Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 559

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Ц.Отгонсүрэн /томилолтоор/, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, 6-11 насны хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Өлзийт 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Н /РД: ХХ000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 14 дүгээр гудамжны задгайд байрлах гэртээ архидан согтуурсны улмаас маргалдаж Б.М-гийн цээжин тус газарт хутгалж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хохирогчтой уулзаж, уучлал гуйж, эвлэрсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өглөө Н-ийн гэрт Э бид хоёр очсон. Н бид гурав Н-гийн хойд талд байдаг Х-гийнд очтол Д байсан. Тэгээд бид нар бууз жигнүүлж идээд бараашиг, архи ууж, хөзөр тоглож байтал Н яваад дахиад нэг шил архи, нэг шил дарс авчраад бид нар ууж байгаад 17 цагийн үед гараад Нэргүйн гэрт Э, Д бид нар хамт очоод дахин нэг шил архи Н авчирч хувааж уусан. Уг архинаас Д, Э хоёр уугаагүй яваад өгсөн. Тэгээд Н бид хоёр хамт архи ууж байгаад нэлээн согтсон, түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй, би нэлээн согтсон байсан учир болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Эмнэлэгт очоод хагалгаанд ороод сэргэсний дараа мэдсэн. Н-г хутга хаанаас авсныг мэдэхгүй, би тухайн үед Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд ороход 330,000 төгрөг, аппаратны 290,000 төгрөг, нийлээд 620,000 төгрөг болсон. Н надад 750,000 төгрөг хохиролд өгсөн, Н-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 16-19, 131-132/ гэсэн,

 

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед хамт ажилладаг Нэргүйн  гэрт очсон. Намайг гэрт ороход Нэргүйн 3 настай хүүхэд, Н-н найз гээд нэг залуу нь найз хүүхний хамт гэрт нь байсан. ...Би Н-н гэрт ороод удаагүй байхад Н найз залуутайгаа хамт явж байсан эмэгтэйгээс нь болж маргалдаад гэрийн гадаа гараад хоорондоо зодолдсон. Тэгээд зодолдсныхоо дараа гэртээ хоёулаа орж ирээд маргалдаад байхаар нь би больцгоо гэж хэлээд нөгөө эмэгтэйг нь одоо чи гэрлүүгээ явахгүй юу гэхэд тэр эмэгтэй хот руу хол, би явж чадахгүй гэсэн. Н-н найз хамт байсан эмэгтэйгээ чи Н-тэй явалддаг юм биш үү, тэгээд надтай хамт явахгүй байгаа юм уу гэх зэргээр хэлэхэд нь Н уурлаад тэр хоёр дахиад барьцалдаад авсан. Тэгээд тэр хоёрыг салгаад байж байтал Н-н найз агсам тавьж гэрийнх нь зуух, хаалга ор зэргийг өшиглөөд байхаар нь Н босож ирээд дахиад барьцалдахдаа гартаа хутга барьсан байсныг би анзаараагүй. Барьцалдаж байгаад хоёулаа газар унахад нь би Н-н гарт хутга байхыг харсан. Тэгээд би тэр хоёрыг салгахад Н-н гар зүсэгдсэн, найзых нь цээж болон хүзүү хэсэг нь цус болчихсон байсан. Удалгүй би 103-т дуудлага өгөхөд эмнэлэг, цагдаа хоёр хамт ирсэн. ...Лааны гэрэлтэй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Гэхдээ цагаан бариултай 25-30 см орчим урттай хутга байх шиг байсан...” /хх-ийн 21-23/ гэсэн,

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Н ахынд ороход М, бас нэг хүүхэн байсан. Тэгээд бид дөрөв хамт 0,5 литрын архи хувааж уугаад би 21:00 болж байхад Н ахынхаас гараад гэрлүүгээ харьсан. ...Намайг Н ахын гэрт байхад Н ах М хоёр цуг байсан эмэгтэйг янхан гэж хэллээ гээд маргалдах гээд байх шиг болохоор нь би гараад явчихсан...” /хх-ийн 28/ гэсэн,

 

Гэрч У.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би хадмыгаа үзүүлэх гээд түргэн дуудчихаад гэртээ байхад хадам эгч Н, М, Н нар муудалцаад байх шиг байна. Хашааных нь хажуугаар нь орилдоод байна гэж утасдаж хэлсэн. Намайг гэрт байхад Н эгч хүрээд ирээд бид хоёр хамт Н гэрт очиход Н-н гэрт М доошоо хараад хэвтэж байсан. Тэгтэл түргэний эмч миний утас руу залгахад би эгчийг үлдээчихээд түргэний машиныг замаас тосож суугаад гэрлүүгээ явсан. Тэгээд аавыг үзүүлчихээд М-ийн дүү О-г дагуулж ирэхэд М гэрт нь байсан. Тэгээд удаагүй байж байтал Н-н ах, эгч хоёр ирээд юу болов гэж асуусан. Би тухайн үед хутгалуулсан гэдгийг мэдээгүй байтал Н эгч хүн хутгалчихсан байна гэхээр нь цагдаа дууд гээд эгч цагдаа дуудсан. Тэгээд түргэний машинтай М-г аваад явсан. Тэгээд цэргийн төв эмнэлэгт очоод хэвтүүлж хагалгаанд оруулсан. М-г харахад баруун хавирга хавьцаа хутгалсан байсан. Сүүлд нь харахад хүзүүн дээрээ хутгалуулсан байсан...” /хх-ийн 32-33/ гэсэн,

 

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр орой найз Х-гийн гэрт очиход Н, М, Д нар байсан. Тэгээд бид нар чацарганы бараашиг, айраг, архи, улаан дарс ууцгаагаад хөзөр тоглож байгаад 18 цагийн үед гараад М, Д, Н бид нар Н-н гэрт очоод ярьж сууцгааж байгаад Д явсан. Дараа нь би 22 цагийн үед ажилтай байсан учраас явсан. Цаашид юу болсныг мэдэхгүй байна...” /хх-ийн 24/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз М болон тухайн үед түүнтэй хамтран амьдарч байсан Э нартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх гэрийнхээ ойролцоо гудамжинд тааралдсан. Би М-д хандаж “цагаан сар болж байна, хөгшин нь нэг юм авч өгнө” гэж хэлээд дэлгүүрээс 0,5 литрын архи нэг шилийг авсан, бид гурав архиа аваад танил Хандаагийн гэрт очсон. Тухайн үед Х бага насны охинтойгоо хоёулаа байсан. Удалгүй Х-гийнд зүс таних Д ирсэн. Бид гурвын авч очсон архинаас Х уугаагүй санагдаж байна. Э, М бид гурав архиа хувааж уусан. Тэгээд 16 цагийн орчим бид дөрөв Х-гийн гэрээс гараад шууд манай гэрт архи уухаар явсан. Би гэртээ харих замдаа дахин нэг шил архи авсан. Ингээд бид дөрөв манай гэрт ирээд авсан архиа гурвуулаа хувааж уусан. Тэгээд би бага хүүгээ цэцэрлэгээс авахаар гэрээс гарсан, ирэхдээ дахин нэг шил архи авчирсан. Намайг ирэх үед Д байхгүй явсан байсан. Тэгээд би авчирсан архиа задлаад М, Э бид гурав хувааж ууж, хөзөр тоглож эхэлсэн. Гадаа нилээн харанхуй болсон хойно манай гэрт Ц гэх зүс таних залуу ирсэн. Энэ хооронд М, Э хоёр явъя гэтэл М явахгүй гэсэн асуудлаас болж маргалдаад байсан. Тэгээд би М-тэй гадаа гарчихаад орж ирэхэд Э нуугдсан, манай гэр лаатай байсан учраас хаана байгаа нь харагдахгүй байсан. Гэтэл М, Э-гийг хайгаад олохгүй болохоороо уурлаад би үхээд өгье гээд, ууцны мах идэж байсан хутгыг авахаар нь би булаагаад авсан. Тэгтэл М хутгыг авах гээд намайг өмсөж байсан цамцаар заамдаж боогоод ноцолдож байгаад гараад явсан. Тэгээд би М-г гарангуут тамхи татаад сууж байтал М нь цус гоожоод байна гэж орж ирээд газар уначихаар нь би түргэн тусламж, цагдаа дуудсан. М бид хоёрын дунд ямар нэгэн маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Бид хоёр нилээн согтуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” /хх-ийн 26-27, 150-151/ гэсэн,

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.М-ийн биед хэсэг газрын үзлэгээр рүзүүний баруун хажуу хэсэгт 2 см урт мэс заслын оёдол бүхий шархтай, цээжний баруун урд доор гадаргууд хөхний дотор хэсэгт 1,5 см урт хагас ташуу хэлбэртэй мэс заслын оёдол бүхий хатгагдсан шархтай, баруун суганы гадаргуу хүртэл үргэлжилсэн хөндлөн байрлалтай хагалгааны шархтай, баруун суганы доор гадаргуунд гуурс гаргасан мэс заслын шархтай байсан бөгөөд хэвтээд болон босоо байрлалд хоёуланд нь үүссэн байх боломжтой...” /хх-ийн 119/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №3289 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.М-гийн биед цээжний хөндий рүү нэвтэрч уушги хатгасан шарх, цээжний хөндий цус хуралдалт, баруун уушгины бүрэн уналт, хүзүүний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.12, 3.3.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 77/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №2843 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илрээгүй...” /хх-ийн 41/ гэсэн,

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №166 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Н нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Н нь юмыг зөвөөр ойлгож үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Н нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна....” /хх-ийн 122-124/ гэсэн дүгнэлтүүд,

- Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авсан тухай /хх-ийн 2-3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг /хх-ийн 10-14/, 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 15/,

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 72-74/,

- Өвчний түүх /хх-ийн 53-70/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 159-160/,

- Шүүгдэгч Б.Н-н хувийн байдалтай холбоотой гэрч Б.Санданбаяр /хх-ийн 35/, М.А нарын мэдүүлэг /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 48, 91/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 91-99, 159-160/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Өлзийт хорооллын 00 дүгээр гудамжны задгайд байрлах гэртээ архидан согтуурсан байхдаа Б.М-тэй маргалдаж, түүний цээжинд хутгалж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.М-гийн “...Би нэлээн согтсон байсан учир болсон асуудлын талаар санахгүй байна. Эмнэлэгт очоод хагалгаанд ороод сэргэсний дараа мэдсэн. Н-г хутга хаанаас авсныг мэдэхгүй байна...” /хх-ийн 16-19/ гэсэн, гэрч Б.Ц-ийн: “...Тэгээд би тэр хоёрыг салгахад Н-н гар зүсэгдсэн, найзых цээж болон хүзүү хэсэг нь цус болчихсон байсан. Удалгүй би 103-т дуудлага өгөхөд эмнэлэг, цагдаа хоёр хамт ирсэн. ...Гэрт лааны гэрэлтэй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Гэхдээ цагаан бариултай 25-30 см орчим урттай хутга байх шиг байсан...” /хх-ийн 21-23/ гэсэн, гэрч Д.Б-ын: “...Намайг Н ахын гэрт байхад Н ах М хоёр цуг байсан эмэгтэйгээ янхан гэж хэллээ гээд маргалдах гээд байх шиг байсан болохоор нь би гараад явчихсан...” /хх-ийн 28/ гэсэн болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №3289 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.М-ийн биед цээжний хөндий рүү нэвтэрч уушги хатгасан шарх, цээжний хөндий цус хуралдалт, баруун уушгины бүрэн уналт, хүзүүний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.12, 3.3.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 77/ гэсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, Б.М-гийн цээжинд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас Б.М-гийн биед биед цээжний хөндий рүү нэвтэрч уушги хатгасан шарх, цээжний хөндий цус хуралдалт, баруун уушгины бүрэн уналт, хүзүүний хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учирч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 810,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 132/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч ам бүл гурвуулаа, бага насны буюу 6-9 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н ам бүл гурвуулаа, бага насны буюу 6-11 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойсон эцэг болох нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 153/, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Нн 2008 оны 9 дүгээр сарын 8-нд төрсөн охин Н.Ц, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Н-д нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох шаардлагатай, энэ асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар линтээр ороосон хуванцар хар өнгийн бариултай 24 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б-ийн Н-г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу Нэргүйн Цэнд, Н-н Н-д нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       И.ГАНБАТ

 

                        ШҮҮГЧИД                                                        Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                         С.БАЗАРХАНД