Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 550

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга С.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810029310371 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХХ ХХК-нд зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо ХХХ хотхоны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-ын Б /РД: ХК76012610/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “ХХХ” хотхонд байрлах “ХХХ” билъярдын газар хүүхдээр архи зөөлгөлөө гэсэн асуудлаас болж маргаан үүсгэн Д.Ч-ийн хоолойг цамцаар боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Б: “...Ш нь 2018 оны 12 дугаар сард шинэ жилийн хүлээн авалт хийхээр надаас миний объектыг түрээслэсэн. Би тухайн үед объектоо шалгахаар очсон, би тухайн үед согтуу байгаагүй. Тухайн үед хүн оруулах ёсгүй дээд давхрын өрөөний түлхүүрийг Ш манай эхнэр А-аас гуйж аваад хохирогч нарын 4 хүнийг оруулсан байсан. Тэр өрөөнд хүмүүс оруулах ёсгүй байсан, би тэр өрөөнд хүмүүс оруулсан талаар мэдээгүй. Манайх тэр үед үйлчилгээ явуулах эрх аваагүй байсан, зөвхөн доод давхарт рестораны үйлчилгээ үзүүлэхээр Ш надаас нэг сарын хугацаагаар түрээслэсэн байсан. Тэгтэл тэнд байсан хүүхэд машинаас архи өвөртлөөд дээшээ гарсан. Тэнд байсан үйлчлэгч хүүхэн нь Шийрэвдамбын ангийн хүүхэд, би “...юун хүүхэд явж байгаа юм бэ” гэхэд тэд нар ажил хийж байсан болохоор анзаараагүй. Тэгэхээр нь би хүүхдийн араас очиход тус өрөөнд 4 залуу архи задалж байсан. Тэд нар өөрсдөө согтуу байсан. Тухайн үед намайг гар хөл саажилттай, доголсон явж байсан болохоор согтуу байсан гэж ярьж байх шиг байна. Би өрөөнд ороод “та нар хүүхдээр архи зөөлгөж уугаад байхдаа яадаг юм бэ, ичдэггүй юм уу” гэж хэлэхэд цаана сууж байсан нүдний шилтэй залуу Ч нь үнэмлэхээ үзүүлээд “...би Монгол Улсын шүүгч байна, чамд хамаагүй, зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...энд үйлчилгээ явуулж болохгүй” гэхэд урдаас намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би түүн рүү очих гэтэл биллъярд тоглож байсан махлаг шар, өндөр бор залуучууд намайг очуулаагүй. Ч нь биллъярдны ширээний цаана бас нэг махлаг шар залуутай хамт сууж байсан. Бильярдны ширээн дээр байсан махлаг шар залуу намайг түлхсэн ба өндөр бор залуу нь намайг бооход би ухаан алдсан. Тэгээд сэргэхэд би коридорт, Ш миний хажууд, үйлчлэгч хүүхэн ирээгүй байсан. Үйлчлэгч хүүхэн орж ирсэн гэдэг нь худлаа. Намайг тэндээс яаж гаргасныг би мэдэхгүй. Би тухайн үед Ч гэх хүнд ойртоогүй, тэнд байсан хүмүүс намайг түүн рүү ойртуулаагүй. Би тэдэнд “...