Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 547

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, хохирогч З.Б, Х.Г, О.Н, Б.Ө, шүүгдэгч Э.Ч, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А овогт Э-ийн Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810024410364 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, ХХХ хотхон 00 дугаар байр, 00 дугаар орц, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Э-ийн Ч /РД:ХХ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ч нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ХХХ” цогцолбор хотхонд урьдчилгаагүй, хүүгүй зээлээр байр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух зорилгоор, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2018 оны 9 дүгээр сард Р.А, Д.Т нараас 1,000,000 /нэг сая/ төгрөг,

Мөн 2018 оны 9 дүгээр сард иргэн Д.Ц-аас 2,000,000 төгрөг,

2018 оны 9 дүгээр сард А.Б-ээс 1,100,000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд О.Н-ээс 850,000 төгрөг,

2018 оны 6 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Д.Д-аас 3,300,000 төгрөг,

2018 оны 8 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Н.С-аас 1,600,000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 сарын хооронд З.Б-аас 1,200,000 төгрөг,

2018 оны 5 дугаар сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд Б.Г-ээс 1,100,000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд Х.Г-ээс 950,000 төгрөг,

2018 оны 9 дүгээр сард Х.С-аас 1,600,000 төгрөг,

2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.А, Б.Ө нараас нас бие гүйцсэн их насны 10 тооны адуу,

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нас бие гүйцсэн их насны 13 тооны адууг, нийт 23 тооны адууг хятадуудад өндөр үнээр зарж борлуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хуурч 20,240,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 34,940,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч З.Б: “...Миний эхнэрийн ажлын газрын эгч бид хоёрыг шүүгдэгч Ч-тай танилцуулсан. Шүүгдэгч эхнэр бид хоёрт “ХХХ” хороололд хоёр өрөө байр худалдаж авахад туслана гэж хэлээд байрны урьдчилгаа мөнгө 1,200,000 төгрөгийг авсан...” гэв.

 

Хохирогч Х.Г: “...Шүүгдэгч миний эхнэртэй нэг суманд төрсөн хүн. Шүүгдэгч эхнэр бид хоёрыг “ХХХ” хороололд байр худалдаж авахад зуучилж өгнө гэж амласан. Тиймээс эхнэр бид хоёр байрны урьдчилгаа мөнгө 300,000 төгрөг өгсөн. Дараа нь би хоёр өрөө байраа гурван өрөө байр болгох талаар шүүгдэгчид хэлэхэд надаас 500,000 төгрөгийг нэмж авсан. Мөн нэмж гал тогооны өрөөнд засвар хийнэ гэж 950,000 төгрөгийг авсан. Тиймээс би шүүгдэгчээс нийт 1,750,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч О.Н: “...Би шүүгдэгчтэй хүргэн ах М-р дамжуулж танилцсан. Шүүгдэгч надад “ХХХ” хорооллын загварын байрыг үзүүлж гал тогооны тавилга захиалж хийлгэх 300,000 төгрөг, байрны урьдчилгаа 500,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийг авсан...” гэв.

 

Хохирогч Б.Ө: “...А бид хоёр шүүгдэгчид нийт 23 тооны адуу өгсөн. Миний хамтрагч А Ч-тай багын найзууд. Би шүүгдэгчид эхний удаа 10 тооны бүдүүн адуу өгсөн. Үүнээс би ямар ч мөнгө аваагүй. Дараа нь би дахин Сүхбаатар аймаг явж 13 тооны адууг шүүгдэгчид нэмж өгсөн. Харин Ч надад зардлын мөнгө гэж 850,000 төгрөгийг өгсөн. Миний зүгээс шүүгдэгчээс нийт 18,100,000 төгрөгийг нэхэмжилнэ. Шүүгдэгч надад мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,200,000 төгрөгийг буцааж өгсөн. Харин одоо үлдэгдэл 10,900,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв би хохирлоо бүрэн авбал цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ч: “...Би хохирогч нарыг залилсан нь үнэн. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр хувиараа Эмээлтэд махны ченж хийдэг байсан. Тэгээд 2018 онд Ч гэж залуу манай нөхөрт хэд хэдэн удаа адуу авчирч зарсан. Тэгээд хоорондоо танилцаж харилцаатай болсон. Ч 2018 оны 8 дугаар сарын дундуур манай нөхөрт би “Шинэ Яармаг” хороололд ганц хоёр байр байгаа, урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орох боломж байна, та сонирхох уу гэж асууж байсан. Манай нөхөр Ч-д итгээд 2018 оны 9 дүгээр сард байрны эхний сарын түрээсийн мөнгө 600,000 төгрөг бичиг баримт бүрдүүлэхэд 400,000 төгрөг хэрэгтэй гээд нийт 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5176027209 дугаарын дансаар шилжүүлж өгсөн. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын дундуур би өөрийн биеэр Ч-тай уулзаад гэрээ хийхээр болоход Ч надаар бичгийн цаасан дээр “байр хүсэх тухай” гэж хаяглуулаад өргөдөл шиг зүйл бичүүлсэн, мөн А бид хоёрын иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааг хуулбарлуулж аваад үлдсэн. Тэр өдөр надад Ч нэг л үнэмшилгүй санагдсан, гэрээ хийнэ гэж дуудчихаад зүгээр өргөдөл шиг зүйл бичүүлэхээр нь сэжигтэй санагдаж эхэлсэн. Тэгээд удалгүй 8 хоногийн дараа Ч дахин залгаад 600,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би тухайн үед өгөөгүй юм. Тэгээд түүнээс хойш байрандаа орсон ч юм байхгүй. Бид нартай хамт мөнгө өгсөн С гэж хүн наад Ч чинь бид нарыг залилчихсан байна гэж хэлээд өнгөрсөн. Бид нар Чтай дахиж холбогдоогүй. Тэгээд байж байтал цагдаагийн байгууллагаас дуудаад манай нөхрөөс мэдүүлэг авсан. Би Ч-д өгсөн 1,000,000 төгрөгөө буцааж авбал өөр гомдол, санал байхгүй...” /1-р хх-ийн 12-13/ гэсэн,

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Номин ХХК-д борлуулагчаар ажлладаг, манай ажилд хамт ажилладаг Г ахын хамтаар 2018 оны 9 дүгээр сард байх ХХХ хороололд байр зарж байгаа хүнтэй очиж уулзана гэхээр нь би хамт явсан. Би Ч-тай уулзаад “ХХХ” хороололд байр байгаа юу гэж асуухад Ч нэг эмэгтэй байр авна гээд гэрээ хийгээд мөнгө өгөхгүй байгаа, тэр байранд чи орж чадна гэвэл гаргаж өгч чадна гээд эхлээд 800,000 төгрөг өгчих, байрны захиалганы урьдчилгаа гэхээр нь би Чад 800,000 төгрөгийг бэлэн өгсөн. Тэгсэн Ч чи сар бүр 600,000 төгрөг өгнө. Энэ бол түрээсийн эргэн төлөлтийн мөнгө гэж хэлээд намайг залилан мэхлэн цувуулж авсаар байгаад нэг мэдсэн 2,000,000 төгрөгийг авсан. Тэгээд би Чтай утсаар ярьж яасан талаар асуухад удахгүй хүлээж бай байрны түлхүүрийг гардуулан өгнө гэж ярьдаг байсан. Би байр авна гэж Чад нийт 2,000,000 төгрөг өгч залилуулсан...” /1-р хх-ийн 50-52/ гэсэн,

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз Г-ийн эхнэр нь удахгүй Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ХХХ хороололд байранд орох гэж байгаа талаараа бусдад ярьж байсан юм. Тухайн үед би хажууд нь байсан болохоор Г-ийн эхнэр Ж-аас ямар учиртай байр юм бэ, би орж болох уу, гэж асуухад Ж надад байр зарж байгаа Ч-ын дугаарыг надад өгсөн. Би тухайн дугаараар Ч-тай гэх хүнтэй утсаар холбогдож түрээсээр орох байр байгаа юу орох сонирхолтой байна гэхэд Ч гэх хүнтэй утсаар холбогдож байр байгаа юу би орох сонирхолтой байна гэхэд Ч нэг байр байгаа чи орно гэвэл бэлэн 800,000 төгрөг аваад ир гэхээр нь би ямар учиртайг нь асуухад эхний сарын түрээсийн мөнгө 500,000 төгрөг байдаг, үлдсэн 300,000 төгрөг нь тавилгын мөнгө  байгаа юм. Түрээсийн байр нь дотроо гал тогоо болон унтлагын өрөөний тавилгатай гэж тайлбарлаж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхнэртэйгээ ярилцаж зөвлөлдөөд Ч-ын Хаан банкны 5176027209 гэсэн данс руу 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа очиж байраа үзье гээд Ч, эхнэр О нарын хамтаар ХХХ хороолол руу очиж загварын байрыг үзсэн. Тухайн үед Ч гэх хүн өөрөө тухайн хороолол руу ороогүй, наад хүмүүс чинь намайг харчихвал байрны үнэ унагалаа гээд хэл ам хийнэ би харагдаж болохгүй та нар өөрсдөө ороод үзчих гээд бид хоёрыг оруулсан. Тэгээд тэр өдрөөс хойш Ч-тай холбогдоод байраа асуухад манай захирал Г танай бүрдүүлсэн материалыг шалгаж байгаа хэсэг хугацааны дараа хариу хэлнэ гэж байсан. Тэгээд одоог хүртэл хариу хэлэхгүй байхаар нь залилуулсан байна гээд цагдаад өргөдөл гаргаж байсан. Ч надруу утсаар яриад өмнө нь өгсөн 800,000 төгрөг дээр чинь дахиад 300,000 төгрөг хэрэг болоод байна гээд 300,000 төгрөгийг 3 удаа цувуулан надаас бэлнээр авсан. Тэгээд нийт 1,100,000 төгрөг өгч залилуулсан...” /1-р хх-ийн 68-70/ гэсэн,

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ч нь манай хүргэн ах М-ийн үеэл дүү нь. Ч бид хоёр Тариалан сумд төрж өссөн нэг нэгнээ багаасаа зүс мэддэг байсан. 2018 оны 4 дүгээр сард манай хүргэн ах Манлай залгаад “манай үеэл дүү Ч Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд баригдаж байгаа “ХХХ” цогцолбор хороололд байранд хүн оруулж байгаа, чи утасдаад холбогдоод байр захиал” гэж хэлсэн. Ингээд би Чын утсаар холбогдоод ямар учиртай байранд урьдчилгаа төлбөргүй, хүүгүй оруулж байгаа юм бэ гэж асуухад Ч Улсын Их Хурлын гишүүн Сэдваанчигийн дүү Гомбосүрэнгийн оффшор данс илрээд тэгээд Чех улс руу 15 жилийн хугацаатай зугтаад явсан. Тэгээд Монголд байгаа үл хөдлөх хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа ХХХ хорооллын байрнуудаа сэмхэн олон нийтэд зарлахгүйгээр таньж мэддэг найдвартай хүмүүстэй, хүүгүй, урьдчилгаагүй оруулчих, тэгээд шууд нэрийг нь шилжүүлээд өгөөрэй гэж захиад үлдээсэн гэж надад ярьсан. Би энэ үгэнд нь итгээд 2018 оны 4 дүгээр сард Чад бүртгэлийн мөнгө гэж 350,000 төгрөг бэлнээр. Үүний дараа 2018 оны 8 дугаар сард эхний сарын байрны түрээс гэж 500,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Ингээд нийт Ч-д 850,000 төгрөг өгч залилуулсан. Би Ч-аас 850,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 88-89/ гэсэн,

Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх “Ямаат уул” гэдэг газарт мал нядалгааны төв ажиллуулдаг. Ч тухайн үедээ их яриа хөөрөөтэй сайн залуу шиг байсан. Манайхаар нядлуулсан бүх малыг байрны урьдчилгаа гэж хэлж байсан. Тэгээд хамгийн сүүлд нэг ирэхдээ Ч надад “эгчээ та надад тус болсон, би танд тус болно. Би Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ХХХ хороололд таныг урьдчилгаагүй, хүүгүй байранд оруулж өгье. Миний хуурай ах Гомбосүрэн гэдэг хүн 3 тэрбум төгрөг уг хороололд оруулсан, бартераар баахан байр авсан, одоо тэр байруудаа зарж байгаа юм” гэж хэлсэн. Ингээд би түүнд итгээд 2018 оны 8, 9 дүгээр сард Ч-ын 5176027209 дугаарын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 1,000,000 төгрөгийг барьцаа гэж хэлээд авч байсан. Үүний дараа байранд удахгүй орно, эхний сарын түрээс гэж 600,000 төгрөгийг мөн дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд 600,000 төгрөгийг шилжүүлсэний дараа маргааш нь би ХХХ хорооллын борлуултын алба руу залгаад танайх урьдчилгаа байхгүй, хүүгүй урт хугацаагаар байр зарж байгаа юм уу? Ч гэж хүн танайд ажиллдаг уу гэж асуухад огт тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд л залилуулснаа мэдсэн...” /1-р хх-ийн 122-123/ гэсэн,

 

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 6 дугаар сард Ч-тай анх танилцаж байсан. Б эгч надад Ч гэж хүн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ХХХ гэж хотхон баригдаж байгаа юм байна, хүүгүй, урьдчилгаагүй түрээсээр байртай болох боломж байна гэж ярьж байсан. Тэгээд би уг байрыг сонирхоод Б эгчээр дамжуулж Ч-тай 6 дугаар сард уулзаж байсан. Ч надад 15 жилийн хугацаатай сард 600,000 төгрөг төлөөд ямар ч урьдчилгаагүй, байртай болно. Уг байраа Яармагт шинээр баригдаж байгаа. Гомбосүрэн гээд их мөнгөтэй хүн байдаг юм. Миний хуурай ах, захирал байгаа тэр хүн уг хотхонд бартераар цөөхөн хэдэн байр авсан. Тэгээд намайг найдвартай орой дотныхоо хэдэн хүнд зараад өгчих гэж хэлсэн. Би та нарыг хамаатныхаа хүмүүс гэж хэлнэ гэх зэргээр маш үнэмшилтэй зүйл ярьж байсан. Мөн намайг дагуулж уг хотхон дээр очиж загварын байрыг нэг удаа үзүүлж байсан. Тэгээд би Ч-д итгээд байранд ормоор байна гэдгээ хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, тухайн хотхоны үзүүлэнгийн байрыг үзүүлж дуусаад Ч надаас 300,000 төгрөгийг бэлнээр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад авсан. Уг 300,000 төгрөгийг тавилгын мөнгө, байр чинь тавилгатай ирнэ гэж хэлээд авсан. Үүний дараа эхний сарын түрээсийн мөнгө билүү тэгж хэлээд 500,000 төгрөгийг дансаар авсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сард над руу залгаад уулзъя гэж хэлсэн. Бид хоёр уулзаад ярилцахад Ч цөөхөн байр байхад их олон хүн гуйгаад байх юм. Яадаг юм билээ гэрээ хийх хүндээ хэдэн юм өгчихмөөр байна гэх зэргээр ярьж байсан. Тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа би Чад цаад хүндээ өгөөрэй гэж хэлээд 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 2018  оны 9 дүгээр сарын сүүлээр Ч над руу яриад байр чинь бүтчихлээ. Энэ сарын түрээсээ хурдан өгчих, тэгээд гэрээ хийнэ гээд дансаар 500,000 төгрөг авсан. Ингээд үүнээс хойш нилээн хугацаа өнгөрсөн ч байрандаа орж чадаагүй. Би Ч-д нийт 3,300,000 төгрөг өгсөн. Би Чад залилуулсан 3,300,000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөнгөө авчихвал өөр гомдол санал байхгүй...” /1-р хх-ийн 107, 108/ гэсэн,

Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэрийн хамт Ч-тай уулзаад Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байх ХХХ хорооллын загварын байрыг үзсэн. Тэгээд итгэл төрөөд тэр өдрөө тухайн хорооллоос гараад бэлнээр 300,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг эхний сарын түрээс гэж авсан. Үүний дараа байр баригдаж байгаа хүлээж бай гэсээр 9 дүгээр сар хүргэсэн. 2018 оны 9 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна Ч манай эхнэр лүү залгаад 10 дугаар сарын түрээсийн мөнгө яаралтай шилжүүл гэж хэлсэн. Тэр өдрөө 500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Үүний дараа гэрээгээ хийнэ гэж нэгдүгээр эмнэлэг дээр дуудаад 100,000 төгрөг авсан. Энэ өдөр түрээсийн гэрээ гэсэн толгойтой нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин уулзаад “Рояал Айраш” паб-д хамт архи ууж сууж байхдаа би Чад миний байрыг хурдан бүтээж өгөөрэй гэж 100,000 төгрөг өгсөн. Ч Ариунаа гээд эгч нь байранд орох гэсэн мөнгө дутаад байна, мөнгө зээлээч гээд байхаар бас 100,000 төгрөг өгсөн. Ингээд нийт Ч-д 2018 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд 1,200,000 төгрөгийг өгч залилуулсан. Би Шинэ Яармаг хорооллын захиалга авдаг хүнтэй очиж уулзаад танайд хүүгүй, урьдчилгаагүй байранд оруулж байгаа талаар сүүлд асуухад огт тийм зүйл байхгүй гэж хэлсэн...” /1-р хх-ийн 136/ гэсэн,

 

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Ч нь А-д Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ХХХ” цогцолбор хотхонд 15 жилийн хугацаатай сарын 600,000 төгрөг төлөөд хүүгүй, урьдчилгаагүй байртай болох боломж байгаа гэж итгүүлсэн байсан. Тэгээд А энэ талаар манай эхнэрт хэлээд, эхнэр маань надад хэлсэн. Тэгээд би ямар ч байсан Ч-тай уулзаж ярилцъя гэж бодоод 2018 оны 5 дугаар сард уулзсан. Тэр үед Ч “Шинэ Яармаг” цогцолбор хотхонд урьдчилгаа авахгүй, хүүгүй байранд оруулж өгнө, мөнгөтэй хуурай ах нь бартераар цөөхөн байр авсан, өөрөө гадаадад байгаа учраас намайг найдвартай хэдэн хүнд байрыг нь зараад өгөөрэй гэж үлдээсэн талаар ярьж байсан. Тэгээд би итгээд Ч-тай байрыг нь очиж үзье гээд 6 сард “Шинэ Яармаг” хорооллын үзүүлэнгийн байрыг очиж үзсэн. Тэгээд би тэр өдрөө Шинэ Яармаг хорооллын гадна байхдаа Чад 300,000 төгрөгийг бэлнээр өгөөд явуулсан. Үүний дараа 9 сарын сүүлээр Ч эхний сарын түрээсийн мөнгө гэж нэхээд 500,000 төгрөгийг Ч-ын данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 10 дугаар сард надтай багшийн дээд орчим уулзаад гэрээ хийх гэж байгаа хүнд өгнө гээд бэлнээр 100,000 төгрөг авсан, мөн хүүхдийн бие муу байна гэхээр нь 200,000 төгрөгийг өгсөн. Тэгээд нэг хэсэг Ч холбоогүй болсон, цагдаагийн байгууллагаас өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн. Би Ч-д залилуулсан 1,100,000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөнгөө авчихвал өөр гомдол санал байхгүй...” /1-р хх-ийн 151/ гэсэн,

Хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ч-тай хамт “ХХХ” хотхоны барилгыг хамт очиж үзсэн. Тэгээд тухайн барилгаас гараад 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 150,000 төгрөг, 500,000 төгрөгийг гэртээ байхдаа дансаар шилжүүлсэн. Нийт 950,000 төгрөгийг шилжүүлсэн...” /1-р хх-ийн 166-167/ гэсэн,

Хохирогч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, охин Х-ны хамт Ч-тай уулзаад Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, ХХХ хорооллын эсрэг талд баригдаж байгаа барилгын үзүүлэнгийн байрыг үзсэн. Тухайн үед Ч надад та сар бүр түрээсээ төлнө, түрээс нь 600,000 төгрөг. Гэхдээ боломжтой бол илүү төлөлт хийгээд байраа хурдан авч болно. Хэдэн жилээр авахаа гэрээн дээр тусгана гэж ярьж байсан. Ингээд би тухайн өдрөө Ч-ын данс руу охин Х-ийн мобайл банкыг ашиглаад 600,000 төгрөгийг сарын түрээс гэж шилжүүлсэн. Үүний дараа бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд зарцуулах, урдуур эрт оруулж өгөхөд мөнгө хэрэгтэй гээд над руу утсаар залгахаар нь би өөрийн данснаас Чын данс руу 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш Ч холбогдохгүй байж байгаад гэрээ хийнэ гэж нэг дуудсан, тухайн өдөр уулзахаар дуудсан газар нь очиход завгүй болчихлоо гээд өөрөө ирээгүй. Удалгүй намайг Эмээлт зах дээр ажлаа хийгээд байж байхад хэдэн залуус ирээд Ч-ыг сураглаад адууны мах заруулсан чинь залилуулчихлаа гэж ярьсан, би Чыг намайг ч бас залилчихсан байна гэж бодож эхэлсэн...” /1-р хх-ийн 185/ гэсэн,

 

Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А найзуудтайгаа нэг газар ууж сууж байхад нь Ч Эмээлт зах дээр хятад эзэнтэй мах аваад Хятад улсад мах гаргадаг газар ажилладаг гэж хэлээд адууны мах өндөр үнээр авч байгаа, 1 адууг 1,750,000 төгрөгөөр авна. Чи 1 адуунаас 1,000,000 төгрөг унагана гэж хэлсэн. Тэгээд манай найз Атарсайхан 2018 оны 8 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна, надад миний багын найз Ч гэдэг залуу байдаг юм, адууны мах өндөр үнэтэй байгаа гэж байна нэг адууг 1,750,000 төгрөгөөр авч байна гэсэн, аваад ирвэл бараг 1,000,000 төгрөг унадаг гэж ярьсан гээд хэлэхээр нь би үнэхээр тийм байдаг юм бол хоёулаа цуг адуунд Сүхбаатар аймаг руу явъя, харин ашгаа 50%, 50%-иар авъя гэж ярилцаж тохироод Сүхбаатар аймаг руу 2018 оны 8 дугаар сарын яг өдрийг нь санахгүй байна А эгчээсээ зардлын мөнгө гэж 2,500,000 төгрөг зээлээд явсан. ...А-ны найз гэх Ч-тай Баянзүрх дүүргийн товчооны тэнд анх уулзаж адуугаа үзүүлэхэд сайхан янзын адуу байна наадах чинь хангалттай нэг адуу 1,750,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд цуг Эмээлт захруу явж очсон. Тэгээд “Ямаат Уул” ХХК-ийн хашаанд оруулж адуугаа буулгасан. Тэр үед Ч машинд сууж байхдаа 9911-тэй дугаар луу залгаад хангалттай сайхан бүдүүн адуунууд байна гэж яриад байхаар нь бас итгэсэн. Манай ах Ганзориг залгаад та хоёр ирсэн бол дахиж адуу өгье гэж утсаар ярихаар нь дахиад Ч руу залгаад дахиад адуу авахаар болсон мөнгөө шилжүүлээчээ гэж ярьсан чинь 800,000 төгрөг миний 5720534493 гэсэн Хаан банкны дансанд Чаас махны мөнгө гэж орж ирсэн. Тэгээд ахаасаа 13 тооны адуу аваад Улаанбаатар хотод шөнө орж ирээд Баянзүрхийн товчоон дээрээ Ч-тай уулзаж тэр оройноо Эмээлт захруу явлаа гэж Ч хэлээд адууг аваад явсан. Харин маргааш өглөө нь А бид хоёр Эмээлт зах дээр байдаг “Ямаат Уул” ХХК-д очиж өөрсдөө адуугаа буулгаж өгсөн. Тэгээд Ч эхний адууны мөнгийг чинь өгнө гэж яриад 21 дүгээр хороолол руу дагаад яв мөнгийг чинь боссуудаасаа авч өгнө гэж хэлэхээр нь дагаад “Чингэс сосэ” сургуулийн яг баруун талд очоод Ч буугаад удаагүй гарч ирээд 6,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш Чтай уулзаагүй утсаар ярьчхаад байж байтал өгнө, мөнгө орж ирээгүй байна гэх мэтээр зөндөө худлаа яриад байсан. Тэгээд А-ны бас нэг найз А бас 5 тооны адуу Ч-д өгсөн мөнгөө авч чадахгүй байна гээд бид гурав Ч-тай утсаар ярьсан чинь “Ямаат Уул” ХХК-д ажилладаг Р гэдэг хүнтэй архи уугаад 3, 4-р хороололд пабад архи уугаад сууж байсан тэгээд Амартүвшин, А бид гурав очоод тэр хүнээс нь М, З гэдэг хүн байдаг уу? нэг адуу 1,750,000 төгрөг хүрэх үү гэж асуухад нөгөө Р гэдэг хүн тийм хүмүүс байхгүй танихгүй, адуу 1,000,000 төгрөг ч хүрэхгүй гэж хэлсэн, тэгээд залилуулсан гэж мэдээд Эмээлт зах дээр нөгөө газраа очтол түрээсэлдэг хариуцаж ажиллуулдаг гэх С гэдэг нэг эгч гарч ирээд уулзсан. Тэгээд бүүр залилуулсан гэж ойлгоод цагдаад хандсан. Анх Ч-тай ярилцаад тохиролцсон үнэ нь 29,605,000 төгрөг. Одоо бол Ч-аас гарсан зардал ахаас зээл авсан адууны мөнгө болох 10,900,000 төгрөгөө авмаар байна...” /1-р хх-ийн 222-225/ гэсэн,

 

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай багын найз А бид хоёр Нарантуул зах дээр Ч-тай тааралдаад цайз захын хажууд байдаг буудалд орж ганц шил архи ууж байтал Ч надад эмээлт зах дээр Хятадуудын доор ажиллаж байгаа, адууг үнэтэй 1,700,000 төгрөгөөр авч байгаа, адуу авчирч өгвөл 1,000,000 төгрөг унагана гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ө-тай уулзаад Ч-ын хэлснийг хэлээд дараа нь Ч-тай уулзаад асуусан чинь асуудалгүй гэхээр нь Ө бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт байдаг Ө-ын ах Г дээр очиж 10 тооны бүдүүн адууг, нэг адууг 700,000 төгрөгөөр аваад Ч-д үзүүлээд хүлээлгэж өгөөд цуг Эмээлт захруу явж “Ямаат Уул” нэртэй мах нядалгааны газар очсон. Маргааш нь буцаад Сүхбаатар аймагруу явахаар болсон, Ч Өлзийбаярын данс руу зардлын мөнгө гэж 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахиад Г ахынд очиж тэндээ 10 хоноод, 13 тооны бүдүүн адууг, нэг адууг 700,000 төгрөгөөр бодож аваад 2018 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ирээд Ч-д адуугаа анх ярилцсан үнээрээ өгөх гэтэл 1,450,000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь болно гээд өгсөн. Анх Ч нэг адууг 1,750,000 төгрөгөөр тохирч 10 адуу, дараа нь 13 тооны адууг 1,450,000 төгрөгөөр тохирсон. Тэгээд хоёр талын зардлаа нэмээд бодож 29,605,000 төгрөг гаргасан. Одоо бол 10,900,000 төгрөг болох бодит хохирлоо гаргуулж авмаар байна...” /1-р хх-ийн 228-231/ гэсэн,

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хорооллын 20 барилгаас одоо 4 барилга ашиглалтанд ороод захиалга аваад эхэлсэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын сүүлээс манай борлуулалтын 0000000, 00000000 дугаарын утаснуудад Ч гэх хүнээс байр авсан юм, юу болж байгаа бол энэ талаар асуух зүйл байна гэж хүмүүс залгах болсноор манай байгууллага цагдаагийн байгууллагад хандсан. ...Ч гэх хүнийг танихгүй манайд Ч гэх хүн ажиллаж байгаагүй...” /1-р хх-ийн 14/ гэсэн,  

Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оноос хойш түрээсийн такси барих болсон. Тэгээд мөнгөний хэрэгцээ гараад иргэдийг хуурч мэхэлж бодит байдлыг урвуулж иргэдээс ХХХХ хороололд бартерын байранд оруулж өгнө гээд урьдчилгаа мөнгө авч эхэлсэн. Хамгийн анх Н гэх таньдаг хүнээс “ХХХ” хорооллын бартерын байранд оруулж өгнө эхний ээлжинд урьдчилгаа гээд 2018 оны 5 дугаар сард 350,000 дараа нь 8 сард байр чинь болчихлоо түрээсийн мөнгө гээд 500,000 төгрөг, Н-ийн найз М-ээс мөн адил байранд оруулж өгнө гээд эхний ээлжинд 450,000 төгрөг дараа нь 8 сард 500,000 төгрөг, Б гэх залууг мөн адил ХХХ хорооллын байранд оруулж өгнө урьдчилгаа гээд 300,000 төгрөг дараа нь 500,000 төгрөг, Б-ийн найз хувийн бизнес эрхэлдэг Г гэх залуугаас 5 сард байрны урьдчилгаа гээд 200,000 төгрөг дараа нь 8 сард байр чинь бүтчихлээ гээд 500,000 төгрөг, Б-ийн таньдаг хүн болох Б гэх залуугаас 8 сард байранд оруулж өгнө гээд мөн 800,000 төгрөг, Д гэх хүнээс 5 сард 200,000 төгрөг, 8 сард 500,000 төгрөг, “ХХХ" ХХК-д жолооч Г гэх залуугийн дүү мөн жолооч хийдэг Ц-ыг мөн адил байранд оруулж өгнө гээд 9 сард урьдчилгаа гээд 800,000 төгрөг,  С гэх хүнээс 1,600,000 төгрөг, С эгчтэй хамт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Р хүнээс мөн 1,600,000 төгрөг, А гэх хүнээс 2018 оны 9 сард 1,000,000 төгрөг, С гэх гэх эгчийн том эгч нь болох мөн адил С гэх нэртэй эгчээс мөн адил байранд оруулна гээд 1,600,000 төгрөг, А-аас 2018 5 дугаар сард 200,000 төгрөг, Л гэх эгчийг А гэх хүнээр дамжуулж танилцаад мөн адил байранд оруулна гээд 2018 оны 5 дугаар сард байрны урьдчилгаа гээд 200,000 төгрөг өөрийнхөө дансруу хийлгээд дараа нь байр чинь бүтчихлээ гээд 2018 оны 08 дугаар сард 500,000 төгрөг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан юм эдгээр хүмүүсээс мөнгө авсан. ...Би “ХХХ” хороололд хүүгүй, урьдчилгаагүй байранд оруулж өгнө гэж Н, М, Б, Г, Ц, С зэрэг 10 гаран иргэний 500,000-1,600,000 төгрөгийг залилан авсан...” /1-р хх-ийн 15-16, 41-42, 56-57/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 93-95/,

- Мөнгө авсан тухай баримт /1-р хх-ийн 110, 139, 154, 171-172/,

- Тод үнэлгээ ХХК-ийн үнэлгээ /1-р хх-ийн 242/,

-  ХХХ хаусинг прожект ХХК-ийн гаргасан гомдол /1-р хх-ийн 10/,

-  Өргөдөл /1-р хх-ийн 48, 66, 87, 105, 120, 149, 134, 164, 183, 200/,

- Шүүгдэгч Э.Ч-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 20/, гэрлэлтийн лавлагаа /1-р хх-ийн 22/,  гэрч Ц.Хулангийн мэдүүлэг /2-р хх-ийн 35/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Ч нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ХХХ” цогцолбор хотхонд урьдчилгаагүй, хүүгүй зээлээр байр зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2018 оны 9 дүгээр сард Р.А, Д.Т нараас 1,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард иргэн Д.Ц-аас 2,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард А.Б-ээс 1,100,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд О.Н-ээс 850,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Д.Д-аас 3,300,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Н.С-аас 1,600,000  төгрөг, 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 сарын хооронд З.Б-аас 1,200,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд Б.Г-ээс 1,100,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар.сарын 12-ныг хүртэлх хугацаанд Х.Г-ээс 950,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард Х.С-аас 1,600,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.А, Б.Ө нараас нас бие гүйцсэн их насны 10 тооны адуу,  2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нас бие гүйцсэн их насны 13 тооны адууг, нийт 23 тооны адууг хятадуудад өндөр үнээр зарж борлуулж өгнө 20,240,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 34,940,000 төгрөгийн хохирол учруулж залилан өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Т /1-р хх-ийн 13/, Б.Ц /1-р хх-ийн 51/, А.Б /1-р хх-ийн 68-70/, З.Б /1-р хх-ийн 136/, Б.Г /1-р хх-ийн 151/, О.Н /1-р хх-ийн 89/, Х.С /1-р хх-ийн 185/, Н.С /1-р хх-ийн 122-123/, Х.Г /1-р хх-ийн 166-167/, Д.Д /1-р хх-ийн 107/, Б.Ө /1-р хх-ийн 222-225/, Г.А /1-р хх-ийн 228-231/ нарын болон шүүгдэгч Э.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57/, Хаан банкны дансны хуулга /хх-ий 93-95/, мөнгө авсан тухай баримт /хх-ийн 110, 139, 154, 171-172/, “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /1-р хх-ийн 242/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Э.Ч-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ч-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.Б-д 1,200,000 төгрөг, хохирогч Х.Г-д 950,000 төгрөг, хохирогч О.Н-т 850,000 төгрөг, хохирогч Б.Ө, Г.А нарт 10,900,000 төгрөг, хохирогч Д.Т-д 1,000,000 төгрөг, хохирогч Б.Ц-т 2,000,000 төгрөг, хохирогч А.Б-д 1,100,000 төгрөг, хохирогч Б.Г-д 1,100,000 төгрөг, хохирогч Х.С-д 1,600,000 төгрөг, хохирогч Н.С-д 1,600,000 төгрөг, хохирогч Д.Д-д 3,300,000 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Ч-аас 25,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Ө, Г.А нарт гэмт хэргийн улмаас 20,240,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тод үнэлгээ” ХХК-ийн тайлангаар /1-р хх-ийн 242/ тогтоогдох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А “...мөрдөн шалгах ажиллагааны явцад унааны зардал болон бусад зардалд шүүгдэгчээс хэд хэдэн удаа мөнгө авсан, одоо шүүгдэгчээс 10,900,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн тул  хохирогчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 10,900,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч Г.А, Б.Ө нарт олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч өөрийн үйлдлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч Э.Ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг огт төлж барагдуулаагүй, хохирогч нар гомдолтой гэснийг харгалзан шүүгдэгч Э.Ч-д хуульд заасны дагуу хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь шүүхийн шатанд буюу 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл буюу 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1810024410364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч А овогт Э-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч /РД: ХХ00000, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, ХХХ хотхон 000 тоотод оршин суух/-аас 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж,

хохирогч З.Б /РД:ХХ000000, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 000 тоотод оршин суух/-д 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

хохирогч Х.Г /РД: ХХ000000, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо 000 тоотод оршин суух/-д 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг,

хохирогч О.Н /РД: ХХ000000, Сүхбаатар дүүрэг, 000 дүгээр хороо 000 тоотод оршин суух/-т 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөг,

хохирогч Б.Ө /РД: ХХ000000, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух/, хохирогч Г.А /РД: ХХ000000, Баянзүрх дүүрэг 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух/ нарт 10,900,000 /арван сая есөн зуун мянга/ төгрөг,

хохирогч Д.Т /РД: ХХ000000, Сүхбаатар дүүрэг 00 дүгээр хоро, 00 дугаар хороолол 000 тоотод оршин суух/-д 1,000,000 /нэг сая/ төгрөг,

хохирогч Б.Ц /РД:ХХ0000000, Төв аймаг 0 дугаар баг, 00 тоотод оршин суух/-т 2,000,000 /хоёр сая/ төгрөг,

хохирогч А.Б /РД: ХХ000000, Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо 000 тоотод оршин суух/-д 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг,

хохирогч Б.Г /РД: ХХ000000, Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо 000 тоотод оршин суух/-д 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг,

хохирогч Х.С /РД: ХХ00000, Сүхбаатар дүүрэг 0 дүгээр хороо 000 тоотод оршин суух/-д 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг,

хохирогч Н.С /РД: ХХ0000000, Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо 000 тоотод оршин суух/-д 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг,

хохирогч Д.Д /РД: ХХ0000000, Баянгол дүүрэг 00 дугаар хороо, 000 дугаар байр 000 тоотод оршин суух/-д 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн 1810024410364 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Ч-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР