Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 199

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгч Ч.Чимгээгийн өмгөөлөгч Л.Доржпүрэв Шүүгдэгч Э.Билэгтийн өмгөөлөгч М.Гансүх Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэсайханы Билэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мэргэд овогт Чинбатын Чимгээ нарт холбогдох 19310024500172 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын коллежид оюутан, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг 1 дүгээр хэсгийн 60 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 38/а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайда тооцож, өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болсон, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэж суллагдсан, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.000 нэгтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Эрдэнэсайханы Билэгт, /РД:МЮ99090912/ Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг Салхит 1 дүгээр хэсгийн 158 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавья шагнал, ял шийтгэл байхгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Их Мэргэд овогт Чинбатын Чимгээ, /РД:МЮ77011867/, Шүүгдэгч Э.Билэгт нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй дэлгүүрийн үүдэнд иргэн Ч.Чимгээтэй маргалдаж улмаар түүний зүүн шилбэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэм тэл учруулсан, Шүүгдэгч Ч.Чимгээ нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй дэлгүүрийн гадна иргэн Э.Билэгттэй маргалдаж улмаар түүний барьж явсан “iphone6 plus” маркийн гар утсыг газарт шидэж унаган эвдэж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүгдэгч Э.Билэгтийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Тэгээд дэлгүүрийн гадна авсан пиво уугаад сууж байтал Ч.Чимгээ эгчийн гэрт хүн орилоод байхаар нь би Дашбаярыг “ороод хэн хэн байна хараад ир” гэж явуулаад Эрхэмбаяр, Бат-Оргил бид гурав үлдсэн. Дашбаяр нь удалгүй ирээд “хашаа нь цоожтой байна” гэж хэлэхээр нь “хашааг нь давж ороод үзчих” гэж хэлсэн. Дашбаяр нь хашааг нь давж ороод удалгүй ирсэн ба араас нь Ч.Чимгээ эгч гараад ирсэн. Ирээд шууд Дашбаяр руу дайраад “чи манай гэрт ордог хэн бэ?, ямар зорилгоор манай гэрт орсон” гээд уурлаад байсан. Тэгээд намайг сууж байхад куртка татсанаа миний нүүр хэсэг рүү 2, 3 удаа алгадаад хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэр үед Дашбаяр зугтаагаад явсан ба Эрхэмбаяр, Бат-Оргил хоёр намайг салгах гэж байсан боловч Ч.Чимгээ эгч салж өгөхгүй надтай зууралдаж байгаад миний гар утсыг гарнаас булаагаад газар унагааж шидэж дэвсэж хэл үгээр намайг доромжилсон. Тухайн үед Ч.Чимгээ эгч “цагдаа дуудна, хэлдэг газар нь хэлнэ, яадаг хүүхэд вэ?” гээд гар утсаа гаргаж ирэхээр нь би гар утсыг нь гараас нь аваад Эрхэмбаярт өгсөн. Батбаяр Эрхэмбаяр хоёр ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82-84-р ху/, 2.Шүүгдэгч буюу хохирогч Э.Билэгтийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...450 нэгжээр торгож өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 3 сарын дотор төлж барагдуулна. Чимгээ эгчид хохирлыг нь 2 сарын дотор барагдуулна. ...гэх мэдүүлэг, 3.Шүүгдэгч Ч.Чимгээгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Тэгэхээр нь би араас нь гарч харахад “Уянга” дэлгүүрийн зүг явахаар нь араас нь явахад тэр хүүхэд байсан. Би манай гэр рүү орж ирсэн хүүхэд рүү “чи яах гэж манай гэрт орсон юм бэ?, чи цоожтой айлын хаалгаар дайрч орж ирсэн ямар учир зорилготой юм” гэж хэлэхэд тэр хүүхэд юм хэлэхгүй сууж байсан хүүхэд рүү хараад байсан. Тэгээд би сууж байсан хүүхэд рүү хараад энэ хүүхэд л оруулсан байна гэж хэлээд тэр хүүхдийн царайг харахаар курткыг нь татахад босоод ирсэн. Би тэр хүүхдийн царайг харах гээд гартаа гар утсаа барьсан байсан. Тэр хүүхэд босч ирээд хоорондоо маргалдаад зууралдаад байж байгаад “та нарыг хэлдэг газар нь хэлнэ” гэж хэлэхэд миний гартаа барьсан гар утсыг булааж авсан. Тэгэхээр нь би “чи миний утсаар яах гэж байгаа юм. яадаг хүүхэд вэ?” гэж хэлэхэд, миний зүүн хөлний шилбэ хэсэг рүү өшиглөхөд би газар унасан. Тэгээд унасан газраасаа босоод ирэхэд Э.Билэгт нь засмал замаар ургашаа алхсан. Манай гэрт орсон хүүхэд байхгүй, хамт явж байсан хоёр хүүхэд нь “Уянга” дэлгүүрийн замын эсрэг талын сагсны шийд ойролцоо зогсож байсан. Э.Билэгт нь уруудаж явахдаа буцаж над руу хараад хоёр гараа дэлгээд “энэ миний газар нутаг” гэж хэлээд хуруу гараа гозолзуулсан. Тэгээд би унасан газраасаа босоод гэртээ орох гэтэл миний зүүн хөл их хөндүүртэй байсан. Хөлөө чирсээр байгаад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод ирэхэд Болдоо ширээ налаад унтсан байсан. Би Болдоогийн утсаар цагдаагийн газарт дуудлага өгөөд байж байтал Э.Билэгт нь гэрт орж ирээд миний дал нуруу хэсэг рүү цохиход плетка налж унасан. Тэгээд гэртээ Э.Билэгттэй зууралдахад намайг гал зуухны өрөөний цонх мөргүүлсэн. Тэгэхэд манай 4 настай хүүхэд сэрээд “ээжээ яасан” гэж хэлэхэд, Э.Билэгт гэрээс гарч гүйгээд байшингийн гадна хаалгыг дарж зогссон. Тэгээд би хүүхдээ унтуулаад байж байтал цагдаа нар ирсэн. Тэгэхээр нь би намайг зодсон хүүхэд сая зугтаачихлаа гэж хэлэхэд нэг цагдаа нь надтай үлдээд түргэн дуудаж өгсөн. Нөгөө цагдаа нь Билэгтийн араас явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 94-96-р ху/, 4.Шүүгдэгч буюу хохирогч Ч.Чимгээгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэр орой би унтаагүй сэрүүн байсан. Манай дүүгийн чихэн дээр хатиг гарсан байсан тул цагийн тариа хийж байсан юм. Тэгээд манай гэр гэрэлтэй байсан болохоор 7 дугаар сарын 5-ны өдөр баяр байсан болохоор манайд ороод ирсэн юм. Тал шил архитай орж ирсэн. Гэхдээ би тэр архинаас уугаагүй. Хамгийн гол нь хашааны хаалга түгжээтэй байхад хашаа даваад ороод ирсэн болохоор нь би тодруулж асуусан. Тэгэхэд тэр хүүхэд худлаа ярьсан юм. Би Оюунчимэг багштай сайн харилцаатай хөршүүд тул утсаар нь залгаж асуутал багш “тийм юм болоогүй” гэж хэлсэн. Тэгээд би дараа нь юу болчих билээ гэж бодож араас нь гарч очсон. Тэгээд “яагаад дур мэдэн гэрт орж байгаа юм” гэж хэлэхэд, дуугарахгүйгээр энэ хүүхэд рүү хараад байсан юм. Тэгэхээр энэ хүүхдийн царайг харах санаатай утсаа гаргаж ирсэн. Тэгээд энэ хүүхэд утас булааж аваад хөл рүү өшиглөсөн. Би гэртээ харихад манай найз бүр тасраад унасан байсан. Тэгээд найзынхаа утсаар цагдаа дуудахад энэ хүүхэд араас дахиад орж ирээд дайраад байсан. Тэр үед манай хүүхдүүд сэрсэн болохоор энэ хүүхэд гарж гүйсэн. ...гэх мэдүүлэг, 5. Хохирогч Ч.Чимгээгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Уянга” дэлгүүрийн урд миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү удаа өшиглөсөн. Гэрт орж ирээд ар нуруу хэсэгт нэг удаа цохисон. Ар нуруу дал хэсгээр цонхруу түлхэж хагалуулсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би дээрэмдсэн гэх хүүхдүүдийг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр хүүхдүүдээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...Намайг цохиж дээрэмдсэнд гомдолтой байна. Би шүүхийн шинжилгээнд дахиж үзүүлмээр байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24-р ху/, 6. Хохирогч Ч.Чимгээгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Тухайн үед Сэлэнгэ аймагт баяр наадам болж байсан ба миний хөл өвдөөд хөхөрч шагай хэсэг рүү хавдаад байсан. Тэгээд хөл өвдөөд хавдаад явж чадахгүй болоод өвдөлт ихдээд байхаар нь би 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зургаа авахуулахад миний хөлийг хугарсан байна гэж хэлсэн. Э.Билэгт миний хөл рүү цохисноос болж миний хөл хугарсан. Би өөр хэн нэгэнд цохиулж гэмтэл аваагүй. Ямар нэгэн зам тээврийн осолд ороогүй. Миний хөл хугараагүй байсан бол би хугараагүй л гэж хэлнэ. Надад худал ярих шаардлага байхгүй. Би анх хугарсан гэж бодоогүй байж байтал хөл өвдөөд явж чадахгүй болоод байхаар нь арга буюу эмчид үзүүлээд зургийг нь авахуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/, 7.Хохирогч Э.Билэгтийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ч.Чимгээ эгч гэрээсээ гарч ирээд Дашбаяр руу уурлаад байсан. Би тухайн үед цементен дээр сууж байсан. Тэгсэн Ч.Чимгээ нь миний куртикийг татаад намайг алгадсан. Тэгээд Эрхэмбаяр, Бат-Оргил нар нь салгах гэтэл Ч.Чимгээ нь салж өгөхгүй “та нар манай гэр рүү ямар санаатай орсон бэ” гээд дайраад байсан. Тэгээд надтай зууралдаж байгаад миний гар утсыг гарнаас булааж аваад газар унагааж дэвссэн. Тэгээд намайг хэл үгээр доромжлоод салахгүй мөн “цагдаа дуудна” гээд гар утсаа гаргаж ирэхээр нь би айсандаа гар утсыг нь булаагаад Эрхэмбаярт өгсөн. Тэгээд Ч.Чимгээ нь зууралдаад байхаар нь би зүүн хөл рүү өшиглөхөд унахаар доошоо алхаад явсан. Тэр үед Эрхэмбаяр, Бат-Оргил нар нь “Уянга” дэлгүүрийн замын эсрэг талын сагсны шийдний ойролцоо зогсож байгаад зугтаасан. Тухайн гар утас нь миний гар утас байгаа юм. Миний дүү Б.Одбаатар нь надад 2019 ны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн юм. Би тухайн гар утсыг мөнгө төгрөгөөр худалдаж аваагүй надад зүгээр өгч байна гэж хэлсэн. Тухайн гар утас нь “iphone6 plus” маркийн хар саарал өнгийн гар утас байсан. Хэрэг асуудал болдог өдөр гар утсыг маань газар шидэж дэвсэхэд дэлгэц нь хагараад ямар ч ажиллагаагүй болж, дэлгэц нь салсан байсан. Тэгэхээр нь би тэр утсыг хаясан ба тухайн хэрэг асуудал болох үед хэрэг болж магадгүй гээд Эрхэмбаярын гар утсаар зураг даруулсан. Ч.Чимгээ нь миний нүүр хэсэг рүү 2-3 удаа алгадсан. Өөрөөр халдсан асуудал байхгүй. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй.Бид нар Салхитын аманд байрлах “Уянга” нэртэй дэлгүүр рүү 4 ширхэг пиво уух зорилгоор очсон. “Уянга” дэлгүүрийн гадаа хүн хөдөлгөөн багатай, нам гүм, цагдаа сэргийлэх нэг их яваад байдаггүй болохоор пиво ууж юм ярьж суух зорилгоор очсон. ...гэх мэдүүлэг, /ххийн 29-30-р ху/, 8.Гэрч Э.Эрхэмбаярын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 04-ний орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын талбай дээр тоглолт болсон. Тухайн үед би тоглолт үзэх гээд ганцаараа талбай дээр явж байхад арван жилийн ангийн хүүхэд Билэгттэй таарсан. Тухайн үед Билэгт ганцаараа явж байсан болохоор бид хоёр шар 5-н давхарын чиглэлтэй явж байхад, Бат-Оргил болон Билэгтийн таньдаг Дашка гэх хүүхэдтэй таарсан. Тэгээд бид нар “Россия” супер маркетийн урд байрлах АТМ-с мөнгө авах зориулалттай машинаас өөрийн данснаас 70.000 төгрөг авсан. Бид нар захын ард байрлах “Цүнхэг” хүнсний дэлгүүрээс пиво аваад такси аваад “Дельфин” зочид буудал орж тамхи болон хүнсний зүйл аваад Салхитын амын “Уянга” хүнсний дэлгүүрийн гадна очиж дэлгүүрээс авсан пиво ууцгаасан юм. Бид нарыг “Уянга” дэлгүүрийн гадна очих үед шөний 02 цаг өнгөрч байсан. Бид нарыг пиво ууж байхад Билэгт хамт явсан Дашка гэх хүүхдийг миний мэдэхгүй нэг айл руу “ороод ир” гэж хэлээд явуулсан. Удалгүй нөгөө хүүхэд хүрч ирээд “ямар нэгэн зүйл болоогүй байна” гэж хэлсэн. Би тухайн үед ямар учраас оруулсан талаар мэдэхгүй байна. Билэгт нь надад хэлэхдээ “миний таньдаг эгч байгаа юм” гэж надад хэлсэн. Билэгт Дашка гэх хүүхдийг дахин гэрт нь оруулсан, Дашка дахин орж гарч ирээд “байшин дотор эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байна, эрэгтэй хүн нь согтуу тасарчихсан байна” гэж хэлсэн. Энэ үед Дашкагийн орсон хашаанаас 45-50 насны эмэгтэй хүн архи уучихсан байдалтай, их ууртай гарч ирээд Дашкааг “ямар дураараа гэрт орж ирдэг хүүхэд бэ?” гэж хэлээд гараараа хэд хэдэн удаа толгой болон нуруу хэсэгт цохих үед Дашка зугтаасан. Тухайн үед Билэгт Уянга дэлгүүрийн урд талын шатан дээр сууж байхад нөгөө эгч Билэгтийг “чи хүүхэд гэрт оруулсан уу?” гэж хэлээд Билэгт рүү дайрсан. Мөн Билэгтийн нүүр болон бие хэсэгт гараараа цохиж байгаа харагдсан. Ингээд нөгөө эгч гар утсаа гаргаж ирээд “та нарыг цагдаад дуудлага өгнө” гээд гар утас гаргах үед Билэгт эгчийн гар утсыг авчихсан юм. Би эгчээс гар утсыг яг яаж авсан талаар сайн хараагүй. Ямартаа ч надад улаан цагаан өнгийн товчлууртай “Nокиа” маркийн гар утсыг Билэгт надад өгөхөөр нь тухай үед барьж байгаад цагдаа нар ирэх үед Бат-Оргил бид хоёр айсандаа яваад өгсөн юм. Ингээд орой нь 20 цагийн үед Улаанбаатар хот руу явчихсан юм. Болсон явдал гэвэл ийм зүйл болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/, 9.Насанд хүрээгүй гэрч Н.Дашбаярын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд юм ярьж суугаад би ах нарт пиво аягалж өгөөд сууж байсан чинь замын эсрэг талын хашаан дотор “Чимгээ тамхиа асаа” гээд орилоод байсан. Тэгсэн чинь Э.Билэгт ах надад хандан “ахын дүү чи энэ айл руу ороод ир, хэн байгааг нь хараад ир” гэж хэлээд явуулсан. Тэгэхээр нь би тухайн айл руу очсон чинь хашаа нь цоожтой байхаар нь буцаж очоод Э.Билэгт ахад “хашааны хаалга нь цоожтой байна” гэж хэлсэн чинь Э.Билэгт ах намайг “хашааг нь даваад орчих” гэхээр нь би хашааг нь давж ороод гэрийн үүдэнд очоод хаалгыг нь тогшсон чинь хаалгаа онгойлгохгүй болохоор нь би хаалгыг нь татаад орсон. Хаалгаар нь ороход эрэгтэй эмэгтэй 2 хүн дундаа нэг шил архи тавьсан сууж байхаар нь би “би хажуу талын чинь айл байна, та нар чимээ гаргаад шуугилдаад, жоохон хүүхэд унтуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эгч “миний хашаанд дураараа орж ирээд надад юм заадаг хэн бэ чи” гэж хэлэхээр нь “хөрш айлаа хүндэлж болно шүү дээ та жаахан чимээгээ багасгаж болох уу” гэж хэлсэн. Тэгсэн тэр эгч “Оюунцэцэг багшийн гэрээс ирсэн юм уу” гэж хэлэхээр нь би “тийм байна. хамаатных нь хүн байна” гэж хэлсэн. Тэгээд би гарч яваад Э.Билэгт ах дээр очсон. Тэгээд нэг их удаагүй араас тэр эгч ирээд намайг хараад над дээр ирээд “чи намайг тагнаад байгаа юм уу” гээд миний эрүү хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Уянга дэлгүүрийн урд талын ус зайлуулах хоолойны наана цаанаас хэрүүл хийсэн. Тэгээд би “уучлаарай” гэж хэлсэн чинь тэр эгч иргэн хараад Э.Билэгт ах куртикээ толгой дээгүүрээ нөмрөөд нүүрээ нуусан байсан. Тэгсэн тэр эгч Э.Билэгттэй маргалдаад “цагдаад өгнө” гээд цагдаа руу залгах үед нь би гэрлүүгээ зугтаасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41- 42-р ху/, 10.Гэрч Ч.Амарбаясгалангийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ч.Чимгээгийн гэрт дуудлагаар очих үед хашааны хаалга нь цоожтой байхаар нь хашааг нь даваад гэр рүү нь очиход гэрийнхээ үүдэнд сууж байсан. Ч.Чимгээ нь гадаанаа хоёр хүүхэдтэйгээ дотор нэг эрэгтэй хүн унтаж байсан. Тухайн хүнийг сэрээх гэтэл сэрэхгүй, их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ч.Чимгээ гэх эмэгтэй гэрийн байдал эмх замбараагүй байсан. Архи пивоны шил байсан ба яг хэдэн тооны шил байсан талаар санахгүй байна. Ч.Чимгээ нь зүүн хөлөө бариад уйлаад байсан. Мөн зүүн дал хэсэгт нь зулгарсан, өөр ямар нэг ил шарх сорви гэмтэл харагдаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/, 11.Гэрч Ч.Амарбаясгалангийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Намайг тухайн дуудлаганд очиход Ч.Чимгээ нь зүүн талын хөлөө бариад уйлаад суугаад байсан ба сайн алхаж чадахгүй байхаар нь би 103-т дуудлага өгсөн. Тэгээд 103-н эмч ирээд Чимгээгийн биед үзлэг хийгээд даралтыг нь үзээд, хөлийг нь барьж үзээд “ямар нэгэн хугарал гэмтэл байхгүй байна. Гэхдээ хөлний зураг авахуулаарай” гэж хэлсэн. “Ясанд мэдэгдэх хугарал гэмтэл, ил харагдах хугарал гэмтэл байхгүй байна” гэж хэлсэн.Тухайн үед Э.Билэгт нь хар өнгийн “iphone6 plus” маркийн гар утас харуулаад миний утас эвдэрсэн гэж надад харуулж байсан. Тухайн утас нь урд талын нүүрний хэсэг нь хагарсан байдалтай байж байсан. Таны харуулж байгаа гар утасны зураг нь тухайн үед Э.Билэгтийн надад харуулж байсан гар утасны зураг мөн байна. Яг ийм байдалтай дэлгэц нь хагарсан, дэлгэц нь салсан байдалтай байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/, 12.Насанд хүрээгүй гэрч Б.Одбаатарын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Э.Билэгт ахад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гар утас өгсөн. Учир нь манай ээж надад өөр шинэ утас авч өгсөн болохоор өөрийн барьж байсан “iphone 6 plus” маркийн, хар саарал өнгөтэй гар утсыг Э.Билэгт ахад бэлэглэх маягаар өгсөн юм. Би Э.Билэгт ахад өгсөн гар утсыг 2018 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Э.Билэгт нь намайг дарамталсан, зодсон, айлган сүрдүүлсэн асуудал байхгүй. Би өөрөө бэлэглэсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/, 13.Гэрч Г.Бат-Оргилийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд хүн харагдахгүй ууж болохоор газар хайж байгаад “Уянга” дэлгүүрийн гадна очиж таксинаас буусан. “Уянга” дэлгүүрийн гадаа авсан пивоноосоо уугаад сууж байхад Э.Билэгт нь Дашбаяр гэх хүүхдийг “энэ айл руу ороод хэн хэн байгааг харчихаад ир” гэж явуулсан чинь Дашбаяр гэх хүүхэд нь удалгүй буцаад хүрээд ирээд “хашаа нь цоожтой байна” гэж хэлэхэд нь Э.Билэгт нь “даваад ороод сайн харчихаад ир” гээд буцаагаад явуулсан. Тэгээд Э.Билэгт, Э.Эрхэмбаяр бид гурав “Уянга” дэлгүүрийн гадаа сууж байхад Дашбаяр гэх хүүхэд тэр айлаас гарч ирээд “дотор ах эгч хоёр архи ууж байна” гэж Э.Билэгтэд хэлж байх шиг байсан. Э.Эрхэмбаяр бид хоёр хоорондоо юм ярьж байсан болохоор анзаараагүй. Тэгээд Э.Билэгт Дашбаярыг “харь” гээд хэлж байтал цаанаас нэг эгч ирээд Дашбаяр гэдэг хүүхэд рүү уурлаад “чи яахаараа манай гэр рүү ордог юм бэ?, чи ер нь хэн юм бэ” гэж хэлээд Э.Билэгт, Э.Эрхэмбаяр бид гурав руу хараад бид нар дээр ирээд Э.Билэгтийг сууж байхад нь цамцнаас нь татаад алгадаад “Э.Билэгт үү? чи яахаараа манай гэр рүү хүн оруулдаг юм бэ?” гэж уурласан. Дашбаяр нь зугтаагаад явсан байсан. Тэгээд бид гурав “явъя” гээд засмал зам дээр гараад доошоо алхах гэж байтал тэр эгч нь Э.Билэгтийг татаж чангаагаад “цагдаа дуудна” гээд байсан. Э.Билэгт нь тухайн үед утсаараа хүнтэй ярьж байсан ба тэр эгч Э.Билэгтийн гар утсыг булааж аваад газар савсан. Э.Билэгт нь гар утсаа газраас авсан ба тэр эгч Э.Билэгтийг үг хэл амаар доромжлоод байсан. Э.Эрхэмбаяр бид хоёр Э.Билэгтийг аваад “явъя” гэтэл тэр эгч Э.Билэгтээс салж өгөхгүй байсан ба “цагдаа дуудна” гээд утсаа гаргаж ирэхэд Э.Билэгт гар утсыг нь булаагаад Э.Эрхэмбаярт өгсөн. Тэгээд Эрхэмбаяр бид хоёроос холдоод замын эсрэг талд байдаг сагсны шийдний ойролцоо зогсож байтал Э.Билэгт нь тэр эгчийн зуүн хөл рүү өшиглөхөд тэр эгч газар унасан. Тэгээд Э.Эрхэмбаяр бид хоёр шууд зугтаагаад гэр гэр рүүгээ явсан. Тэгээд цаашаа юу болсон талаар би мэдэхгүй. Э.Билэгт нь Н.Дашбаярыг “Ч.Чимгээгийн гэр рүү ороод хэн хэн байна, хараад ир” гэж хэлсэн. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. Э.Эрхэмбаяр бид хоёр хоорондоо юм яриад нэг их анзаарч сонсож мэдээгүй. Э.Билэгт нь Ч.Чимгээгийн зүүн хөл рүү нэг удаа өшиглөж байсан. Миний харсан нь тэр байна. Эрхэмбаяр бид хоёрыг зугтаагаад явсан хойно юу болсныг мэдэхгүй байна. Н.Дашбаяр гэдэг хүүхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Э.Билэгт, Э.Эрхэмбаяр бид гурав авсан 4 ширхэг 2.5 литрийн пивоны 2 ширхгийг нь ууж байсан. Болсон асуудлын талаар мэдэх чадвартай, өөрсдийн үйлдэл, хэл яриаг хянах чадвартай байсан. Э.Билэгт нь Ч.Чимгээгийн гар утсыг авсан. Ч.Чимгээ нь “цагдаа руу дуудлага өгнө” гээд залгаж байхад нь гарнаас нь шүүрч аваад Э.Эрхэмбаярт дамжуулж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49-р ху/, 13.Гэрч Б.Мөнхболдын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд “ямар дуу шуутай байнаа, хүүхэд унтуулахгүй байна” гэж юм яриад байсан. Тэгээд би ч айлд байсан болохоор юм дуугараагүй, Ч.Чимгээ нь утсаар яриад асуугаад байсан. Тэр хооронд тэр хүүхэд нь гараад явсан. Би өмнө архи уусан байсан болохоор нэлээн муудсан байсан. Тэгээд нэг сэрэхэд л надаас утас асуугаад “цагдаа дуудна” гээд байсан. Би тухайн үед юу болоод байгааг нь ч ойлгоогүй. Би тасраад унтсан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд өглөө буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06, 07 цагийн үед сэрээд гэр рүүгээ явсан. Архи сайн гараагүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2-3 хоногийн дараа байх Ч.Чимгээ нь над руу танихгүй дугаараас залгаад “утасгүй болсон, эмнэлэг рүү явмаар байна. Хөл эвгүй байна” гэж хэлсэн. Тэгээд гэрт очих үед Ч.Чимгээ нь доглосон байдалтай зүүн хөлөө чирээд гараад ирсэн. Тэгээд эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа сар өдрийг нь сайн санахгүй байна надад “хөл хугарсан, зургаа авахуулаад хугарсаныг нь мэдсэн” гэж хэлж байсан. Тэгээд хөлөө гипсдүүлээгүй бэхэлгээ хийлгэсэн байсан. Ч.Чимгээ нь миний багын найз Батболдын эхнэр нь байгаа юм. Би Ч.Чимгээтэй 1994 оноос эхлэн найз нөхдийн харилцаатай болж найзалж нөхөрлөж ирсэн. Ч.Чимгээ нь ааш зангийн хувьд цайлган, шударга, шулуун яриатай, аливаа юманд идэвхитэй, Их засаг сургуулийг 2002 онд онц дүнтэй төгсөж байсан. Нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа бөгөөд Ч.Чимгээ нь 4 хүүхэдтэй. Ч.Чимгээ нь архи уудаггүй хааяа нэг пиво уудаг тэрнээс байнга уугаад байдаггүй. Ч.Чимгээ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгсөж байсан. Бага 2 ихэр хүүхэдтэйгээ Сэлэнгэд байдаг. Нөгөө хоёр хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг. Тухайн үед Ч.Чимгээ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р ху/, 14.Гэрч М.Анхбаярын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Э.Билэгттэй багаасаа тоглож өссөн багын найзууд юм. Э.Билэгт нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуулийг төгссөн. Би 4-р сургуулийг төгссөн. Э.Билэгт нь зан байдлын хувьд найз нөхөддөө сайн, ямар нэгэн ааш араншин гаргаад байдаггүй. Хүнтэй зөв боловсон харьцдаг. Ах, ээж, дүү гурвынхаа хамт амьдардаг. Э.Билэгтийн спортоор хичээллэдэг хөлбөмбөгийн спортын мастер, сагсан бөмбөг сайн тоглодог спортод их хайртай хүүхэд. Тэгж их хүнтэй маргалдаад яваад байдаггүй. Хүний үгээр, гэхдээ юманд хожигдохдоо шартай, хожно ялна гэсэн л сэтгэдэг хүүхэд. Хичээл сурлагадаа дунд зэрэг сайн ч биш муу ч биш олны дунд биеэ зөв аваад явдаг. Хүүхэд дээрэлхээд зодоод байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэдэг. Тамхи таттдаг. Э.Билэгт нь спортоор хичээллэдэг, мундаг авъяаслаг, бокс, чөлөөтийн спортоор хичээллэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/, 15.Гэрч Д.Энхчимэгийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний найзын хувьд хүнд их тусархуу, үнэнч шударга, сайхан сэтгэлтэй, хэнтэй ч гэсэн ярилцаад учраа олчихдог нээлттэй эмэгтэй байгаа юм. Миний мэдэхийн өмнө ямар нэг асуудал гаргаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/, 16.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 179 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ч.Чимгээгийн биед гарын шуу, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 17.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 197 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ч.Чимгээгийн биед зүүн тахилзуур ясны хүзүү хэсэг хугарсан, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 18.Хөрөнгө даатгалын хохиролын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 8 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын TEDY худалдааны төвийн 15-р павилоны 1-10 дугаар лангуунуудаас үнийн судалгаа аван зах зээлийн дундаж үнийг тогтоов. № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр Тайлбар 1 IPHONE 6PLUS Ш 1 400.000 400.000 Хуучин Нийт дүн 400.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөг тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 73-р ху/, 19.Хөрөнгө даатгалын хохиролын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр Тайлбар 1 Nokia 2610 Ш 1 20.000 20.000 Хуучин Нийд дүн 20.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 20.000 /хорин мянга/-н төгрөг тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 73-р ху/, 20.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 13-14, 17-18-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 54, 59, 64, 71, 75-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 55, 60, 66, 72- 73, 76-77-р ху/, шүүгдэгч Ч.Чимгээд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /ххийн 57, 61, 68, 80-р ху/, шүүгдэгч Э.Билэгтэд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 56, 62, 69, 779-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 85-88, 90-91-р ху/, яллагдагч Э.Билэгтээс мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 82-84-р ху/, яллагдагч Ч.Чимгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 94-96-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 102-110-р ху/, шүүгдэгч Э.Билэгтийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 111-р ху/, шүүгдэгч Э.Билэгтийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 114-р ху/, шүүгдэгч Ч.Чимгээгийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 112-р ху/, шүүгдэгч Ч.Чимгээгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 113-р ху/, шүүгдэгч Ч.Чимгээд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 169-р ху/, шүүгдэгч Э.Билэгтэд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 170-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. \ Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Шүүгдэгч Э.Билэгт нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй дэлгүүрийн үүдэнд иргэн Ч.Чимгээтэй маргалдаж улмаар түүний зүүн шилбэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, Шүүгдэгч Ч.Чимгээ нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05- нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй дэлгүүрийн гадна иргэн Э.Билэгттэй маргалдаж улмаар түүний барьж явсан “iphone6 plus” маркийн гар утсыг газарт шидэж унаган эвдэж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаси хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Чимгээд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Э.Билэгтэд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагч Э.Билэгтээс мэдүүлэг авсан тэмдэглэл, яллагдагч Ч.Чимгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч Ч.Чимгээд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Э.Билэгтэд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч Э.Билэгт нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Харин шүүгдэгч Ч.Чимгээ нь хохирогч Э.Билэгтийг гар утастай байсныг мэдээгүй учир түүний гар утсы гэмтээсэн гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Э.Билэгтийн ...тухай үед эвдэрсэн утасны зургийг тэр үедээ Эрхэмбаярын гар утсан дээр авсан гэх мэдүүлэг нь гэрч Э.Эрхэмбаярын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-р ху/ ээр нотлогдож байгаа, гэрч Э.Эрхэмбаярын... Билэгтийн гар утсыг Чимгээ булааж аваад газар руу шидсэн. /хх-38-р ху/, ...тэр үед дуудлагаар очсон Цагдаагийн жижүүрийн мөрдөгч Ч.Амарбаясгалангийн ...Билэгт нь урд талын нүүрний шил нь хагарсан хар өнгийн “iphone 6 plus” гар утас харуулаад утсыг нь эвдэлсэн тухай хэлж харуулж байсан. ...гар утсан дээр байгаа зураг нь Билэгтийн надад харуулж байсан дэлгэц нь хагарсан, салсан утас мөн байна” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул шүүгдэгч Ч.Чимгээг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө иргэн Э.Билэгттэй маргалдаж улмаар түүний барьж явсан “iphone6 plus” маркийн гар утсыг газарт шидэж унаган эвдэж устган 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Билэгтийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.Чимгээгийн биед хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Ч.Чимгээгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Билэгтийн гар утсыг устгаснаас 400.000 төгрөгний хохирол учирсан зэргийг хохиролд тооцов. Шүүгдэгч нар буюу хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар завсарлага авч “шүүгдэгч Э.Билэгт 1.000.000 төгрөг хохирогч Ч.Чимгээд өгч, үүнээсээ гар утасны хохирол 400.000 төгрөгийг хасч үлдэх 600.000 төгрөгийг төлөх санал гаргасныг” шүүгдэгч Ч.Чимгээ түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн гэсэн боловч үүнээсээ татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн боловч гэм буруугийн хуралдааны дараа шүүгдэгч Ч.Чимгээ болон түүний өмгөөлөгч нар 600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Билэгтээс хоёр хувааж авахыг хүлээн зөвшөөрч “хохирол төлөх тухай эвлэрсэн баримт” үйлдсэн тул шүүгдэгч Б.Билэгтээс 600.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Чимгээд олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч буюу хохирогч Б.Билэгт нь шүүгдэгч Ч.Чимгээгээс гар утасны төлбөр 400.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Чимгээ нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Билэгт нь бусдад учруулсан хохирлоо хоёр хувааж нөхөн төлөхөөр эвлэрнийг тус тус дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсайханы Билэгтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Их мэргэд овогт Чинбатын Чимгээг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгасан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 

2.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсайханы Билэгтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Их мэргэд овогт Чинбатын Чимгээг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Билэгтийн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг, 4 /дөрвөн/ сарын, ялтан Ч.Чимгээгийн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар тус тус хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Билэгт, ялтан Ч.Чимгээ нарт мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Э.Билэгт, шүүгдэгч Ч.Чимгээ нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, мөн битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Чимгээ бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай 

6. Шүүгдэгч Э.Билэгтэд эвлэрлийн гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй. 

7. Шүүгдэгч Э.Билэгт, шүүгдэгч Ч.Чимгээ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

11 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, нар болон тэлгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   С.НОЛХООСҮРЭН.