Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 200

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Баярсайхан Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ариунтуулын Марал-Эрдэнэ, Аргалжин овогт Бямбасүрэнгийн Ариунтуяа нарт холбогдох эрүүгийн 1902006000240 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1979 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 43-р ерөнхий боловсролын дунд сургуульд бага ангийн багш ажилтай байсан, ам бүл, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 5-р хороо Баянгол 63-1а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Аргалжин овогт Бямбасүрэнгийн Ариунтуяа, РД:МИ72032302, Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,2 эгчийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 5-р хороо Баянгол 63-1а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Ариунтуулын Марал-Эрдэнэ, РД:МИ97072502, Шүүгдэгч Б.Ариунтуяа нь А.Марал-Эрдэнэтэй бүлэглэж, иргэн Ц.Наранбилэгийн Испани улс руу илгээмжээр явуулахаар өгсөн Е1156191 дугаартай энгийн гадаад паспортыг А.Марал-Эрдэнэд Монгол Улсын хилээр нэвтрэхэд ашиглуулах зорилгоор өгч, улмаар А.Марал-Эрдэнийг дээрхи паспортын мэдээллийг өөрийн мэтээр хуурамчаар ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт, Шүүгдэгч А.Марал-Эрдэнэ нь Б.Ариунтуяатай бүлэглэж, иргэн Ц.Наранбайгалийн Испани улс руу илгээмжээр явуулахаар Б.Ариунтуяад өгсөн Е1156191 дугаартай энгийн гадаад паспортыг Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоор Б.Ариунтуяагаас авч, улмаар дээрх паспортын мэдээллийг өөрийн мэтээр хуурамчаар ашиглаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 07-нд яллагдагчаар өгсөн: ...Марал-Эрдэнэ нь одоо хийсэн тодорхой ажилгүй, өөрөө болон ээж Ариунтуул нь Испани улсад Марал-Эрдэнийг аваачих сонирхолтой байдаг. Тийм болохоор Марал-Эрдэнэ Чех, Герман улсын элчинд виз мэдүүлж ээж дээрээ очих гэсэн боловч виз гаргаж өгөхөөс татгалзсан хариу авсан. Миний дүү Ариунтуул Испанид хамт амьдардаг гэх Наранбайгаль гэж хүн Монголд ирчихсэн байгаа талаар 2019 оны 06 дугаар сарын эхээр хэлсэн шиг санагдаж байна. Ариунтуул Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг очоод гэрээс нь авчих гэж хэлсэн. Каргогоор Испани улс руу явуулна гэж байсан. Тэгээд хэлснээр нь Наранбайгалийн гэрт нь очиж бичиг баримтыг авсан. Ариунтуул Марал-Эрдэнэ бид хоёрт “Испани улсад хүний бичиг баримт ашиглаад ирчихсэн хүмүүс байна. Болдог юм шиг байна. Та хоёр Наранбайгалийн гадаад паспортыг ашиглаад хил гараад үзчих. Болж байвал буцаагаад Наранбайгалийн гадаад паспортыг өгчих” гэж зөвлөсөн. Тэгээд би Наранбайгалийн гадаад паспортыг ашиглаж, Марал-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Аптанбулаг боомтоор хил гаргачхаад буцаад Монгол руу орж ирье, хүний бичиг баримтаар гарч болдог эсэхийг үзье гэж шийдсэн юм. Ингээд МаралЭрдэнэд “ОХУ-руу Улаан-Үүд хот руу явчихаад ирье” гэж хэлсэн. Марал-Эрдэнэ нь сүүлийн үед үгэнд орохгүй, ар гэр нь хэцүү, аав ээж нь архи дарс хэрэглэдэг залуутай найзлаад байсан. Тийм болохоор ямар нэгэн байдлаар ээж рүү нь явуулья гэсэн бодолтой байсан. Үүнийг би Марал-Эрдэнийг төлөө л бодож байсан юм. Эмэгтэй хүүхэд учраас алдчих бий гэж их айж байсан. Тэгээд Марал-Эрдэнэ, Ганбаатарын хамт бид 3 Сэлэнгэ аймаг руу явсан. Ганбаатар, Марал-Эрдэнэ хоёр Наранбайгаль гэж хүний гадаад паспортаар хил гаргана гэдгийг огт мэдээгүй байсан юм. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед Алтанбулаг боомт дээр ирээд би Марал-Эрдэнэд Наранбайгалийн гадаад паспортыг өгсөн. Тэгэхэд Марал-Эрдэнэ надад “яагаад миний паспортыг өгөхгүй байгаа юм бэ?” гэж надаас асуухаар нь би Марал- Эрдэнэд “хүний паспортаар хил гарч болдог үгүйг шалгах гэж байгаа юм. Хэрвээ болчих юм бол Испани улс руу өөр визтэй хүний паспортаар ээж дээр очно” гэдгийг тайлбарлаж хэлсэн. Тэгэхэд Марал-Эрдэнэ дургүйцэж хүлээж авсан бөгөөд дуртай, дургүй Наранбайгалийн паспортыг авсан. Ганбаатарт энэ талаар огт хэлээгүй. Яагаад гэвэл мэдчихвэл дургүйцэх байх гэж бодсон. Ингээд Ганбаатар, Марал-Эрдэнэ бид гурав Аптанбулаг боомтын баримт бичгийн шалгагч дээр очоод Ганбаатар өөрийн паспортаа шалгуулаад цаашаа хилийн зурваст орсон. Дараа нь Марал-Эрдэнэ Наранбайгалийн гадаад паспортыг шалгуулахаар шалгагчид өгсөн. Ар талд би зогсож байсан. Тэгэхэд Марал-Эрдэнээс “төрсөн газраа хэл” гэсэн чинь Марал-Эрдэнэ яг өөрийнхөө төрсөн газар болох “Сэлэнгэ аймгийн Мандал сум” гэж хэлсэн. Тэгсэн баримт бичгийн шалгагч нь “юу яриад байнаа, чи өөр хүний бичиг баримттай байгаа юм бишүү” гээд дагуулаад явсан. Испани улс руу ээж рүү очуулах гэж ийм үйлдэл хийсэн. Түүнээс МаралЭрдэнэд дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Марал-Эрдэнэ өөрөө дургүй хүлээж авсан. Гэхдээ ер нь Испани улс руу л явах гэж ийм зүйл хийж байгаа гэдгийг сайн ойлгож байсан. Ганбаатар нь Марал-Эрдэнийг зодож дарамталдаг зүйл байхгүй. Гэхдээ Марал-Эрдэнэд Ганбаатар хаяа хатуухан үг өөрийнх нь төлөө хэлчихдэг. Энэ нь Марал-Эрдэнийн сайн сайхны төлөө байдаг. Үүнийг Марал-Эрдэнэ ойлгохгүй дарамталж байна гээд хүлээж авдаг байх. Гар хүрсэн зүйл огт байхгүй. Би ч гэсэн хаяа хатуухан үг хэлдэг үүнийг дарамт гээд хүлээж аваад байх шиг байна. Түүнээс надад болон миний ойр тойрны хүмүүс зодсон зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 119-120-р ху/, 2.Шүүгдэгч Б.Ариунтуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний бие ажил хэргийн шугамаар Солонгос, Япон Тайвань, Хонгконг гэх мэт азийн орнуудаар маш олон удаа явж байсан. А.Марал-Эрдэнэ нь миний төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд эцэггүй тул миний гар дээр хүн болсон. Би А.Марал-Эрдэнийг эцэггүй өссөн бас ээж нь гадаадад байгаа учраас алдаж эндэхвий гэж их боддог байсан. А.Марал-Эрдэнийг 12 дугаар ангиа төгсөхөд нь СУИС-д оруулж өгсөн юм. Гэтэл А.Марал-Эрдэний зан ааш эвдэрч аливаа зүйлд хөнгөн хандаж эхэлсэн. Тэр үеэс эхлээд би сэтгэлзүйн их цочролд автсан. Энэ талаар ээжид нь хэлсэн. Ээж нь охиноо авах гэхээр өөрөө бичиг баримтгүй болохоор болохгүй байсан. Европод 14 жил ажиллаж амьдарч байгаа найзтайгаа кофе уугаад сууж байтал тэр найз маань “хүний бичиг баримтаар гарчхаж болдог” гэсэн санаа хэлсэн юм. Тэгээд найзынхаа хэлснээр Хиагт орчхоод буцаад ирж болдог юм байна уу, үгүй юм байна уу гэдгийг үзэх санаатай хүний бичиг баримтаар төрсөн дүүгийнхээ охиныг гаргаж эрүүгийн гэмт хэргийн холбогдогч болгоод зогсож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Би ч гэсэн өөрөө сэтгэлзүйн дарамтанд орж ажлаа хийж чадахгүй ажлаасаа гарсан. Надад маш том сургамж, маш том алдаа болж, маш том ухаарал өгсөн үйл явдал боллоо гэх мэдүүлэг, 3.Шүүгдэгч А.Марал-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 07-нд яллагдагчаар өгсөн: ...Миний ээж Ариунтуул нь 2013 онд Испани улс руу ажиллаж, амьдрахаар явсан юм. Намайг багаас маань миний ээжийн эгч Ариунтуяа өсгөж хүмүүжүүлсэн. Би ер нь өөрөө ээж дээр очиж амьдрах маш их хүсэлтэй байдаг юм. Ингээд 2017, 2018 онд Чех болон Герман улсын элчинд виз мэдүүлж байсан боловч тодорхой шалтгаанаар гараагүй, манай эгч Ариунтуяа надад “удахгүй ОХУ руу явна шүү юмаа бэлдээрэй” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай ээжийн дүү Ганбаатар, эгч Ариунтуяа нартай Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Аптанбулаг боомт дээр очсон. Очоод надад Ариунтуяа эгч Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг өгсөн. “Энэ хүний бичиг баримтаар ОХУ руу хил гарна. Гэхдээ буцаад орж ирнэ” гэсэн. Тийм болохоор би Наранбайгаль гэж хүний зөвхөн регистрийн дугаарыг цээжилсэн байсан. Ингээд Ганбаатар, Ариунтуяа эгч бид 3 Алтанбулаг боомт руу орж эхлээд Ганбаатар ах гадаад паспортаа шалгуулсан. Дараа нь би Ц.Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг шалгагчид өгч шалгуулсан. Миний ар талд Ариунтуяа эгч зогсож байсан юм. Баримт бичгийн шалгагч нь “хаана төрсөн бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийнхөө төрсөн нутаг болох “Сэлэнгэ аймгийн Мандал сум” гэж хариулсан. Угаасаа ч Наранбайгаль гэж хүний төрсөн нутгийг нь мэдэхгүй. Тэгэхэд шалгагч нь “худлаа яриад байгаарай” гээд намайг өөр өрөө рүү оруулсан. Тэгээд би хилийн хүмүүст хүний бичиг баримтаар хил гарах гэж байгаагаа үнэнээр нь хэлсэн. Намайг Ц.Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг ашиглаж байгаа тапаар Ганбаатар ах огт мэдэхгүй байсан. Тухайн өдөр Ганбаатар ах Оюутолгой ажлаасаа буугаад ирсэн байсан. Ариунтуяа эгч хэлээгүй байсан байна лээ. Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганбаатар нь хилээр гарч чадахгүй баригдвал гэртээ гинжилж орхино гэж хэлсэн учир нь “Герман улсын элчинд виз мэдүүлээд татгалзсан хариу авахад надад арчаагүй, хилээр гарч чадахгүй баригдвал гэртээ гинжилж орхино” гэх зэргээр загнадаг. Хичээл орой тарах, гадуур дотуур найзуудтай явахаар уурлаад загнаад байдаг. Тийм болохоор ингэж мэдүүлэг өгсөн. Ганбаатар болон Ариунтуяа нар тухайн өдөр дарамталж Наранбайгалийн гадаад паспортыг ашиглуулсан зүйл байхгүй. Ганбаатар бол бүр мэдэхгүй байсан. Ариунтуяа эгч надад хүний гадаад паспортаар гарч болдог гэнэ. Гарчих юм бол Испани улс руу ээж рүүгээ ийм байдлаар дахин хүний гадаад паспорт ашиглаж очно гэж ойлгож байсан. Түүнээс хүчээр, дарамталж хүний гадаад паспорт ашиглаж хил гаргах гэсэн зүйл байхгүй.Наранбайгалийн гадаад паспортыг хэрхэн олж авсан талаар мэдэх зүйл байхгүй. Наранбайгаль гэж хүний өмнө харж байгаагүй. Испани улсад ээжтэй хамт амьдардаг гэдгийг ээжээс сонсож байсан. Надад ямар нэгэн санал гомдол, шалгуулах асуудал эгч Ариунтуяа болон ах Ганбаатар нарт байхгүй. Ер нь эгч Ариунтуяа, Ганбаатар ах хоёр намайг гадуур найзуудтай явах, оройтох зэрэг дээр загнаж байсан. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 127-129-р ху/, 4.Шүүгдэгч А.Марал-Эрдэнийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ярих зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ хэлсэн. ...гэх мэдүүлэг 5.Гэрч Ц.Наранбайгалийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Би А.Марал-Эрдэнийг харж байгаагүй. Сонсож байсан. Би Испани улсад Ариунтуул гэж хүнийг таньдаг, хамт амьдардаг юм. Тэгээд түүний төрсөн охин гэж сонсож байсан. Би энэ талаар огт мэдээгүй. Алтанбулагаар гарах гэж оролдсон гэдгийг нь танаас сонсож байна. Би Монголд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн юм. Би Испани улсад байнга оршин суудаг эрхийн үнэмлэхтэй байгаа юм. Тэгээд Испанид миний гадаад паспорт, оршин суух үнэмлэх түрээслэж байгаа байрыг сунгахад хэрэг болоод Ариунтуулын эгч Ариунтуяад өгсөн. Ариунтуяа нь Испани руу Ариунтуулд илгээмж явуулах гэж байгаа гэхээр нь өгсөн юм. Түүнээс миний паспортыг ашиглаж хил нэвтэрнэ гэж огт бодоогүй, мэдээгүй. Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр наадам өнгөрөөгөөд Испани явах гэж бодож байсан. Тийм болохоор өөрийн гадаад паспортаа хүнд санаатай ашиглуулна гэж байхгүй. Тэр бичиг баримтыг авах гэж Испанид маш их цаг хугацаа шаардлагатай байдаг юм. Хэрвээ шүүх хурал болсон тохиолдолд би оролцож амжихгүй гэдгээ урьдчилаад хэлж байна. Би Испанид байр дамлаж түрээслэдэг юм. Тэгээд Ариунтуул өрөө түрээслэдэг юм. Нарийн амьдралынх нь талаар мэдэхгүй. Миний мэдэхийн нөхөргүй, нэг охинтой, Сэлэнгэ аймгийнх гэж яриад байдаг. Би өөрийн гадаад паспорт, Испани улсад оршин суух эрхийн үнэмлэх зэрэг бичиг баримтаа яаралтай авах хүсэлтэй байна. Ядаж Испани улсад оршин суух эрхийн үнэмлэхээ авчихмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/, 6.Гэрч Т.Ариунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Ариунтуул эгч маань 2013 онд ажил хийх зорилгоор Испани улс руу явсан. Тэрнээс хойш Марал-Эрдэнийг том эгч Ариунтуяа маань харж хандаж байгаа юм. Энэ хоёр хамт амьдардаг юм. Ариунтуяа, Марал-Эрдэнэ хоёр хоорондоо таарамжгүй байдаг гэж боддог. Янз бүрийн зүйл сонсогдоод байдаггүй. Би хамт амьдардаггүй болохоор бас нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. МаралЭрдэний аавынх талаар мэдэхгүй. Оюутан байхдаа хүнтэй үерхэж байгаад жирэмсэн болсон. Тэгээд тэр хүнтэйгээ суугаагүй. Нарийн зүйл мэдэхгүй. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Марал-Эрдэнэ нь Наранбайгалийн бичиг баримтыг ашиглаж Сэлэнгэ аймгийн Аптанбулаг боомтоор Монгол улсын хилээр гарахыг оролдсон талаар мэдэх зүйл огт байхгүй. Ер нь би 4 хүүхэдтэй, ажил амьдрал гээд энэ хэдийн амьдралд оролцоод байдаггүй. Ариунтуяа эгч, Марал-Эрдэнэ өөрсдөө ч надад яриад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р ху/, 7.Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Гэхдээ би эмэгтэй хүүхдийг зодсон, гар хүрсэн, дарамталсан асуудал огт байхгүй. Загнаад, хаяа хатуу үг хэлээд байдаг болохоор өөрт нь дургүй гэж бодоод, дарамтлаад байна гэж боддог байх. Би бол ах хүний үүднээс дүүгээ битгий алдчихаасай гэдэг талаас нь хатуу үг хэлчихдэг юм. Тэрийг л Марал-Эрдэнэ залуу хүн болохоор ойлгохгүй буруу талаас нь хараад байдаг байх. Марал-Эрдэнэ нь 2 жилийн өмнө ээж рүүгээ Испани улс руу явах гэж виз мэдүүлсэн боловч гараагүй. Ариунтуяа, Марал-Эрдэнэ хоёрын хооронд ямар яриа болоод ОХУ руу явах болсон, яагаад хүний гадаад паспорт ашиглаж хил гарах гэж байсан талаар огт мэдэх зүйл байхгүй. Хэрэв би хүний гадаад паспортаар гарах гэж байсан гэдгийг нь мэдсэн бол огт үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Сүүлд надад уйлаад Ариунтуяа эгч “Марал-Эрдэнийн ээж нь хүний паспортоор хил гарч болдог гэж хэлээд ийм зүйл болчихлоо” гээд л учирлаж байсан. Түүнээс надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Марал-Эрдэнийг дарамтлаад, зоддог зүйл огт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43- р ху/, 8.Гэрч О.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Би бол Сэлэнгэ аймагт болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. Гэхдээ А.Марал-Эрдэнэ Испани улсад ээж нь байдаг. Тийшээ явах гэж байгаа, виз хөөцөлдөж байгаа гэж 2019 оны 05 дугаар сарын эхээр ярьж байсан. Хүний бичиг баримт ашиглаж Монгол Улсын хилээр гарах гэж байгаа талаар надад огт ярьж байгаагүй. Хэлсэн байж ч магадгүй би тухайн үедээ нэг их тоогоогүй болохоор сайн санахгүй байна. Сүүлд Марал-Эрдэнийг Сэлэнгэ аймагт хүний гадаад паспортаар гарах гэж байгаад баригдсан гэдгийг л мэдсэн. Тэр үед Сэлэнгэ аймагт би өөрөө байсан болохоор очоод Марал-Эрдэнэтэй уулзаад хамт хот руу ирсэн. Тэр үед надад Марал-Эрдэнэ хамт байдаг эгч Ариунтуяа нь “хүний бичиг баримтаар хил гар гэж ятгасаар байгаад ийм зүйл хийлгэчихлээ” гэж ярьж байсан. Ер нь надтай үерхэж байгаагаа гэрийнхэндээ хэлээгүй юм шиг байгаан. Гэрийнхэн нь хүнтэй үерхэж найзлуулах дургүй юм шиг надад санагдсан. Марал-Эрдэнэ нь өөрөө даруу төлөв зантай хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/, 9.Гэрч Э.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Би Хилийн 0101 дүгээр ангийн захирагчийн орлогч бөгөөд шалган нэвтрүүлэх тасгийн дарга ажилтай юм. Тухайн албан тушаал нь Алтанбулаг, Сүхбаатар боомтын шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах чиг үүрэгтэй. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Алтанбулаг боомт дээр баримт бичгийн шалгагчаар Э.Болдбаатар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын иргэн А.Марал-Эрдэнэ Ц.Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг ашиглаж Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн. Баримт бичгийн шалгагч дээр паспортаа шалгуулан, штамп даруулаад хилийн зурвас руу нэвтэрсэн тохиолдолд хил нэвтэрсэн гэж үздэг. А.Марал-Эрдэний хувьд бусдын баримт бичгийг ашиглан Улсын хил нэвтрэхийг завдсан үйлдэл юм. Өөрөөр хэлбэл цааш хилийн зурвас руу А.Марал-Эрдэнэ нь нэвтэрч чадаагүй юм. А.МаралЭрдэнийн зөрчлийг баримт бичгийн шалгагч Э.Болдбаатар илрүүлж Хилийн 0101 дүгээр анги дээр авчирч, түүнтэй би уулзаад “ямар учраас Ц.Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг ашиглан хил нэвтэрхийг оролдсон юм бэ” гэж асуухад А.Марал-Эрдэнэ нь “миний ээж Испани улсад амьдардаг. Ээж дээрээ очих гэж хэд хэдэн удаа виз мэдүүлэхэд гараагүй. Тийм учраас бусдын ээж рүүгээ очих зорилгоор Ц.Наранбайгаль гэж хүний Е1156191 дугаартай гадаад паспортыг ашигласан” гэж хэлж байсан юм. Ингээд хилийн зөрчлийн материалыг бүрдүүлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р ху/, 10.Гэрч Р.Одмөнхийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ээлжийн даргын үүрэг гүйцэтгэж байсан юм. Ээлжийн дарга нь хилийн илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, шат дараалсан дарга нарт энэ талаар мэдээллэх, албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Тухайн өдөр гарах чиглэлд баримт бичгийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Э.Болдбаатар “нэг хүн хүний бичиг баримт ашигласан байж болзошгүй байна. Та үүнийг нарийвчлан, гүнзгийрүүлэн шалгаач” гээд нэг эмэгтэйг өрөөнд оруулж ирсэн. Ингээд тухайн А.Марал-Эрдэнэ гэж хүний шалгуулсан Ц.Наранбайгаль гэсэн хүний гадаад паспортны зургийг А.МаралЭрдэнийн зурагтай тулгаж харахад өөр байсан. Үүний дараагаар тухайн охин яагаад өөр хүний бичиг баримтаар явж байгаа юм бэ? гэж асуухад “манай ээж Испани улсад амьдарч байгаа. Ээж дээрээ очихоор явж байгаа юм. Миний паспорт байхгүй, виз гараагүй болохоор ээжийнх эгч болно” гээд, Ц.Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг олж өгч надад өгсөн. Тухайн гадаад паспорт нь Европын орны визтэй байсан. Ингээд А.Марал-Эрдэнийн өөрийнх нь мэдээллийг улсын бүртгэлийн сангаас зураг болон бусад мэдээлэлтэй тулгаж харж шалгалтын ажиллагаа явуулсан. Үүний дараа боомтын эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан Бүрэнсайханд болон ахмад Гантулга нарт танилцуулан зөрчлийн талаар хэлж хүлээлгэн өгсөн. Тухайн үед А.Марал-Эрдэнэ анхны асуулгаар өөр хүний гадаад паспорт ашиглаж байгаа тухайгаа хэлж, хүлээн зөвшөөрч байсан. Манай эгч “болно” гээд байхаар нь хүний бичиг баримт ашигласан гэж хэлсэн. Гол зорилго нь Испани улсад байгаа ээж дээр очих гэж байгаа тухайгаа хэлж байсан. ...гэх мэлүүлэг, /хх-ийн 49-50-р ху/, 11.Гэрч О.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дэслэгч Болдбаатар нь гарах чиглэлд баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан. “Гадаад паспортны зураг нь өөр байна, хүний бичиг баримт ашигласан байж болзошгүй” гээд тухайн өдөр ээлжийн даргаар ажиллаж байсан Одмөнх нарийвчилсан шалгалт хийсэн. Шалгалтаар Ц.Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг А.Марал-Эрдэнэ гэж хүн ашигласан нь тогтоогдсон. Хошууч Одмөнх тухайн үед надад энэ талаар илтгэж танилцуулсан юм. Ингээд холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан. Би тухайн үед Марал-Эрдэнэтэй уулзаж ярилцахад “манай ээж Испани улсад амьдарч байгаа. Ээж дээрээ очих гэсэн чинь виз гараагүй. Манай эгч ингэж явах талаар зөвлөсөн, гадаад паспортыг олж өгсөн” гэсэн зүйл ярьж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р ху/, 12.Гэрч М.Бүрэнсайханы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Болдбаатар нь баримт бичгийн шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Харин би боомтын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Боомтын эргүүл нь 24 цагийн хугацаанд ээлжийн бүрэлдэхүүний үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх чиг үүрэгтэй. Болдбаатар нь “бусдын баримт бичиг ашиглаж байж болзошгүй байна. Нарийвчлан шалгалтанд оруулна уу” гэж ээлжийн дарга Одмөнхөд холбооны хэрэгслээр мэдэгдэх үед би давхар боомтын эргүүлийн хувьд мэдсэн. Ингээд Одмөнх нарийвчилсан шалгалтыг явуулж байхад нь ороход А.Марал-Эрдэнэ нь Ц.Наранбайгаль гэж хүний гадаад паспортыг баримт бичгийн шалгагчид өгч шалгуулсан байсан. Тухайн үед А.Марал-Эрдэнэ нь “Испани улсад амьдарч байгаа ээж дээр очих гэж байгаа юм. Ээжийнхээ эгч, ахтай явж байгаа. Өөрийнхөө гадаад паспортаар явах гэсэн чинь виз гараагүй” гэдэг шалтгаан хэлж байсан. Тэгээд зөрчлийн материалыг бүрдүүлж шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-54-р ху/, 13.Гэрч Э.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 28-ны өдөр Алтанбулаг боомт дээр баримт бичгийн шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Баримт бичгийн шалгагч нь зорчигчийн баримт бичгийг шалгаж, хүчин төгөлдөр баримт бичгийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх чиг үүрэгтэй. Тухайн өдөр ОХУ- руу гарах чиглэл Ц.Наранбайгаль гэж хүний Е1156191 дугаартай гадаад паспортыг 20-25 орчим насны эмэгтэй шалгуулахаар өгсөн. Гадаад паспортыг дөнгөж аваад зураг тулгалт хийхэд илт өөр царай төрхтэй, насны хувьд зөрүүтэй гэж харагдахаар байсан. Тэгэхээр нь гадаад паспортыг нь уншуулж иргэний бүртгэлийн мэдээлэл дэхь зурагтай тулгалт хийхэд биш байсан. Би тэгэхээр нь “чи хаана төрсөн бэ?” гэж асуухад “Сэлэнгэ аймагт төрсөн” гэж хариулсан. Гэтэл Ц.Наранбайгаль нь Төв аймагт төрсөн гэсэн бүртгэлтэй байсан. Ингээд түүнийг дагуулаад ээлжийн дарга Одмөнхийн өрөө рүү явсан. Ингээд ээлжийн дарга руу явах замд тэрээр намайг А.Марал-Эрдэнэ гэдэг, өөр хүний гадаад паспортыг ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би Одмөнх ээлжийн даргад хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орсон. Би А.Марал-Эрдэнээс өөр нэмэлт зүйл асуугаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55- 56-р ху/, 14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 4349 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Ц.Наранбайгаль /НГ86122963/ гэх нэртэй Е1156191 дугаартай гадаад паспорт гэх зүйл нь ямар нэгэн засвар ороогүй, жинхэнэ байна. /Шинжээчийн 4349 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт болон шинжилгээнд ирүүлсэн материалыг бүрэн хүлээлгэн өгөв. ...гэх дүгнэлт, /хх-ийн 109- 11-р ху/, 15.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, /хх-ийн 05-13-р ху/, хилийн зөрчлийн материал, /хх-ийн 04-26-р ху/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөл, /хх-ийн 58-60–р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааг, /хх-ийн 69,72-р ху/, шүүгдэгч А.Марал-Эрдэнийн хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 69,83-97, 130-р ху/, шүүгдэгч Б.Ариунтуяагийн хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 72,98-104, 121-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 107-108-р ху/, шинжээчийн дүгнэлт, /ххийн 109-111-р ху/, шүүгдэгч Б.Ариунтуяад шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 113-р ху/, шүүгдэгч А.Марал-Эрдэнэд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 112-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 114-р ху/, шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 115-117, 124-126-р ху/, шүүгдэгч нараас яллагдагчаар татаж мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 117-120, 127-129–р ху/, шүүгдэгч Б.Ариунтуяад хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 133-р ху/, шүүгдэгч А.Марал-Эрдэнэд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 134-р ху/,яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 139-140, 141-142-р ху/, яллах дүгнэлт, /хх-ийн 143-144-р ху/, хууль сануулан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Ариунтуяа нь иргэн Ц.Наранбилэгийн Е1156191 дугаартай энгийн гадаад паспортыг А.Марал-Эрдэнэд Монгол Улсын хилээр нэвтрэхэд ашиглуулах зорилгоор өгч, улмаар А.Марал-Эрдэнийг дээрхи паспортын мэдээллийг өөрийн мэтээр хуурамчаар ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон, Шүүгдэгч А.Марал-Эрдэнэ нь иргэн Ц.Наранбайгалийн Е1156191 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хилийн зөрчлийн материал, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, шүүгдэгч нарыг яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдаж байх тул шүүгдэгч нарыг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Марал-Эрдэнэ, Б.Ариунтуяа нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.Марал-Эрдэнэ, Б.Ариунтуяа нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Марал-Эрдэнэ, Б.Ариунтуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг ялтан А.Марал-Эрдэнэ, Б.Ариунтуяа нарт үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Марал-Эрдэнэ, Б.Ариунтуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдаж, эд мөрийн баримтаар Е1156191 тоот гадаад паспорт 1 ширхэг хураагдан ирснийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1, 3.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Аргалжин овогт Бямбасүрэнгийн Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт хатгагчаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1, 3.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Ариунтуулын Марал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон тус тус гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аргалжин овогт Бямбасүрэнгийн Ариунтуяа, шүүгдэгч Боржигон овогт Ариунтуулын Марал-Эрдэнэ нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг ялтан А.Марал-Эрдэнэ, ялтан Б.Ариунтуяа нарт үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан А.Марал-Эрдэнэ, ялтан Б.Ариунтуяа нарт мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч А.Марал-Эрдэнэ, Б.Ариунтуяа нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е1156191 тоот энгийн гадаад паспортыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй. 

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Марал-Эрдэнэ, Б.Ариунтуяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН