| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2233001040124 |
| Дугаар | 2026/ХШТ/38 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ХШТ/38
Г.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 93 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр магадлалтай Г.У-т холбогдох 2233001040124 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.У
Шүүгдэгч Г.У нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.У-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Г.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай” гэж өөрчилж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Батзориг хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Үүнд:
1.Магадлалд “Сэлэнгэ аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар ажилд томилогдсон Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийг сумын санхүүгийн албанд хамааруулан, тухайн албаны нягтлан бодогч мэтээр дүгнэн, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаартай тогтоолоор батлагдсан “Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг норматив”-ын 1.1-д заасны дагуу албаны дарга нь ерөнхий нягтлан бодогч гэж байх тул ....... сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасанд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл “Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг норматив”-д сумын санхүүгийн албаны чиг үүрэг, бүтэц, орон тоог тусгаж, сумын засаг даргаас томилогдсон хүн үүрэг гүйцэтгэж байгаа ба 1.3-т санхүүгийн албаны нягтлан бодогч нарын чиг үүргийг тусгайлан зааж өгсөн байна. Дээрх 1.3-т заасан нягтлан бодогч нарын чиг үүргийг ....... сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч хүлээх үүрэггүй бөгөөд сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь сумын санхүүгийн албанд харьяалагдахгүй, сумын эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар томилогдон өөрийн ажил байдлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хоёр өөр байгууллагын албан хаагчийг нэг байгууллагын албан хаагч мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдлаас эрс зөрүүтэй дүгнэлт болсон.
Сэлэнгэ аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Г.У нь нэг нягтлан бодогчтой байгууллагад ажиллаж байх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасанд хамаарч байгаа тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэсний дагуу нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.
Мөн Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Төрийн буюу нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсноос тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг гэж тодорхойлсон ба эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Г.У-ийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.
2.Магадлалд “... хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг тухайн гэмт хэргийн субъект мөн эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш, гэмт хэргийн шинжгүй гэж шууд дүгнэсэн атлаа уг магадлалд дахин “... Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Энэ нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд тайлбарласантай нийцээгүй байна.
3.Мөн магадлалд “... анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалтыг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.У-т холбогдох хэргийг хэлэлцээд цагаатгах тогтоол гарсан байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай” гэж өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй. Учир нь анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэмт хэргийг шүүгдэгч Г.У үйлдээгүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9-д заасан “Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ба уг тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар хуульчилжээ. Тухайн гэмт хэргийг өөр этгээд үйлдсэн байх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй ба давж заалдах шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх анзаарч хараагүй нь хариуцлагагүй үйлдэл болжээ.
4.Прокуророос Г.У-ийг өөртөө төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг хууль бусаар нэмэгдүүлж, илүү мөнгө авсан үйлдэлд гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй эсэх, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл...” мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Г.У нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш юм бол ямар гэмт хэргийн субъект болох, түүний үйлдэл гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэснийг тус тус зөрчсөн байна.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцоно. Хэрэгт цугларсан баримтуудаар Г.У нь Сэлэнгэ аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар тус төвийн нягтлан бодогчоор томилогдсон байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлон заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд төсвийг захиран зарцуулах үйл ажиллагаанд биечлэн оролцож санхүүгийн баримтад гарын үсэг зурдаг эрх бүхий ажилтан уг хуулийн үйлчлэлд хамаарахаар байна. Хэрэв байгууллагад нэг л нягтлангийн орон тоо байвал хуульд өөр тусгай зохицуулалт хийсэн. Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасан. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь ганцаараа ажиллаж байгаа тохиолдол болон хэрэгжүүлж буй чиг үүрэгт дүгнэлт өгөх замаар ерөнхий нягтлан бодогч гэж үзэх, мөн авлигын гэмт хэргийн субъект гэж үзнэ. Анхан болон давж заалдах шатны шүүх сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь сумын санхүүгийн албанд харьяалагдахгүй, сумын эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар томилогдон өөрийн ажил байдлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж байхад сумын засаг даргын санхүүгийн албаны буюу хоёр өөр байгууллагын албан хаагчийг нэг байгууллагын албан хаагч мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдлаас эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай оролцож байгаа бөгөөд тайлбартаа энэ талаар бичсэн. Учир нь, шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагддаг бөгөөд прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгч энэ хэргийн субъект нь Г.