Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 555

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/, хохирогч Р.О, иргэний нэхэмжлэгч Б.Ц, иргэний хариуцагч Ц.Ч, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ц-гийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар 00 дугаар баг, Охиндий, Орхон 000 дүгээр гудамжны 0-00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Яармагийн 00 дугаар гудамжны 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-гийн Н /РД: ХХ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Porsche” төвийн хойд замд 00-00 ХХХ улсын дугаартай “Мицубиши койлт” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.4-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гаран, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Ц-ийн жолоодож явсан 00-00 ХХХ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Р.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Н: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.” гэв.

Хохирогч Р.О: “...2019 оны 5 дугаар сарын 15-ны  өдрийн 16 цагийн үед Хүннү молл худалдааны төвийн урд явж байтал Н-ийн машин эсрэг урсгалаас орж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй, гэнэт ухаан ороход машинд суучихсан байсан. Гэтэл Н “би хүн алчихлаа” гээд уйлаад байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Миний эмчилгээний зардал 2.560.000 төгрөг болсон. Гэмтлийн эмнэлэт ор байгаагүй учир шүүгдэгчийн зүгээс намайг Гранд мед эмнэлэгт 7 хоног хэвтүүлсэн. Гранд мед эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн зардал нь 365.000 төгрөг, үүн дээр 250.000 төгрөг болсон, үүнээс 141.000 төгрөг нь миний эрүүл мэндийн даатгалаас гарсан. Шүүгдэгчийн зүгээс надад 1.000.000 төгрөг өгсөн гэж байна, би энэ талаар мэдэхгүй байна. Шүүгдэгчийн зүгээс Гранд мед эмнэлгийн төлбөр, зураг авахуулсан төлбөр зэргийг төлсөн. Гэхдээ надад баримтыг нь үзүүлээгүй. Би шүүгдэгчээс дансаар эмчилгээний төлбөр авсан боловч хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна. Н надад бэлэн мөнгө өгөөгүй. Миний нурууны сэртэн яс хугарсан. Би 2.560.000 төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардалтайгаа нэхэмжилж байна. Би олон улсын нислэгт явдаг, толгойндоо сорвитой болсон тул 3 сар ажлаа алдсан, цаашид ажлаа хийх боломжгүй болсон. Би удахгүй тэтгэвэрт гарах гэж байтал энэ асуудлаас болоод ажил хийж чадахгүй болж байна. Шүүгдэгч намайг доромжилж байгаа юм шиг “би ялаа эдлэнэ” гэж байсан. Би гомдолтой байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Ц: “...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр машинтайгаа явж байтал эсрэг урсгалаас цагаан өнгийн машин ирээд мөргөсөн. Би шүүгдэгчид “миний зорчигчийг гомдолгүй болгож өг” гэж хэлсэн. Шүүгдэгч нөхөртэйгээ хамт манай гэрт ирсэн. Тэгээд би “та нар хохирогчийг эмнэлэгт хэвтүүлж өг” гэж хэлсэн. Би машиныхаа хохирол болон эмчилгээний зардалд 499.000 төгрөг, ажилгүй байсан 1 сарын цалингийн 1.300.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэв.

Иргэний хариуцагч Ц.Ч: “...Манай эгч над руу залгаад дүү чинь аваар гаргасан байна гэж ярьсан. Тэгээд холбоогүй байж байгаад өмнөх шүүх хуралдааны үед над руу залгасан байсан. Би 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өөрийнхөө машиныг 3.500.000 төгрөгөөр Ц.Н-д зарсан, Ц.Н-гаас 1.750.000 төгрөг авсан, Ц.Н-гийн жолоодож явсан машин миний нэр дээр байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш машинаа хараагүй. Н бид хоёрын нэг нь ээжээрээ, нэг нь ааваараа овоглодог, бид хамт байдаггүй, тухайн машиныг би зарсан, хохирлыг Ц.Н өөрөө хариуцах байх...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Р.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед байх өөрийн танил Ц-ийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн суудлын автомашинтай нисэх орох гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт Porsche төвийн хойд замд зүүнээс баруун тийш чиглэлтэй замд явж байтал гэнэт замын эсрэг талаас тусгаарлах зурвас даван тоос бужигнуулан 1 цагаан өнгийн машин урсгал сөрж орж ирээд миний зорчиж явсан машины зүүн талыг мөргөсөн. Би их айсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан орсон түргэний машинд суусан Гэмтлийн эмнэлэг рүү явж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэн баруун хөмсөг, зүүн бугуйд оёдол тавиулан аарцаг, цээж, нурууны томографийн зураг авахуулаад гарсан. Тэгээд хоёр өдөр гэртээ эмчилгээ хийж байгаад 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Гранд мед эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан. Хэдэн км/цагийн хурдтай явсныг нь мэдэхгүй. Тухайн үед би машины урд талын зүүн суудалд суугаад суудлын бүс хамгаалалтын бүсийг зүүж хэрэглэж явсан. Миний зорчиж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн тээврийн хэрэгсэл их хурдтай явсан. Замын тусгаарлах зурвас даваад тоос бужигнуулаад урсгал сөрж ирээд машины урд хэсгээрээ миний зорчиж явсан машины зүүн талыг мөргөсөн. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, асфалтан шулуун тэгш зам, машины хөдөлгөөн бага байсан. Ойр орчинд хяналтын камер байсан эсэхийг анзаараагүй. Миний бүсэлхий нурууны орчим гэмтсэн. Мөн баруун хөмсөгний дээр, зүүн бугуйнд язарсан, тархи доргисон, зүүн мөр хэвлий, зүүн шилбэнд цус хурсан гэмтлүүд учирсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Зам тээврийн осолд орсон даруйд Гэмтлийн эмнэлэгт очиж аарцаг, цээж, нурууны томографийн шинжилгээ хийлгэсэн. Дараа нь 2019 оны 5 дугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд Гранд мед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Дээрхи эмчилгээний баримтууд жолооч эмэгтэйд байгаа. Тэр мэднэ. Харин 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 22-ны өдрийн хооронд “Сэтгэшгүй” хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 550.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Энэ баримт надад байгаа. Цаашид шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэж баримтыг нь бүрдүүлж жолоочоос нэхэмжилж байна. Би гомдолтой...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 50 минутын үед байх өөрийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн суудлын автомашинтай нисэх орох гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт “Porsche” төвийн хойд замд зүүнээсээ баруун тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байтал урдаас гэнэт нэг цагаан өнгийн машин тоос бужигнуулан тусгаарлах зурвас даваад урсгал сөрж хурдтай орж ирэн машины зүүн урд хаалганы хэсгээр мөргөсөн. Би 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шидэгдэн хашлаганд тулж зогссон. Мөргөсөн машин зам дээрээ бүтэн эргээд 2 дугаар эгнээнд баруун тийш хараад зогссон. Миний толгойноос цус гарч байхаар нь тэр дороо буугаад дэргэд сууж явсан зорчигч О-г харсан. Түүний баруун хөмсөгний дээд хэсгээс бас цус гарсан, ухаан алдсан байдалтай байсан. Тэгэхээр нь яах учраа олохгүй сандраад зогсож байтал тухайн үед уг газарт очиж явсан машины жолооч эрэгтэй замын цагдаа болон түргэний эмчид мэдэгдсэн. Мөргөсөн машины жолооч эмэгтэй хүн байсан. Машинаасаа бууж ирэхгүй суугаад байсан. Удалгүй түргэний эмч ирээд мөргөсөн машины жолооч эмэгтэй, О бид гурвыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Замдаа мөргөсөн машины жолооч эмэгтэй тоормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэчихлээ гээд байсан. Тэгээд сандраад гар утсаараа хүмүүс рүү залгаад хүн алчихлаа гээд яриад байсан. Би тухайн үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд 40 км/цагийн хурдтай явсан. Нөгөө тээврийн хэрэгсэл их хурдтай явсан. Хааз гишгээд тусгаарлах зурвасан дээгүүр даваад харайгаад орж ирсэн. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, асфалтан шулуун, тэгш зам, машины хөдөлгөөн бага байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөлтэй, “В” ангилалтай. 2000 оны 5 дугаар сараас хойш тээврийн хэрэгсэл жолоодож байна. Тухайн үед миний толгойны орой зулайн хэсэгт язарсан, баруун бугалга баруун тохойд зулгарсан гэмтлүүд учирсан, өөр гэмтэл байгаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр дороо Гэмтлийн эмнэлэгт очин толгойн зулайн хэсэгт оёдол тавиулж 120.000 төгрөг төлж тархины томографийн шинжилгээ хийлгэсэн. Гэмтлийн эмчийн бичгээр 30.000 гаруй төгрөгийн эм худалдаж авсан. Цаашид шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэж баримтыг нь бүрдүүлж жолоочоос нэхэмжилж байна, гомдолтой...” /хх-ийн 34-35/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчтэй танилцлаа. Мөргүүлсэн болон мөргүүлээд замаас гарч хашлага давсан цэгүүд зөв байна. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 8.000 төгрөг төлж шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Гранд мед эмнэлэгт 25.000 төгрөг төлж эмчид үзүүлэн 36.000 төгрөг төлж шинжилгээ, 51.500 төгрөг төлж бөөрний шинжилгээ тус тус хийлгүүлэн “Гранд мед фарм” эмийн сангаас 188.040 төгрөгийн эм худалдаж авч хэрэглэсэн. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Гранд мед” эмнэлэгт 35.000 төгрөг төлж эход харуулсан. Ингээд нийт 499.040 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Миний машиныг мөргөсөн тээврийн хэрэгслийг жолоодож явсан эмэгтэйгээс нэхэмжилж авна. Мөн тээврийн хэрэгслийн урд 2 дугуй, тэнхлэг, лонжром, зүүн талын 2 хаалга зэрэг эд хөрөнгө гэмтсэн. Машиныхаа эвдэрч гэмтсэн эд хөрөнгийг үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлнэ. Тухайн үед миний машинд зорчиж явсан зорчигч Р.О аюулгүйн бүс хэрэглэж байсан...” /хх-ийн 36/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт намайг иргэний хариуцагчаар оролцуулж байгаа учрыг ойлгож мэдлээ. Иргэний хариуцагчаар оролцоход татгалзах зүйлгүй. Тухайн үед Ц.Н-гийн жолоодож явсан 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Ц.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс надаас худалдаж авахаар ярьж тохиролцон авсан боловч мөнгөө бүрэн өгөөгүй байсан. Иргэний хуулиар би уг тээврийн хэрэгслийн эзэмшигч боловч Ц.Н өөрөө хариуцаж хохирол төлбөрөө төлнө гэсэн. Тэгэхээр миний хувьд шүүхийн шийдвэрийн дагуу асуудлыг шийдвэрлэх болно. Би Ц.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг нь мэдэхгүй, Ц.Н нь миний төрсөн дүү, бид хоёр эцэг өөр, эх нэгтэй. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг тээврийн хэрэгслийг надаас 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар ярьж тохиролцон 1.650.000 төгрөгийг нь төлөөд аваад явсан. Одоо 1.850.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа юм. Энэ мөнгөө өгнө гэдэг. Хэзээ яаж өгөхийг нь мэдэхгүй байна...” /хх-ийн 105/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг зөвшөөрч байна. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 30 минутын үед “Mits Colt” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодон Яармагийн хүүхдийн эмнэлэгт орж нөхөр, хүүхдээ эргэчихээд буцаад харих гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Яармагт “Мөнх хадаа” төвийн урд замд баруунаасаа зүүн чиглэлд 3 дугаар эгнээнд явж байтал баруун талаас нэг машин гүйцэж түрүүлэх гээд ороод ирэхээр нь цочоод зүүн гар тийш дараад сандраад тоормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэчихсэн. Тэгтэл машин боржуур зурвас даваад зүүнээс баруун чиглэлтэй замд ороод тас гээд нэг машин мөргөсөн ба аваарын дэр гарч ирээд зогссон. Би айгаад машиндаа сууж байтал тэнд явж байсан нэг машины жолооч эрэгтэй замын цагдаа болон түргэний эмчид мэдэгдсэн. Тухайн үед нөгөө мөргүүлсэн машинд жолоочоос гадна бас нэг эмэгтэй байсан, өөр хүн байгаагүй. Удалгүй түргэний эмч ирэн нөгөө мөргүүлсэн машины жолооч дэргэд нь явсан зорчигч эмэгтэй бид гурвыг аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод эход харуулж, рентген зураг авахуулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй, харин нөгөө машины жолооч, зорчигч нар бас үзүүлсэн. Би тэдний ямар ямар эмчилгээ хийлгэснийг мэдэхгүй, тэд өөрсдөө мэднэ. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Тухайн үед манай нөхөр хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн эргэх гэсэн унаа машины мөнгө байхгүй болохоор нь уг тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Уг тээврийн хэрэгсэл бол миний тээврийн хэрэгсэл. 2019 оны 01 дүгээр сард Ц.Ч гэдэг хүнээс харилцан ярьж тохиролцон худалдаж авсан. Нэрийг нь шилжүүлж амжаагүй байсан. Тухайн үед би ойролцоогоор 50-60 км/цагийн хурдтай явсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам асфалтан шулуун тэгш, машины хөдөлгөөн бага, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар тогтуун байсан. Ойр орчинд хяналтын камер байсан эсэхийг анзаараагүй. Би согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй, эрүүл байсан. Замын цагдаа нар согтуурал шалгах багажаар шалгасан. Тухайн үед мөргүүлсэн машины жолооч эрэгтэйн толгойн оройн хэсгээс цус гарч байсан. Хамт явсан зорчигч эмэгтэй хүний нуруу өвдөөд байна гээд уйлаад байсан. Түүнд ил харагдах гэмтэл харагдаагүй. Тэд шүүх эмнэлэгт үзүүлсэн...” /хх-ийн 94-95, 120/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/,

-  Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21-24/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Porsche” төвийн хойд замд гарсан зам тээврийн ослын хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж бэхжүүлсэн дугуй хэлбэртэй, HP DVD-R 16х гэсэн бичлэгтэй 1 ширхэг хатуу дискийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй...” /хх-ийн 26/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №5488 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Р.О-н бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун хөмсөгний дээр, зүүн бугуйд шарх, тархи доргилт, зүүн мөр, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” /хх-ийн 39/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №5487 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Ц-н биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохойд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” /хх-ийн 43/ гэсэн дүгнэлтүүд,

 

- “Ц-ийн Н РД:ХХ000000 жолооч биш” гэсэн тодорхойлолт /хх-ийн 119/,

 

- Авто тээврийн үндэсний төвийн 20-23 УНЭ улсын дугаартай “Mitsubishi Colt” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 63/,

- Венд ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 102/,

- Венд ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 101/,

 

- Хохирогч Р.О-гийн хохирлын баримтууд /хх-ийн 66-76, 78/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Ц-г “ХХХ” ХХК-нд ажиллаж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-ийн 100/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Ц-гийн оношлогоо, эмчилгээтэй холбоотой зардлын баримтууд  /хх-ийн 80-81/,

- 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/,

 

- Шүүгдэгч Ц.Н-гийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85/, түүний өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 86/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 87/, Ц.Н-гийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 89/, Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/, Сэлэнгэ аймаг Шаамар сумын хөдөлмөр халамжийн албаны “Ц.Н нь нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 121/, түүний хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 122-123/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа “Митсубиши Колт” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Порше” төвийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Ц-гийн жолоодон явсан 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Р.О-гийн эрүүл мэндэд нь бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун хөмсөгний дээр, зүүн бугуйд шарх, тархи доргилт, зүүн мөр, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Ц-гийн биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохойд зулгарал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан, Б.Ц-ийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.778.940 төгрөгийн эвдрэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Р.О, иргэний нэхэмжлэгч Б.Ц нарын болон шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5488 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн энэ гэмт хэргийг үйлдсэн бол мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлж зүйлчлэхээр заажээ.

Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолооч биш болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан “Ц-гийн Н РД:ХХ000000 жолооч биш” гэсэн Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.О-гийн биед бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун хөмсөгний дээр, зүүн бугуйд шарх, тархи доргилт, зүүн мөр, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан эмчилгээний баримтаар /хх-ийн 66-76, 78/ 1.039.528 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, энэ эмчилгээний зардалд Ц.Н 1 сая төгрөг төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэх бөгөөд хохирогч Р.О “...Ослын дараа би эмнэлэгт үзүүлсэн, мөн Гранд мед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, энэ зардлуудыг Ц.Н төлсөн, яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Н нь Р.О-гийн эмчилгээнд 1 сая төгрөг төлсөн гэж түүний зөвшөөрсөн хэмжээнд хохирол төлөгдсөн гэж шүүх үзэж, үлдэх 39,528 төгрөгийг (1,039,528-1,000,000=39,528) төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний болон бусад зардалтай холбоотой шинээр 9 хуудас баримт ирүүлж, 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардалд 140,984 төгрөгийг шүүх хангаж, такси үйлчилгээний болон тархи хөдөлж толгой бариулсан төлбөр, эмчилгээ хийлгэсэн гэх шаардлага хангахгүй баримтуудаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Ц-гийн биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохойд зулгарал бүхий хөнгөн хохирол учирч эмчилгээний зардалд 193.540 төгрөгийн баримт цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Н төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалтай холбоотой шинээр ирүүлсэн баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.778.940 төгрөгийн эвдрэл /хх-ийн 101-102/ учирсныг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зорчигч тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу энэ хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд “Митсубиши Колт” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц-гийн Ч-гийн /хх-ийн 63/ эзэмшлийх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Ч “...Тухайн тээврийн хэрэгслийг би 2018 оны 1 дүгээр сард Ц.Нд зарсан, мөнгөө бүгдийг нь авч чадаагүй байгаа учир тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж өгөөгүй,...” гэсэн, шүүгдэгч Ц.Н-гийн “...Уг тээврийн хэрэгслийг би худалдаж аваад нэрийг нь шилжүүлж авч амжаагүй байсан...” гэсэн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийг Ц.Ч нь 2018 оны 01 дүгээр сард Ц.Н-д худалдсан, тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Н гэж шүүх дүгнэн гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлыг түүнээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Н-гаас 2,959,452 төгрөг гаргуулж, хохирогч Р.О-д 180,512 төгрөг (39,528+140,984=180,512), иргэний нэхэмжлэгч Б.Ц-д 2,778,940 төгрөгийг тус тус олгож, хохирогч Р.О өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ц.Н-гийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.  

Шүүгдэгч Ц.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолооч биш тул түүний эрх хассан нэмэгдэл ялтай холбоотой ямар нэгэн эрхийн баримтыг Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлээгүй болохыг тэмдэглэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-гийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц-ийн Н-гийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр / жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 6 сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Н-гаас 2.959.452 /хоёр сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж, хохирогч Р.О-д 180,512 /нэг зуун наян мянга, таван зуун арван хоёр/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Ц-д 2.778.940 /хоёр сая долоон зуун далан найман мянга есөн зуун дөч/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Р.О өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Н цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н-д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР