Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 104

 

Б.Ган-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2016/00349 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын  Магсаржав багийн 3-р 60 айлын  45 тоотод оршин суух Халх овогт Баасандоржийн Ган-Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-р 60 айлын 45 тоотод оршин суух Олохун овогт Баянбатын Борхүүд  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ган-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хариуцагч Б.Борхүү, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмж гаргуулах, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Б.Ган-Очир би 1973 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Би 1998 онд албан ёсны гэр бүл болж Б.Борхүүтэй хамт амьдарч 2000 онд охин Б.Цолмонтуяа, 2002 онд охин Б.Баярцэцэг, 2009 онд хүү Б.Жанцанноров нар тус тус төрсөн. Амьдрах хугацаандаа 2000 оноос эхлэн зодож эхлэсэн, архи их уудаг, уурлахаараа толгой руу ихэвчлэн цохидог, цайны алхаар гар луу цохидог, тамхины галаар хүртэл түлдэг машины маниулаар нүүр лүү цохих зэргээр архи уухаараа хэдэн хоногоор ч хамаагүй гэртээ ирэлгүй архи уупагаас гадна хүүхдүүддээ тухайлбал том охиноо хувцасны шкаф руу шидэж байсан удаатай. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гадуур бусадтай удаа дараа дотно харьцаа үүсгэгдснээс болж 2003 онд 3 сар тусдаа амьдраад Б.Борхүү уучлалт гуйхаар нь хүүхдээ бодоод уучилж байсан удаатай. 2003 ондоо эвлэрээд удаагүй байхдаа бэлгийн замын халдварт өвчин авч ирж би эмчлүүлсэн. 2005 оноос биеэ даагаад гутал, пүүзний наймаа хийж зөөлөн бараа буюу хувцас хунао зарж хүний контейнар түрээслэж байсан, 2006 онд Баруун бүсийн контейнар худалдан авч гэр бүлийн амжиргаагаа авч явдаг байсан. Энэ үед нөхөр Б.Борхүү нь гэр бүлийн гадуурх амьдралтай архи уугаад байнгын барьж зодох хэл амаар доромжлох зэрэг хэцүү нөхцөлтэй байдаг байсан ч хүүхдүүддээ бодоод тэсээд уучлаад амьдарч байсан. Би олон шөнө гэрээсээ хөөгдөж гадаа жорлонд уйлж хонодог байсан. Наймаандаа Улаанбаатар хот яваад ирэхэд ч гэр орон тоохгүй байнга хардаж зодуулдаг 2008 онд дахин 1 контейнар худалдаж авсан 2009 онд Тахилт багт хашаа худалдаж авсан. 2009 онд би баг хүүгээ төрүүлэхэд наад хүүгээ хог дээр хая гэж дарамталж эмнэлэгт эргэлт тойролтгүй олон хоногоор архи уугаад алга болж байсан. Б.Борхүү намайг чи 2 охин жингэр төоүүлсэн одоо бас л жингэр гаргах гэж байгаа байлгүй гэж цохиж байсан би гэдэсээ хамгаалаад гүйж байж болиулж байсан жингэр гэж охидуудаа байнга дуудаж хэл амаар доромжилдог. Одоо хүртэл 2 өсвөр насны охидоо байнга жингэр гэж дууддаг. Энэ бүхнийгээ Б.Борхүү архинаас болдог гээд байхаар нь 2010 онд Магсаржав багт 30 айлын 2 өрөө орон сууц худалдаж авсан. 2009, 2010 онд намайг жирэмсэн байх үед Б.Борхүү нь Эрээн явж наймаа хийж эхэлсэн бөгөөд архи уух нь урьдахаасаа нэмэгдэхээр нь 1 ой 2 сартай хүүхдээ орхиод би наймаандаа зах дээр зогсож эхэлсэн. Б.