У мөн эсэх талаар мэтгэлцдэг. Хэргийн үйл баримтын хувьд 462,000 төгрөг буюу төрийн алба хаасан нэмэгдлийг авсан талаар ямар нэгэн маргаан байхгүй. Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг судлаад үзэхэд 3 үндсэн хууль тогтоомжийг эш татаж өмгөөллийн дүгнэлтийг гаргаж байсан. Үүнд Төсвийн тухай хуульд нягтлан бодогч нь ерөнхий болон ахлах нягтлан бодогч гэсэн хоёр төрөлтэй байхаар хуульчилсан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ” гэж хуульчилсан. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай Г.У-ийг ....... сумын эрүүл мэндийн төвд ажилд авсан тушаалыг уншаад үзэхэд ерөнхий нягтлан бодогч болон ахлах нягтлан бодогч гэсэн нэр томьёо аль аль нь байхгүй бөгөөд “нягтлан бодогчоор авсан” гэж байдаг. Тиймээс хуульд хуульчилсан ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэдэг нэршил нь тухайн тушаал дээр байхгүй. Иймээс тодорхой хэмжээнд нягтлан бодогч гэж үзэж байгаа боловч нэршлийн хувьд энэ гэмт хэргийн субъект болж чадахгүй байна. Гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэж хуульчилсан. Гэтэл нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.У нь өөртөө давуу байдал бий болгох чадвар буюу гарын үсэг зурах, баталгаажуулж, тухайн мөнгийг авах боломж байхгүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад хэн гэдэг хүн зааварчилсны дагуу бодолт хийж авсан гэдэг нь хэргийн материалаас тодорхой харагддаг. Цалингийн хүснэгтийг бодсоны дараа нэгдүгээр гарын үсгийг байгууллагын дарга зурж, түүнийг баталгаажуулдаг. Улмаар цалингийн хүснэгт төрийн сан руу яваад, төрийн сангийн мэргэжилтэн хянаж үзээд болсон байвал цааш нь санхүүгийн албаны дарга нь гарын үсэг зурж баталгаажуулж, цахим санд байршуулж, тухайн байгууллагын цалинг олгох эрх нь нээгддэг. Тиймээс үүний цаана тухайн баталгаажуулсан гарын үсэг зурсан, тамга, тэмдэг дарсан хүмүүс нь энэ хэрэгт огт шалгагдаагүй бөгөөд ганцхан Г.У шалгагдсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Г.У-ийн үйлдэл орох боломжгүй. Шинжээчийн дүгнэлт 7 дугаар хавтаст хэргийн 27-40 дүгээр талд авагдсан. Тухайн шинжээчийн дүгнэлтэд “Г.У нь 462,000 төгрөгийг илүү бодож олгосон” гэж байдаг. Өөрөөр хэлбэл, илүү бодож өөртөө авсан гэдэг үг, өгүүлбэр огт байхгүй. Тиймээс олгосон байна гэдэг нь тухайн мөнгийг олгосон, түүнийг нь баталгаажуулсан албан тушаалтан байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээс ойлгож болно. Эдгээр нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгт дурдсан хуулийн зохицуулалт нь энэ байдлыг нотолж, дүгнэсэн учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүгдэгч Г.У нь Сэлэнгэ аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д “11-15 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувь, 16-20 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хувиар бодож олгох” гэснийг тус тус зөрчиж, төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байхдаа ....... сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтыг засварлан өөрт олгогдох нэмэгдлийг 15 хувиар тогтоож 124,854 төгрөг, 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 542,945,98 төгрөгийн илүү нэмэгдэл цалин бодож авсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүгүй тогтоожээ.
3.Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримтууд цугларсан, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гараагүй байна.
4.Харин шүүхээс Г.У-ийг “нийтийн албан тушаалтан”-д хамаарахгүй хэмээн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний зөрүү гаргасан нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болов.
5.Анхан шатны шүүх нягтлан бодогчийн ажил үүргийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж зохицуулсан нь ерөнхий агуулгатай, харин Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд ... төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байна” гэж заасан нь нарийвчилсан зохицуулалттай хууль гэж үзэхдээ хэм хэмжээний өрсөлдөөний онол, зарчимд тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаагүй, чухам ямар үндэслэлээр ерөнхий болон нарийвчилсан зохицуулалттай хууль гэж үзэн Г.У-ийн хэргийн тохиолдолд хэрэглэх болсон нь тодорхой бус байна.
Улмаар анхан шатны шүүх Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж заасан тул Сэлэнгэ аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Г.У гэмт хэргийн субъектэд тавигдах шаардлага хангаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүх дээрх хууль хоорондын зохицуулалтын агуулга, аль хуулийг хэрэглэх үндэслэлтэй талаар дүгнэлт хийж, цагаатгах тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянахгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар “Санхүүгийн алба байгуулах тухай” тогтоолоор суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг Засаг даргын Тамгын газарт байгуулсан санхүүгийн албанд нэгтгэсэн гэж үзэж, Г.У-ийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасны дагуу ахлах нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
6.Эрх мэдэл, албан тушаалаа урвуулахдаа Төрийн өмчийг хувьдаа ашиглан шамшигдуулсан үйлдэл нь зүйлчлэлийн хувьд албан тушаалын эсрэг гэмт хэрэг мөн боловч шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал олж авсан шинжээрээ зарим тохиолдолд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй ижил төстэй шинжийг агуулах нь бий.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн үйлдэлд хамаарч болох өөр өрсөлдөх хэм хэмжээний талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулснаас цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг шүүхэд очтол Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 93 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