| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/01045/И |
| Дугаар | 00893 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
нэмэлт зардал 1 902 902 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Энх-эрдэнэтэй 2006 онд танилцаад 2010 он хүртэл хамт амьдарсан. 2007 онд бидний дундаас хүү төрсөн. 2007 онд би гадаад руу магистарт суралцахаар явсан. 2010 онд төгсөж ирээд хааяа л уулзаж байсан. 2013 онд би дахин жирэмсэн болсон байсан бөгөөд энэ тухайгаа хэлэхэд манайх ихрийн удам байхгүй учир миний хүүхэд биш гэж хэлсэн. Манай хүүхдүүд ихэр байсан болохоор маш бага жинтэй төрсөн ба нэг хүүхэд маань нүд хараа муутай, тархи нь дутуу хөгжилтэй гэсэн онош тогтоогдсон. Одоо би гурван хүүхдээ ганцаараа өсгөж байгаа бөгөөд ажил хийж амьдрахын тулд хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг. Хүүхдүүд маань одоо ч ханиад томуунаас салаагүй, аргагүй эрхэнд цэцэрлэгт өгдөг. Энх-эрдэнээс хүүхдүүдийн цэцэрлэгийн мөнгө нэхэмжилсэн боловч чи шүүхэд нэхэмжлэл гаргаад надаас мөнгө аваарай гэж хэлсэн. Энх-эрдэнийн өөрийнх нь сарын цалин өндөр учир хүүхдүүддээ тэтгэлэг өгөх бүрэн боломжтой. Хүүхдүүдээ улсын цэцэрлэгт өгөх гээд сугалаанд хамрагдсан боловч хожиж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нармандах бид хоёр Гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэр бүл болоогүй нэг гэрт удаан амьдраагүй юм. Нармандах нь надтай ярьж зөвлөөгүй, миний зөвшөөрөлгүйгээр хүүхдээ гаргачихаад өөрөө хариуцлагаас зайлсхийж, үүргээ биелүүлэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж бодож байна. Нармандахтай огт уулзаагүй 4 сарын хугацаанд олсон хүүхдээ миний хүүхэд гэж тайлбарлаад байгаа юм. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болохоор би энэ шийдвэрийг л биелүүлдэг. Тухайн үед шинжээчийн дүгнэлт гарахад ч гэсэн Нармандах нөлөөлсөн гэж боддог. Миний ямар хүн гэдгийг миний бодол үйлдлүүд харуулна, хэн нэгэн хүн хөндлөнгөөс намайг дүгнэх боломжгүй. Би энэ хүүхдүүдэд сар бүр мөнгөн тэтгэлэг өгдөг боловч Нармандах нь хүүхдүүдэд биш өөр зүйлд зарцуулдаг. Нармандахыг уйлаад гуйгаад байхаар нь би тэр үед оруулсандаа одоо ч харамсдаг, би энэ хүнд гэр бүл болохгүй, хүүхэдтэй болж болохгүй гэдгийг сануулдаг байсан. Би өмнө нь гэр бүлтэй, 2 охинтой байсан боловч энэ хүнтэй холбогдсоноос болж гэрлэлтээ цуцлуулж, 2 охиндоо бас тэтгэлэг төлж ирсэн. Одоо 1 охин маань насанд хүрсэн, 1 охинд тэтгэлэг төлдөг. Нармандах бидний хоорондын асуудал миний хүслээр болоогүй, бас миний эрүүл мэндийн байдал муу гэнэт суумгай болох, хүний асаргаанд орох болзошгүй байдал үүссэн байгаа. Иймд миний биеийн байдал, хүүхдийн тэтгэлэг давхар төлдөг зэргийг харгалзан хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь “...хүүхдүүдийг асрахтай холбогдон гарсан нэмэлт зардлыг хариуцагч сайн дураар хуваан төлөхгүй байна” гэх үндэслэлээр хүүхдийн эм эмчилгээ, цэцэрлэгийн зардалд нийт 1 902 902 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.
Харин хариуцагч ******* хариу тайлбартаа өөрийн биеийн эрүүл мэндийн байдал болон шүүхийн шийдвэрийн дагуу сар бүр хүүхдийн тэтгэлэг төлдөг зэргийг дурдаад нэмэлт зардал 1 902 902 төгрөгийг төлөхөөс татгалзсан байна.
Хэргийн баримтаас үзэхэд *******, ******* нарын дундаас 2007.04.05-ны өдөр хүү Э., 2014.07.07-ны өдөр 2 ихэр хүү Э.Эрчис, Э.Эрхэс нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.06.06-ны өдрийн 2442 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Энх-Эрдэнийг 2007.04.05-ны өдөр төрсөн хүү ын эцэг нь мөн болохыг, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.27-ны өдрийн 5182 дугаар шийдвэрээр 2014.07.07-ны өдөр төрсөн хүү Э.Эрчис, Э.Эрхэс нарын эцэг мөн болохыг тус тус тогтоож, хүүхдүүдийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт тэтгэлэг тогтоож, сар бүр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрүүдийн дагуу хариуцагч ******* нь 3 хүүхдийн тэтгэлэгт сар бүр 300 000 төгрөгийг хүү Э.ын нэр дээрх Хас банкны хадгаламжийн дансанд шилжүүлдэг болох нь Хас банкны дансны хуулгаар тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.
Мөн Д.Энх-эрдэнэ өмнө нь гэр бүлтэй, 2 охинтой байсан гэх бөгөөд түүний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан, 1 охин нь насанд хүрсэн, 1 охинд тэтгэлэг төлдөг талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ байдлыг нэхэмжлэгч тал мэддэг байна.
Зохигчид 2010 оны 10 сараас хойш тус тусын амьдралтай байгаа, мөн гэрлэлтээ бүртгүүлээгүй байх тул Д.Энх-эрдэнэ, ******* нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл буюу “Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг заасан, шүүхийн шийдвэрүүдийн дагуу тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь тогтмол төлдөг, Хас банкны хадгаламжийн дансыг хамтран эзэмшигч ******* зориулалтаар нь ашиглах боломжтой” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлд дурдсанаар “...ихэр хөвгүүдийг сарын 400 000-460 000 төгрөгний төлбөртэй хувийн цэцэрлэгт явуулсан, өвдсөн үед нь өөрийн ээж болон нагац эгчид сарын 300 000 төгрөгийн хөлс өгч асруулдаг” гэх бөгөөд энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.1, 26.2.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх талаар эцэг, эх адил үүрэг хүлээхээр заасан байна.
Иймд *******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******эс нэмэлт зардалд нийт 1 902 902 төгрөг гаргуулахыг хүссэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