эзэн нь би байна, та нарт үйлчлэхгүй” гэж хэлээд маргасан асуудал болсон. Тэд нар намайг гэрийнхээ хувцастай доголоод явж байсан болохоор согтуу ажилтан нь байна гэж бодсон байх. Би цус харваад 2018 оны 5 дугаар сард Улсын Гуравдугаар эмнэлэгт толгойн хагалгаанд орсон, 2018 оны 10 дугаар сард тал цус харвалттай Интермед эмнэлэгт хэвтсэн. Тэр үед миний баруун талд саажилт үүссэн, тулай өвчтэй байсан. Миний саажилт 12 дугаар сард бүрэн эдгэрээгүй байсан. Би 2019 оны 5 дугаар сард бүрэн эдгэрсэн. Би Ч гэх хүнд ойртоогүй, намайг ойртуулаагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед хүү Э-ий хамт хоёр давхарт гараад баруун талын эхний өрөөг онгойлгоод ороход Н, Г нар тоглож байхаар нь би цуг тоглосон. Ингээд тоглож байх хугацаанд манай хүү надаас гарч ундаа уумаар байна гэхээр нь би “миний машинаас очоод авчих” гээд машины түлхүүрээ өгөөд гаргасан, удалгүй хүү ундаагаа бариад ороод ирсний дараа үл таних залуу согтуу орж ирээд хүү рүү “билъярднаас яагаад зөвшөөрөлгүй гараад байгаа юм бэ” гэж загнахаар нь би “ямар учиртай юм бэ, чөлөөтэй гарч орж болдоггүй юм уу” гэж хэлэхэд намайг заамдаж авахаар би хөөе гараа ав гэж хэлээд гарыг нь салгах гэж байхад миний шанаа руу цохиод авсан. Тэгээд Н, Г хоёр салгахаар оролдоод салгаж байхад зөөгч охин орж ирээд уучлаарай манай дарга байгаа юм гэж хэлээд аваад гарсан. 15-20 минутын дараа нэг залуу дагуулчихсан орж ирээд яадаг муу банди нар вэ, та нар юу юм бэ гэхэд цуг явж байсан залуу биднээс уучлалт гуйгаад дагуулаад гараад явсан, 3-4 минутын дараа шатаар та нар намайг яахаараа хөөж гаргадаг юм бэ гэж орилоод байхаар нь Н хаалгыг дотроос нь түгжихэд ирээд хаалга татаж үзээд хаалга онгойлго гэж хэлээд хаалга руу өшиглөөд байсан. Тэгэхдээ наад пизда нар чинь хаалга яахаараа түгждэг юм бэ, хаалгаа тайл пизда нар минь гэж хэлээд өшиглөөд байхаар нь Г цагдаа дуудаад удаагүй байхад цагдаа нар ирээд согтуу залууг холдуулаад хаалга онгойлго гэж хэлэхэд Г онгойлгоход хоёр цагдаагийн албан хаагч, согтуу залуу, өндөр залуу, эмэгтэй нар байхаар нь бид нар өрөөнөөс түрүүлж гараад шатаар бууж байхад чи муу цагдаа дууддаг хэн бэ гэж хэлээд миний хоолойноос заамдаж авахаар нь би дуудлага өгсөн хоёр цагдаад хэлэхэд ирж салгаад гадагш аваад явсан. Би Галцогийн машинтай хэлтэс орж цагдаад өргөдөл өгч, гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан. Тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан. Одоо бол Ц.Б гэх хүн миний хоолойг 2 удаа боож нэг удаа цохисон, боосноос болж миний биед гэмтэл учирсан. Намайг бооход манай хоёр найз салгасан. Тэгэхэд ямар нэгэн зодоон цохион болоогүй. Би хүүгээрээ хэзээ ч архи зөөлгөж ууж үзээгүй. Тэнд би очоод 50 гр архи хэрэглэсэн. Манай хүү гарч ундаа авчирч уусан. Би гомдолтой байна..." /хх-ийн 16-18, 19-20/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Аавтай хамт хоёр давхрын өрөөнд ороход аавын хоёр найз тоглож байсан, аав найзуудтайгаа тоглож байхад нь би ааваас гарч машинаас КПС авъя гэхэд аав гараад ав гэхээр нь машинаас төмс, тахианы мах хоёрыг аваад аавын байсан өрөөнд ороод идэж байхад ам цангаад гарч машинаас ундаа аваад эргээд орж ирэхэд 1 давхарт текний хажууд нэг танихгүй ах “хүүе” гэхээр нь би айгаад гүйгээд аавын байсан өрөөнд ороход араас дагаад орж ирээд энэ юун хүүхэд вэ гэж хэлэхэд аав миний хүүхэд байгаа юм, яасан юм бол гэхэд нөгөө ах зэрэглэл өндөр газарт хүүхэд дур зоргоороо явууллаа гэхэд аав машинаас юм авахуулсан гэхэд нөгөө ах аавтай хэрэлдээд аавын хоолойг боосон, би тэгэхээр нь айгаад уйлсан. Ингээд хүмүүс гарахад хаалгыг түгжсэн чинь хаалга цохиод орилоод байсан. Тэгээд цагдаа ирээд аавтай цуг бүгдээрээ шатаар доош бууж байхад аавыг нөгөө ах заамдаж авахад цагдаа салгасан. Намайг дуудсан ах өрөөнд орж ирээд аавын хоолойг боосон. Тэр ах шатаар дээшээ гарахдаа хүнээр түшүүлж явж байсан. Аав, аавын найзууд нь тэр ахыг цохиогүй. Тэр гарч явсан ах зодолдох гээд байхаар нь хаалга түгжсэн. Тэгсэн чинь орилоод байсан..." /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний орой ...21 цаг 30 минутын үед Ч хүүгийн хамтаар орж ирсэн. Ингээд бид нар тоглонгоо юм ярьж байхад хүү нь аавыгаа дуудаж байгаад гараад явсан. Удалгүй өрөөнд орж ирэхдээ КПС-ийн ууттай зүйл авчраад идэж байгаад дахиад гараад явсан. Ингээд хүү гүйгээд ороод ирсэн чинь араас нь согтуу залуу орж ирээд юм яриад байх шиг байснаа чанга дуугаар та нар хэн бэ гөлөгнүүд гэх мэт үгийг олон удаа хэлж байснаа Ч-ийг хальт цохиж цамцны захаас нь боож байхад Г согтуу залуугийн араас нь салгаж холдуулахад гаднаас нэг залуу орж ирснээ аваад гараад явсан. Ингээд удалгүй нөгөө согтуу залуугийн дуу гараад шатаар дээш гарах чимээ сонсогдохоор нь би хаалгыг түгжиж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байхад хаалга хүчтэй цохиод байсан. Тэгээд цагдаа нар ирж бид нар гарч явж байхад шатан дээр бид нар луу дайраад байхаар нь цагдаа нар салгаад хэлтэс дээр авчирсан. Тэр согтуу залуу орж ирснээ хэн бэ, та нар хүүхдээр архи зөөлгөж уудаг хэн бэ гэж хэлээд байсан. Тэгэхээс бид нар согтуу залуутай маргалдсан зүйл байхгүй. Бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн, тухайн билъярдын доод давхраас захиалж уусан. Б-ийн хоолойг боосон хүн байхгүй, зодож, цохисон асуудал гараагүй. Чинзориг нь шүүхийн үнэмлэх болон шүүгч гэж хэлээгүй. Ч-ийн хүүхдээр архи авчруулсан зүйл байхгүй. Ч-ийг тэр согтуу залуу хоёр гараараа боож, Ч-ийн хүзүү улаасан байсан...” /хх-ийн 23-25/ гэсэн,

 

Гэрч Ө.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 22 цаг 30 минутын үед Ч-ийн хүүхэд нь ааваасаа КПС авна гээд гуйгаад Ч миний хүү өөрөө авчих гээд түлхүүрээ өгөөд гаргасан, удалгүй хүү гүйгээд орж ирсэн араас нь нэг согтуу нөхөр орж ирээд хүүхдээр архи зөөлгөж болохгүй шүү гээд уурлаад байсан. Түүний ойлгосноор машинаас архи зөөлгөж байна гэж бодсон бололтой. Бид нарыг гөлөгнүүдээ хүүхдээр архи зөөлгөж уухгүй шүү гэж хэлсэн. Ч бид нар архи зөөлгөөгүй гээд маргалдсан. Гэтэл тэр залуу Ч руу дайраад ална, та нар юу юм бэ гэсэн, Ч түүний цээж рүү нь түлхээд зүгээр бай гэсэн чинь тэр ширээн дээр байсан палк аваад Ч-ийг цохих гэхээр нь би гараас нь палкыг нь булааж авсан. Тэгсэн чинь шууд Чинзоригийг гараараа нүүрэнд цохиод авсан. Ч түүний хувцаснаас нь бариад авсан чинь тэр залуу Ч-ийг боогоод эхэлсэн би араас нь очоод салгах гээд татсан чинь тэр хоёр цуг газар унасан, би тэр залуугийн араас татаж байж салгасан. Гэтэл гаднаас өндөр сахалтай залуу орж ирээд уучлаарай, манай найз согтуу байна гэж хэлээд аваад гарсан. Тэр өндөр залуу нь буцаж ирээд надтай уулзмаар байна гээд ирсэн, би гарч уулзахад чи манай найзаас уучлалт гуй, манай эзэн байгаа юм гэж хэлсэн. Би хариуд нь би мэдэх биш гэж хэлээд доошоо буугаад эвлэрье гэж бодоод очиход тэр залуу ширээн дээр гараад зогссон би та нарыг гаргахгүй, хүмүүс дуудсан, та нарыг ална гэж хэлсэн, би буцаад дээшээ гарч байсан чинь тэр согтуу залуу араас ирж байгаа харагдсан. Би асуудал болно гэж бодоод хаалга цоожлоод цагдаа дуудсан. Ирж хаалга өшиглөж та нарыг ална, эндээс гаргахгүй гэсэн. Ч нь шүүхийн үнэмлэх үзүүлээгүй, шүүгч гэж хэлээгүй. Чинзоригийн хүүхдээр архи авчруулсан зүйл байхгүй. Ч-ийг тэр согтуу залуу хоёр гараараа боож байсан. Ч-ийн хүзүү улаан хүрэн болчихсон байсан...” /хх-ийн 32, 37-39/ гэсэн,

 

Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед Ч хүүгийн хамтаар орж ирсэн. Ингээд бид нар тоглонгоо юм ярьж байхад хүү нь аавыгаа дуудаж байгаад гараад явсан. Удалгүй өрөөнд орж ирэхдээ КПС-ийн ууттай зүйл оруулж ирж идэж байснаа дахиад гараад явсан. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөөнд ороод буцаж тоглож байсан өрөөндөө орж ирэхэд Нямрагчаа Чинзоригийн хүзүү рүү зааж байгаад хүнд зодуулчихлаа гэхээр нь хартал хүзүү нь улаан хүрэн болчихсон байсан. Тэгтэл доороос дуу чимээ гарахаар нь Н хаалга түгжиж цагдаа дуудаж ирэх хооронд нөгөө хүмүүс хаалга өшиглөж гараад ир, ална гэж чангаар орилж байсан. Удалгүй цагдаа нар ирээд доош бууж байхад Ч руу дайрч байсан. Ингээд би яваад өгсөн. Чинзориг нь шүүхийн үнэмлэх үзүүлээгүй, шүүгч гэж хэлж байгаагүй. Ч-ийн хүүхдээр согтууруулах ундаа авчруулсан зүйл байхгүй. Харин билъярднаас захиалж авч байсан. Ч-ийн хоолойг боосон асуудлыг мэдэхгүй байна, намайг харахад хүзүү нь улаан хүрэн болчихсон байсан...” /хх-ийн 40-42/ гэсэн,

 

Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний орой 21-22 цагийн хооронд манай найз Б гаднаас ирэхдээ халамцуу байсан, нэг давхарт байхад нь гаднаас нэг хүүхэд дээшээ гарсан, Б юун хүүхэд вэ чи, даарлаа нүцгэн гарч болохгүй гээд араас нь гарсан. Би хэсэг хугацааны дараа Б-ийн араас очсон чинь вип өрөөнд Б-ийг бараан хөх цамцтай залуу ард нь зогсож байсан. Б мууралтын байдалтай байсан, би тухайн үед та нар яаж байгаа юм бэ, манай найз бага зэргийн согтолттой байна, асуудлыг эв зүйгээр шийдэж болоогүй юм уу, гэсэн чинь өөрийгөө шүүгч гэх залуу халамцуу өврөөсөө улаан үнэмлэх гаргаж ирээд үзүүлээд шүүхийн хүчийг үзүүлнэ, шүүхийн бүрэн эрхэд халдлаа гээд дайрсан. Би тэгэхээр нь чиний шүүгч байх нь хамаагүй, эр хүмүүс байж учраа олж болдоггүй юм уу гэж хэлээд Б-ийг аваад гараад буцаж тэр өрөө рүү нь ороод найзынхаа өмнөөс уйчлалт гуйсан, мөн та хэд ч бас уучлал гуйж учраа олсон нь дээр гэж хэлсэн, тэгтэл тэр шүүгч гэх залуу шүүхийн хүчийг үзүүлнэ гэж хэлсэн. Тэд нарын нэг нь цагдаа руу хандаж манай найзыг боолоо, хүзүүг нь хар гэсэн, хүзүү нь зүгээр, хоолойтой цамцтай байсан...” /хх-ийн 35-36, 43-45/ гэсэн,

 

Гэрч В.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ...М снукер ресторан, паб-д зохион байгуулагчаар ажиллаж байхад үйл ажиллагаа жигдрээгүй, тусгай зөвшөөрөл нь гарчихсан байсан. Тэгээд хоёр залуу орж ирээд шатны хажуу талын тусгай өрөөнд тоглосон. Тэгээд нэг цаг орчмын дараа хүүхэд дагуулсан эрэгтэй хүн орж ирээд хамт тоглож байсан. Ингээд удалгүй гадуураа куртикгүй хүүхэд гарч ороод байсан болохоор нь би “чи хаачих гээд байна, нимгэн хувцастай гадуур гарахгүй шүү” гэж хэлсэн. Тухайн хүүхэд нь шатаар дээшээ, доошоо гүйгээд байсан. Ингээд Б текний хажууд зогсож байхад нэг хүүхэд гүйгээд ирэхээр нь чи юун хүүхэд вэ гэж хэлээд араас нь Б гүйгээд хоёр давхар руу гарсан. 5-10 минутын дараа дээд давхарт дуу чимээ гарахад би очоод юу болсон талаар асуухад хүүхэд айгаад байна гэхээр нь та нар буруу ойлголцсон юм байна, хүүхэдтэй тоглоод явсан, буруу ойлгосон байхаа уучлаарай гэж хэлээд гараад явсан. Билгээ, Ш бид гурав доор буугаад байж байхад Ш дээшээ гараад явсан. Удалгүй тэр өрөөнд тоглож байсан залуутай бууж ирэхэд нөгөө залуу нь ямар учраас уучлалт гуйх юм бэ. Б танай хүүхдийг чинь айлгах юм болоогүй гэж хэлж байсан. Тэгээд уучлалт гуйгаад дээшээ гараад явсан. Б араас нь уулзана гэж хэлээд гараад явахаар Ш бид хоёр цуг гарахад хаалгаа түгжчихсэн байхаар нь хаалгаа онгойлго уулзая гэж хэлж байхад хаалга онгойлгохгүй байхаар нь хүчтэй нүдэж байсан. Удалгүй цагдаа нар ирээд шатаар бууж байхад Ш шүүгч рүү хандаж чи буруу ойлгосон байна гэж хэлж байсан. Би бусдыг мэдэхгүй. Шүүгч бол согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б дотор сонин болоод байна гэж хэлээд 50 гр уусан. Тэрнээс өөрөөр архи хэрэглээгүй. Эдгээр хүмүүс нь хоорондоо зодолдсон цохисон зүйл байгаагүй. Би бодохдоо Б шүүгч хоёр заамдалцсан байж магадгүй, хоолой нь улаачихсан байсан. Манай байгууллага тухайн үед камераа суурилуулсан, цахилгаанд холбоогүй байсан. Цагдаа ирсний дараа Ш шүүгчид хандаж чи буруу ойлгож байна гэж хэлж байхад шүүгч өөдөөс нь шүүгчийн эрхэнд халдлаа, та нар мэдэхгүй байна гэхэд Ш чи хэн юм бэ гэх мэтээр хоорондоо маргалдаж байсан. Шүүгч гэх залуу нь хар гэртэй зүйл үзүүлж байсан...” /хх-ийн 49-51/ гэсэн,

 

Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гэрт байхад тогооч залуу утсаар яриад Б ахыг цагдаа аваад явчихлаа гэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Б байцаалт өгөхөөр орсон байсан. Би найзтай нь уулзахад гайгүй гэрт аваад явна гэхээр нь би хүүхдүүд рүүгээ яараад яваад өгсөн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна...” /хх-ийн 52-53/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед М снукер ресторан, пабд очсон. Ингээд үүдний текэн дээр зогсож байхад 10 орчим насны эрэгтэй хүүхэд архи өвөртөө хийчихсэн билъярдын өрөө рүү гүйгээд орохоор нь энэ юун хүүхэд вэ гэж хэлэхэд хэн юу ч дуугараагүй болохоор нь би араас нь дагаж хоёр давхарт гараад өрөөнд ороход нэг хүүхэд 4 залуу ширээн дээр архиа задлаад сууж байсан. Тэгэхээр нь би ороод та нар жоохон хүүхдээр архи зөөлгөж уугаад байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд нэг залуу би Монгол Улсын шүүгч байна гэж хэлээд үнэмлэх үзүүлж байсан. Тэгээд нэг нь араас бооход би ухаан алдахад намайг үүдэн дээр гаргаад тавьсан байхад Шийрэвдамба намайг сэргээж босгоод нэг давхар луу дагуулж буусан, тэгэхэд тэр хүмүүс хаалгаа дотроос нь түгжсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би тус хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Тус хүмүүс нь насанд хүрээгүй хүүхдээр согтууруулах ундаа зөөлгөсөн тул тэр талаар нь хэлэхэд маргаан болсон. Би Чинзориг гэх хүнийг боосон зүйл байхгүй. Би тухайн хүнээс 10 метрийн зайтай байсан, Монгол Улсын шүүгч байна гэж хэлээд үнэмлэх үзүүлээд байсан. Билъярдны өрөөнд зодоон цохион болоогүй. Харин намайг араас нэг хүн боосон. Миний харснаар хүүхдийн куртикны халаасанд архи хийчихсэн архины толгой цухуйчихсан байсан. Тэгээд би энэ юун хүүхэд вэ гэхэд дээшээ гараад гүйгээд явсан. Текэн дээр байсан эмэгтэй машинаас юм аваад орж байсан гэж хэлсэн. Би тухайн үед тархины өндөр даралттай байсан тул 50 грамм согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг доошоо буулгасны дараа надаас ирж уучлалт гуйсан зүйл байхгүй. Би 2014 оноос 2016 оны хооронд Интермэд эмнэлэгт хяналтанд байсан. 2017 онд Солонгос улсад эмчийн хяналтанд байсан. Мөн зүүн талын эгэмний хагалгаа, хамрын хагалгаанд орж дотоод шүүрлийн булчирхайн үрэвслийн улмаас тулаа өвчтэй болсон. Тэгээд дахин бие муудаж 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр яаралтай тусламжаар ирэхэд тархины цус харвалттай байсан. Тэгээд 3 дугаар эмнэлэг рүү шилжиж 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны хооронд хагалгаанд орсон. Эмчийн хяналтанд байж байгаад 2018 оны 8 дугаар сард Интермэд эмнэлэгт хагалгаанд орсон. Энэ үед миний биеийн баруун тал нь мэдээгүй байж байгаад тодорхой хэмжээний сэргэлт авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл эмчийн хяналтанд байдаг тул даралт ихсэх үедээ 50 грамм архи уудаг. Тухайн үед миний бие даралт ихэссэн байсан тул 50 грамм эмчилгээний зориулалттай хэрэглэсэн...” /хх-ийн 71-74/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №135 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Ч-ийн биед хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 55/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 13/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/,

- Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 78/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 80/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 81/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-90/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “ХХХ” хотхонд байрлах “ХХХ” билъярдын газар хүүхдээр архи зөөлгөлөө гэсэн асуудлаас болж маргалдан Д.Ч-ийн хоолойг цамцаар боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Ч-ийн “...Ц.Б гэх хүн миний хоолойг хоёр удаа боож нэг удаа цохисон, гэхдээ боосноос болж миний биед гэмтэл учирсан. Намайг бооход манай хоёр найз салгасан...” /хх-ийн 16-18, 19-20/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Ч.Э-ий “...Намайг дуудсан ах өрөөнд орж ирээд аавын хоолойг боосон. Тэр ах шатаар дээшээ гарахдаа хүнээр түшүүлж явж байсан. Аав, аавын найзууд тэр ахыг цохиогүй, тэр гарч явсан ах зодолдох гээд байхаар нь хаалга түгжсэн. Тэгсэн чинь орилоод байсан..." /хх-ийн 21-22/ гэсэн, гэрч Д.Н-ийн “...Ч-ийг тэр согтуу залуу хоёр гараараа боож байсан. Ч-ийн хүзүү улаасан байсан...” /хх-ийн 23-25/ гэсэн, гэрч Ө.Г-ийн: “...Ч-ийг тэр согтуу залуу хоёр гараараа боож, Ч-ийн хүзүү улаан, хүрэн болчихсон байсан...” /хх-ийн 32, 37-39/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №135 дугаартай дүгнэлт /хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч-ийн эрүүл мэндэд хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Чинзориг нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810029310371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй, энэ байдлыг нотлох ёстой. Хохирогчид учирсан гэмтэл хэний үйлдлээс учирсан болохыг тогтоогоогүй. Галцогийн гар хүрсэн үйлчлэлээр хохирогчид гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үйлдэл буюу гэм хор нь шалтгаант холбоотой байх ёстой. Тухайн үед Б хохирогчийг заамдаж байхад Галцог Бийн араас татахыг мэдээгүй байсан учраас хохирогчид учирсан гэмтэл нь болгоомжгүйгээр учирсан байхыг үгүйсгэхгүй гэж ярьж байна. Галцог, Нямрагчаа нар Бийн гар болон гэдэснээс татаж салгасан гэж мэдүүлдэг. Тиймээс нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн хэрэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагаас эхлээд 00 цагт дууссан байцаалт байдаг. Шүүгдэгч Б нь тухайн үед 4 том хүний эсрэг дайрсан гэдэгт эргэлзээ төрж байна. Хэргийг эргэлзээгүй баримтаар нотолж гэм буруутайд тооцох ёстой. Тиймээс эргэлзээтэй байгаа учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулиар хөнгөн хохирлыг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр учруулсан байхыг шаардахгүйн дээр шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар гэмтэл учрахыг мэдэж байсан, түүнд зориуд хүргэсэн идэвхтэй үйлдэл байх тул Ц.Бт холбогдох хэргийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810029310371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б-т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР