Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00844

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит 29-495б тоотод оршин суух, эмэгтэй, ЧД76090903 регистрийн дугаартай, Ганжуур овогт Сүрэнжавын Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит 29-495б тоотод оршин суух, эрэгтэй, ИЮ74080470 регистрийн дугаартай, Боржигон овогт Даваанямын Базаррагчаад холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунбилэг, хариуцагч Д.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1996 онд Д.Базаррагчаатай танилцаж, 1998 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 17А №402 дугаар баталгаагаар гэр бүл болсон. Хамтдаа амьдарсан 21-н жилийн хугацаанд 1997 оны 10 дугаар сарын 16-нд хүү, Б.Будсүрэн/ 20 настай/, 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Буяндэлгэр /13 настай/, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Анунгоо /1 нас 8 сартай/ нарын 3 хүүхэд төрүүлсэн. Бид гэр бүл болсноос хойш 20 жил хамт амьдарч байна. Д.Базаррагчаа намайг байнга дарамталж зоддог, намайг бага хүүхдээ төрүүлэх гэж жирэмсэн байх үед мах их зодсон. Саяхан 7 дугаар сарын 13-ны өдөр зодсон, би Цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсч, хүүхдийн сургалтын төлбөр мөнгийг төлнө гэж хэргийг хаалгасан. Өмнө зодуулж байсан ч айгаад Цагдаагийн байгууллагад хандадгүй ба 2 удаа эрүүлжүүлэхэд өгсөн, цагдаа түр саатуулах байранд хорино гэхэд намайг дахиж зодохгүй гэж уучлалт гуйхад нь би цагдаад хэлээд хоригдох гэж байсныг нь болиулсан. Гэтэл хэлсэн амандаа хүрээгүй. Дахин хамт амьдрах боломжгүй байнгын зоддог, тахир дутуу болохоосоо өмнө гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Д.Базаррагчаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 29 дүгээр гудамж, 495б тоот хашаа байшинг хүүхдүүддээ болон надад өгөхийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас бусад эд хөрөнгийг би нэхэмжлэхгүй. Бидний хооронд өөр эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй гэв.

 

 

Хариуцагч Д.Базаррагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр тухайн үед хоёулаа согтуу байх үед нь би зодсон, зодсон гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Зүгээр байхад нь би хүнийг зодоогүй, өөрөө архи ууж агсам тавьж гэр орны бүх зүйлийг эвдэлсэн. Манай гэрт бүтэн зүйл нэг ч байхгүй, С.Оюунбилэг нь байнгын архи уудаг. Эрүүл үед нь би зодож үзээгүй, хоорондоо таарамжтай, бид 21 жилийн хугацаанд хамтдаа амьдарсан. 7 дугаар сарын 13-ны өглөө өөрөө явж архи ууж гэртээ ирсэн ба хамт байхдаа би уусан, чи уусан гэж маргаж зодсон. Надад 2 удаа арга хэмжээ авч эрүүлжүүлсэн. 7 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч С.Оюунбилэг хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэж хөдөө явна гээд хэргийг хаалгасан. Миний хувьд гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна, 2 хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Хэрэв миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй сална гэж байгаа 2 хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлж, хашаа байшингаа эхнэр хүүхдүүддээ өгнө тэр талаар надад маргах зүйл байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

С.Оюунбилэг, Д.Базаррагчаа нар нь 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Будсүрэн, 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Буяндэлгэр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Анунгоо нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 402 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-1008, Г-5103, 1116007576 гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан нөхцөл үүссэн тул гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид шүүх хуралдааны явцад хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон тул зохигчийн тохиролцсоны дагуу хэргийг шийдвэрлэв.

Иймд 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Буяндэлгэр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анунгоо нарыг эх С.Оюунбилэгийн асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит 29-495б тоот хашаа байшинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь тус шаардлагыг маргаангүй зөвшөөрсөн тул хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 75-47 улсын дугаартай Аксент верна маркийн авто машин, 94-81 улсын дугаартай Портер маркийн авто машин, 30 хонь, 30 адууг нэхэмжилсэн шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан тул хангаж шийдвэрлээгүй болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Боржигон овогт Даваанямын Базаррагчаа, Ганжуур овогт Сүрэнжавын Оюунбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай.    

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн охин Б.Буяндэлгэр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анунгоо нарыг эх С.Оюунбилэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн охин Б.Буяндэлгэр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анунгоо нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, тэднийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Базаррагчаагаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит 29-495б тоот хашаа байшинг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгосугай.

 

5. Нэхэмжлэгч нь 75-47 улсын дугаартай Аксент верна маркийн авто машин, 94-81 улсын дугаартай Портер маркийн авто машин, 30 хонь, 30 адууг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