Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2016/00806

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв  байр, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, амины орон сууц 3-р гудамж 133б тоотод оршин суух, эмэгтэй, АЙ73121606 регистрийн дугаартай, Бор адуу овогт Магванринченгийн Амарбаясгалан,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, амины орон сууц 3-р гудамж 133б тоотод оршин суух, эрэгтэй, АЙ74041616 регистрийн дугаартай, Эх шунагар овогт Нэргүйгийн Галтсүрэн нарт холбогдох

            12 977 943 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Баянхошуу тооцооны төвийн захирал Л.Ширчмаа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Зээлдэгч нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Хас Банк” ХХК-тай 1490007289 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2201020093 дугаартай, 00050623 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны 133б тоот, 42,25 м.кв талбайтай хувийн сууц; Улсын бүртгэлийн Г-2201008481 дугаартай, 000023272 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны 1333 б тоот, 320 м.кв талбайтай өмчлөх газрыг барьцаалсан болно. 1490007289 дугаартай зээлийн гэрээнд Н.Галтсүрэн нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нь зээлийн 1490007289 дугаар барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргийг нийт 650 хоног хугацаа хэтрүүлж ноцтойгоор зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч нарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

            Иргэний хуулийн 204.4, 225.1, 225.2, 1490007289 дугаартай зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-д тус тус заасныг үндэслэн Банк 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачлагаар цуцалж, дараах үнийн дүнгээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 8 133 333 төгрөг, үндсэн хүү 4 521 799 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303 311 төгрөг, нийт 12 958 443 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19 500 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 12 977 943 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сугарсамбуу нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  

            Хариуцагч нар нь нэхэмжилж буй 12 977 943 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 сарын 07 өдөр хүртэл бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч нар нь хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол Улсын бүртгэлийн Ү-2201020093 дугаартай, 00050632 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны  133б тоот, 42,25 м.кв талбайтай хувийн сууц; Улсын бүртгэлийн Г-2201008481 дугаартай, 000023272 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны  133б тоот, 320 м.кв талбайтай өмчлөх газраар тус тус хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд Баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д заасны дагуу бусад хөрөнгө орлогоос барагдуулахаар тохиролцсон болно гэжээ.

            Хариуцагч Н.Галтсүрэн, М.Амарбаясгалан нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч М.Амарбаясгалан, Н.Галтсүрэн нарт холбогдуулан 12 977 943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.    

 

Хариуцагч Н.Галтсүрэн, М.Амарбаясгалан нар нь ”Хас банк” ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хувийн хүүтэй зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 1490007289 тоот зээлийн гэрээ  гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч М.Амарбаясгалан, Н.Галтсүрэн нараас 12 977 943 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар нь 12 977 943 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201020093 дугаартай, 00050632 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны  133б тоот, 42,25 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2201008481 дугаартай, 000023272 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны  133б тоот, 320 м.кв талбайтай өмчлөх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

  

Хас банк ХХК нь Н.Галтсүрэн нараас 12 977 943 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар нь 12 977 943 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч М.Амарбаясгалан, Н.Галтсүрэн нарын бусдад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар хүсэлтээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх шатанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

             1. “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Амарбаясгалан, Н.Галтсүрэн нарт холбогдох 12 977 943  төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 111 299 төгрөг, хариуцагч нараас 111 299 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 598 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        

            3. Зохигчид нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201020093 дугаартай, 00050632 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны  133б тоот, 42,25 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2201008481 дугаартай, 000023272 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3 гудамжны  133б тоот, 320 м.кв талбайтай өмчлөх газраар үүргийн гүйцэтгэлийг хангана гэж тохиролсон болохыг дурдсугай.

           

            4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

            5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

         

 

 

 

ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЧИМЭГ