмгөөлөгчтэй ярилцаад миний амь насныг аврахад тусалсан хүн байгаа юм гэж хэлсэн. Мөн миний эрүүл мэнд биеийн байдал хүндрэлтэй байсан учраас тэндээс гарахыг тулд хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн... 175,000,000 төгрөгийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж мэдүүлсэн,

харин шүүгдэгч Д.Э нь “... А.М 2018 онд элэгний хагалгаанд орох гэж байна гэж над дээр ирсэн... Тухайн үедээ тус болъё гэж бодоод мөнгө (264,000,000 төгрөг) зээлдүүлсэн... 175,000,000 төгрөгийг би өгөөгүй. Шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаагаар баривчлагдаад дараа нь 3 хоногийн дараа дахин 30 хоногоор цагдан хорино гэж хэлсэн. Манай өмгөөлөгч над дээр ирээд чамайг 30 хоногоор хорино гэж байна. Чи энийгээ хүлээн зөвшөөр гэж хэлсэн. Би суумааргүй байсан учраас амыг нь дагуулж мэдүүлэг өгсөн... 175,000,000 төгрөгийн хувьд манай компанийн У гэх ажилтан сахарын аппарат аваачиж өгсөн чинь л мөнгө өгсөн гэж бодоод байгаа... Б.Ц эгчийн хувьд *** ХХК-ийн эрүүл мэндийн матрас байдаг гэхээр нь би дагаж очоод өөртөө болон ээждээ авсан. Би Ц эгчид матрас авч өгөөгүй...” гэж (9 дүгээр хавтаст хэргийн 33-37 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл),

 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.М оролцохдоо “... Э-аас 264,000,000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулах зорилгоор авсан, мөн 175,000,000 төгрөгийг аваагүй.. 461 дүгээр ангид хоригдож байхад … мөрдөгч нэг цаас гаргаж ирээд 175,000,000 төгрөгийг авсан байна гэж ярьсан. Тухайн үед миний өмгөөлөгч Б.Баатарсайхан надтай цуг байсан. Нэгэнт миний амь нас хэцүү байсан үед санхүүгийн тусламж үзүүлж, зээл олгосон хүн бичсэн байсан ба би үүний эсрэг байр суурьтай байж үгүйсгэж хэлэх зүйл байхгүй байсан талаар мөрдөгчид хэлсэн. Тухайн үед би хорих ангиас гарах шаардлагатай байсан ба тухайн баримтыг зөвшөөрвөл намайг гаргах талаар ярьж байсан учир тухайн үед би өөрийн эрүүл мэнд, нөгөө талаас гэр бүлийн байдлаа харгалзан үзэж хүлээн зөвшөөрсөн…” гэж,

харин Д.Э Би Ц эгчтэй холбоотой асуудалд ямар нэг төлбөр тооцоо хийгээгүй. Тухайн үед миний өмгөөлөгч байсан Туул харанхуйгаар өгсөн мэдүүлгээс болж өнөөдөр тухайн асуудал үүссэн гэж бодож байна. 264,000,000 төгрөгийн хувьд А.М нь эрүүл мэндийн шалтгаанаар тухайн мөнгийг гэр бүлийн хүмүүс нь надаас гуйсан ба миний ээжтэй холбогдож гуйж байсан. Би хүнд сайхан сэтгэлээр туслая хэмээн бодсоны төлөө ийм хэрэгт унана гэж санасангүй… Намайг 2 өдөр 48 цаг цагдан хорьсны дараа үргэлжлүүлж 30 хоног цагдан хорих талаар хэлсэн бөгөөд энэ талаар Туул өмгөөлөгчид тайлбарлахад 30 хоног цагдан хоригдохгүйн тулд энэ баримтыг бичиж өг гэж хэлсний дагуу түүний бичсэн зүйлийг хуулж бичиж өгсөн...” (10 дугаар хавтаст хэргийн 100-105 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл) гэсэн мэдүүлгүүд өгч, шүүгдэгч Д.Э, А.М нар хахууль өгсөн, авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

5.2.Шүүгдэгч Д.Э-ийн хувьд анхан шатны шүүхээс “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хясан боогдож аргагүй байдалд орж, ажлаа хэвийн үргэлжлүүлэх зорилгоор үйлдсэн байдал, мөн уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу бусдад, нийгэмд, тухайн төсөл ажилд бодитой хохирол хор уршиг учраагүй, тухайн төсөл ажил амжилттай, ямар нэгэн асуудал үүсээгүй дууссан байдал, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, 51 настай, *** ХХК-ийн ерөнхий захирал ажилтай хувийн байдал” зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Д.Э нь уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн” гэх үндсэн шаардлагыг хэрхэн хангасан талаар хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Д.Э-г эрх бүхий байгууллагад сайн дураараа хэргээ илчлэн ирсэн үндэслэлээр ялаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна тэрбээр анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо А.М-д 264,000,000 төгрөг болон 175,000,000 төгрөг, нийт 439,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг илтэд буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Э-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш түүний гэм буруугийн талаар илэрхийлж байсан байр суурийг нь судалж үзэхэд тэрбээр 2022 оны 06 дугаар сарын 02-нд өмгөөлөгч Э.Туулын хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...А.М болон түүний эхнэр Д.Г нарын хэлсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-нд *** банк дахь *** ХХК-ийн дансанд 264,000,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь Г, *** тоот гэж бичсэн” (2 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал) гэж,

мөн 2022 оны 06 дугаар сарын 09-нд өмгөөлөгч Э.Туулын хамт өгсөн мэдүүлэгтээ “Санхүүжилтээ авъя гэхээр М надаас 150,000,000-200,000,000 төгрөг өгөх боломж байна уу гэж асуудаг... Би санхүүжилтээ авахын тулд 2022 оны 04 дүгээр сарын 22-нд А.М-д 175,000,000 төгрөгийг *** ард хүнээр өгүүлсэн... Ц гэдэг мэргэжилтэн намайг *** гэх сүлжээний дэлгүүрийн барааг мэдэхгүй байхад ... хамт явъя гэхэд нь би дагаад явсан. Надад хэлэх үедээ өөрөө гишүүнчлэлээр бүртгүүлчихсэн байсан... Дэлгүүрт очоод нэг ширхэг 4,700,000 төгрөгийн үнэтэй матрас авсан. Зорилго ойлгомжтой байсан. Намайг дагуулж яваад тэр матрасыг үзээд энэ гоё, энийг авах гэсэн юм гэсэн. Эрүүл мэндэд ашигтай гэсэн учраас дуурайгаад өөртөө 2 матрас авсан. Намайг дагуулж яваад энэ гоё гэсэн нь аваад өг гэсэн үг байсан тул би төлбөрийг нь хийсэн... Мөн Ц менежертэй очиж уулзахад би шөнө орой ажиллаж байна, ядарч байна гээд, танай компанийн хамаг бичиг цаасыг хийж байна, би үхтлээ ядарч байна гэж ярьдаг... Би санхүүжилтээ авах гэсэн учраас өвдөх байдлыг гайгүй болгох гээд *** амралтын газарт захиалга өгсөн. Надад нөхөртэйгээ явна гэсэн болохоор хоёр хүний захиалга өгч төлбөрийг нь төлсөн...” (2 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал) гэж,

мөн 2022 оны 06 дугаар сарын 28-нд өмгөөлөгч Э.Туулын хамт өгсөн мэдүүлэгтээ “2021 оны 08 дугаар сард А.М нь *** банкны 1.3 сая ам.долларын гүйцэтгэлийн баталгааг цуцлахтай холбогдуулан надаас 200 орчим сая төгрөг өгөхийг шаардаж байсан, би тэр үед нь өгөөгүй юм. Тэгж явсаар байгаад 2022 оны 05 дугаар сард А.М-д 175,000,000 төгрөгийг өгсөн...” (2 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал) гэж тус тус мэдүүлснээс гадна

хэрхэн аргагүй байдалд орж дээр дурдсан 264,000,000 болон 175,000,000 төгрөгийг А.М-д өгсөн, мөн 2020 оны 10 дугаар сарын 31-нд Б.Ц-т *** дэлгүүрээс 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эмчилгээний матрас авч өгсөн, мөн 2021 оны 09 дүгээр сарын үед *** рашаан сувилалд Б.Ц нөхрийн хамт 7 хоног амрах төлбөр 3,360,000 төгрөгийг бэлнээр *** банкны *** дансанд хийсэн талаар Авлигатай тэмцэх газарт 2022 оны 05 дугаар сарын 31-нд болон 2022 оны 06 дугаар сарын 02-нд, 2022 оны 06 дугаар сарын 07-нд тус тус өмгөөлөгч Э.Туулын хамт бичгээр тайлбар гаргаж (2 дугаар хавтаст хэргийн 119, 124, 127, 4 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал) холбогдох баримтуудыг хавсарган өгч байжээ.

 

Харин Д.Э нь 2022 оны 07 дугаар сарын 20-нд АТГ-т гаргасан хүсэлтдээ өмнөх мэдүүлгүүдийн агуулгаас өөрөөр “А.М-д элэг шилжүүлэн суулгахад нь зориулж 264 сая төгрөг тусламж болгож өгсөн” талаар (6 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал) дурдсанаас гадна 2025 оны 08 дугаар сарын 06-нд өмгөөлөгч Г.Наранбаатарын хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “*** амралтын газарт Ц-ийг амраахаар захиалга өгснөө санахгүй байна, төлбөр төлөөгүй... *** ХХК-иас худалдан авалт хийх үед бонус авах уу гэхэд нь авахгүй гэж хэлсэн. Хэдэн төгрөгийн бонус үүссэн талаар мэдэхгүй...” гэж (10 дахь хавтаст хэргийн 44 дэх тал) мэдүүлсэн, мөн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр (7 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал), 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр (9 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал),  2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр (10 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал) тус тус анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо 264,000,000 төгрөгийг А.М-д элэг солиулахад нь тусламж болгож өгсөн, мөн 175,000,000 сая төгрөгийн хахууль өгөөгүй гэж хахууль өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

 

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, … мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн…” гэх шаардлагуудыг хангаагүйгээс гадна анхан шатны шүүхээс түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө харгалзан үзсэн “хясан боогдож аргагүй байдалд орж хахууль өгсөн гэх, мөн бусдад, нийгэмд … бодитой хохирол хор уршиг учраагүй…” гэх дүгнэлтүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шалгуурт хамаарахгүй болно.

