Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 566

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч П.Энхболд /томилолтоор/, хохирогч Л.Л, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 000  дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын Б /РД: ХХ00000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Л.Л-оос цалингийн зээл хаачихаад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбараас 6,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 000000 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч Л.Л “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байхад Б би төрийн ордонд үйлчлэгч хийдэг, цалингийн зээл авах гэсэн юм, та надад туслаач гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би уулзаад үзье гээд Хан-Уул дүүргийн Хаан банкан дээр уулзаад ажлын газрынхаа үнэмлэхийг үзүүлсэн. Би өмнө нь төрийн тусгайд ажиллаж байхдаа энэ хүнийг төрийн ордноос орж, гарч байгааг нь харж байсан. Би мөнгийг нь шилжүүлэхээр болоход Б банкны зээлийн эдийн засагчтай уулзана гээд явсан. Би мөнгөө шилжүүлчихээд дээш гартал Б байхгүй болчихсон байхаар нь би хууртчихсан болов уу гэж бодсон. Тэгээд би 2-3 хоногийн хугацаатай хөдөө явсан. Би хөдөө очоод Б-тай утсаар ярьтал Б “таныг ирэнгүүт мөнгийг чинь хийчихнэ, та дансаа явуулаарай” гэсэн. Хотод ирээд 4-5 хоног Б-гийн утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Иймд би төрийн ордны ойролцоо явж Б-г хайдаг болсон, Б, У нар уулзаад хоорондоо маргаад байсан, тэрийг нь би ойлгоогүй, энэ хүний мөнгийг төлөхгүй, та төлөх ёстой гээд маргаад байсан. Үүнээс өмнө би Болормаагийн ажил руу нь утасдахад Болормаа Уянгын дугаарыг өгөөд энэ хүн таны мөнгийг өгнө гэсэн, тэгэхээр нь би Уянгын очиход Уянга байхгүй байсан. Тэгээд би 9 сарын үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Үүнээс хойш 2 жил өнгөрсөн, би мөнгө аваагүй байгаа. Би 7,200,000 төгрөг нэхэмжилж байна. Би Б-д мөнгөө алдсанаас хойш тэтгэврийн зээл авсан, эхнэр, хүүхдээ тэжээхийн тулд мөнгө хэрэгтэй болсон. Би орон сууцны зээлтэй, мөн шүүх, цагдаагийн байгууллагаар явсан зардлаа тооцоод 7,200,000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б: “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед У над руу залгаад “би 6.000.000 төгрөгийн машины зээлээ хаах гэсэн юм, гэтэл эрхэлсэн ажилгүй хүнд 6.000.000 төгрөг өгөхгүй гэсэн, тиймээс та ажил хийж нийгмийн даатгал төлдөг учир та надад мөнгө зээлээд өг” гэж хэлсэн. У нөхрийнхөө машиныг 16.000.000 төгрөгөнд нэмж тавиад ээжийн эмчилгээний зардалд хэрэгтэй байна гээд уйлаад намайг ятгасан тул би хохирогчтой Хан-Уул дүүргийн Хаан банкны салбар дээр уулзсан. Л гэрээ байгуулъя гэхээр нь би нотариат орох уу гэхэд Л миний үнэмлэхийг хуулбарлаж аваад миний данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Миний дансанд 6.000.000 төгрөг орж ирэхэд нь би У руу ярихад “би ээжтэйгээ хамт явж байна, та нөгөө хүмүүсээс авсан мөнгийг явуулж бай, би машиныхаа мөнгийг аргалахаар болчихлоо” гэсэн. Би У-тай ярихад У “би хавдар судлал дээр ээжийгээ үзүүлээд явж байна, би дүүгээсээ мөнгө авахаар болчихлоо, та А-гийн өрийг өгчих” гэсэн. Би Сүхбаатар дүүргийн шүүхэд У-д холбогдох хэрэгт 32.000.000 төгрөгөөр хохирсон, хохирогчоор явж байгаа. Л хөдөөнөөс ирээд над руу утсаар яриад байнга 6.000.000 төгрөгөө нэхээд байсан. Төрийн ордны ёслолын ордонд утсаар ярихыг хориглодог. Л надаас мөнгө нэхээд залгаад байхаар нь би байнга утсаар ярьж байгаад ажлын хурлаар орж, намайг ажлын цагаар байнга утсаар ярьдаг гээд ажлаас халсан. Би 6.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Би ажил хөдөлмөр хийгээд явж байсан бол 6.000.000 төгрөгийг төлөх боломж байсан. Гэхдээ өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болоод би 10 дугаар сард ажлаасаа халагдсан. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй. Л манай аав, ээжийн гэрийн гадна ирээд танай охин өндөр, бор охин байдаг гэж байнга дарамталдаг байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1950 дугаарын утсанд “зээл чөлөөлнө” гэж зар өгсөн. Тэгтэл 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 000000 гэсэн дугаараас Б гэх хүн залгаад “...би цалингийн зээл авах гэсэн юм, та 6,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй зээлээч...” гэсэн. Би тэр өдөр нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хаан банкин дээр Б гэх эмэгтэйтэй уулзахад зүс таних эмэгтэй байсан. Б надад хоёр хоногийн хугацаатай мөнгө зээлье, цалингийн зээл аваад 1,5 хувийн хүүтэй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би тухайн Хаан банкнаас 6,000,000 төгрөгийг Б-ийн Хаан банкны 5007404301 данс руу шилжүүлсэн. Тухайн үед гэрээ хийе гэхэд Б ахаа та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ, банк хаах гээд байна гээд байсан. ...Би мөнгөө шилжүүлчихээд банк руу ороход Б байхгүй, явчихсан байсан. Түүний хэлснээр хоёр хоног болоод Б руу залгаж ярихад манай зээлийн батлан даагч эмнэлэгт хэвтэж байна, гараагүй, маргааш болъё гэж хэлсэн. Маргааш нь дахиад утасдахад миний зээлийн хэмжээ бага гарах гээд байна, би банкны захиралтай нь уулзаад зээлийн хэмжээг нь нэмүүлж мөнгө авна, тэгээд өгье гэж хэлсэн. Маргааш нь би дахиад ярихад нэг бичиг баримт дутуу байна, зээл бүтнэ гэж хэлсэн. Мөн дараагийн өдөр дахиад ярихад утсаа авахгүй надаас зугтаах болсон. Тэгээд Б надад таны мөнгө алга, би таны мөнгийг Уянга гэх хүнд өгсөн, та тэр хүнээс авчих гэж хэлсэн. Тэгээд Б-ийн хамт У-тай уулзахад би танаас авсан 7,000,000 төгрөгийг Б-д өгсөн, би танд өргүй, та битгий миний нэрийг барьж залилан хийгээд бай гэж хэлсэн. ...Б надаас цалингийн зээл хаах гэсэн юм хэмээн 6,000,000 төгрөгийг зээлсэн, сүүлдээ миний мөнгийг цалингийн зээлэнд хэрэглээгүй нь тодорхой болсон...” /хх-ийн 33-34, 35, 38, 39/ гэсэн,

 

Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б эгч надад би хүнээс 6,000,000 төгрөг зээлчихсэн, чи зээлээ бүтвэл нөгөө мөнгөө өгөөрэй гэж хэлж байсан. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Л гэх хүнийг дагуулан ажил дээр ирж уулзсан. Л гэх хүн Б эгчийг мөнгө авсан, залилсан гээд байсан. Би тэр хүнд Б эгчид 2,500,000 төгрөг өгөх ёстой, хэрвээ миний зээл бүтчихвэл би зээлсэн мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Би өөрийнхөө зээлийг чөлөөлнө гэж хэлээд Б эгчээс 2,500,000 төгрөг зээлсэн. Гэхдээ би уг мөнгийг Б эгч Л гэх хүнээс зээлэхээс өмнө зээлсэн. Бэгч надад хэлэхдээ би тэр хүнээс авсан мөнгөө банк бус байгууллагаас авсан цалингийн зээлээ чөлөөлөөд цалингийн зээл авсан гэж хэлсэн. Би Б-аар дамжуулж Л гэх хүнээс 6,000,000 төгрөг авсан зүйл байхгүй...” /хх-ийн 49-50, 51, 53/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Л-ийг танихгүй, тухайн үед зар харж байгаад зараас Л гэх хүний утасны дугаарыг авч Л-той яриад У гэх хүний зээлийг чөлөөлөх гэж авсан. ...Би Л-оос “манай дүү машины зээлтэй байгаа, зээлийг нь хаагаад дахин зээл авч таны мөнгийг өгнө” гэж хэлээд 6,000,000 төгрөгийг зээлж авсан, миний иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад, ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, эд зүйл барьцаалаагүй авсан. ...Нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” /хх-ийн 58-59/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 28/,

- Мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 29/,

- Хаан банкны дансны хуулга /хх-ийн 30, 74-110/,

- Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 130-133/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, ял шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цалингийн зээл хаачихаад өгнө гэж Л.Л-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Л-ийн “...2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1950-д зээл чөлөөлнө гэж зар өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 99996331 гэсэн дугаараас Б гэх хүн залгаад “...би цалингийн зээл авах гэсэн юм, та 6,000,000 төгрөгийг хоёр хоногийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй зээлээч...” гэсэн. ...Б надад хоёр хоногийн хугацаатай мөнгө зээлье, цалингийн зээл аваад 1,5 хувийн хүүтэй мөнгийг чинь өгчихье гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас 6,000,000 төгрөгийг Б-ийн Хаан банкны 00000 данс руу шилжүүлсэн. ...Б надаас авсан 6,000,000 төгрөгийг цалингийн зээлэнд хэрэглээгүй нь тодорхой болсон...” /хх-ийн 33-34, 35-39/ гэсэн, шүүгдэгч Б.Б-гийн “...Л-ийг танихгүй, тухайн үед зар харж байгаад түүний утасны дугаарыг авч Би Л-оос “манай дүү машины зээлтэй байгаа, зээлийг нь хаагаад дахин зээл авч таны мөнгийг өгнө” гэж хэлээд 6,000,000 төгрөгийг зээлж авсан, миний иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад, ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, эд зүйл барьцаалаагүй авсан. ...Нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” /хх-ийн 58-59/ гэсэн мэдүүлгүүд, хаан банкны дансны хуулга болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Б.Б-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Л-д 6,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Л нь өөрт учирсан шууд хохиролд 6,000,000 төгрөг, мөн зээлүүлсэн мөнгөний хүү, алданги 1,200,000 төгрөгийг нэмээд нийтдээ 7,200,000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт, мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Л-д 6,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан, олох ёстой байсан 1,200,000 төгрөгийн хүү, алдангийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-гаас 6,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Л-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөртөлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болох талаар заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 сард төрсөн, 5 сартай охиноо хараад гэртээ байгаа, энэ хэргээс болж ажлаасаа халагдсан гэж мэдүүлсэн бөгөөд шүүхэд гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар Б.Б-гийн С 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Б.Б нь хүүхдээ хардаг гэсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасны дагуу тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тоглоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, ялтан Б.Б хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б /РД: ХХ00000 Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай/-гаас 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулж хохирогч Л.Л /РД: ХХ00000, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, УС 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух  хаягтай/-д олгож, хохирогч Л.Л-ийн нэхэмжлэлээс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн 000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоногггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Д.АЛТАНЖИГҮҮР