| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0442/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 546
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, хохирогч Т.Х, түүний өмгөөлөгч Р.Батцогт, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийн Э-д холбогдох эрүүгийн 1810024820419 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт хамт, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-гийн Э /РД: АО97051007/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “ХХХ” төвийн нэг давхарт байрлах “ХХХ” гоо сайхны дэлгүүр дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Х-ийн зүүн шанаа, толгой, нүүрэн тус газар цохих, үснээс зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Т.Х: “...Э бид хоёр “ХХХ” төвд 2019 оны 9 дүгээр сард хамт ажилд орсон, бид хоёр ээлжээр ажилладаг. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Э намайг чи ирж тооцоогоо бүрэн болгох хэрэгтэй гэж дуудсан, бид тооцооноос болж маргалдаагүй, хэрэг гарахын өмнөх өдөр болсон зүйлээс болж маргалдсан. Намайг зүгээр сууж байхад Э ирээд гэнэт намайг цохисон, би зүгээр байж байгаад гэмтэл авсан. Э бид хоёр хэрэг гарсан өдрийн орой Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний хамар мурийлтай, хацар цууралттай байгаа учир мах руугаа орж магадгүй, нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн. Би цагдаагийн байгуулагад өргөдөл гаргах гээд явж байхад Э “чи цагдаагийн байгууллагад мэдэгдэх юм бол би чамайг ална, манай ээж, аав хоёр Шүүх эмнэлэгт ажилладаг болохоор чи намайг барахгүй” гэж хэлсэн...” гэв.
Шүүгдэгч Б.Э: “...Х хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө тухайн байгууллагад кассчнаар ажиллаж байсан, 1,000,000 төгрөгийг ямар нэгэн баримтгүйгээр үлдээсэн байсан, би тухайн мөнгийг тоолоод Халиунаа руу “чи ямар нэгэн баримт үйлдэлгүйгээр мөнгө үлдээсэн байна” гэхэд Халиунаа 16 цагийн үед ажил дээр ирээд мөнгөө тоолж үзчихээд 200,000 төгрөг дутуу байна гэж хэлээд намайг 200,000 төгрөг авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хяналтын камер байгаа, би мөнгө аваагүй, орсон гарсан зардал энэ байна, шалгаад үз гэхэд чи авчихсан байна гэсэн. Тэгээд Халиунаа бид хоёр зодолдсон, би хоёулаа муудалцахаа болъё гээд ажлаас гарах гэтэл Халиунаа намайг цохих гэж оролдоход нь би түүний гарыг бариад цохисон. Үүний улмаас гэмтэл үүссэн гэж бодож байна. Хохиролд 461,000 төгрөгийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг сандал дээр сууж байхад миний зүүн хацар руу гараа атгаж байгаад цохьсон. Би босоод яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд намайг үстсэн, би зөрүүлээд үстсэн. Э-ийг тавиач гээд уйлаад, яагаад намайг зодоод байгаа юм гэхэд муухай хараад, өөдөөс олон долоон юм яриад байгаарай, ална шүү гэсэн. Би тавьчих тэгэх үү гэж гуйж байгаад гарыг нь тавиулсан чинь миний үс туг тугаараа газар унасан. Тэгээд гараад явчихаар нь би нойлын өрөө орох гээд хойноос нь хөөе гэж дуудсан чинь эргэж хараад миний хамар луу гараараа цохьсон. Хамар өвдөөд байхаар нь буцаж сандал дээр очиж сууж байхад миний зүүн хамарнаас цус гарсан. ...Орой ажил тараад гэмтлийн эмнэлэг дээр хамт очиж үзүүлсэн чинь хамар мурийсан байна, нүдний ухархайн яс цууралттай байна, нарийн шинжилгээ яаралтай өгөх хэрэгтэй гэсэн. Намайг тохиролцъё гээд байсан. ...М намайг зодож цохьдог зүйл байхгүй. Э худлаа мэдүүлэг өгсөн байна...” /хх-ийн 11-13, 14-15/ гэсэн,
Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай охин Х гэрт орж ирэхдээ нүүрний зүүн тал нь хөхөрчихсөн хавдчихсан байхаар нь би асуухад “ажлын байран дээр байхдаа нүүрэн дээрээ юм унагачихсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нээх юм бодоогүй. Хэд хоногийн дараа миний бие өвдөөд байна гэж хэлээд уйлаад байхаар нь би аргадаж учир байдлыг асуухад Халиунаа “хамт ажиллаж байсан охинтойгоо маргалдаад намайг зодчихсон” гэж хэлэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өглөө гарч Хан-Уул дүүргийн цагдаад өргөдлөө өгсөн. ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж 10 дугаар сарын 11-ний өдөр авахуулсан рентген зургийг нь авч, Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлээд КТГ-ийн зураг авахуулсан. ...Хамрын яс хугарсан, мурийсан, хацрын яс хугарсан гэхээр нь би “ЭМЖЖ” эмнэлэг дээр очиж зөвлөх эмчид үзүүлэхэд дахиад нарийн зураг авахуулах хэрэгтэй гэхээр нь би 2018 оны 10 дугаар сарын 20-доор 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын эмчид үзүүлэхэд бас л хагалгаанд орох шаардлагатай, нүдний ухархайн яс хугарсан байж магадгүй тэр нь нүдэндээ нөлөөлсөн байж болзошгүй гэхээр нь “Сондра” гээд 1 дүгээр эмнэлгийн хажууд байх анагаахын шинжлэх ухааны харъяа нүдний эмнэлэгт зөвлөх эмчид үзүүлэхэд нүдний ухархайн яс нь зүгээр, хацрын яс нь хугарсан байна гэж хэлсэн. Ер нь бол нүдээ хяналт оруулж ажиглаж бай гэж хэлээд явуулсан. Хацрын хагалгаа хийлгүүлэхээр Гранд, Тод канам эмнэлэгт үзүүлэхэд 6 сарын дараа бэртэнгийн хагалгааг Солонгос улсад хийнэ гэж хэлсэн. Тод канам нь 2 сарын дотор бол хагалгаанд орж болно гэж хэлсэн. Манай охин Халиунаа толгойн доргилт, хамрын ясны хугаралт бас мурийлттай, зүүн хацрын яс хугаралттай зэрэг гэмтлүүд тогтоогдсон...” /хх-ийн 21-23/ гэсэн,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Төв аймагт ээжийндээ байхад Х залгаад би гэмтэл дээр байна ирээд авчих, ирэхээр чинь учрыг нь хэлье гэсэн. Тэгээд би нэг цагийн дотор гэмтлийн эмнэлэг дээр очтол эмнэлгийн гадаа Т.Х, Б.Э хоёр хамт зогсож байсан. Халиунаагийн нэг нүд нь хөхөрсөн, хацар нь хавдсан, хамар нь муруйсан байсан. ...Халиунаагаас юу болсон талаар асуухад өнөөдөр манайд шинээр ажилд орсон эгчтэй маргалдаад зодуулчихлаа гэсэн. Харин Э хажууд нь баруун гарын шуу хэсгээ бинтээр боочихсон байхаар нь юу болсон талаар асуухад маргаан болоод салгах гэж голоор нь ороод Халиунаад түлхүүлээд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Эийг гэрийнх нь ойролцоо хүүхдийн 100-д буулгасан. Тэгээд бид хоёр байрныхаа гадаа ирэхэд Х гэнэт уйлаад байсан. Юу болсон талаар асуухад Э намайг зодсон. ...Би чамд хэлээд цагдаа дуудах гэтэл гар утас булааж аваад оффисийн өрөөнд цаг гаран цоожилсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э рүү залгаад чи Халиунааг зодсон байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод учраа ол гэхэд би зодсон юм, цагдаад битгий хэлээрэй би яваад очъё гээд 30 минутын дараа манай байрны гадаа ирээд машин дотор орж ирж суусан. ...Э би зодсон нь үнэн, цагдаагаар битгий яваач би хохирлыг нь барагдуулна, би таксины мөнгө өгөөд ирье гэж хэлээд ирсэн машинтайгаа буцаад явчихсан...” /хх-ийн 24-26/ гэсэн,
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн болсон асуудлаас хойш 7 хоногийн дараа хяналтын ажилтан надад хоёр худалдагч зодолдсон байна гэж хэлэхээр нь хяналтын камер үзэхэд Э, Х хоёр хоорондоо юм ярилцаж байснаа Э Х-ааг цохиж эхлээд хоорондоо бие биенийхээ үсийг татаж чангааж явж байгаад дэлгүүрийн гол хэсэгт ирээд бие биенийхээ үсийг тавьсны дараа Э нь Х-ийн хамарлуу гараараа цохиж байгаа бичлэгийг үзсэн. ...Х, Э хоёр нь дуу цөөтэй, даруухан охидууд байсан. Хоёулаа ажилдаа сайн, өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлдэг...’’ /хх-ийн 27-28/ гэсэн,
Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хамрын яс нь цохилтонд зүүн гайморийн хөндийн урд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугаралд нэгтгэж гаргасан байгаа юм. Тухайн гэмтэлд хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг нь багтана...” /хх-ийн 60-61/ гэсэн,
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХХ төвийн хоёр давхарт “ХХХ” гоо сайхны дэлгүүрт 16 цагийн үед Х-тай кассан дахь мөнгө тоолоогүй орхисноос болоод хоорондоо маргаан үүсгэж, түүнээс үүдэж бид хоёр хэрэлдэж би түрүүлээд гараараа цохиод, Х-тай үсдэлцэж эхлээд дэлгүүрийн заалны гол хэсэг рүү явж байхдаа миний толгой руу цохихоор нь би түрүүлээд баганын ард орж тавиад би дэлгүүрээс гараад явж байхад Х араас ирж намайг цохих гэж оролдохоор нь би баруун гараараа цохисон. ...Би Х-ийн хамар луу нэг удаа баруун гараараа цохиход тухайн гэмтлийг учруулсан байх. ...Х-ийн хамар муруй байсан. Би тэгэхээр хамрыг мурийлгаагүй байх. ...Би эмчилгээний зардал гэж Х-д дансаар 380,000 төгрөг шилжүүлж өгсөн. ...Би Х-ийн хацар луу цохисон. Найз залуутайгаа өдөр болгон муудалцаж, зодолдож байсан талаараа Х надад хэлж байсан...” /хх-ийн 113/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12683 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2. Т.Х-ийн биед зүүн гайморын хөндийн урд хананд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6.7 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 34/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №519 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Х-ийн биед зүүн гайморын хөндийн урд хананд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх учирсан гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу хэрэг гарах үед үүссэн байх боломжтой.
5. Шинжээч эмч Д.Чимэд-Очирын гаргасан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №12683 дугаартай дүгнэлт үндэслэлтэй...” /хх-ийн 56-57/ гэсэн,
Гавал ясны компьютерт томографийн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд: “...Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Ховдлуудын хэлбэр, хэмжээ, байрлал хэвийн. Дундаж бүрдэл хазайлтгүй. Субарахнойд зайнууд хэвийн. Хамар дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, шингэний түвшингүй. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамар ясны зүүн хажуу хананд зөрсөн хугаралтай, хугарлын өнцөг мохоо. Зүүн гайморийн хөндий (maxillary sinus) урд хананд дотогшоо 1,42 мм цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч баруун тийш мурийсан...” /хх-ийн 44/ гэсэн дүгнэлтүүд,
- Өргөдөл /хх-ийн 10/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-66/,
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 83-92/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 117/,
- Шүүгдэгч Б.Э хувийн байдалтай холбоотой гэрч Б.А /хх-ийн 29-30/ гэсэн, Б.Б /хх-ийн 31-32/ нарын мэдүүлэг, дипломын хуулбар /хх-ийн 118-120/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 121/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 122/, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123/, оршин суугаа хаягийн тодорхололт /хх-ийн 124/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 125/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 126/, эд хөрөнгтэй эсэх хураангуйн лавлагаа /хх-ийн 127/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 128-132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “ХХХ” төвийн нэг давхарт байрлах “ХХХ” гоо сайхны дэлгүүр дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Х-ийн зүүн шанаа, толгой, нүүрэнд цохих, үснээс зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Х-ийн: “...Намайг сандал дээр сууж байхад миний зүүн хацар руу гараа атгаж байгаад цохьсон. Би босоод яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд намайг үстсэн, би зөрүүлээд үстсэн. Эийг тавиач гээд уйлаад яагаад намайг зодоод байгаа юм гэхэд муухай хараад, өөдөөс олон долоон юм яриад байгаарай ална шүү гэсэн. Би тавьчих тэгэх үү гэж гуйж байгаад гарыг нь тавиулсан чинь миний үс туг тугаараа газар унасан...” /хх-ийн 11-13, 14-15/ гэсэн, гэрч П.А-ийн: “... 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай охин Х гэрт орж ирэхдээ нүүрний зүүн тал нь хөхөрчихсөн хавдчихсан байхаар нь би асуухад “ажлын байран дээр байхдаа нүүрэн дээрээ юм унагаачихсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нээх юм бодоогүй. Хэд хоногийн дараа миний бие өвдөөд байна гэж хэлээд уйлаад байхаар нь би аргадаж учир байдлыг асуухад Халиунаа “хамт ажиллаж байсан охинтойгоо маргалдаад намайг зодчихсон” гэж хэлэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өглөө гарч Хан-Уул дүүргийн цагдаад өргөдлөө өгсөн...” /хх-ийн 21-23/ гэсэн, гэрч Б.М-ын: “...Тэгээд бид хоёр байрныхаа гадаа ирхэд Х гэнэт уйлсан, юу болсон талаар асуухад Э намайг зодсон. ...Би чамд хэлээд цагдаа дуудах гэтэл гар утас булааж аваад оффисийн өрөөнд цаг гаран цоожилсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э рүү залгаад чи Х-г зодсон байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод учраа ол гэхэд би зодсон юм, цагдаад битгий хэлээрэй, би яваад очъё гээд 30 минутын дараа манай байрны гадаа ирсэн...” /хх-ийн 24-26/ гэсэн, шинжээч эмч Ж.Г-ийн “...Хамрын яс нь цохилтонд зүүн гайморийн хөндийн урд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугаралд нэгтгэж гаргасан байгаа юм. Тухайн гэмтэлд хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг нь багтана...” /хх-ийн 60-61/ гэсэн, шүүгдэгч Б.Э-ий “...Би тухайн өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХХ төвийн хоёр давхарт “ХХХ” гоо сайхны дэлгүүрт 16 цагийн үед Х-тай кассан дахь мөнгө тоолоогүй орхисноос болоод хоорондоо маргалдаж, тэрнээс болж бид хоёр хэрэлдэж, би түрүүлээд гараараа цохиод, Х-тай үсдэлцэж эхлээд дэлгүүрийн заалны гол хэсэг рүү явж байхдаа миний толгой руу цохихоор нь би түрүүлээд баганын ард орж тавиад би дэлгүүрээс гараад явж байхад Халиунаа араас ирж намайг цохих гэж оролдохоор нь би баруун гараараа цохисон. ...Би Х-ийн хамар луу нэг удаа баруун гараараа цохиход тухайн гэмтлийг учруулсан байх...” /хх-ийн 113/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №12683, 2019 оны №519 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 34, 56-57/ гэсэн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-66/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х-ийн эрүүл мэндэд зүүн гайморын хөндийн урд хананд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 461,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй, хохирогч Т.Х нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1810024820419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирснийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Э энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э хохирогч Т.Х-ийн хохиролд 461,000 /дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Т.Халиунааа гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 1810024820419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирснийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Э энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР