| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0530/Э |
| Дугаар | 551 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Нямдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 551
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ш.Нямдорж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б-ийн Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19002003290129 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, ХХХ хотхоны 00 дугаар байр, 000 тоотод түр оршин суудаг, Сүхбаатар дүүрэг 00 дүгээр хороо 00 дүгээр 000 мянгат 00а байр 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн Т /РД: ХХ00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын орчим Булган аймаг ороод буцах замдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Т: “...2018 онд Хөвсгөл аймаг яваад буцах замдаа хөшөөний хажууд зургаа авахуулсан, тэр үед тухайн өвс байхад нь 7 ширхгийг таслаж аваад машиныхаа багажинд хийгээд мартсан байсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сард лагер дээр машиныхаа араас өмнө түүсэн байсан өвсөө гаргаж ирээд хэрэглэсэн. Тэгээд цагдаа нарт баригдсан, дахиж хэрэглээгүй, цаашид хэрэглэхгүй. Хүү маань 6 настай, сургуульд орно. Би хүүдээ хэрэгтэй байгаа. 30 хоног цагдан хоригдохдоо бүхнийг ухаарсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх Тэлмүүн гэх залуутай танилцах үед Т нь өөрөө надад БНХАУ-д сурч байх үедээ хар тамхи мансууруулах төрлийн өвс ургамал татаж хэрэглэж үзсэн. Түүнийг хэрэглэхээр эрүүл мэндэд муу сөрөг нөлөөгүй, дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрсөн байдаг зэргээр надад тайлбарлаж ойлголт өгөх үед нь би түүнд хууль бус бөгөөд мансууруулах төрлийн ямар нэгэн зүйлд дургүй талаараа хэлж надтай холбоотой байхыг хүсвэл энэ зүйлээсээ хол бай гэдэг талаар хэлж ойлголцож байсан. Түүнээс хойш түүнийг хар тамхи хэрэглэж байна гэж сэжиглэж таамаглаж байгаагүй. Би өөрөө утаат тамхи татдаг учраас ямар үнэртэй байдаг талаар нь мэднэ. Тамхинаас өөр төрлийн үнэр үнэртэх тохиолдолд амархан мэдэх боломжтой. Гэр орондоо тамхи татдаг ч 00-ийнхоо өрөөнд л татаж хэрэглэдэг юмаа. Тэлмүүнтэй хамт хар тамхи хэрэглэж байсан удаа байхгүй, Тэлмүүн ч надад санал болгож байсан удаа байхгүй. ...Би 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод байх үедээ мөс гэх бодисыг анх хэрэглэж үзэж байсан, тухайн үед мөс хэрэглэхэд ажиллах чадвар сайжирч, сэргэж байгаа сэтгэгдэл төрж байсан. Түүнээс хойш ганц хоёр удаа хэрэглэж байсан ч дахин энэ төрлийн зүйлийг хэрэглээгүй. Хар тамхи гэх зүйлийг хууль бус болох талаар нь мэддэг учраас энэ зүйлээс хол байя гэж боддог...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 дугаар сард Булган аймаг ороод буцах замдаа нэг хөшөөний хажууд зогсож зураг авахуулах үедээ замын хажуугаас өвс гэх ургамлыг түүж аваад өөрийн машин дотроо хийсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нөгөө түүсэн өвсөө өөрийн лагерийн байшинд хэрэглэсэн. Тухайн үед би ганцаараа байсан...” /1-р хх-ийн 144/ гэсэн мэдүүлгүүд,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...Б.Т нь метамфетамин, амфетамин тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа тэмдэглэлд тусгав...” /1-р хх-ийн 19-20/ гэсэн,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “...миний биед буюу өмсөж явсан куртканы баруун халаасанд 2018 оны 7 дугаар сард байх Булган аймгаас Улаанбаатар хот руу ирэх замдаа замын хажуугаас түүсэн өвс гэх нэршилтэй бодисыг 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэрэглээд үлдсэн байгаа гэсний дагуу үзлэг хийхэд зиплок уутанд хийсэн бор өнгийн өвс мэт бодис гаргаж өгснийг цахилгаан жин дээр гялгар уутны хамт 0.9 грамм жинтэй байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” /1-р хх-ийн 14-15/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №717 дүгээр дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Т нь урьд өмнө ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Б.Т одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. Б.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Б.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. Б.Т нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
6. Б.Т нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
7. Б.Т нь мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” /1-р хх-ийн 127-128/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2789 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн дугаартай гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamint/-ын агууламж илрэв.
3. Метамфетамин /methamphetamint/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд өлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” /1-р хх-ийн 107-108/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №2763 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Т-ний биеэс гарсан өвс гэх бодис 0,9 грамм” гэж хаягласан ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Т-ний биеэс гарсан өвс гэх бодис 0,9 грамм” гэж хаягласан ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно...” /1-р хх-ийн 112-113/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №2762 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2019.04.29 Б.Тэлмүүн” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tethrahydrocannabinol/ илнрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно...” /1-р хх-ийн 117-118/ гэсэн дүгнэлтүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-7/,
- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 21/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-26/,
- Б.Т-ний гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 34-37/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 60/,
- Шүүгдэгч Б.Т-ний хувийн байдалтай холбоотой гэрч А.А-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/, гэрч Б.Х-ны мэдүүлэг /1-р хх-ийн 103/, ял шалгах хуудас /1-р хх-ийн 225/, дипломын хуулбар /1-р хх-ийн 228-231/, гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр хуулбар /1-р хх-ийн 234/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-ийн 48/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын орчим Булган аймаг ороод буцах замдаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Т-ний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс дээж авч, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглдасан тэмдэглэл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №2763, №2762, №717, №2789 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.Т нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр бэлтгэсэн, мөн биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, түүний ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т эь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 30-ны /2-р хх-ийн 8, 19/ өдрийг хүртэл 29 хоног, шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног, нийтдээ 31 хоног цагдан хоригдсныг дурдаж, эрүүгийн 19002003290129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар гялгар уутны хамт 0,9 грамм жинтэй Каннабис өвс (Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа)-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, Б.Т-ийн ХХ00000 дугаартай гадаад паспорт (Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа)-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Т-д буцаан олгож шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Т-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгч Б.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Т-д анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 31 /гучин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гялгар уутны хамт 0,9 грамм жинтэй каннабис өвс /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, Б.Т-гийн ХХ00000 дугаартай гадаад паспортыг Б.Т-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн 19002003290129 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-ний урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР