Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2016/00784

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9-р хороо СОТ-3/2 байр 67 тоотод оршин суух, эмэгтэй, РЭ65011664 регистрийн дугаартай, Хатагин овогт Жамсрангийн Лхагваагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 29 гудамж 6 тоотод оршин суух, эмэгтэй, АГ84051706 регистрийн дугаартай, Гончигийхон овогт Энэбишийн Бурмаад холбогдох

3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч Э.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Лхагваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Бурмаа надаас 2015 оны 6 сарын 12нд барьцаагүй нотариатын гэрээ хийж 2 500 000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл мөнгө зээлдэж авсан болно. Тухайн үед хүүг сар сард нь өгч гэрээ дуусахад үлдсэн мөнгөө өгнө гэсэн боловч гэрээ дуусаад мөнгөө өгч чадахгүй сунгуулж 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нотариатаар батлуулан гэрээ хийж сунгасан боловч хүү болон үндсэн мөнгөө одоо болтол өгөхгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү.

Иймд үндсэн мөнгө 2 500 000 төгрөг, хүү болон алданги 1 250 000 төгрөгийг Э.Бурмаагаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Ж.Лхагваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэлийн шаардлага болох 3 750 000 төгрөгөөс 1 250 000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-нд 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-нд 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-нд 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-нд 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-нд 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Лхагваад төлж барагдуулна. Дээрх төлбөрийн график зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэв.

 

Хариуцагч Э.Бурмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие шүүх хуралдааны ажиллагаа эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярилцаж төлбөрийг төлөхөөр тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.    

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Лхагваа нь хариуцагч Э.Бурмаад холбогдуулан 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Э.Бурмаа нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ж.Лхагваагаас 2 500 000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 750 000 төгрөгөөс 1 250 000 төгрөгийг татгалзаж, 2 500 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2 500 000 төгрөгийг маргаангүйгээр төлөхийг зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь 2 500 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцсон болохыг дурдав.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. Ж.Лхагваагийн нэхэмжлэлтэй Э.Бурмаад холбогдох 3 750 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч 2 500 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Э.Бурмаагаас 74 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 74 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