 

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөхийн оронд “Ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна” гэж дүгнэн, Д.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг жинхэнэ агуулгаас нь илтэд буруу хэрэглэж, шүүгдэгчийг ял завшуулсан байна.

 

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

 

5.3.Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч А.М, Д.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан” шийдвэрийг мөн адил хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх анхан шатны журмаар Б.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ *** ХХК-ийн дэлгүүрээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр АТГ-т гаргасан тодорхойлолтод (6 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал) “...Д.Э нь урамшуулал хэрэггүй гэсэн учир манай дэлгүүр энэ 3 урамшууллыг нийлүүлээд гишүүн Б.Ц-д 4,700,000 төгрөгийн өртөг бүхий матрасыг урамшуулал болгон өгсөн, Д.Э 2020 оны 10 дугаар сарын 29-нд худалдан авалт хийсэн бөгөөд худалдан авсан матрасыг хөнжлөөр солиогүй ба Д.Э-г дагуулж ирсэн Б.Ц гишүүн сольсон...” гэснийг анхаарч, шүүгдэгч Д.Э, Б.Ц нарын хэн нь ямар үндэслэлээр урамшуулал авах эрхтэй болсныг тодруулж, хэрэв шүүгдэгч Б.Ц нь Д.Э-ийн урамшуулалд авсан матрасыг үнэ төлбөргүй авсан бол энэхүү үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр АТГ-т *** ХХК-ийн захирал Д.Э-аар эрүүл мэндийн матрасны үнэ 4,700,000 төгрөг, *** амралт сувиллын газарт 7 хоног амрах төлбөр 4,037,600 төгрөг төлүүлсэн нь үнэн, дээрх үйлдэлд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал) бичгээр гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 29-нд 8,737,600 төгрөгийг АТГ-ын дансанд тушаасан (4 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал,) улмаар 2022 оны 07 дугаар сарын 01-нд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал) өгсөн байна.

 

Харин шүүгдэгч Б.Ц 2022 оны 10 дугаар сарын 06-нд АТГ-т гаргасан хүсэлтдээ өмнөх мэдүүлгийн агуулгаас өөрөөр “Эрүүл мэндийн гудсыг *** ХХК-ийн бүтээгдэхүүнийг бусдад сурталчилсны төлөө урамшууллаар үнэгүй авсан тул энэ талаар дахин шалгуулах” тухай хүсэлт (6 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал) гаргаж, улмаар энэ талаар 2022 оны 10 дугаар сарын 27-нд (6 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал) болон 2025 оны 08 дугаар сарын 04-нд (10 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал) өмгөөлөгч Ө.Учралын хамт мэдүүлэг өгөх, түүнчлэн удаа дараа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Эрүүл мэндийг гудсыг бонусаар үнэгүй авсан, амралтын газрын төлбөрийг өөрөө гэр цэвэрлэдэг Э-аар хийлгэсэн” гэх агуулга бүхий мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Түүнээс гадна *** ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 10-нд АТГ-т гаргасан тодорхойлолтод (6 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал) Б.Ц нь тус компанийн *** амралт рашаан сувиллын цогцолборт 2021.11.06-2021.11.12-ны хооронд амарч урьдчилгаа 4,037,600 төгрөгийг 2021.09.06-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг 2021.11.12-ны өдөр 202,395 төгрөгийг тушаасан нь үнэн болно.” гэснийг анхаарч, тухайн төлбөрийг Б.Ц өөрөө төлсөн, эсхүл Д.Э-ийн өгсөн мөнгөөр төлсөн эсэх, энэ талаар шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх, анх мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ц, Д.Э нар өөрсдийнхөө эсрэг гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн агуулгатай мэдүүлгүүд өгч, бичгээр тайлбар гаргахад нь хэн нэгэн хууль бусаар нөлөөлсөн эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

 

Монгол Улсын 2005 онд соёрхон баталсан Авилгалын эсрэг (2003) Конвенцийн 28 дугаар зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжид хамаарах ухамсар, санаа, зорилгыг тухайн хэргийн бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн тогтоож болохыг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

 

Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй тогтоол гаргасан нь 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

6.Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1940 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ДШМ/1351 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч А.М-д урьд авсан *** албан үүргийг биелүүлэхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ц-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Д.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1940 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ДШМ/1351 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч А.М-д урьд авсан *** албан үүргийг биелүүлэхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ц, Д.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ 

           

                ШҮҮГЧИД                                               Б.БАТЦЭРЭН

 

                                                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       

                                                                                            Ч.ХОСБАЯР