Борхүүг архинаас нт гаргах гээд 2 бөө Улаанбаатар хотоос авч ирж ном уншуулж байсан. Сарын дараа дахин нөгөө бөөгөөрөө ном уншуулж байсан. Нийлээд 2,300,000 төгрөгний зардал гарсан боловч архинаас гараагүй. 2014 онд ОХУ руу 1,800,000 төгрөгөөр архины эмчилгээ хийлгэж архинаас гарсан. 2014 оноос Б.Борхүү огт архи уухгүй болсон бөгөөд ааш зан нь бүр хүн хажууд нь амьдрах аргагүй байдалтай болсон. Би 3 хүүхэдтэйгээ байнгын айдастай байдаг болсон. Тухайлбал: Хоол хийсэн том охин Б.Цолмонтуяа руугаа амтгүй хоол хийсэн гэж халуун хоол цацаж, эсвэл бид нар луу хутга барьж дайрдаг, бид хоолоо хийчээд дараа нь байнга хутгаа нуудаг амьдралтай болсон. Одоо байнга гадуур бусадтай гэр бүлийн харьцаанд ордог бөгөөд 7,8 хоногоор хонодог хэвээр байна. 2016 оноос Хас банкинаас 35,000,000 төгрөгний зээл авсан, хүүхдүүдийн хадгаламжаа барьцаалж мал авч Улаанбаатар хот руу зарах бизнес хийдэг болсон. 2016 онд малчинтай болсон бөгөөд Баатархайрхан уулын хажууд гэр барьж 2 малчин авсан. Үүнээс хойш малчны гэрт хонож байна гээд бараг гэртээ ирэхээ болисон гэртээ ирэхээрээ байнга уурладаг шалтаг хайдаг. Энэ өвөлжин 48 айлын хавиар эргээд хүнтэй нийлээд байгаа тухай удаа дараа сонсож байсан. 2006 онд 2 дугаар сарын 20-ноор Улаанбаатар хот руу мал ачсан Б.Борхүү 3 хоногийн дараа явах байсан боловч ирэхдээ жижиг машин авна гэж байсан 2 хүүхэд чинь оюутан болох гэж байна, машинтай хүн машинаар яах гэ байгаа юм гэхэд л уурласан. Б.Борхүү 95802392 дугаартай утсанд сайхан амарсан уу миний хайрт гэсэн мсж ирсэн дугаар нь 96889630 дугаараас ирсэн. Мөн удаа дараа шалтаглаж гадуур хонож алга болоод байхаар нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед ялимгүй зүйлээр хэрүүл хийгээд гараад явсан. Такси аваад араас нь дагахад 48 айлын орон сууцанд очсон тэндээсээ ногоон нэхий дээлтэй, хар цүнхтэй намхан нуруутай хүүхэнг машиндаа суулгаад ховдыг 2 удаа тойрсон тэгээд би такситайгаа араас дагаж байгаад Хийдийн тэндээс алдсан тул буцаад 48 айлын орон сууцны хажууд ирэхэд араас тэнд нөхөр маань нөгөө хүүхнээ буулгаад намайг харихаас өмнө гэртээ ирсэн байсан. Тэгээд гэртээ ороод би чамайг дагаад гээд болсон бүх зүйлийг хэлэхэд ална шүү чамайг гээд айгаад би болисон. Маргааш өглөө нь цай хийсэнгүй гэж толгой цохиж хайчаар бүлж ална гээд дайрахад манай том охин салгасан. 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр найз 11:30 минутын үед өөрийн найз Гүльнар, Хишгээ нарын хамт захаас гарч явахад Б.Борхүү машинтайгаа гараад ирсэн тэгэхээр нь такси бариад дагаад явахад захын дээд талын Энхтайвны хүнсний дэлгүүрээс гараад ирсэн. Ийм учраас би цаашид Борхүүтэй хамт амьдрах боломгүй. Хөрөнгөн дээрээ бол эвлэрсэн учраас би хүүхдүүддээ тэтгэмжээ тогтоолгоод гэрлэлтээ цуцлуулна” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие 2013 он хүртэл архийг баяр ёслолоор бага хэмжээгээр хэрэглэж байсан бөгөөд 2013 оноос өдийг хүртэл огт архи дарс хэрэглээгүй.

Анх гэр бүл болоход миний эцэг, эх миний өмчлөлд өгсөн малыг зарж, ХОА 77-14 улсын дугаар бүхий Зил 130 маркын чиргүүлтэй автомашин худалдаж авч, нүүрс, төмөр болон холын бусад тээвэрт явж анх бизнесийн гараагаа эхлүүлсэн. Машинаа зарж бизнесээ өргөжүүлж зах дээр контейнер авч наймаа хийж эхэлсэн. Бидний өнөөгийн амьдралыг өдий дайны болгох гэж хэн хэн нь зүтгэж хөдөлмөрлөж ирсэн.

Нэхэмжлэгч Б.Ган-Очирын нэхэмжлэлдээ дурьдсан шиг эхнэр, хүүхдүүдээ хэл амаар доромжилж, зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байгаагүй. Б.Ган-Очир нь байнга хардаж хэрүүл маргаан үүсгэдэг. Түүний найз болох Хишгээ, Гүльнар нар нь миний тухай худал мэдээллийг Б.Ган-Очирт байнга ярьж, гэр бүлийн дунд хэрүүл маргаан үүсгэдэг. 2016 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Б.Ган-Очир нь Хишгээ, Гульнар нарын хэлсэн үгээр шалтаглаж намайг гэрээс хөөсөн. Түүнээс хойш би олон удаа гэртээ очиход хаалга тайлж өгөөгүй. Надад байсан гэрийн түлхүүрийг гэрээс хөөсөн өдөр авсан учир би гэртээ орж чадалгүй өдийг хүрсэн. Гэрээс хөөгдөхдөө өмсөж байсан хувцастайгаа гарсан учир одоо хүртэл хувцасаа авч сольж чадахгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 17-нд гэртээ очиход хүүхэд хаалга тайлж өгсөн. Б.Ган-Очир намайг гэрээс хөөж, миний 3,4 хувцас үүд рүү шидээд байхаар түүнийг аваад би гарсан. Би гэр бүлээ цуцлуулах бодолгүй байна. Б.Ган-Очирт гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өнчрүүлэх шалтгаан өөрт нь байгаа гэж бодож байна. Миний 3 хүүхэд бидний хоорондын маргаанд ямар ч буруугүй. Одоо бид нар дундын эд хөрөнгөн дээрээ эвлэрээд гэрээгээ байгууллаа ийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү би хүүхдүүддээ тэтгэмжээ төлөх болно гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2016/00349 дугаар шийдвэрээр: “1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Олохун овогт Баянбатын Борхүү, Халх овогт Баасандоржийн Ган-Очир нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 06 сарын 05-нд охин Б.Цолмонтуяа, 2002 оны 11 сарын 26-нд охин Б.Баярцэцэг, 2009 оны 03 сарын 24-нд хүү Б.Жанцанноров нарыг эх Б.Ган-Очирын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2000 оны 06 сарын 05-нд охин Б.Цолмонтуяа, 2002 оны 11 сарын 26-нд охин Б.Баярцэцэг, 2009 оны 03 сарын 24-нд хүү Б.Жанцанноров нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Борхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч охин Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг, Б.Жанцанноров нарыг өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Б.Борхүү, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Ган-Очир нарт тус тус даалгасугай.

5.Зохигчид нь дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 45 тоот 2 өрөө орон сууц, Баруун Бүсийн Төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот 1 ширхэг контейнерийг Б.Ган-Очирын өмчлөлд үлдээх, хариуцагч Б.Борхүү нь Хас банкны Ховд салбарын Ирээдүйн саятан хадгаламжид охин Б.Баярцэцэгт 11 000 000 төгрөг, охин Б.Цолмонтуяад 10 460 000 төгрөг, нийт 21 460 000 төгрөгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хийж байршуулах, хариуцагч Б.Борхүүд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-10б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, Баруун Бүсийн Төв зах дээр байрлах 238 тоот 1 ширхэг контейнер, Navara маркийн 56-61 ХОҮ улсын дугаартай бага оврын жийп 1 ширхэг, өөрийн цай уудаг их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд үлдээх, Хас банкинд барьцаалсан орон сууцны зээл 15 531 481 төгрөг, бизнесийн зээл 34 932 481 төгрөг, нийт 50 463 962 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ган-Очир, хариуцагч Б.Борхүү нар нь хоёр хувааж, тус бүр 25 231 981 төгрөгийн зээлийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт үл маргах журмаар төлөх, хариуцагч Б.Борхүү нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, нэхэмжлэгч Б.Ган-Очир нь охин Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг нарын Хас банкны хадгаламжид 21 460 000 төгрөг шилжиж орсны дараа үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар эвлэрснийг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидад даалгасугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч  Б.Борхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ган-Очирт олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Анхан шатны шүүхэд Хас банкнаас зээл авч нядлуулан Улаанбаатар хот руу зарж борлуулсан арьс, махны үнэ болох 48.000.000 төгрөг дээрх хөрөнгүүдийг анхан шатны шүүхэд гэр бүлийн маргааныг шийдвэрлэх хүртэл битүүмжлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шийдвэрлээгүй, яаж шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдээгүй. Одоо миний бие аав, ээжийнхээ таван ханатай гэрт толгой хорогдож байна. Миний эхнэр Б.Ган-Очир нь гэр бүлээ цуцлуулж амжаагүй байхдаа Д.Ганхуягтай миний хоёр өрөө байранд амьдарч, миний хоёр машиныг унаж бусад эд хөрөнгүүдийг захиран зарцуулж хэрэглэж байна. Шүүх болон шүүхийн ажилтан хувийн сонирхолоор хандан миний болон миний дүүгийн эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг Б.Борхүүд холбогдуулан гаргажээ.

Гэрлэгчид 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр (1) гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон, (2) охин  Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг, хүү Б.Жанцанноров нарыг эх Б.Ган-Очирын  асрамжид үлдээх,(3) Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  эцэг Б.Борхүү нь охин  Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг, хүү Б.Жанцанноров нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөх,  (4) дундын өмчлөлийн эд хөрөнгөөс Ховд аймгийн  Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 45 тоот 2 өрөө орон сууц, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот контейнерыг Б.Ган-Очирт, (5) Б.Борхүү нь Хас банкны Ховд салбарын “Ирээдүйн саятан” хадгаламжид охин  Б.Цолмонтуяад 10460000 төгрөг, охин Б.Баярцэцэгт 11.000.000 төгрөгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хийж байршуулах,  (6) Ховд аймгийн Жаргалант сумын  Хайрхан багийн 1-10б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 238  тоот контейнер, Navara маркийн  56-61 ХОҮ улсын дугаартай бага оврын жип, их гарын мөнгө аяга 1 ширхгийг Б.Борхүүгийн өмчлөлд үлдээх, (7)  Хас банкинд барьцаалсан орон сууцны зээл 15 531 481 төгрөг, бизнесийн зээл 34 932 481 төгрөг нийт 50 463 962 төгрөгийг  Б.Ган-Очирт,Б.Борхүү нар хоёр хувааж, тус бүр 25 231 981 төгрөгийг зээлийг сар бүр үндсэн зээл хүүгийн хамт үл маргах журмаар төлөх,  (8) Б.Борхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана гэж  харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээний хүрээнд  хэргийг хянан шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анхан шатны шүүх гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч  зохигчдын хооронд  байгуулсан дээрх эвлэрлийн гэрээний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байна гэж үзлээ.

Дээрх эвлэрлийн гэрээгээр Б.Борхүү нь Хас банкны Ховд салбарын “Ирээдүйн саятан” хадгаламжид 21 460 0000 төгрөг хийж байршуулах, мөн Хас банкинд дахь орон сууцны болон бизнесийн зээл нийт 50 463 962 төгрөгийг   үндсэн зээл болон  хүүгийн хамт үл маргах журмаар хувааж төлөх, их гарын мөнгө аяга 1 ширхгийг Б.Борхүүгийн өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй  байна.

Нэхэмжлэгч  нь  их гарын мөнгө аяга 1 ширхэг, охин  Б.Цолмонтуяа, Б.Баярцэцэг нарын  “Ирээдүйн саятан” хадгаламж дахь  21.460.000 төгрөг,   Хас банкнаас авсан  орон сууцны зээл 15 531 481 төгрөг, бизнесийн зээл 34 932 481 төгрөг нийт 50 463 962 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид холбогдуулан  гаргаагүй  буюу  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй   байна.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй хэсгийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар  зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “ Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж хуульчилжээ.

Харин талуудын    2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хуваан “3 дугаар 60 айлын орон сууцны 45 тоот 2 өрөө орон сууц, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот контейнерыг нэхэмжлэгч Б.Ган-Очирт үлдээх, Ховд аймгийн Жаргалант сумын  Хайрхан багийн 1-10б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 238  тоот контейнер, Navara маркийн  56-61 ХОҮ улсын дугаартай бага оврын жип машин зэрэг эд хөрөнгийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд шилжүүлэх”-ээр шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан  бөгөөд гэрээний агуулгыг талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээг баталж, хэргээс нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваарилах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ. 

   

 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн  70200 төгрөгийг, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус  төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, түүний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2016/00349 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т заасныг баримтлан Б.Ган-Очир, Б.Борхүү нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгулагдсан эвлэрлийн гэрээнээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хуваасан “... 3 дугаар 60 айлын орон сууцны 45 тоот 2 өрөө орон сууц, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот контейнерыг нэхэмжлэгч Б.Ган-Очирт үлдээж, Ховд аймгийн Жаргалант сумын  Хайрхан багийн 1-10б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, баруун бүсийн төв захад байрлах дундын өмчлөлийн 238  тоот контейнер, Navara маркийн  56-61 ХОҮ улсын дугаартай бага оврын жип машин зэрэг эд хөрөнгийг хариуцагч Б.Борхүүгийн өмчлөлд шилжүүлэх”-ээр эвлэрсэн хэсгийг баталж, хэргээс нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваарилах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлт оруулж,

шийдвэрт “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1.-т заасныг баримтлан хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА