| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/02856/И |
| Дугаар | 00929 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 00929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,12-1А “” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******-нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 187 376 133 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч,, хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Наранчимэг болон Хадбаатар нарт манай байгууллага 2014 оны 9 сарын 24 өдрийн гэрээгээр 93,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 0,4% хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан байдаг. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэгтгээд нийт 187,376,133 төгрөг болж байгаа энэ төлбөрийг гаргуулж өнгө үү гэв.
Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй талуудын хооронд 2014 оны 9 сарын 24-ний өдөр гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас 156,000,000 төгрөгийг аваагүй, авсан гэх нотолгоо байхгүй. ын хувьд авсан зээлээ бүрэн төлж дууссан байдаг, зээл авсан эсэх талаараа маргаагүй зээлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэрээнд заасан 156,000,000 төгрөгийг өгсөн үү гэдэг асуудлыг ярьж байгаа. Наранчимэг нь шүүхэд хариу тайлбараа тодорхой өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх бүхий этгээд эсэхийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байна, нэхэмжлэгчийн шаардлага нь тодорхойгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй зээлийн хэмжээ болон хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй зээлийн төлбөрийн үнийн дүнг хариуцагч нар нь хэрхэн хариуцах талаар нэхэмжлэгч тодорхойлоогүй бөгөөд миний бие зээлийн төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “” ББСБ нь зээлийн гэрээний үлдэгдэл 93 000 000 төгрөг, хүү 53 555 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 168 000 төгрөг нийтдээ 156 723 333 төгрөгийг төлүүлэхээр хариуцагч нараас анх шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн хүү 25 544 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 108 800 төгрөг, нийт 30 652 800 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй боловч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргаагүй болно.
Хэргээс үзэхэд талуудын хооронд байгуулсан 2014.09.24-ний өдрийн ЗГ14/09/114 тоот зээлийн гэрээний дагуу сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар, 93 000 000 төгрөгийг , нар зээлж авсан, зээлдэгч нар зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон байна.
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******,, дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ЗБГ14/09/114 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.
Зээлийн гэрээний дагуу 93 000 000 төгрөгийг хариуцагч т бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь “” ББСБ-ын 2014.09.26-ны өдрийн мемориалын баримтаар, харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийсэн, нийтдээ 13 900 000 төгрөгийг төлсөн болох нь кассын орлогын баримтаар тус тус тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрх бүхий этгээд, мөн 242.2 дахь хэсэгт зааснаар , нарын хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүссэн байх тул хариуцагч нараар төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-д “зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 30 хоногт 8 хувь /нэмэгдүүлэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдэл/-ээс тооцох” нөхцөл тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан “үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох” заалтыг зөрчсөн байна.
Иймд нэмэгдүүлсэн хүү /10 168 000+5 108 800/-15 276 800 төгрөг, мөн нэхэмжлэгч тал шүүхэд хандсанаар талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаа дуусгавар болох тул нэмж тооцсон зээлийн хүү 25 544 000 төгрөг нийтдээ 40 820 800 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзээд үндсэн зээл 93 000 000 төгрөг, зээлийн хүү 53 555 333 төгрөг нийтдээ 146 555 333 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж “” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 820 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар , нараас 146 555 333 төгрөгийг гаргуулж “” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлэх 40 820 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 890 727 төгрөг гаргуулж “” ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 252 781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Барьцааны зүйл болох *******,, дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