| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0562/Э |
| Дугаар | 560 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 560
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогч М.Б, шүүгдэгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны зогсоолын манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 220 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Дашзэвэгийн Буянзаяа /РД:УК82041516/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн уулзварт “Ниссан санни” маркийн, 00-00 ХХХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ...зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.Б: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ажлаа тараад гэрлүүгээ харих замдаа Хан-Уул таурын урд зам дээр явган хүний гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарч байхдаа машинд мөргүүлсэн. Тухайн үедээ ухаан алдалтын байдалтай байсан. Манай эгч надруу залгахад өөр хүн миний утсыг аваад ийм зүйл болсон талаар хэлсэн байсан. Дараа нь би Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд 14 хоног эмчлүүлсэн. Одоогоор биеийн байдал сайнгүй байна. Эгэмний хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 600.000 төгрөгийг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэв.
Шүүгдэгч Д.Б: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө эгчийгээ хүргэж өгөх гээд замын хөдөлгөөнд оролцоод явж байтал баруун гар тийшээ эргэх гэрлэн дохио ассан, тухайн гэрлэн дохио нь явган хүний гэрлэн дохиотой зэрэг асдаг гэдгийг би мэдээгүй, нэгдүгээр эгнээнд аваарын гэрлээ татсан машин байхаар нь би тэр машиныг тойрч гарах гээд байж байтал миний урдуур нэг эмэгтэй хүн гарах шиг болсон. Би тэр эмэгтэйг зам хөндлөн гарчихлаа гэж бодоод хаазаа гишгэтэл тэр эмэгтэй зам хөндлөн гарч амжаагүй байсан. Би хохирогчийг мөргөчихөөд эгч Сэндэрмаатай хамт өргөөд машиндаа суулгах гэтэл суухгүй байсан. Тэгэхээр нь түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цаг 03 минутын үед би ажлаа тараад гэртээ харих гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул таурын хойд уулзварын баруун талын замаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гээд зогсож байгаад, ногоон гэрэл асмагц надтай хамт зам хөндлөн гарах гээд зогсож байсан хүмүүсээс би түрүүлээд алхаад зам руу ортол миний зүүн талаас нэг машин орж ирээд мөргөсөн. Тэгээд тухайн үедээ ухаан балартсан. Нэг мэдэхэд миний зүүн чихнээс цус гарч, зүүн гараа даахгүй зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн чинь түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би ногоон гэрлээр зам хөндлөн гарсан. Гадаа харанхуй болсон байсан. Замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Гадаа бороо шивэрч байсан. Миний тархины суурь яс, зүүн чамархайн шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан. Би 14 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зүүн эгэмдээ хагалгаа хийлгэж хадуулсан. Ослоос болж миний зүүн чих муу сонсож байгаа. Мөн 1 жилийн дараа эгэмний хадаасыг авна гэсэн, би гомдолтой, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө би дүү Б-ийн машины урд суудалд суугаад бид хоёр Хан-Уул дүүргийн уулзварын хойд талд нэг танилаа буулгачихаад буцаад гэрлүүгээ харих гээд Хан-Уул дүүргийн уулзвараар баруун гар тийш эргэхдээ түс хийгээд юм мөргөх шиг болсон. Юу болвоо гэтэл хүн мөргөчихлөө гэсэн. Би машинаас буугаад хартал машинд мөргүүлсэн хүний толгой нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд Буянзаяа бид хоёр явган зорчигчийг машины хойд суудалд суулгаад байж байтал түргэн тусламж ирээд аваад явсан. Би гэрлийг нь хараагүй хойшоо налаад хэвтчихсэн байсан болохоор явган зорчигчийг хараагүй. Гадаа бороо орж байсан ба машины урд салхины шил цантчихсан байсан. Би хурдыг нь хараагүй зөөлөн л явж байсан...” /хх-ийн 19/ гэсэн,
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед би ажлаа тараад гэртээ харих санаатай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хан-Уул таурын зүүн талын гэрлэн дохиотой уулзварын зүүн талаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд ногоон гэрлээр зам хөндлөн гарах гээд гарцаар алхаж явтал /замын тусгаарлах зурвас арай хүрээгүй/ уулзварын баруун талын явган хүний гарц дээр түс гээд чимээ гарсан. Хартал нэг саарал өнгийн Ниссан Санни маркийн автомашин хүн мөргөөд нөгөө хүн нь өнхрөөд унаж байгаа харагдсан. Би осол болсон газар яваад очтол жолооч явган зорчигчийг машиндаа суулгах гээд байж байсан. Би очоод тэнд байсан хүмүүсийн хамт болиулаад цагдаа дууд, хөдөлж болохгүй гэж хэлээд өөрийн утсаар түргэн тусламж дуудсан. Тэгээд би удалгүй цааш явсан. Машинд мөргүүлсэн хүн ногоон гэрлээр гарч явсан. Автомашин уулзварын хойд талаас ирээд ертөнцийн зүгээр баруун тийш эргэж байсан. Гадаа бороо ороод зам нойтон, харанхуй болсон байсан. Замын гэрэлтүүлэг болон гэрлэн дохио ажиллаж байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн Ниссан санни маркийн 00-00 ХХХ улсын дугаартай авто машинтайгаа таксинд явж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хойд талын гэрэл дохиотой уулзвараар хойноосоо баруун гар тийш эргэж баруун зүгт явахаар улаан гэрэл дохион дээр 1 дүгээр эгнээнд зогсож байгаад баруун гар тийш нэмэлтээр эргэх ногоон гэрэл асахаар нь авто машинтайгаа баруун гар тийш эргэхэд 1 дүгээр эгнээнд аваараа асаагаад зогсож байсан авто машины урдуур хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар эмэгтэй хүн машины урдуур орж ирэхэд нь гараад явчихлаа гэж бодтол нөгөө эмэгтэй миний машины зөв талын урд гуфер, гэрлийн хэсгээр мөргүүлээд газар унасан. Би өөрийнхөө утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би 2018 оны 4 дүгээр сард жолооч болсон. Жолооч болсон цагаасаа хойш автомашин жолооддог байсан. Тухайн үед би тэр эмэгтэйг машины урдуур гараад өнгөрчихлөө гэж бодсон. Осол гарах үед бороо орсон. Урд салхины шил жаахан цантсан байсан. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” /хх-ийн 48/ гэсэн мэдүүлгүүд,
- Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн арын зам мөн Голомт банкны арын замд, уулзварын баруун талдаа Ниссан Санни маркийн 00-00 ХХХ улсын дугаартай автомашин зогсож байх бөгөөд зорчих хэсэгт автомашинаас үүссэн эл мөргүй, бороо орсноос болоод зорчих хэсэг нойтон ямар нэгэн ул мөр байгаа эсэх мэдэгдэхгүй байв. Уг зам нь асфальтан, шулуун тэгш, нойтон, зохицуулагддаг, уулзвар дээр, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, 7 эгнээ, явган хүний гарцтай, хашлагатай зам байв. Мөн хэргийн газарт Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 тэмдэгтэй, мөн дүрмийн 1.13х, Замын хөдөлгөнөий дүрмийн 1.11 тэмдэглэлтэй байв.” /хх-ийн 4-5/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №6463 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Б-ийн биед суурь яс, зүүн чамархайг хамарсан шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” /хх-ийн 28/ гэсэн,
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №32918 дугаартай дүгнэлтэд: “...Өнгө үзэмж муу, будаг гандсан ослын үед гарсан гэмтэлгүй ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй урд шилний цан үлээгүүр ажиллахгүй болсон бусад их гэрэл, гэрэл дохио бүрэн, дуут дохио, хаалганы түгжээ, бариул, суудлын бүс даруулга, шил, шил арчигч, тормозны аппарат, гар тоормоз, жолооны механизм, явах эд анги, дугай бүгд бүрэн, иж бүрдэл эмийн сангаас бусад нь байхгүй байлаа. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4,1 мм/м, урд дугайн тоормосны хүч зүүн талдаа 2,2 кН, баруун талдаа 2,4 кН, зөрүү нь 8,33 % /стандарт <20%/ хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,3 кН, баруун талдаа 1,2 кН, зөрүү нь 7,69% /стандарт <30%/ байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гэрлийн ойрын тусгалын хэмжээ 16200 кандел, баруун гэрлийн ойрын тусгалын хэмжээ 16200 кандел байна. /стандарт 10000-225000 кандель/, зүүн холын гэрлийн тусгалын хэмжээ 28700 кандел, баруун холын гэрлийн тусгалын хэмжээ 22500 кандед /стандарт 10000-225000 кандел/ баруун, зүүн их гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй, урд шилний цан үлээгүүр ажиллахгүй болсон. Ослоос өмнө ашиглалтын явцад парны хувиарлагч гэмтэлтэй урд салхины шилний цан үлээгүүр ажиллахгүй болсон нь цаг агаарын хүйтэн хасах хэмтэй үе, бороо, цас орж байгаа үед шил цанатаж жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж осол гарах нөхцлийг бүрдүүлнэ. Тоормозны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулгатай, ABS системтэй тоормос бүрэн хэвийн ажиллаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,2кН, баруун талдаа 2,4 кН, зөрүү нь 8,33 /стандарт <20%/ байна. Зогсоолын тоормос зогссон. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АBS бол дээрхи тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэх үед тоормосны тасалдсан мөр үүснэ...” /хх-ийн 33-39/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-11/,
- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 53/,
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 69-74, 77-80/,
- Жолооч, явган зорчигч нарын согтуурал шалгасан баримт /хх-ийн 12-13/,
- Шүүгдэгч Д.Б-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ө.О-ын мэдүүлэг /хх-ийн 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, жолоочийн лавлагаа /хх-ийн 59-60/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн уулзвар замд “Ниссан санни” маркийн, 00-00 ХХХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ...зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Б-гийн “...Ослоос болж миний зүүн чих муу сонсож байгаа, мөн нэг жилийн дараа эгэмний хадаасыг авна, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна, би гомдолтой...” /хх-ийн 16-17/ гэсэн, гэрч Ө.С-гийн “...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө би дүү Б-гийн машины урд суудалд суугаад бид хоёр Хан-Уул дүүргийн уулзварын хойд талд нэг танилаа буулгачихаад буцаад гэрлүүгээ харих гээд Хан-Уул дүүргийн уулзвараар баруун гар тийш эргэхдээ түс хийгээд юм мөргөх шиг болсон. Юу болвоо гэтэл хүн мөргөчихлөө гэсэн...” /хх-ийн 19/ гэсэн, М.М-гийн “...Хан-Уул таурын зүүн талын гэрлэн дохиотой уулзварын зүүн талаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд ногоон гэрлээр зам хөндлөн гарах гээд гарцаар алхаж явтал /замын тусгаарлах зурвас арай хүрээгүй/ уулзварын баруун талын явган хүний гарц дээр түс гээд чимээ гарсан. Хартал нэг саарал өнгийн Ниссан Санни маркийн автомашин хүн мөргөөд нөгөө хүн нь өнхрөөд унаж байгаа харагдсан. Машинд мөргүүлсэн хүн ногоон гэрлээр гарч явсан...” /хх-ийн 24/ гэсэн болон шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны №6463 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/, техникийн шинжээчийн 2019 оны №32918 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-38/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-14/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд суурь яс, зүүн чамархайг хамарсан шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ оношлгооны зардалд 694,438 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Д.Б нь хохирогчид 600,000 төгрөг төлсөн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 94,438 төгрөг гаргуулж хохирогч М.Батцэцэгт олгож, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээр дурдсан нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэрэгт хураагдаж ирүүлсэн Д.Б-гийн №1217781 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903005730277 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Д-ийн Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б / РД:ХХ00000, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай/-аас 94,438 /ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гаргуулж хохирогч М.Б /РД: ХХ000000, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00-000 тоотод оршин/-т олгож, хохирогч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР