Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 115/ШШ2017/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, иргэн Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/08 дугаар захирамжийн иргэн Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би тус аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт 23 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа бөгөөд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Энэ хугацаанд миний бие нь тус сумын Засаг даргын 2012-01-23-ны өдрийн А/23 тоот шийдвэрээр нийтийн дуудлага худалдаагаар эмнэлгийн зориулалттай газрыг Замын-Үүд сум 1 дүгээр багийн 4-р хэсэгт худалдан авч хууль ёсны эзэмшигч болсон бөгөөд жил бүр газрын төлбөрөө төлж, гэрээгээ байгуулж барилгын ажлаа гүйцэтгэж байсан болно. Гэтэл Замын-Үүд сумын Засаг дарга надад урьдчилан мэдэгдэлгүйгээр газрын тухай хууль зөрчиж намайг гадаад оронд эмчлүүлж байх хугацаанд гэрээг цуцалсан байна. Тухайн үед энэ захирамж гарсан талаар мэдээгүй. 2017 оны 3 дугаар сард Ч.Э гэж газрын даамал таны газар эзэмших эрх цуцлагдсан байна гэж мэдэгдсэнээр уг захирамжийг 2017 оны 03 дугаар сарын 20-нд надад гардуулж өгсөн. Уг захирамж нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, миний хувьд газар эзэмших эрх цуцлах, хуулийн хүрээнд хөндөгдөх ямар нэгэн бодит нөхцөл байдал байхгүй учраас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний нөхцлийг зөрчиж байгаа тухайг сумын Засаг даргад мэдэгдсэн.  Мөн 2017 оны 04 дүгээр сарын 03-нд аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд холбогдох мэргэжилтнүүд нь хугацааг сунгаж байгаа гээд амаар хариу өгч байсан боловч бичгээр хариу өгөөгүй байсаар гомдлын хариуг 2017-07-20-ны өдрийн 4/1341 тоот албан бичгээр ирүүлсэн. Уг хариу бичигт: Газар эзэмших эрхийг сэргээх шалтгаан байхгүй байна хэмээн үзсэн нь ойлгомжгүй иргэний эрхийн асуудлыг хэт нэг талын үндэслэлээр хохироосон асуудал байсан. Өөрөөр хэлбэл иргэн миний хувьд газар эзэмших эрхийн хугацаа нь хүчин төгөлдөр байсан ба тодорхой хөрөнгө оруулалтууд хийгдсэн, бусдын хууль зөрчсөн асуудлууд, гадаад дотоодын компаниудын гэм хор учруулсан шалтгаанууд болон хувийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанууд зэрэг нь Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагууд харгалзан үзэх үндэслэл болох атал энэ бүгдийг нягтлалгүй цуцалсан нь хууль зөрчих гол үндэслэл болсон хэмээн үзэж байна. 

