| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0564/Э |
| Дугаар | 561 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 561
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Э-гийн Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Азийн хөгжлийн банкинд зөвлөх ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 000 дүгээр хороо, ХХХХ хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-гийн Э /РД: ХХ0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн зам, Хүннү Молл худалдааны төвийн урд замд “ХХХХХ” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.З-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Э: “...Өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, хохиролд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт баримтаар 630,000 төгрөг, мөн дансаар 1,500,000 төгрөг өгсөн, баримтгүй хүүхдэд өгсөн зардлаа оруулж тооцоогүй, хүүхдийн биед гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн зам дээр 00-00 ХХХ улсын дугаартай Бенз ML350 маркийн автомашинд явган хүний гарцан дээр миний хүүхэд эмээ А-ийн хамтаар мөргүүлж зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хоёр газар хугарсан. Энэ ослоос болж эмнэлэгт хэвтээгүй. Хөлөндөө гипс тавиулж гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор хүүхдийнхээ эмчилгээнд 300,000 орчим төгрөг зарцуулсан. Зам тээврийн осол гаргасан жолооч зохих хэмжээгээр тусалж байгаа. ...Осол гаргасан жолооч эмчилгээний зардал болон бусад хохирлыг бүрэн барагдуулсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй...” /хх-ийн 19-20, 85/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн зам, Хүннү молл худалдааны төвийн урд замын явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар нь ач хүү 6 настай, З-ийн хамт хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарсан. Зам хөндлөн гарч байхад нэг жийп маркийн автомашин их хурдтай орж ирээд баруун талын толь хэсгээрээ миний зүүн талын хацар хэсэг рүү шүргээд унагаасан. Тухайн үед би ач хүү З-г зүүн гарандаа хөтлөөд явж байсан. Намайг шүргэгдээд унах үед Золбоо мөн татагдаад газарт унасан. ...З бөгсөөрөө газар суусан зүүн хөлөө бариад уйлаад байсан. ...Тэгээд удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирсэн. ...Энэ ослоос болж миний тархи хөдөлсөн, зүүн хацар хавдсан. Харин манай ач хүү Золбоогийн зүүн хөл хугарсан. Тэгэхдээ эмнэлэгт хэвтээгүй. Осол гаргасан жолооч эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 24/ гэсэн,
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн зам дээр өөрийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Бенз ML350 маркийн автомашинтай ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 3 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байтал явган хүний гарцтай хэсэг дээр машин явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байсан. Урдаас нар тусаад байхаар нь нарныхаа хаалтыг буулгаад явж байхад миний урд 2 дугаар эгнээнд явж байсан машин гарцаар гараад явахад би араас нь дагаад гарах үед хүүхдээ хөтөлсөн эмэгтэй хүн явган хүний гарцаараа хойноосоо урагшаа чиглэлтэй гүйгээд гарч ирээд миний машины баруун талын толинд цохигдоод газарт унасан. ...Би түргэн тусламж болон цагдааг өөрийнхөө утсаар дуудсан. ...Би эмчилгээнд нийт 630,000 төгрөг, мөн 1,500,000 төгрөг төлж барагдуулсан байгаа...” /хх-ийн 58-59/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6326 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.А-ийн биед дээд уруул, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн дээд 3, 4 дүгээр шүдний сулрал, доод зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, зүүн гарын сарвуунд зулгаралт, цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 33/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6322 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.З-гийн биед зүүн хөлийн шаант ясны далд зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 35/ гэсэн,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн №40024 дугаар хуудас “...1. Бенз ML350 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал өнгө үзэмж стандартын шаардлага хангахгүй байна.
2. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын толь цацарч хагарсан, урд буфер баруун гар талын булангийн будаг бага зэрэг халцарсан, зүүн гар талын крило нь бага зэрэг хонхойсон, иж бүрдэл, дагалдах хэрэгсэл дутуу байна.
3. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын толь цацарч хагарсан эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байж болох. Урд буфер баруун гар талын булангийн будаг бага зэрэг халцарсан, зүүн гар талын крило хонхойсон эвдрэл гэмтэл нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байна.
4. Ослоос өмнө үүссэн эвдрэл, гэмтэл нь осолд нөлөөлөхгүй.
5. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулалт ABS системтэй. Тоормосыг тоног төхөөрөмж болон жолоодлого хийж шалгаж үзэхэд стандартын шаардлага хангаж байна.
6. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт ABS тоормосны системтэй. Тоормос гишгэх үед тоормосны үед тоормосны мөр замын нөхцөл байдал, автомашины хурднаас хамаарч тасалдах байдлаар үүснэ...” /хх-ийн 39-46/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/,
- Өргөдөл /хх-ийн 13/,
- Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 48/,
- Наадамчдын зам, Хүннү их дэлгүүрийн урд явган хүний гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим /хх-ийн 63/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 32, 37, 77-83/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 77-78/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/,
- Шүүгдэгч Э.Э-ийн хувийн байдалтай холбоотой гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 66/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67/, жолоочийн лавлагаа /хх-ийн 69/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 70-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн зам, Хүннү Молл худалдааны төвийн урд замд “Бэнц-МЛ 350” загварын 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоо жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл бюу 5.32 тэмдэг)-ын өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухай уулзьар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, захицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.З-г мөргөж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны далд зөрөө бүхий хугарал хүндэвтэр хохирол, явган зорчигч Д.А-гийн эрүүл мэндэд дээд уруул, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн дээд 3, 4 дүгээр шүдний сулрал, доод зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, зүүн гарын сарвуунд зулгаралт, цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн зам дээр явган хүний гарцан дээр миний хүүг эмээ А-гийн хамтаар 00-00 ХХХ улсын дугаартай Бенз МЛ350 маркийн автомашин мөргөж, миний хүүгийн биед зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хоёр газар хугарсан...” /хх-ийн 19-20/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Д.А-ийн “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Яармагийн зам, Хүннү молл худалдааны төвийн урд замын явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар нь ач хүү 6 настай, З-гийн хамт хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарсан. Зам хөндлөн гарч байхад жийп машин их хурдтай ирээд баруун талын толь хэсгээрээ миний зүүн талын хацар хэсэг рүү ширгээд унагаасан. Тухайн үед би ач хүү Золбоог зүүн гарандаа хөтөлсөн хөтлөөд явж байсан, намайг шүргэгдээд унах үед Золбоо мөн татагдаад газарт унасан. ...З бөгсөөрөө газар суусан зүүн хөлөө бариад уйлаад байсан. ...Тэгээд удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн. ...Энэ ослоос болж миний тархи хөдөлсөн, зүүн хацар хавдсан. Харин манай ач хүү З-гийн зүүн хөл хугарсан...” /хх-ийн 24/ гэсэн, шүүгдэгч Э.Эийн: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн зам дээр өөрийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Бенз МЛ350 маркийн автомашинтай ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 3 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурцтай явж байтал явган хүний гарцтай хэсэг дээр машин явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байсан. Урдаас нар тусаад нарныхаа хаалтыг буулгаад явж байхад миний урд 2 дугаар эгнээнд явсан машин гарцаар явахад би араас нь дагаад гарах үед хүүхдээ хөтөлсөн эмэгтэй хүн явган хүний гарцаараа хойноосоо урагшаа чиглэлтэй гүйж гарч гарч ирээд миний машины баруун талын толинд цохигдоод газарт унасан...” /хх-ийн 58-59/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны шинжээчийн №6326, №6322 дугаартай дүгнэлтүүд, /хх-ийн 33, 35/, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн №40024 дугаартай хуудас /хх-ийн 38-46/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 48/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд зүүн хөлийн шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.А-ийн эрүүл мэндэд дээд уруул, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн дээд 3, 4 дүгээр шүдний сулрал, доод зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, зүүн гарын сарвуунд зулгаралт, цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, насанд хүрээгүй хохирогч Б.З, иргэний нэхэмжлэгч Д.А нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн 2,130,000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 77-78, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, иргэний нэхэмжлэгч Д.А нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 86, 87/ гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь хохирол төлбөрт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, иргэний нэхэмжлэгч Д.А нарт 2,130,000 /хоёр сая нэг зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжилж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР