Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 949

 

 

                                                           

 

 

 

  

 2019        12          10                                2019/ШЦТ/949

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч: Б.Чимгээ,

Хохирогч: Г.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ,

Шүүгдэгч: Т.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогтой Төмөрбаатарын Бд холбогдох эрүүгийн “1811013881060дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 41 тоотод оршин суух,

урьд нь 2001,04.17-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн 118 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

 2002.09.23-ны Чингэлтэй дүүргийн шүүхийн 366 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 cap баривчлах ял оногдуулж өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 2 cap хорих,

2013.03.20-ны Чингэлтэй дүүргийн шүүхийн 108 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигин овогт Т Б, /РД:..........

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Фэйс” бааранд согтуугаар үйлчлүүлэгч Г.Эрдэнэ-Очирыг шалтгаангүйгээр цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би тухайн үед тэрийг таньдаггүй байсан бөгөөд Эрдэнэ-Очир нь хамгаалагч нарт хандан наад архичингаа гарга гээд байхаар нь бас нэг хамгаалагч юмуу зохион байгуулагч юм байна гэж бодоод цохичихсон юм. Тухайн үед Эрдэнэ-Очир нь миний явах замыг хаагаад байхаар нь цааш түлхэнгээ зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон. Үүнээс болж хойшоо унасан. Ингэхдээ толгойдоо гэмтэл авсан юм шиг байгаа юм...”, “...Би хохирогч Г.Эрдэнэ-Очирт одоогийн байдлаар бэлнээр 10 сая төгрөг өгсөн. Эхлээд 5 сая төгрөг, дараа нь 1,5 сая төгрөг бэлнээр өгөөд энд тэндхийн баар, буудал, рестораны тооцоо зэрэг нь 3 сая орчим төгрөг болсон. Хамгийн сүүлд 500,000 мянган төгрөг бэлнээр өгөөд нийт 10 сая болсон” гэх /хх-ийн 114-115х/,

Хохирогч Г.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Би бааранд академид хамт сурч байсан найзтайгаа сууж байгаад тооцоогоо хийх гээд тек рүү явж байсан. Би юу болсныг мэдээгүй. Маргааш өглөө Алтай хотхоны гадаа байхад мэдсэн. Би гэмтэл болон Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очсоноо санахгүй байна. Би маргааш өглөө нь Алтай хотхоны гадна сэрээд яагаад ийм байдалтай болсон талаараа мэдэхгүй байсан. Орой 5-6 цагийн үед гэртээ харьсан. Би гэртээ очоод 3-4 хоног хэвтсэн. Тэгээд Мөнхсайхан гэх найзруугаа яриад миний толгой болохгүй байна гэж хэлээд толгой барьдаг хүн байвал найзыгаа дагуулаад бариулаад өгөөч гэж хэлсэн. Манай найз олон хоносон болохоор бариулах шаардлага байхгүй гэмтлийн эмнэлэг явъя гэж хэлсэн. Улмаар эмнэлэгт очоод зураг авахуулаад хагалгаанд орсон. 9 дүгээр сарын сүүлээр хоёр найзтайгаар урагшаа ажилд явахаар болсон. 10 дугаар сарын сүүл үед урдаас ирэх өдөр билүү тэрний өмнөх өдөр Хандү зочид буудлын захирал нь над руу яриад та хоёр ирээд уулзаадах гэж хэлсэн. Би тэгээд Хандү зочид буудалд очиж Бтэй уулзсан. Улмаар тухайн буудалдаа хоносон. Маргааш өглөө нь Б ирээд надад 4,000,000 төгрөгийг тоолж өгсөн. Хандү зочид буудлын дүүд мөнгөө өгч хадгалуулсан. Тэр өдөр өнөөдөр хоёулаа эвэрсэн юм чинь хүүхэн дуудъя гэж хэлсэн. Маргааш нь Наранхүү дүүгээс мөнгөө аваад явах гэтэл хорьтын дэвсгэртээр 180-182 төгрөг байсан. Хоёр дахь удаагаа манай дүүтэйгээ уулзаад 2-3 хоносон байсан. Би тооцооны мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 500,000 төгрөг авсан. Тэрнээс хойш Б над руу нэг ч удаа ярьж байгаагүй. Би гэмт хэрэгтэн Б рүү ярьж байх юм. Тэр над руу ярихгүй байх юм гэж найзууддаа хэлж байсан. Дахин уулзахад тэрээр би чамд 500,000 төгрөг өгье. Надад өөр боломж байхгүй байна. Манай найзууд гэсэн чамайг бодохгүй байна гэж хэлсэн. Дараагийн удаа нь 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө төрсөн өдрөөр мөнгөгүй болчихоод Бтэй яриад миний төрсөн өдөр гэдгээ хэлэхэд тэрээр намайг Улсын Их Дэлгүүрийн ард байрлах ресторанд хоол идсэн. Тухайн мөнгийг төлсөн. Тэрнээс хойш Бтэй уулзаагүй. Би 4,000,000 төгрөг авсаныхаа дараа Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очоод гомдолгүй гэж хэлсэн. Тухайн үед гомдолгүй гэж бичсэн талаар аавтайгаар ярьж байхдаа аавд 1,500,000 төгрөг өгсөнийг мэдсэн. Нийт 6,000,000 төгрөг өгсөн. Би архи уух болгондоо түүнийг дууддаггүй байсан. Манай найз хэрэггүй гэж хэлдэг байсан. Би Т.Бтэй 4 удаа уулзсан. Би нэхэмжилж байгаа хохирлоо мэдэхгүй байна. Тэрээр санаагаараа над руу залгаад биеийн байдал ямар байна. Яаж байгаа талаар нэг ч удаа асууж байгаагүй. Надад ажил байхгүй. Надад ямар ч орлого байхгүй байна. Би гомдолтой байна...” гэв.

Хохирогч Г.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ” ... Би тухайн үед найз Баярсайханы хамт нэг шил архи хувааж уусан, халамцуу байсан, тэгээд ямар ч байсан тооцоогоо хийгээд гаръя гэж бодоод текэн дээр очоод зогсож байхад Б нь гаднаас орж ирээд тэнд байсан зөөгч, хамгаалагч нар руу дайраад байхаар нь би хэдэн үг хэлж байсан санагдаж байгаа юм. Түүнээс хойш өөр ямар нэгэн зүйл санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан ухаан ороход Баярсайханы гэрийн гадаа байсан бөгөөд тэндээ сууж байгаад Баярсайханыг ирэхээр нь гэртээ хүргүүлсэн юм. Бид хоёр нэг их хэрэлдэж маргасан зүйл байхгүй. Намайг цохисон талаар санахгүй байгаа. Б нь зөөгч охин руу л юм хэлээд байсан, яг юу ярьж байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан зөөгч бармен хоёр эмэгтэйтэй рүү л хараагаад дайраад байх шиг байсан. Тэгээд би хажууд нь байж байгаад ингэж болохгүй гэсэн зүйл ярьж байснаа санаж байгаа бөгөөд түүнээс хойш л юу ч санахгүй байгаа юм. Миний биеийн байдал хагалгааны дараа мартаж санадаг байсан нь одоо гайгүй болоод байгаа. Хааяа нэг толгой өвдөх асуудал байгаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б бид хоёр адилхан залуу хүмүүс учраас хэн нэгнийг шорон оронд оруулахыг хүсэхгүй байна” гэх /хх-ийн 48-49х/,

Гэрч Б.Номин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би фэйс бааранд зөөгчийн ажлаа хийгээд зааланд явж байтал гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд тэкэн дээр байсан бакал аваад текний арын хаалга руу 2-3 удаа шидсэн. Тэр үеэр арын хаалга руу хамгаалагч нар орсон байсан юм. Тэгснээ нөгөө хүн текэн дээр байсан шилтэй архи аваад хэн нэгэн рүү шидэх гээд пизда нар минь ална шүү үе удмаар чинь бүгдийг чинь ална боовыг чинь тасдаад ам руу чинь чихнэ гэх мэтээр маш муухай хараалын үг хэлсэн, тэр үед би архи барьсан гарнаас нь бариад гарыг нь доошоо дарчихсан байсан ба тэр ах хэн нэгэн рүү уурлаж агсраад орилоод байсан. Би бодохдоо хамгаалагч нар руу уурлаж байна гэж бодсон, тэгээд архитай гарыг нь доош дарсан байх үед манай Байгалаа гэдэг зөөгч ирээд шилтэй архийг гараас нь булааж авсан. Тэгтэл манайд үйлчлүүлж байсан нүдний шилтэй, өндөр, халзан ах тооцоогоо хийх гэж ирээд юу болоод байнаа ямар асуудал гараад байгаа юм бэ гээд асуутал нөгөө агсан тавиад байсан ах тэр өндөр ахыг ямар ч үгийн зөрүүгүй шууд цохиод унагаачихсан. Тэр ах унахдаа юм мөргөөд унасан ба 4-5 минут ухаан алдаад сэргэхгүй байсан, тэгээд манай зохион байгуулагч тэр ахыг сэргээсэн. Нөгөө ах заал руу ороод хүмүүстэй маргалдаад замд нь таарсан бүх хүмүүсийг ална гээд агсан тавиад хэнийг ч хамаагүй барьж авч зодох гээд байсан. Тэр үед бүжгийн талбайн ширээн дээр сууж байсан нэг ах юу болоод байнаа гэхээр нь нэг хүн орж ирээд агсан тавиад байна, та наанаа түр сууж бай, босч байгаад зодуулчихваа гэтэл тэр ах энэнээс яахаараа айх ёстой юм гээд нөгөө агсан тавьж байгаа ахыг чи одоо болиоч, чи хэн юм бэ, яагаад ийм асуудал гаргаад байгаа юм гэхэд тэр ахын ууж байсан пивоны шилээр толгойг нь цохиод толгой нь хагараад маш их цус гарсан байсан” гэх /хх-ийн 63-65х/,

Гэрч Мөнх-Оч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед намайг ажил дээрээ байж байхад манай нэг зөөгч ирээд үүдэнд зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгээд гараад очтол манай 2 хамгаалагч Б гэх залууг 2 талаас нь барьчихсан үйлдлийг нь хориод зогсож байсан ба нөгөө залуугийн амнаас нь цус гарчихсан нилээн агсарсан байдалтай хүн болгоны өөдөөс дайраад байсан...би тэднийг хараад жоохон зохицуулалт хийгээд зогсож байтал тэр залуу гэнэт намайг газар унатал цохисон. Тэр үед толгой маш хүчтэй доргиж манаралтын байдалтай болсон, би босоод гадаа үүдэнд зогсож байгаад буцаад ороод иртэл тэр залуу текний хажууд манайд үйлчлүүлж байсан залууг цохиод газар унагачихсан байсан ба тэр залуу ухаангүй 4-5 орчим минут болсон. Би нөгөө залууг ухаан оруулах гээд нүүр рүү нь усаар шавьшаад, нүүрний цэгүүд дээр нь дараад сэргээх гэж оролдсон. Тэр үед Б гэгч нь баарны дотогшоо ороод бас нэг үйлчлүүлж байсан хүнийг пивоны шилээр толгой руу нь цохисон гээд тэр хүний толгойноос маш их цус алдсан байсан” гэх /хх-ийн 66-68х/,

Гэрч Ө.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэ-Очирыг яг зодуулж байхад нь хажууд нь байгаагүй Зааланд мухрын ширээн дээр Отгонжаргалын хамт сууж байсан. Тэгээд шуугиан болоод, баар нь хаалаа гээд бид нар гарах гэж байгаад Эрдэнэ-Очиртой үүдэнд таараад хүнд зодуулсныг нь мэдсэн. ..Зүгээр хүнд цохиулчихлаа гэж байсан. Хамгийн гол нь тэр баарны бүх ажилчид үл таних хүн бааранд орж ирээд танай найзыг шууд цохисон гэж хэлж байсан... Отгонжаргал бид 2 Эрдэнэ-Очирыг аваад гэмтлийн эмнэлэг дээр очиход би зүгээр ээ, яав л гэж гээд эмнэлэг рүү орохгүй болохоор нь би гэр рүүгээ авч яваад гадаа машины зогсоолд машинаа тавиад хоёулаа дотор нь унтаад өгсөн. Өглөө эхнэр сэрээгээд машинаа хөдөлгөж дэлгүүрийн зогсоолд тавиад гэртээ орж цай ундаа уучихаад ажилдаа явсан. Энэ үед Эрдэнэ-Очир буугаад зогсоолын хажуугийн бургасан дунд орсон байсныг анзааралгүй орхиод явсан байсан. Тэгээд ажил дээр оччихоод бие тавгүй болохоор буцаж ирээд машинаа байрлуулах үед Эрдэнэ-Очирыг харсан. Тэгээд гэртээ харихгүй юугаа хийж байгаа юм гэхэд толгой эргээд явж чадахгүй байна гэснээс өөр юм ярихгүй байсан. Явах гэхээр толгой нь эргээд явж чадахгүй намайг очтол тэндээ суусаар л байсан байна лээ. Тэгээд би гэрт нь хүргэж өгсөн” гэх /хх-ийн 69-72х/,

Гэрч Б.Бадам-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “хайрхан 10-с” Фэйс бааранд зодоон болоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагаар очиход зодуулсан байдалтай 2 хүн текний хажууд сууж байсан. Юу болсон талаар асуухад нэг хүн орж ирээд үйлчлүүлж байсан хүмүүсийг зодоод зугтаагаад явчихлаа гэж баарны ажилчид хэлсэн. Зодуулсан 2 хүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гомдлоо гаргах бол Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирээрэй гээд явуулсан. Тэгээд баарны хамгаалагч бас зодуулсан гэхээр нь хэлтэс дээр дагуулаад ирэхэд нөгөө хүмүүсийг зодсон гэх хүн хэлтсийн гадаа байсныг таньсан. Тэр хүн өөрөө бас зодуулаад 2 шүд хугарсан гомдол гаргах гэж байна гээд зогсож байсан. Тухайн зодуулсан байсан 2 залууг 103 дуудаж үзүүлэхэд түргэний эмч гэмтэл рүү яаралтай явж үзүүл гэж байсан...дуудлагаар очиход баар хаасан, гэмт хэрэг гарсан гэх ул мөр эвдэж хэмхэрсэн зүйл, цус нөж юу ч байгаагүй. Бүх юмаа цэвэрлэчихсэн байсан. Тиймээс хэргийн газарт үзлэг хийх боломжгүй гэж хэлээд энэ талаар ерөнхий жижүүрт нөхцөл байдлыг мэдэгдсэн” гэх /хх-ийн 73-76х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2018.05.11-ний өдөр үзлэг хийсэн 6115 дугаартай шинжээчийн дүгнэлт

Г.Эрдэнэ-Очирын биед дагз ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны хэсгийн болон бага тархины арын хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон,

дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,

цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэх /хх-ийн 87х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаа, Ш.Цэцэгмаа, Б.Даваасүрэн нарын бүрэлдхүүнтэй шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 745 дугаартай дүгнэлт:

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6115 тоот дүгнэлт үндэслэлтэй байна,

Г.Эрдэнэ-Очирын биед дагз ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины няцрал гэмтэл учирсан,

дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх /хх-ийн 201-203х/,

ГССҮТөвийн 05291 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 97-109х/,

Шинжээч Б.Ундармаагийн мэдүүлэгт: “...уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал мохоо эд зүйлээр дагз руу цохих, эсвэл цохигдож дагзаар унах, юм мөргөж унах зэрэг үйлчлэлээр үүсэх боломжтой, гараар цохиход үүсэхгүй...дүгнэлтэнд дурьдсан гэмтэлтэй хүн өөрийн ухаантай гэр зуур байгаад байх боломжтой, болсон зүйлийг санахгүй байж болно” гэх /хх-ийн 94-95, 294х/,

ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн бүртгэлд 2018.05.03-наас 2018.05.06 хүртэл өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Фэйс” бааранд бусдад зодуулж толгойгоо хагалуулсан гэх эрэгтэй хүн бүртгэгдээгүй тухай тодорхойлолт /хх-ийн 120х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эрдэнэ-Очир, шүүгдэгч Т.Бээс нийт 129,000,000 төгрөг буюу сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, эмчилгээний болон ажилгүй үеийн цалинд 29,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч шүүх хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эрдэнэ-Очир шүүгдэгч Т.Бээс 6,080,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд баримтаар авагдсан эмчилгээний зардал 3,967,665 төгрөг болсон тул хавтаст хэрэгт баримтаар авагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж шүүх үзлээ. 

Энэ хэргийн улмаас хохирогч нь хүнд гэмтэл авсан байх тул цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигин овогт Төмөрбаатарын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД