Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00958

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******-т холбогдох,

цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 585 559 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.                                                                                                              

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******,,, нь хэрэглэгчийн 1009446 кодтой, 118886 дугаар бүхий, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг ******* нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй, гэрээний үүргийн 2.2.3, 2.2.11, 4.9, 7.16, 2.2.9, 7.7, 6.7, 6.9 дэх заалтуудыг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас төлбөр, алданги нь хоног тутам, нэмэгдсээр байна. ******* нь 2013 оны 03 дугаар сараас 12 сар хүртэл, 475.033 төгрөг, 2014 оны 1 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөр 110.526 төгрөг, нийт төлбөр 585.559 төгрөгийг төлөхгүй хохирол учруулсан байна. Хэрэглэгчийн тайлан гаргасан 2013 оны 2 дугаар сард төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Манайд гал гарсан талаар манайд хандаж мэдээлэл, дуудлага ирүүлж байгаагүй, иймд хариуцагч *******ээс  цахилгаан эрчим хүчний төлбөр болох 585.559 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2009.07.12-ны шөнө 2012.01.26-ны шөнө гал гарч манайх 2 дахин галд шатаж орон гэргүй болсон галын дүгнэлт манайхаас хамааралгүй хажуу айлуудаас гал орж ирсэн. 2009 онд гарсан гал нь хажуу айлын яндан цоорсноос цог унаж гал гарсан. 2012 онд цахилгаан хэрэгслээс шалтгаалан гарсан гэв. 2012 оны гал гарснаас хойш ойр орчмын айлуудын бүх кабелуудыг сольсон. Гэр оронгүй болоод өвөл Лүн суманд ээжтэйгээ очиж амьдарсан. 2014 оны хавар цахилгааны төлбөр 400 гаруй мянган төгрөг надаас нэхэхэд цахилгаан хэрэглээгүй гээд эрчим дээр очиж тоолуураа салгуулсан. Гэтэл асуудлыг шийдэж өгөхгүй өдийг хүргэж алданги нэмэгдэж нэхэмжилсэн байна. Өвлийн хүйтэнд орон гэхгүй би хаана цахилгаан хэрэглэснээ мэдэхгүй байна. Би ганц бие бие муутай харвалт саажилт өгсөн, 2015 оны 08 сард эмнэлгээс өрхийн хяналтанд очсон. Эм тариагаа алданги онон авч ууж байна. Би 2013 оны цахилгаан хэрэгслийн төлбөрийг төлөх чадвар байхгүй. 2014 оны 105.526 төгрөгийг төлнө. 2014 оны 105.526 төгрөгийг 3 удаа хувааж төлнө. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч******* нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 585 559 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч ******* нь цахилгаан эрчим хүчийг хэрэглээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхөөс татгалзсан байна.

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2014.01.14-ний өдрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу ******* нь үйлчилгээний төлбөрт тодорхой хэмжээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

            Нэхэмжлэгч тал 2013 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 475 033 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын төлбөр болох 475 033 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Харин 2014 оны 01 дүгээр сараас 12 сарын 31-нийг хүртэлх 110 526 төгрөгийг хэрэглэгч төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал 3 хувааж төлөхийг зөвшөөрсөн болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь: 

1. Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч С.Мөнхцэцэгээс 110 526 төгрөгийг гаргуулж*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 475.033 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулж*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18217 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                     Д. ЭНХЦЭЦЭГ