Надтай сүүлд байгуулсан Газар эзэмших гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан боловч хугацаанаас нь өмнө  гэрээг цуцалснаас болж хувийн эмнэлэг барих ажил маань саатсан. Миний хувьд эмнэлгийн барилгаа барихын тулд холбогдох ажлуудыг хийж мөн тодорхой хөрөнгүүдийг ч оруулж ирсэн. Тухайлбал: 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Замын-Үүд хотын захирагчийн албаны зөвшөөрлийн хуудас авсан, 2013 онд кадастрын зураг, байршлын схем зураг, ус хангамжийн нөхцлийг гаргуулж авсан ба Худалдаа хөгжлийн банкны 808-р салбар дахь эрчим хүч, ус хангамжийн 2-р ангийн 408001728 дансанд 70000 төгрөг тушаасан байгаа.  Мөн Дохиолол холбоо мэдээлэл, эрчим хүчний албаны техникийн нөхцлийг авсан. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын зөвшөөрлөөр барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан. 2013 оны 09 дүгээр сарын 25-нд барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулан актыг гэрээ байгуулж хийлгүүлсэн ба үүнд 2.5 сая төгрөг төлсөн. Түүнчлэн эмнэлгийн барилгын скиз зураг, газар шорооны ажлуудыг Замын-Үүд тохижилтын ОНӨҮГ-аар хийлгүүлж  нийтдээ 1900000 төгрөгийг төлсөн. Мөн барилгын талбайн инженер геологийн зураг хийлгүүлсэн. Тухайн үед газрыг ашиглах зорилгоор Хятад улсаас цахилгааны шийдийг 6000 юаниар худалдаж авсан. 2014 оны 07 дугаар сарын 15,16-нд Б, М нараар ажил хийлгүүлэх гэрээ байгуулж тухайн газраа хашаажуулж байсан. “С” ХХК нь тухайн газар доогүүр хууль бусаар, нууцаар, сануулсаар байхад  кабель татсан байсан.  “М” компани  нь Хог хаягдлын тухай хуулийг зөрчиж барилгын суурийн нүхэнд хогоо  хийсэн. Мөн  суурийн нүхийг ухтал гэнэт шугам гарч ирсэн, газар анх олгохдоо энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан учраас барилгын ажил зогсохоор болсон. Ингээд “Ч” ХХК-иас шугам хаагуур явж байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн боловч хариуг өгөлгүй явсаар 2017 оны 07 дугаар сарын 05-нд гаргаж өгсөн. Одоогийн байдлаар манай газар дээр шугам сүлжээ байхгүй тойруулаад татсан гэсэн. Барилгын ажлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хэлж байна. Миний хувьд цаашдаа хувийн эмнэлгийн барилгаа барьж орон нутагтаа шүдний эмнэлгийн эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх чин хүсэлтэй байгаа тул миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг газар эзэмших гэрээг цуцалсан захирамж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байдаг учраас газар эзэмших  гэрээний хугацаа дуусаагүй байхад цуцалсан нь хууль зөрчсөн байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар барилгын ажиллагаа явуулахгүй байсан нөхцлийг нэхэмжлэгч тодорхой ярьсан учраас давхардуулан ярих шаардлагагүй гэж үзэж байна. Харин шалтгаан нөхцлийг мэдсэний улмаас уг байгууллага жил бүр гэрээг сунгаад яваад байсан юм биш үү гэсэн ойлголт эндээс харагдаж байна. Нэхэмжлэгч газар дээрээ хашаа хийсэн. Хөндлөнгийн компаний буруугаас болж уг хашааг нураагаад, хог хаягдал хийгээд дахиад үйл ажиллагаа явуулахгүй байх бусармаг үйл ажиллагаа болсон. Техникийн нөхцөл авсанаас нь хойш цэвэр усны шугам гараад ирсэн. Мөн ch компаний тавьсан шугам ч явж байдаг. Ийм нөхцөл байдлуудаас болоод барилгын ажил зогссон гэдгийг хэлмээр байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан нөхцөл бүрэн тогтоогдож хүчингүй болгох хууль зүйн үндэслэл алга гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа. Гэхдээ эрхийг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж хэлмээр байна. Гэрээний хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 05-нд хийсэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 25-нд дуусах ёстой. Гэтэл энэ хугацаа дуусахаас өмнө эрхийн актыг гаргасан нь хууль зөрчих гол үндэслэл болсон. Гэрээний 3.11-д 2 жилээр гэж тооцсон байдаг. 2017 ондоо багтааж зориулалтын дагуу ажлаа эхлүүлэх гэж гэрээнд оруулаад гэрээний хугацаагаа нэг жилээр сунгасан ч түүнээс өмнө цуцлахаар нэхэмжлэгчид боломж бололцоо байна уу. Үүнийг нягталж үзэх хэрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа өвлийн хүйтэн байсан учраас бүтээн байгуулалт хийх боломжгүй гэж байна. Тийм юм бол яагаад 04 дүгээр сарын 25 гэж гэрээг сунгасан юм бэ. Газар эзэмших эрхийг цуцалсан мэдэгдлээ өгөөгүй байдаг. Г.Г-ыг газар дээрээ огт үйл ажиллагаа явуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж захиргаа дурдсан атлаа Замын-Үүд хотын 2/198 тоот мэдэгдэл байдаг. “М” компаний үйл ажиллагаанаас болоод барилгын ажлаа явуулаагүй байна гэсэн мэдэгдэл байдаг. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь маш тодорхой нотлогдон тодорхойлогдож байгаа. Иргэний газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны А/08 дугаар захирамжийн Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Г.Г нь 2012 оны 01 сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар 200м2 газрыг эмнэлэг барих зориулалтаар авсан. Уг газрыг эзэмшсэнээс хойш 5 жил гаруй хугацаа өнгөрсөн. Өнөөдөр уг газар дээр зориулалтын дагуу хувийн эмнэлэг баригдаагүй. Иймд сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтын дагуу түүний газар эзэмших эрхийг цуцалж, газрын тухай хуулийн 40.2 дахь заалтын дагуу мэдэгдсэн болно. Сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамж нь хуульд нийцсэн шийдвэр бөгөөд хэн нэгэн этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй болно. 

Иргэн Г.Г-д анх газар эзэмшүүлсэн захирамжийн 2 дахь заалтад тухайн газар дээр барилга байгууламж барьж, хашаажуулж, ногоон байгууламж хийх талаар  даалгасан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол эрхийг нь хүчингүй болгох талаар газрын даамалд мөн даалгасан байдаг. Газар эзэмшүүлэх гэрээн дээр газар эзэмшигчийн эрх, үүрэг гэсэн заалт байгаа. Гэрээний 3.10-д газар эзэмшигчээс тухайн газар дээрээ хашааг заасан хэмжээнд өнгө үзэмжтэй барьж, ногоон байгууламж хийнэ гэж байдаг. 3.11-д тухайн газар дээр 2 жилийн хугацаанд орчин үеийн барилга байгууламж барина гэж заасан. Мөн Г.Г-д  газар дээрх хогийг цэвэрлэх талаар удаа дараа шаардлага тавьж байсан. 

Иргэн Г-тай жил бүр гэрээ байгуулж байсан ингэхдээ гэрээг сунгаж болно, таны газар хоёр жил дараалан эзэмшиж ашиглаагүй гэдэг дээр очиход ойрхон байгаа шүү гэж би сануулж хэлж байсан учраас түүнд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох талаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэж байна. Гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сард дуусах ёстой байсан ч 2017 оны 01 дүгээр сард газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Өвлийн улиралд барилгын ажил эхлүүлэх боломж байгаагүй гэж үзэж байна. 

Мөн ямар нэгэн зүйл тухайн газар дээр тохиолдоогүй учраас иргэний газрыг цуцалсан. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг байгалийн давагдашгүй хүчин зүйл, газар эзэмшигчийн эрүүл мэндийн байдал хүнд байх гэдгээр ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа Сh компаний шугам барилгын хажуугаар гарсан байдаг учраас нөлөөлөхгүй гэж үзэж байна. Мөн “Ч” компани хашаа нураасан, “С” ХХК-ийн гэрлэн дохиоллын шугам зайлуулсан, “М” компани барилгын нүх рүү хог асгасан гэж байна. Тэгэхээр үнэхээр барилга барих боломжтой байсан бол эдгээрийг арилгаад барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. 

Замын-Үүд сумын Засаг даргын захирамжаар Г.Г-ын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр хүчингүй болгосон бөгөөд уг захирамж нь хуулийн дагуу гарсан үндэслэлтэй шийдвэр. Иймээс түүний шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар , Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан “газар эзэмших гэрээний 3.11 дэх заалтыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан эзэмшил газраа ашиглаагүй” гэх үндэслэлээр нэр бүхий 5 иргэн, 6 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Г.Г-ын эзэмшлийн 200 м.кв газар багтжээ.

Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ “... газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй байсан, тухайн гэрээнд 2017 ондоо багтаан газраа зориулалтаар нь эзэмших, ...2 жилийн хугацаанд барилга барихаар тусгасныг харгалзан үзээгүй мөн хүндэтгэн үзэх тодорхой шалтгаанууд /бусдын хууль бус үйлдлүүд мөн өөрөө өвчтэй, бусдыг асарсан гэх мэт/-тай байсан” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлийг “...анх газар эзэмшүүлснээс хойш 5 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад зориулалтаар нь эзэмшээгүй, ...нэхэмжлэгчийн тайлбарт дурдаж буй шалтгаанууд хүндэтгэн үзэх шалтгаан биш, тухайн газарт байгалийн давагдашгүй хүчний нөлөөлөл бий болоогүй бөгөөд газар эзэмшигч хүндээр өвчилсөн нөхцөл байдал байхгүй...” хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч Г.Г тухайн маргаан бүхий газрыг анх, холбогдох байгууллагаас зарласан, хувийн эмнэлгийн зориулалттай газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцон ялагч болж тухайн газрын үнэ 8200000 төгрөгийг төлснөөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар  түүнд тус сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт Гал командын баруун хойд талд байршуулан 200 м.кв газрыг хувийн эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж , “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх гэрчилгээ”-г олгосноор  нэхэмжлэгч нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч болжээ.

Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга, газар эзэмшигчийг “гэрээний нөхцөлийг удаа дараа биелүүлээгүй, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан эзэмшил газраа ашиглаагүй” гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Г-ын дээрх газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрх бүхий этгээдээс Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг хэрэглэж шийдвэр гаргах урьдчилсан нөхцөлүүд нь 40.1.1 дэх заалтын тухайд газар эзэмшигчийн зүгээс, газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээний нөхцлийг “удаа дараа” /2 болон түүнээс дээш удаа/ зөрчсөн байх ингэхдээ мөн хуулийн 40.1.2 - 40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр зөрчсөн байхыг, эсхүл газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээний нөхцөлийг “ноцтой зөрчсөн” /энэхүү “ноцтой зөрчсөн” гэдгийг газар эзэмшүүлэх гэрээний талууд харилцан тохиролцож уг зөрчлийн тохиолдлуудыг тухайн гэрээндээ тусгасан байхыг ойлгоно/ байхыг;  харин 40.1.6 дахь заалтын хувьд газар эзэмшигч нь эзэмшил газраа 2 жил дараалж /тасралтгүй 2 жилийн хугацаанд/ зориулалтаар нь ашиглаагүй байх бөгөөд ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг тус тус шаарддаг. 

Хавтаст хэргийн 31, 34, 25-26-р хуудсанд авагдсан нотлох баримтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нэхэмжлэгч Г.Г-тай 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч нь 2012.07.04-нд Хотын захирагчийн ажлын албанаас “Зөвшөөрөл авах хуудас”-ийг бөглүүлж авсан, 2013.01.28-нд “Ц” ХХК-иар “Нэгж талбарын байршлын кадастрын зураг” хийлгэж авсан байх бөгөөд газар эзэмшүүлэгчээс, түүнтэй байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийг 2013.03.21-нд дүгнэж тухайн гэрээг дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгуулжээ.

 Нэхэмжлэгч нь үүнээс хойш 2013.09.01-нд Геодезийн үйлчилгээний “С” ХХК-тай “Геодезийн тэг тэнхлэг байгуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан улмаар түүний эзэмшил газар дээр “М” ХХК, 40 тоннын контейнер, 4х6 хэмжээтэй тоосгон барилга, ажилчдын жорлон, барилгын материалууд байрлуулсантай холбогдуулан 2013.07.15-нд Сум дундын хоёрдугаар шүүх /хуучин нэрээр/-д “Газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл, 2013.09.04-нд Хотын захирагчийн албанд “Газар чөлөөлүүлэх тухай” хүсэлтийг тус тус гаргаснаар холбогдох этгээдийн зүгээс түүний эзэмшил газрыг 2013.09.13-нд чөлөөлсөн байна. Улмаар 2013.09.23-нд “Барилгад захиалагчийн техникийн хяналт хийх гэрээ” байгуулж, “З” НААОНӨ ХХК-д барилгын суурь нүх ухуулах ажлын хөлсний урьдчилгаанд 2013.09.27-нд 800000 төгрөг, 2013.09.28-нд 500000 төгрөг, 2013.10.06-нд 600000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд 2013.09.28-нд “Барилгын тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан акт” гарч, 2013.10.28-нд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг нэг жилийн хугацаагаар олгосон байна. Мөн 2013.10.29-нд Замын-Үүд дэх Дохиолол холбоо мэдээлэл, эрчим хүчний албанаас “Ус хангамжийн техникийн нөхцөл”-ийг авсан байх бөгөөд 2014.03.07-нд, түүнтэй өмнө нь байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийг дүгнэн улмаар гэрээг дахин нэг жилийн хугацаагаар сунгаж байгуулсан зэрэг нь хавтаст хэргийн 119-120, 56, 57, 45, 35-36, 121, 38-39, 27-28-р хуудсанд авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх гэрээг анх байгуулснаас хойшхи энэхүү 2 жилийн хугацаанд эзэмшил газраа зориулалтаар нь эзэмшихтэй холбогдуулан барилгын суурийн нүхийг ухуулах, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх зэргээр зохих ажлуудыг хийж гүйцэтгэсний зэрэгцээ бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар ч тодорхой арга хэмжээг авч ирсэн нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь дээрх хугацаанаас хойш 2014.03.25-нд “Б” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан  байх боловч түүний эзэмшил газрын зэргэлдээх газарт 60 айлын орон сууц барьсан “М” ХХК-иас  нэхэмжлэгчийн эзэмшил газар дахь барилгын суурийн ухсан нүх рүү барилгын материалын хог хаягдлаа түрж хийснээс тухайн газарт барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон мөн түүнчлэн барилгын суурийн нүхийг ухсанаас шалтгаалж түүний эзэмшил газрын доогуур татсан байсан Гал командын цэвэр усны шугам ил гарч улмаар 2014 оны өвөл хөлдөх аюул тулгарсантай холбогдуулан уг шугамыг хариуцдаг “Ч” ХХК-ийн зүгээс тухайн цэвэр усны шугам гарсан хэсгийг нь шороогоор булж газрыг нь тэгшилсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан тухайн ондоо барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон нь “Б” ХХК-иас  нэхэмжлэгчид ирүүлсэн 2014.07.28-ны өдрийн, барилгын ажил гүйцэтгэх боломжгүй байгааг мэдэгдэн холбогдох зөрчлөө арилгахыг шаардсан бичиг , 1-р багийн Засаг даргаас 2014.08.28-нд “М” ХХК-д барилгын суурийн ухсан нүхэнд хийсэн хогоо цэвэрлэхийг мэдэгдсэн албан бичиг , мөн нэхэмжлэгчид хэрэг бүртгэгчээс ирүүлсэн “...барилгын ухсан нүхнээс болж байгууллага усгүй болсонтой холбоотойгоор Г-тай маргаж түүнд доромжлуулсан гэх иргэний гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” агуулга бүхий 2014.09.22-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” , Г.Г-с 2016.06.16-нд “Ч” ХХК-д гаргасан “суурийн нүхийг тойруулж татсан хашааг нурааснаас алга болсон талаарх” гомдол , нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн фото зургууд  зэрэг бичмэл нотлох баримтууд гэрч У.С, О.Ш нарын мэдүүлэг  зэргээр тус тус тогтоогдож байна. 

Улмаар нэхэмжлэгч Г.Г нь 2015.02.05-нд Дохиолол холбоо мэдээлэл, Эрчим хүчний албанаас “Техникийн нөхцөл”-ийг 1 жилийн хугацаагаар сунгуулж авсан  байх ба газар эзэмшүүлэгчийн зүгээс түүнтэй байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийг 2015.04.15-нд дүгнэн дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгуулсан  байна. Мөн нэхэмжлэгч нь  барилгын суурийн нүхийг ухахад ил гарч тасарсан “С” ХХК-ийн тавьсан гэрлэн дохионы кабель утсыг 2015 оны 10 дугаар сард өөрийн хөрөнгөөр барилгын суурь нүхийг тойруулан сэргээн татсан, улмаар 2015 оны 11 дүгээр сард, “Ch” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэж буй дулаан дамжуулах төв шугамын ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн барилгын суурь нүхний ирмэгээр уг шугамыг татсан зэрэг үйл баримтууд хавтаст хэргийн 72-74, 122-126-р хуудсанд авагдсан фото зургууд, гэрч Г.Б-ын мэдүүлэг  зэргээр тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь “Газар эзэмших эрх цуцлах тухай” эрх бүхий этгээдийн шийдвэрийг гарах үед эзэмшил газар дээрээ хувийн эмнэлгийн барилгыг бодитоор барьж бий болгоогүй байсан хэдий ч тухайн барилгыг барихад шаардагдах бэлтгэл ажлуудыг хийж холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж ирсэн төдийгүй энэ хугацаанд үүссэн барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болгосон бусдын хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох, улмаар арилгах арга хэмжээг түүний зүгээс хэрэгжүүлж ирсэн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшигчийн зүгээс эзэмшил газраа зориулалтаар нь ашиглахтай холбогдуулан зохих ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн нөхцөл байдлууд тогтоогдож байх ба эндээс дүгнэхэд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшил газраа зориулалтаар нь ашиглаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Харин нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшил газраа зориулалтаар нь ашиглаж чадаагүй байхаас гадна түүний, эзэмшил газраа зориулалтаар нь ашиглахтай холбогдуулан хамгийн сүүлд хийж гүйцэтгэсэн /2015.02.05-нд “Техникийн нөхцөл” сунгуулсан/  ажиллагаанаас хойш түүний газар эзэмших эрхийг цуцлах хүртэл /2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр/ хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байжээ.

Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актыг гаргах тухайн үед хүчин төгөлдөр байсан, газар эзэмшигч, газар эзэмшүүлэгчийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 16/324 дугаартай ”Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний  3.11-д “2 жилийн хугацаанд орчин үеийн стандарт шаардлага хангасан барилга байгууламж барих”,  5.5-д “2017 ондоо багтааж газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах” 6.2-т “Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж, талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Нэг жилийн хугацаатай байгуулав” гэж тус тус тусгаснаас үзвэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон маргаж буй  “... гэрээний хугацаа дуусаагүй байсан, 2017 ондоо багтаан газраа зориулалтаар нь эзэмших боломж олгоогүй” гэх тайлбар үндэслэлтэй болохыг баталж байна.

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар , түүний газар эзэмшигчид хүргүүлсэн албан бичиг  зэргээс  үзэхэд нэхэмжлэгчийн  газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориулалтаар нь ашиглаагүй” үндэслэлээр хүчингүй болгосон гэж үзэхээр байх боловч тухайн албан тушаалтныг төлөөлөн шүүх хуралдаанд оролцсон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үүнийг үгүйсгэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаас гадна 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний  нөхцөл, болзолыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгосон. Тухайлбал нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан  ашиглаагүйгээс гадна газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзолыг удаа дараа биелүүлээгүй. Үүнд: гэрээний 3.8 “газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх”, 3.10 “Тухайн газар дээрээ гэрээний хугацаанд барилга, байгууламж, хашааг заасан хэмжээгээр өнгө үзэмжтэй барьж, орчноо цэвэр байлгаж, 10 хүртэлх хувийг ногоон байгууламж бий болгон бүрэн тохижуулна”, 3.11 “2 жилийн хугацаанд орчин үеийн стандарт шаардлага хангасан барилга, байгууламж барих” заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн тайлбарлаж байна. Гэтэл уг гэрээний 3.10, 3.11-д заасан нөхцөл, болзлууд нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлтэй  ижил агуулгатай байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг эзэмшил газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг дахин гэрээний 3.10, 3.11 дэх заалтуудыг зөрчсөн үндэслэл болгон авч үзжээ.  Гэтэл  энэхүү 40.1.1-д заасан гэрээний нөхцөл, болзолыг удаа дараа биелүүлээгүй гэх нөхцөлүүд нь мөн хуулийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэртэй  байхыг ойлгодог.

Харин гэрээний 3.8-д заасныг нэхэмжлэгч хэрхэн  зөрчсөн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “багийн олон нийтийн байцаагчийн зүгээс нэхэмжлэгчийг барилгын суурь нүхэн дэх хог хаягдлаа цэвэрлэхийг шаардаж байсан байдаг” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд улмаар барилгын суурь нүхэн дэх хог хаягдлуудыг зайлуулах талаар нэхэмжлэгчийн зүгээс анхаарал тавьж холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж байсан нь Хотын захирагчийн ажлын алба, багийн Засаг даргаас тус тус “М” ХХК-д мэдэгдэл, шаардлага хүргүүлж байснаас  харагдаж байхын дээр тухайн хог хаягдлыг гар аргаар цэвэрлэх боломжгүй техникийн тусламжтайгаар татаж гаргах  шаардлагатай байсан нь гэрч А.П-ийн мэдүүлэг , хэрэгт авагдсан фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудад тус тус газар эзэмшүүлэгч, газар эзэмшигчийн хооронд байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүд , газар эзэмшигчээс газрын төлбөр төлж байсан баримтуудаар  эрх бүхий этгээдийн зүгээс газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг жил бүр дүгнэн улмаар дахин сунгаж түүндээ тодорхой нөхцөлүүдийг тусгаж ирсэн, мөн газар эзэмшигчийн зүгээс газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж ирсэн нь тогтоогдож байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн нь  батлагдаж байна. 

Хариуцагч Замын-Үүд сумын Засаг дарга нь нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар олгогдсон албан тушаалтан болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар захиргааны байгууллагад хамаарах бөгөөд улмаар тухайн этгээдээс захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж холбогдох шийдвэрийг гаргахдаа хуульд заасан тусгай зарчмуудыг баримтлах үүрэгтэй. Тухайлбал, маргаж буй захиргааны акт нь газар эзэмшигчийн эрхийг цуцалсан шийдвэр болохын хувьд, шийдвэр гаргагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тухайлан хэрэгжүүлэх учиртай бөгөөд уг зарчмыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “газрын даамлын хувьд газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгчид, газраа ашиглахгүй бол газар эзэмших эрхийг тань хүчингүй болгохоор байгаа гэдгийг өөрт нь хэлж байсан бөгөөд үүнийг урьдчилан мэдэгдсэн гэж ойлгож байгаа” гэж дурдаж байна. Гэтэл тухайн захиргааны акт нь цаг хугацааны хувьд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 8 сар орчмын дараа гарсан улмаар газар эзэмшүүлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг дүгнээд дахин сунгасан ингэхдээ холбогдох нөхцөлүүдийг /2017 ондоо багтааж газраа зориулалтаар нь эзэмших/ тодорхой тусгасан байсан зэргээс нь үзвэл газар эзэмшигчид тухайн захиргааны акт гаргахыг урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангасан гэж үзэх боломжгүй байна. 

Ман эрх бүхий этгээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шийдвэр гаргасан тохиолдолд энэ тухайгаа холбогдох этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдсэн этгээд нь уг шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэрийг гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт тус тус зохицуулжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн шийдвэртэй холбогдуулан шууд шүүхэд бус уг захиргааны актыг гаргасан албан тушаалтны дээд шатны байгууллага /аймгийн Засаг дарга/-д гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэний үндсэн дээр хуульд заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ба хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргахдаа тухайн шийдвэрийнхээ агуулгыг хуульд заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” агуулгаар бус “газар эзэмших эрхийг хүчингүй болгох” агуулгаар нэгэнт гаргасан байх тул нэхэмжлэгчийг шууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж буюу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй  болохыг  дурдах нь зүйтэй гэж үзэв.

Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад газар эзэмшигчийн эрхийг цуцалсан  захиргааны акт гаргасан нь хууль бус байх бөгөөд түүний улмаас тухайн газар эзэмшигчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул түүний гаргасан  “Газар эзэмших эрх цуцлах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийн иргэн Г.Г-д холбогдох хэсэг /хавсралтын №3/-ийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  А/08 дугаар захирамжийн иргэн Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА