| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0198/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 211
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх Хохирогч Э.Одгарав Гэрч Б.Алтанзаяа Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Давдайн Хэрлэнд холбогдох 1831000660257 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажилтай байсан, ам бүл,5 эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг, буурагчин 7-56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Чонос овогт Давдайн Хэрлэн /РД:МЕ77081615/ Шүүгдэгч Д.Хэрлэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгэээр сарын 05 ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн модны хуваарь баталсан тогтоолын хавсралтанд “Хөвчийн ой” нөхөрлөлд 50 м3 мод бэлтгэхээр шийдвэрлэсэн байхад дур мэдэн “Үзэсгэлэнт бугант” ХХК-д олгохоор тусган албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон ой санд 10.8 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Д.Хэрлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд 2 гэрчээр өгсөн: ...Миний бие 2017 оны 04 дүгээр сараас эхлэн одоог хүртэл хугацаанд Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Яг миний албан тушаалтай холбогдуулан хурлын даргаас баталсан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь бол байхгүй. Гэхдээ ИТХ-ын хуралдааны тэмдэглэлийг хөтөлж хурлаас гарсан шийдвэрийг хурлын даргаар албажуулдаг. Албан байгууллага иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг бүртгэж авч хурлын дарга болон төлөөлөгчдөд танилцуулж шийдвэрлүүлж гарсан шийдвэрийг холбогдох албадуудад нь хүргүүлэх ажлыг зохион байгуулдаг. Манай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас модны хуваарь батлахаар 2 удаа модны хуваарийг батлахаар хуралдсан гэсэн. Тэгээд одоог хүртэл шийдвэр юм нь гараагүй байгаа учир би сайн мэдэхгүй байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тухайн жилд бэлтгэх модны хуваарь, сумын ойн ангиас иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг нэгтгэж ирүүлснийг үндэслэж сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Тэргүүлэгчдийн хуралдаанд 7 тооны тэргүүлэгч багтдаг. Модны хуваарь батлахтай холбогдсон хуралдаанд бол гишүүд бүрэн 100 хувийн ирцтэй оролцдог. Тэргүүлэгчдэд хурлын дарга Б.Алтанзаяа, тэргүүлэгч Б.Нямхүү, С.Батсүх, Х.Батцэнгэл, Ж.Батбуян, Б.Оюун-Ундрах, Т.Болд нар хамаарагддаг. Тухайн хурлын тэмдэглэл нь бол дуу хураагуураар авсан бичлэг ба шаардлагатай тохиолдолд цаасаар буулгаж хүргүүлж болно. Одоогоор бол цаасаар байхгүй байна. Тухайн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар мод хуваарь хэлэлцэж батлахад ”Хөвч” нөхөрлөлд 50 м3 арчилгааны огтлолын мод бэлтгэх хуваарь баталсан. “Хөвч” нөхөрлөл нь ойн тухай хуулиараа арчилгааны огтлоллоор мод бэлтгэх хуваарь олгож болохгүй, ойн мэргэжлийн эрхтэй байгууллагад арчилгааны зориулалтаар мод бэлтгэх хуваарь олгох ёстой байдаг. Хэрэв “Хөвч” нөхөрлөлд баталсан 50 м3 арчилгааны огтлолтын хуваарийг олгох юм бол хууль зөрчсөн асуудал болно. Тийм учраас тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэж “Хөвч” нөхөрлөлд баталсан 50 м3 арчилгааны нарс мод бэлтгэх хуваарийг тухайн нөхөрлөлд олгоогүй. “Хөвч” нөхөрлөлд арчилгааны огтлолоор мод бэлтгэх хуваарийг олгож болохгүй, үлдэгдэл 50 м3 арчилгааны модыг хуваарилахын тулд дахин хуралдах боломжгүй. Урьд нь “Үзэсгэлэнт бугант” ХХК-с гаргасан хүсэлтийг нь ИТХ-н дарга Б.Алтанзаяад танилцуулж зөвшөөрсний үндсэн дээр л “Үзэсгэлэнт бугант” ХХК-д 50 м3 арчилгааны огтлолтын мод бэлтгэх хуваарийг олгосон. Тэрнээс миний хувьд дур мэдэж тухайн компанид олгоогүй. Тэгээд ч хурлын дарга тогтоолыг хавсралттай нь хянаж байж гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Миний хувьд ИТХ-н дарга гарын үсэг зурж дараа нь тамга тэмдэг дарж баталгаажуулж байгаа болохоор гарын үсэг зурж байгаа хүнд тамга тэмдэг байж болохгүй гэдгээр нь тамга тэмдэг надад байдаг. Яг албан ёсоор бол ИТХ-с бол тамга түших журмыг баталж гаргаагүй, тодорхойгүй байдаг. Өмнө нь 2007 оноос хойш бол практик дээр тамга тэмдэг бол байнга л ажлын алба буюу нарийн бичгийн дарга дээр хадгалагдаж байдаг. Миний хувьд тамга тэмдэг хууль бусаар ашигласан зүйл огт байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 35- 36-р ху/, 2.Шүүгдэгч Д.Хэрлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр дахин өгсөн: ...Миний хувьд тухайн тогтоолд ИТХ-ын дарга Б.Алтанзаяа нь гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш тогтоолын хавсралтыг өөрчилсөн зүйл байхгүй. Харин тогтоолд хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө бол хавсралтыг гаргах гэж байхдаа гар ноорогт “Хөвч” нөхөрлөлд арчилгааны огтлолоор 50 м3 нарс мод бэлтгэх хуваарь олгосон байсныг харсан. “Хөвч” нөхөрлөл нь өөрөө ойн тухай хуульд зааснаар арчилгааны огтлолт явуулах эрх байхгүй байсан тул тухайн үед хурлын дарга Б.Алтанзаяад танилцуулж “би дахиад 50 м3 модны төлөө хуралдах боломжгүй шүү дээ” гэж хэлэхэд хурлын дарга “тэгэвэл энэ модыг хааш нь ямар компанид хуваарилж тавих вэ” гэж хэлэхээр нь би “урьд өмнө нь хүсэлт өгсөн боловч хүсэлтийн дагуу аваагүй “Үзэсгэлэнт бугант” ХХК-д олговол яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд хурлын дарга Б.Алтанзаяа зөвшөөрсний дагуу би тогтоолын хавсралтыг гаргахдаа өөрчлөн “Хөвч” нөхөрлөлөөс хасч “Үзэсгэлэнт бугант” ХХК-д нэмж хуваарилан тогтоолын хавсралтыг гаргаж хурлын даргаар тогтоолыг хянуулж гарын үсэг зуруулсан. Миний хувьд тогтоол гарснаас хойш хавсралт гарснаас хойш тогтоолыг дур мэдэн өөрчлөөгүй. 3 ...Миний хувьд бол хурлын даргад нэгэнт хууль зөрчиж “Хөвч” нөхөрлөлд арчилгааны огтлолтоор 50 м3 мод олгосон байна. Мөн дахин хуралдах боломжгүй тул энэ хуваарийн асуудлаа одоо шийдсэн нь дээр гэдэг л саналыг хурлын даргад танилцуулсан. Эцсийн шийдвэрийг хурлын дарга л гаргасан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 38-р ху/, 3.Шүүгдэгч Д.Хэрлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Тогтоолын төслийг хянуулж албан баланкгүйгээр гарын үсэг зуруулж авч үлддэг. Хавсралтыг тогтоолын төслийн хамт хянуулдаг боловч гарын үсэг зуруулж авч үлддэггүй. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хянуулахаас өмнө дарга дээр байсан хувиар баталсан ноорог дээр “Хөвч” ойн нөхөрлөлд арчилгааны огтлолоор 50 м3 мод бэлтгэх эрх нэмэлтээр олгосон байсан тул хурлын даргад танилцуулж нөхөрлөлд арчилгааны огтлол хийх эрх байхгүй, яагаад оруулсан юм бэ?” гэхэд “Энэ талаар сайн мэдэхгүй, одоо яах ёстой юм” гэж надаас асуусан. Миний зүгээс “2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн хуралд хүсэлт өгсөн боловч өгсөн хүсэлтээс нь хасаж тооцсон компани байгаа, тийшээ шилжүүлчихгүй юу, түүнээс 50м3 модны төлөө ИТХ-ын тэргүүлэгчид дахин цуглана гэж байхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд хурлын дарга “тэгээд хаашаа тавих ёстой юм бэ” гэхээр нь би “Үзэсгэлэнт бугант ХХК” гэдгийг хэлсэн. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн хурлаар “Үзэсгэлэнт Бугант” ХХК-д 180м3 модыг арчилгааны зориулалтаар бэлтгэх эрх олгосны дараа хурлын үеэр өөрчилж 80м3 мод бэлтгэх эрхийг хасаж “ЭБНЗ” ХХК-д олгох шийдвэр гаргаж байсан юм. Тэгээд хурлын дарга үүниийг зөвшөөрснөөр би тогтоол, хавсралтыг гаргаж батлуулсан. Би тогтоол хавсралт батлуулахаас өмнө ойн ангийн дарга Бат-Амгалангаас “Хөвч ойн нөхөрлөлд арчилгааны огтлол олгосон байна. Энэ нь болох билүү” гэж асууж байсан. Бат-Амгалангийн зүгээс” болохгүй, хурал тэгээд шийдсэн ч ойн анги гэрээ хийхгүй” гэж байсан. Өөр төлөөлөгчид танилцуулаагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 249-250-р ху/, 4.Шүүгдэгч Д.Хэрлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Надад урьд өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйл байхгүй. 2019 оны 07-р сарын дундуур Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд оршин суудаг авга дүү маань нас барсан учир буяны ажилд нь оролцсон. Түүний дараа Хэнтий аймаг руу хувийн ажлаар явчихаад ирэх гэтэл машин шаварт сууж сүлжээгүй газар 6 хоносон. Одоо дахин утас холбогдохгүй, хөдөө хээр явахгүй. ...гэх мэдүүлэг. /2-р хх-ийн106–р ху/, 5.Шүүгдэгч Д.Хэрлэнгийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Өнөөдөр миний холбогдсон хэргийн шүүх хуралдаан болж хуулийн дагуу шүүн явуулсан та бүхэнд хүндэтгэлтэй хандаж байна. Өөрийгөө ял авна гэж бодсонгүй. Аавынхаа нэрийг дуудуулна гэж бодсонгүй. Ялын хувьд тэнсэх гэхээс илүү торгууль ялыг авах шийдвэрт хүрлээ. ...гэх мэдүүлэг, 6.Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 08- ны өдөр өгсөн: ...Миний бодлоор Д.Хэрлэн нь дур мэдэн “Үзэсгэлэнт бугант” ХХК-д 50 м3 нарс мод олгох шийдвэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарын баталж гаргасан тогтоолын хавсралтанд бичсэний улмаас Ойн сангаас 50 м3 модыг “Үзэсгэлэнт бугант” ХХК бэлтгэсэн. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 10,800,000 төгрөгний хохиролыг Д.Хэрлэнгээс нэхэмжилнэ. Надад өөр гомдол санал гэх зүйл байхгүй. Би Д.Хэрлэнг танина. Бид хоёр өс хонзон өр авлагын ямар ч асуудал байхгүй. Бид хоёр нэг сумын хүмүүс учраас мэнд устай явдаг юм. Ойр дотно найзалж нөхөрлөөд байдаггүй юм. Мөнхдалай нь өмнө нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Ерөө сумын Бугант тосгонд олон жил ажилласан. Би Д.Хэрлэн Мөнхдалай нарын найз нөхөдийн холбоотой гэж ойлгодог. Учир нь Мөнхдалай нь Иргэдийн хурлын төлөөлөгч тул хурал оролцохоор ирэх үедээ байнга л Хэрлэнтэй цуг гарч ороод явж байгаа харагддаг юм. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 111-112-р ху/, 7.Хохирогч Э.Одгаравын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Д.Хэрлэнтэй холбоотой асуудлийг сургаар сонсож байсан. Өмнөх тамгын дарга маань хохирогч байж байгаад гадаад улс руу явж 4 ээлжийн амралтаа авсан юм. Түүнээс хойш хохирогчоор би тогтоогдож мэдүүлэг өгч эхэлсэн. 50м3 модонд гаргасан хохиролд мэдүүлэг өгч одоо хохирогчоор оролцож байна. Би хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан тул тэргүүлэгч нартай ойр харилцаатай байсан. Д.Хэрлэн бид хоёр нэг дор ажилладаг. Энэ хүний хувьд бол олон жил ажилласан хурлаас гарах тогтоолд хууль эрх зүйн талаас сайн ажилладаг байсан. Тухайн компани нь өөрөө ойн ангитайгаа гэрээгээ хийгээд ойн сан дээр тусгаарлалт авсан байхад хууль бусаар мод бэлтгэсэн гэдэг нь тодорхой бус санагдаж байна. ...гэх мэдүүлэг 8.Гэрч Б.Алтанзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би гэрч, шүүгдэгч нартай 2016 оноос хойш хамтарч ажилласан. Д.Хэрлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга. Би өөрөө Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга. Э.Одгарав нь Ерөө сумын Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч. Өнөөдрийн байдлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга гэх хүн байхгүй байгаа. Д.Хэрлэн нь 10 гаруй жил энэ албан тушаалд ажилласан. Тухайн үеийн төлөөлөгчдийн орж ирсэн хүсэлтүүдийг хэлэлцэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал гарч олонх нь дэмжээд гаргасан. Хурал дууссаны дараа хурлын тогтоол цаасан дээр буух үед Хэрлэн зөвшөөрөл олгож болохгүй талаар хэлсэн. Д.Хэрлэн нь тухайн үед “магадгүй биш болохгүй, эрхгүй” этгээд байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь “нэгэнт гарсан шийдвэр. Нөөцөд байж байг. Дараа нь зохих байгууллагад хувиарлах үүрэгтэй” гэж хэлсэн. Шийдвэрийг баталгаажуулахдаа хэн хэн хэдийг авсан талаар би мэдээгүй. Одоо энэ гэмт хэрэгт Д.Хэрлэн нь холбогдож шүүх хурал болж байгаад хувь хүний хувьд харамсаж байна. Хэрлэнгийн хувьд тангараг өргөсөн төрийн албан хаагч. Миний хувьд бол улс төрийн албан хаагч. Бид хоёр хамтарч ажиллаж ирсэн. Би 9 сард гарсан шийдвэрийг 12 сард мэдсэн. Тэр үед Хэрлэн удирдлагын академид явсан байсан. Сүүлд оны эцсийн хурал болох гэхэд тодруулж чадахгүй байсаар байгаад дууссан. 2018 оны 1 дүгээр сарын 25-нд хурал болох байсан гэтэл болоогүй 2018 оны 1 дүгээр сарын 16-нд хурал болж намайг огцруулсан. Харин би 2 сард шүүхэд хандсан. 3 дугаар сард энэ хэргийн талаар цагдаад хэлсэн. Би Д.Хэрлэнд “Хурлын шийдвэрийг цаасан дээр битгий буулгаарай. Би хуулийн үндэслэлтэй эсэхийг лавлаж асууя” гэж ярилцсан юм. Тэгээд Улаанбаатар хот яваад зөвлөгөө аваад эмнэлэгт үзүүлээд байж байхад араас тогтоол гарсан. Би Д.Хэрлэнд хууль бус хурал байсан учраас шийдвэр гарах ёсгүй гэж сануулж, харилцан ярилцсан. Би тэр үед шүүх хуралдаан болоод ажлаас түдгэлзүүлсэн учир тангараг өргөсөн төрийн албан хаагч учир гомдол гаргасан. ...Шүүгдэгч Д.Хэрлэнгийн хийсэн буруу зүйл нь хамтын шийдвэрийг цаасан дээр баталгаажуулахдаа өөрчилсөн. Бид буруу шийдвэр гаргасан байгаад буруугаар нь гаргавал бид буруугаа өөрчлөх ёстой. Бид тогтоолоо өөрчлөх ёстой байсан. Хэзээ бэлтгэсэн болохыг сайн мэдэхгүй байна. Тухайн жилдээ тавигдсан бол тэр ондоо дуусгах ёстой. ...гэх мэдүүлэг, 9.Гэрч Б.Алтанзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 7 тэргүүлэгчтэй байдаг. Дээрх тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүнийхээ бүрэн эрхийн хэмжээнд мэргэжлийн байгууллага аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар мод бэлтгэх хуваарийг хуваарилж баталдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын ИТХ-ын тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй ирж хуралдсан. Хурал эхлэхийн өмнө уг хуралдаантай холбогдолтой хэн нэгэн төлөөлөгчөөс хэлэлцэх асуудал болгонтой хувийн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар тайлбар мэдэгдэл гарган өгч уг мэдэгдлийг хурлын дарга хянаж, танилцаж гарын үсгээр баталгаажуулснаар хурлыг эхэлсэн. Хурал болгоноор хэлэлцэх асуудал болон хурлын явцыг диктафон буюу дуу хураагуураар бичлэг хийж бэхжүүлж авдаг. Хурлын бичлэгүүдийг нь нарийн бичгийн дарга Д.Хэрлэнд хадгалагдаж байдаг. Тухайн өдөр “Хөвч” нөхөрлөлд ойгоос арчилгааны огтлолтоор хэрэглээний 50 м3 нарс мод бэлтгэх эрхийг хуваарилсан. Гэтэл Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхдалай гэх хүний “Үзэсгэлэнт Бугант” ХХК-нд “Хөвч” нөхөрлөлд олгосон 50 м3 модыг хууль бусаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг ажилтай Д.Хэрлэн нь олгож Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамгыг дур мэдэн дарж сумын ойн ангид тухайн 33 дугаартай тогтоолын хавсралт хүснэгтийг хүргүүлсэн. Энэ тухай миний бие нь Ерөө 5 бүсийн сум дундын ойн ангийн ойн инженер ажилтай Б.Ууганцэцэгийн албан бичгээр гаргаж өгсөн мэдээллээс “Хөвч” нөхөрлөлд олгогдсон 50 м3 арчилгааны огтлолтын нарс модны зөвшөөрөл нь үлдэгдлээр байгаа гэж бодтол хууль бусаар “Үзэсгэлэнт бугант” ХХК олгогдсоныг мэдсэн. Иймд Ерөө сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга албан тушаалтай Д.Хэрлэн нь ИТХ-ын тамга тэмдгийг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж, дахин хуурамч бичиг баримт үйлдэж болзошгүй тул Д.Хэрлэнгээс тамга тэмдгээ авах гэтэл өгөхгүй гарын үсэг зурдаг хүн тамга тэмдэг хоёр нэг доор байж болохгүй гэдэг шалтгаанаар сумын ИТХ-ын тамга тэмдгийг одоог хүртэл өгөхгүй байна. Энэ хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сумын ИТХ-ын нэр бүхий 14 төлөөлөгчид нь хууль бусаар хуралдаж ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг огцруулах хуралдаан зохион байгуулсан. Хууль бус хурлаа хийхийн тулд төлөөлөгчдийн ирцийг 51 хувиас дээш болгох ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс нь ИТХ-ын төлөөлөгч нарт авлига өгсөн үйлдэл нь нотлогдож эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа хурлын шийдвэрийг баталгаажуулан нарийн бичгийн дарга Д.Хэрлэн мөн л тамга тэмдэг дарсан байдаг. Д.Хэрлэнгийн тамга тэмдэг дарсан тэр тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гаргахад хэрэг үүсч, уг тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот захирамжаар түдгэлзүүлсэн байгаа. Би нарийн бичгийн дарга Д.Хэрлэнд “хууль бус хуралдааны тогтоолыг албан бичгийн маягтанд гаргаж болохгүй, тамга тэмдэг дарж баталгаажуулж болохгүй” гэдгийг удаа дараа биеэр хэлсэн, утсаар хэлсэн, мессэж бичсэн, тэгсээр байтал тамга тэмдэг дарж хууль бус тогтоолыг гаргаж баталгаажуулсан. Энэ байдлаас харахад Д.Хэрлэн нь тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж болзошгүй байна. Мөн Хэрлэн нь 33 дугаар тогтоолын хавсралтыг гаргахдаа үндэслэл болгосон материал нь хурлын дарга миний гар ноорог болон дуу хураагуурыг ашигласан байж болзошгүй гэж үзэж байна. Мөн “Хөвч” гэдэг нөхөрлөлд 50м3 нарс модны хуваарь олгогдсоныг тэргүүлэгч бүгд мэдэж байгаа. Тэргүүлэгчдэд ойн ангиас бэлтгэж санал оруулсан ноорог байгаа. “Хөвч” нөхөрлөлийн тухайд андуурч арчилгааны огтлолтоор хэрэглээнд 50 м3 нарс мод бэлтгэх хуваарь олгогдсон байсан. Энэ нь бидний алдаа тэргүүлэгчид тухайн үед андуурч нөхөрлөлд арчилгааны огтлолтоор мод бэлтгэх хуваарь олгосон байсан. Нарийн бичгийн дарга Д.Хэрлэнд бол модны хуваарийг дур мэдэн өөр аж ахуйн нэгжид шилжүүлэх эрх байхгүй. Модны хуваарийг бол зөвхөн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар л хэлэлцэж шийдвэрлэдэг. Хэрэв бид андуурч “Хөвч” нөхөрлөлд арчилгааны огтлолтоор мод бэлтгэх хуваарь олгосон ч байсан ойн анги тухайн нөхөрлөлтэй мод бэлтгэх гэрээ байгуулахгүй, тухайн 50 м3 модны хуваарь нь нөөцөнд сумын ойн ангид байх ёстой байдаг. “Хөвч” нөхөрлөлийн ахлагчаар хэн гэдэг хүн байдаг талаар бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Ерөө сумын Бугант тосгонд ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөл байгаа юм. ...гэх мэлүүлэг, /1-р хх-ийн 16-17-р ху/, 10.Гэрч Б.Алтанзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: ...Манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Хэрлэн нь модны хуваарь батлах тухай 33 дугаар тогтоолын хавсралтыг өөрчилж “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд шилжүүлэн хуваарилах талаар надад бол мэдэгдсэн зүйл байхгүй. Тэгээд ч би тухайн Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн тогтоолд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгодог субъект биш. Тухайн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг би өөрчлөх эрхгүй миний хэлснээр ч нарийн бичгийн дарга Д.Хэрлэн өөрчилдөг субъект нь биш. Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн тогтоолыг бол Тэргүүлэгчдийн хурапдаанаар л дахин хэлэлцэж өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэг түүнд заасан бүрэн эрхийн хэмжээнд л хурлын Тэргүүлэгчид эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой байдаг. Нарийн бичгийн дарга Д.Хэрлэн надад сумын ИТХ-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хэдэн сарын хэдний өдөр авчирч танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулсныг бол сайн санахгүй байна. Уг тогтоол нь хугацаатай болохоор ер нь удахгүй л гаргаж танилцуулж хянуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байх. Тухайн тогтоолд надаар гарын үсэг зуруулж хянуулахад дагалдаж тогтоолын хавсралт хүснэгт орж ирээгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 18-р ху/, 6 11.Гэрч С.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: ...Сумдын ойн ангиуд нь тухайн онд бэлтгэх модны хуваарийн саналыг аж ауйн нэгжүүдээс авч нэгтгээд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлдэг. Тэндээсээ нэгтгээд Байгаль орчны яаманд аймгийн хэмжээний саналыг нэгтгээд явуулдаг. Яамнаас аймгуудын саналыг үндэслэж аймаг аймагт нь гаргаж хүргүүлдэг. Үүний дараагаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж сумдад бэлтгэх модны хуваарийг баталж ирүүлдэг үүний дагуу л манай ойн ангиас аж ахуй нэгжүүдийн саналыг үндэслэж модны хуваарь батлуулахдаа саналаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гарган шийдвэрлэж хуваарийг баталдаг. Миний хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар модны хуваарь батлахад оролцож саналаа танилцуулдаг. Ингээд л хурлаар тэргүүлэгчид ярилцаж миний оруулсан саналыг үндэслэж нэмж хасч шийдвэрлэн баталдаг. Эцсийн шийдвэр гарахад бол би оролцдоггүй саналаа танилцуулаад л гарч явдаг. Тухайн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар модны нэмэлт хуваарь батлахад миний бие модны хуваарь батлуулах саналаа танилцуулсан. Манай ойн ангийн зүгээс бол “Хөвч” нөхөрлөлд мод бэлтгүүлэх хуваарь батлуулах санал бол оруулаагүй, харин “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд бол цэвэрлэгээний ажлаар 100 шоо метр нарс мод бэлтгэх хуваарилуулах саналыг сумын ИТХ-нд оруулсан. Тухайн өдрийн хуралдаанаар бол “Үзэсгэлэнт бугант” ХХК- нд арчилгааны огтлолтоор 50 шоо метр нарс, цэвэрлэгээний ажлаар 100 шоо метр нарс мод бэлтгэх хуваарь олгогдож тогтоолд гарсан байсан. “Хөвч” нөхөрлөлд бол хуваарь огт тавигдаагүй байсан. “Хөвч” нөхөрлөлд бол 33 дугаар тогтоолоор модны хуваарь 33 дугаар тогтоолоор модны зөвшөөрөл хувиарлагдаагүй. Харин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажилтай Д.Хэрлэн нь надаас тогтоол гаргахаас өмнө байх, “нөхөрлөлд арчилгааны огтлолтоор хуваарь тавьж болохгүй биз дээ” гэж асууж байсан. Тэгэхээр нь “болохгүй мэргэжлийн байгууллага бол болно” гэж хэлсэн. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар модны хуваарь батлахдаа нөхөрлөлд арчилгааны огтлолтоор модны хуваарь баталж болохгүй. Хэрэв баталсан тохиолдолд тухайн нөхөрлөлтэй манай ойн анги нь гэрээ байгуулахгүй. Тэгээд л тэр баталсан хуваарь нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд үлдэгдэл хувиараар байж байна. Хэрэв өөр мэргэжлийн байгууллага ойн ангид хүсэлт гаргасан тохиодолд Иргэдийн хуралд манайх уламжилж шийдвэрлүүлнэ. “Үзэсгэлэнт бугант” ХХК нь 2017 оноос арчилгаа цэвэрлэгээний сангаас мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага захирал Ж.Мөнхдалай гэдэг хүн байгаа юм. “Хөвч” нөхөрлөлийн ахлагч нь Ж.Жаргалсайхан гэдэг хүн байдаг. Уг нөхөрлөл нь ойн санг гэрээгээр эзэмшиж ойн сангаа хамгаалах, нөхөн сэргээх, мөн ойн сангаас цэвэрлэгээний огтлолтоор ойгоос мод бэлтгэж болно. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 19-20-р ху/, 12.Гэрч Ж.Батбуянгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Тухайн жилд бэлтгэх модны хуваарийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж сумдад бэлтгэх модны хуваарийг ирүүлдэг. Үүний дараагаар сумын ойн ангиас аж ахуйн нэгжүүдэд ямар хэмжээний мод олгох талаар саналаа гаргаж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар ойн ангийн дарга Бат-Амгалан танилцуулж хурлаар хэлэлцэж мод бэлтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад хуваарийг баталж олгодог журамтай. Тухайн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй ирж хуралдсан. Тухайн өдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүнд Модны хуваарь батлах тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, Том хурлын тов зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Хуралдаанд бол төлөөлөгчид бүгд өөрсдийн гар ноорогтой байдаг. “Хөвч” нөхөрлөлд тухайн өдрийн хуралдаанаар арчилгааны огтлолтоор 50 м3 нарс мод, цэвэрлэгээний огтлолтоор 50 м3 нарс мод бэлтгэх хуваарь олгогдсон байсан. Энэ нь миний ноорог ойн ангиас ирүүлсэн саналын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байна. Тухайн өдрийн хуралдаанаар бол “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд мод бэлтгэх хуваарь олгогдоогүй. Яг ямар журмаар хэн ингэж модны хуваарийг өөрчилж “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд 50 м3 модны хуваарь олгосныг бол би сайн мэдэхгүй байна. Модны хуваарийг бол зөвхөн сумын ИТХ- 7 ын тэргүүлэгчид хуралдаж баталдаг. “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд бол модны хуваарь тухайн өдрийн хуралдаанаар мод бэлтгэх хуваарь олгогдоогүй харин “Хөвч” нөхөрлөлд нийт 100 м3 нарс модны хуваарь олгогдсон байна. Би “Үзэсгэлэнт бугант” ХХК, “Хөвч” нөхөрлөлийн талаар сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 21-22-р ху/, 13.Гэрч Б.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Тухайн жилд бэлтгэх модны хуваарийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж сумдад бэлтгэх модны хуваарийг ирүүлдэг. Үүний дараагаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар ойн ангид модны хуваарь олгуулж авахыг хүссэн компани нөхөрлөлүүдийн хүсэлтийг ойн ангийн дарга Бат-амгалан танилцуулж хурлаар хэлэлцэж мод бэлтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад хуваарийг баталж олгодог журамтай байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдсан. Хурал эхлэхийн өмнө уг хуралдаантай холбогдолтой хэн нэгэн төлөөлөгчөөс хэлэлцэх асуудал болгонтой хувийн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар тайлбар мэдэгдэл гарган өгч уг мэдэгдлийг хурлын дарга хянаж танилцаж гарын үсгээр баталгаажуулснаар хурлыг эхэлсэн. Тухайн өдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүнд “модны хуваарь батлах тухай”, “Олборлох үйлдвэрлэлийн санаачлага төслийн олон талт зөвлөлийг шинэчлэх”, “Том хурлын тов зарлах” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Хуралдаанд бол төлөөлөгчид бүгд өөрсдийн гар ноорогтой байдаг. “Хөвч” нөхөрлөлд тухайн өдрийн хуралдаанаар 50 м3 нарс мод бэлтгэх хуваарь олгогдсон байсан. Энэ нь миний ноорог дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Ойн ангиас “Хөвч” нөхөрлөлд мод бэлтгүүлэх хуваарь олгуулах санал оруулж ирсэн эсэхийг бол сайн санахгүй байна. Тэргүүлэгчдийн хувьд тухайн өдрийн хуралдаанаар буруу шийдвэр гаргаж “Хөвч” нөхөрлөлд 50 м3 модны хуваарь олгосон байсан. Тухайн өдрийн хуралдаанаар “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд мод бэлтгэх хуваарь бол баталж олгоогүй. Миний бичсэн нооргийн дэвтэрт бичигдээгүй байна. Тэгэхээр олгогдоогүй гэсэн үг. Миний хувьд гар ноорог дэвтэртээ бичдэг. Ямар учраас “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд 50 м3 модны хуваарь олгосныг бол сайн мэдэхгүй байна. Д.Хэрлэн дур мэдэж олгосон эсэхийг бол сайн мэдэхгүй байна. Нарийн бичгийн дарга Д.Хэрлэнд бол модны хуваарийг дур мэдэн өөр аж ахуйн нэгжид шилжүүлэх эрх байхгүй. Модны хуваарийг бол зөвхөн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар л хэлэлцэж шийдвэрлэдэг. Яг нарийн сайн мэдэхгүй байна. “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд бол модны хуваарь олгосон эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний ноорог дэвтэрт лав бичигдээгүй. Харин “Хөвч” нөхөрлөлд 50 м3 нарс модны хуваарь олгогдсон байна. “Үзэсгэлэнт бугант” ХХК нь бол бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага захирал нь Мөнхдалай гэж хүн байдаг. Харин “Хөвч” нөхөрлөл нь ойн сан эзэмшдэг нөхөрлөл, нөхөрлөлийн ахлагч нь Жаргалсайхан гэдэг хүн байдаг. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 23-24-р ху/, 14.Гэрч Т.Болдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдаанаар суманд модны нэмэлт хуваарь ирж түүнийг модны аж ахуйн нэгжүүдэд хувиарлаж баталсан юм. 2017 оны 01 сард сумын ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хөвч” нөхөрлөлд 80 м3 арчилгааны огтлолоор мод бэлтгэх хуваарь баталсан юм. Тэгтэл дараа нь хурлын тогтоол гарч модны аж ахуй нэгжүүдэд мод бэлтгэх зөвшөөрөл тараахад “Хөвч” нөхөрлөлд олгох ёстой байсан 80 м3 модны зөвшөөрөл хуваарьт ороогүй байхаар нь би нарийн бичгийн дарга Хэрлэнгээс асуухад “орхигдуулсан байна” гэж байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд “Хөвч” нөхөрлөлийн модны хүсэлт байхгүй байсан энэ талаар би “Хөвч" нөхөрлөлийн модны хүсэлт яагаад байхгүй байгаа талаар асууж ой ангийн дарга Бат-Амгаланг дуудан ирүүлж асуухад “Хөвч” нөхөрлөлийн модны хүсэлт байгаа гэсэн тул хурлын хэлэлцэх асуудалд нэмж оруулж хуваарь хийсэн юм. ИТХ-н нарийн бичгийн дарга Д.Хэрлэн нь өөрөө дур мэдэн "Хөвч” нөхөрлөлд олгох ёстой байсан 50м3 модны зөвшөөрлийг арчилгааны огтлолын зөвшөөрөл байхгүй гэдэг шалтгаанаар хасч 50 м3 модны зөвшөөрлийг “Үзэсгэлэнт бугант” ХХК-д олгосон байсан юм. Д.Хэрлэн нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлэлгүй өөрөө дур мэдэн хуурамч бичиг баримт бүрдүүлж “Үзэсгэлэнт бугант” ХХК-д 50 м3 арчилгааны огтлолоор мод бэлтгэх 8 зөвшөөрөл өгсөн нь хууль бус юм. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Үзэсгэлэнт бугант” ХХК-д ямар ч модны зөвшөөрөл хуваарь хийгээгүй олгоогүй. “Хөвч” нөхөрлөл ойн арчилгаа, мод тарих, цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг, нөхөрлөлийн ахлагч Ж.Жаргалсайхан, “Үзэсгэлэнт бугант” ХХК нь болохоор арчилгааны огтлолоор үйл ажиллагаа явуулах эрхтэй компани захирал нь Ж.Мөнхдалай гэж хүн бий. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 26-27-р ху/, 15.Гэрч Б.Оюун-Ундрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдаанаар модны аж ахуй нэгжүүдэд нэмэлт хуваарь хийж баталсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд “Хөвч” нөхөрлөлийн модны хүсэлт байхгүй байсан энэ талаар тэргүүлэгч Т.Болд “Хөвч” нөхөрлөлийн модны хүсэлт яагаад байхгүй байгаа талаар асууж ой ангийн Бат-Амгаланг дуудан ирүүлж асуухад “Хөвч” нөхөрлөлийн модны хүсэлт байгаа гэсэн тул хурлын хэлэлцэх асуудалд нэмж оруулж хуваарь хийсэн юм. Надад Сумын ИТХ-н нарийн бичгийн дарга Д.Хэрлэн нь сумын ИТХ-н тэргүүлэгчдээс баталсан хуваарийг дур мэдэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өөрчилж “Үзэсгэлэнт бугант” ХХК-д 50м3 арчилгааны нарс мод бэлтгэх хуваарь олгосон талаар мэдэх зүйл байхгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Үзэсгэлэнт бугант” ХХК-д ямар ч модны зөвшөөрөл хуваарь хийгээгүй олгоогүй. “Хөвч” нөхөрлөл ойн цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг, нөхөрлөлийн ахлагч Ж.Жаргалсайхан, “Үзэсгэлэнт бугант” ХХК нь болохоор арчилгааны огтлолоор үйл ажиллагаа явуулах эрхтэй компани захирал нь Мөнхдалай гэж хүн бий. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 29-30-р ху/, 16.Гэрч Х.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...Манай сумын хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар тухайн онд бэлтгэх модны хуваарийг батлахдаа сумын ойн ангийн мэргэжилтнүүдээс тухайн мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг харгалзаж санал оруулж ирсэн саналыг үндэслэж тухайн аж ахуйн нэгж байгууллагын урьд оны мод бэлтгэлийн ажил, менежмент төлөвлөгөө болон бусад нийгмийн хариуцлагын үүргээ хэрхэн гүйцэтгэсэн зэргийг харгалзан хэлэлцэж хуваарийг олонхын саналаар баталдаг. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 100 хувийн ирцтэй ирж хуралдсан. Хурал эхлэхийн өмнө уг хуралдаантай холбогдолтой хэн нэгэн төлөөлөгчөөс хэлэлцэх асуудал болгонтой хувийн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар тайлбар мэдэгдэл гарган өгч уг мэдэгдлийг хурлын дарга хянаж. танилцаж гарын үсгээр баталгаажуулснаар хурлыг эхэлсэн. Тухайн өдрийн хуралдаанаар яг ямар ямар асуудал хэлэлцсэн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан модны нэмэлт хуваарь хэлэлцэж баталсан. Тэргүүлэгчдээс бол Батсүх ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээр хурлаас мэдэгдэл өгч гарсан. Үлдсэн Батбуян, Болд, Оюун-Ундрах, Нямхүү, Алтанзаяа, миний бие оролцож модны нэмэлт хуваарийг баталсан. “Хөвч” нөхөрлөлд тухайн өдрийн хуралдаанаар арчилгааны огтлолтоор 50 м3 нарс мод бэлтгэх хуваарь олгогдсон.Тухайн “Хөвч” нөхөрлөлийн хүсэлтийг харгалзаж тухайн үед тэргүүлэгчдээс санал оруулснаар л хуваарилсан байх. Яг ямар үндэслэлээр олгосныг бол сайн санахгүй байна. Ямар ч байсан олгосон. Тухайн өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар “Үзэсгэлэнт бугант” нөхөрлөлд мод бэлтгэх хуваарь бол баталж олгоогүй. Харин “Хөвч” нөхөрлөлд бол 50 м3 модны арчилгааны нарс мод бэлтгэх хуваарь олгосон. Нарийн бичгийн дарга Д.Хэрлэн ямар шалтгаанаар тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж баталсан модны хуваарийг дур мэдэж өөрчлөн хавсралтаар гаргаж “Хөвч” нөхөрлөлд олгосон 50 м3 модыг “Үзэсгэлэнт бугант” ХХК-нд олгосныг бол сайн мэдэхгүй байна. Тогтоолын хавсралт өөрчлөгдсөн талаар бол би сүүлд мэдсэн. Модны хуваарийг бол зөвхөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар л хэлэлцэж баталдаг. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 31-32-р ху/, 17.Гэрч Ж.Мөнхдалайгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...Манай “Үзэсгэлэнт бугант” ХХК нь 2014 онд анх хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж үүний дараагаар 2015 онд ойн мэргэжлийн байгууллагын эрхийг ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэг гэсэн чиглэлээр авсан. 9 Манай компани нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагын гэрчилгээ авсан ойн мэргэжпийн байгууллага байгаа юм. Ерөө сумын нутаг “Ахь, Угтаалын ам” гэх нэртэй газарт 4597 га талбайд ой сан 3 жилийн хугацаатайгаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эзэмшиж байна. Манай компани нь 2017 онд сумын нутаг “Ахь, Угтаалын ам” гэх нэртэй газар өөрийн компаний эзэмшлийн ойн санд 11.5 га талбайд арчилгаа, 14.5 га талбайг цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх талбай тусгаарлалтыг сумын ойн ангиар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хийлгүүлсэн. Манай компани нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ерөе сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 11 дугаартай тогтоолоор хэрэглээний нийт 300 метр3, үүнээс арчилгааны огтлолтоор 100 м3 нарс, цэвэрлэгээний огтлолтоор 200 м3 нарс мод бэлтгэх, мөн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 33 дугаартай тогтоолоор арчилгааны огглолтоор 50 м3 нарс, цэвэрлэгээний ажил 100 м3 нарс мод бэлтгэх эрх тус тус авсан. Манай компаний мод бэлтгэлийн ажил нь 2017 оны 12 дугаар сарын 10- аас эхлэн мод бэлтгэлийн ажил явагдсан ийм учир тухайн үед л эрхийн бичгийн төлбөрөө бүрэн төлж эрхийн бичгээ ойн ангиас бичүүлж авсан. Нийт арчилгааны 150м3 модны төлбөр 1644000 төгрөг, цэвэрлэгээний 200м3 модны үнэ 1641600 төгрөгийг нь тус тус тушаасан. Миний хувьд Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хэрлэнг танина. Бидний хувьд ах дүү төрөл садангийн холбоо байхгүй. Зүгээр л энгийн найз нөхдийн харилцаа байдаг. Тэрнээс илүү дотно харилцаа бол байхгүй. Манай компаний зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сумын ИТХын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мод бэлтгэх нэмэлт хуваарь батлахад тусгайлан хуваарь батлуулах тухай хүсэлт өгөөгүй. Өмнө нь бол 2017 онд бэлтгэх модны хуваарь батлагдахаас өмнө 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ерөө сумын Ойн анги болон сумын ИТХ-д өгсөн. Энэ хүсэлтэнд “ойн менежмент төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний огтлолтоор 760 м3 нарс, арчилгааны огтлолтоор 180 м3 нарс мод бэлтгэх хуваарь олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг албан бичгээр өгсөн байсан. Миний хувьд тухайн өдөр тэргүүлэгчид хуралдаж модны хуваарь баталж байгаа талаар бол огт мэдээгүй байсан. Миний хувьд Д.Хэрлэнд манай компанид модны хуваарь батлуулж өгөөрэй гэж хэлж ярьсан захисан зүйл огт байхгүй. Бидний хувьд бол ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Миний хувьд нарийн бичгийн дарга Д.Хэрлэн манай компанид 50 м3 мод бэлтгэх эрх шилжүүлсэн талаар мэдээгүй. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар л хэлэлцэж шийдвэрлэсэн гэж ойлгож байсан. Хэрлэн манай компанид арчилгааны огтлолтоор 50 м3 нарс мод бэлтгэх эрхийг шилжүүлсэн гэж сүүлд л сонссон Ямар учраас манай компанид шилжүүлсэнг бол мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 33-34-р ху/, 18.Гэрч Ж.Мөнхдалайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 07 дугаар сарын 03- ны өдөр дахин өгсөн: ...Манай компанид 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 33 дугаар тогтоолоор арчилгааны огтлолтоор 50 м3 нарс мод бэлтгэх эрх олгосны дагуу өөрийн компаний ойн сан болох Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Угтаалын ам” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн компаний уулын бригад болох бригадын ахлагч Сурандаа гэдэг хүнээр ахлуулсан бригадаар бэлтгүүлсзн. Тухайн эрхийн бичгийн дагуу олгогдсон 50 м3 модоо бэлтгэж манай компани зүсмэл материал болгон боловсруулж зах зээлд зарж борлуулсан. Яг хэдэн төгрөгний ашиг олсон талаараа бол сайн мэдэхгүй байна, ямарч байсан палк, цэвэр банз болгон боловсруулж л зах зээлд худалдаалсан. Манай компани 2017 оны эрхийн бичиг, гарал үүслийн тайланг бол гаргаж Ерөө сумын ангийн мэргэжилтэн Энхбатад хүлээлгэн өгсөн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 202-р ху/, 19.Гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...2007 онд “Хөвч” нөхөрлөлийг байгуулаад 2008 онд Ойн санг гэрээгээр эзэмших хамгаалах зүй зохистой ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Манай нөхөрлөл нь 6851 га талбайг гэрээгээр эзэмшидэг. 2017 онд модны хуваарь олгуулах тухай хүсэлтийг Ерөө сумын Ойн ангиас дамжуулж сумын Иргэдийн хуралд гаргасан. 2017 онд сумын ИТХ-аас эхний хурлаар манай нөхөрлөлд модны хуваарь олгогдоогүй байсан. Тэгээд нэмэлтээр 50 мЗ цэвэрлэгээний 10 ажлын хуваарь өгсөн байсныг тухайн жил хийж чадаагүй ээ. Манай “Хөвч” нөхөрлөл нь Ойн мэргэжлийн байгууллага бишээ. Манай нөхөрлөл нь ойг гэрээгээр эзэмшдэг болохоор өөрийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээний ажил хийдэг. Манай нөхөрлөл арчилгааны огтлолтоор мод бэлтгэх эрх байхгүй ээ. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 201-р ху/, 20.Гэрч Э.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай. Засгийн газрын 2007 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээкий албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дурьдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилалд дэс түшмэл гэдгийг заасан байдаг. Сэлэнгэ аймгийн Ереө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь нийтийн албан тушаалтан мөн. Нийтийн албан тушаалтан гэдэг нь Төрийн албаны тухай хуульд заасан Улс төрийн, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, төрийн тусгай гэсэн ангилалууд бүгд багтдаг болохоор Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаалыг Засгийн газрын дээрх тогтоолд заасан байх тул нийтийн албан тушаалтан болно. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 205-р ху/, 21.Мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: ...Д.Хэрлэн: 2018 оны 05 дугаар сард Алтанзаяа дарга бид хоёр утсаар ярьсан юм. Утсаар ярих үед Алтанзаяа дарга “Би энийг мэдэж байсан. Чамайг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэр дээр тамга битгий дараарай гэж хэлж байхад чи тамга дарсан учраас би энэ асуудлыг өгсөн” гэж хэлсэн. ...Б.Алтанзаяа: 2017 оны 12 дугаар сард Д.Хэрлэн нь Удирдлагын академид сургуульд сурч байсан учраас ИТХ-ын 33 дугаартай тогтоолын хавсралтын ойн ангиас авсан. Тухайн тогтоолын хавсралтанд хурал дээр яригдаагүй “Үзэсгэлэнт бугант” ХХК-д арчилгааны огтлолтоор 50 м3 мод олгох эрх олгогдсон байсныг мэдсэн. 2017 оны жилийн эцсийн тайлан энэ тэр гээд ганцаараа ажил ихтэй байсан учраас гомдол гаргах зав зай үнэхээр байгаагүй. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 16- ны өдөр Ерөө сумын ИТХ хурал зарлагдаж ирц хүрээгүй учраас хурал хийх боломжгүй байна гэдгийг ирсэн төлөөлөгч нарт хэлчихээд гараад явсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хурлын тов гараагүй байхад ИХ-ын төлөөлөгч нар цугларч хуралдаж намайг огцруулсан. Би тухайн өдөр зам тээврийн ослын шүүх хуралд оролцож байсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Д.Хэрлэнтэй уулзаад “энэ хууль бус хурлын шийдвэрийг чи битгий цаасан дээр буулгаж гаргаарай” гэж хэлээд би өөрөө Улаанбаатар хот явсан. Дараа хууль бус хурлын шийдвэр гарчихсан байсан. Энэ асуудлаар би шүүхээр заргалдаад завгүй байсан учраас Д.Хэрлэнгийн асуудлыг цагдаад өгөөгүй юм. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 102-104-р ху/, 22.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Э.Энхтулгын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 394 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Угтаалын ам” гэх газраас арчилгааны огтлолоор бэлтгэсэн 50м3 нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 10800000 /арван сая найман зуун мянга/ төгрөг болж байна. ...гэх дүгнэлт ,/1-р хх-ийн 220-р ху/, 23.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Г.Цэнгэлзаяагийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 11 1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 394 дугаар тушаалын 1 хавсралтын дагуу 50м3 нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 50м3 х 120 000х1,8=10.800.000/арван сая найман зуун мянга/ төгрөг болж байна. ... гэх дүгнэлт, /2-р хх-ийн 93-94-р ху/ 24.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, /1-р хх-ийн 04-09-р ху/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын хуралдааны тэмдэглэл, /1-р хх-ийн 43-147-р ху/, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх зөрчил үүссэн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 148-р ху/, “Үзэсгэлэнт бугант” ХХК-тай холбоотой баримтууд, /1-р хх-ин 152-156, 191-р ху/, “Хөвч” нөхөрлөлтэй холбоотой баримтууд, /1-р хх-ийн 153, 181-р ху/, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, /хх-ийн 162-163, 165-166, 222-229-р ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 167-р ху/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 177-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 218-р ху/, шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 220-р ху, 2-р хх-ийн 94-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /2-р хх-ийн 12-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 15, 13А-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 13-р ху/, шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 89-91-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.Хэрлэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2017 оны 09 дүгэээр сарын 05 ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар “Үзэсгэлэнт бугант” ХХК-д 50 м3 мод бэлтгэх эрх олгоогүй байхад модны хуваарь баталсан тогтоолын хавсралтанд “Үзэсгэлэнт бугант” ХХК-д 50 м3 мод бэлтгэхээр өөрчлөн бичиж, давуу байдал бий болгож “Үзэсгэлэнт бугант” ХХК-ныг 10.800.000 төгрөгний орлого олох ашигтай байдлыг бий болгон ой санд 10.800.000 /арван сая найман зуун/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын хуралдааны тэмдэглэл, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх зөрчил үүссэн тухай тэмдэглэл, “Үзэсгэлэнт бугант” ХХКтай холбоотой баримтууд, “Хөвч” нөхөрлөлтэй холбоотой баримтууд, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Хэрлэнгийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 10.800.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд уг бодит хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлэн тодорхой хугацаанд төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, хуульд заасан 12 үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Д.Хэрлэнгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.Хэрлэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан бодит хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлэн тодорхой хугацаанд төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч Д.Хэрлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400/таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Д.Хэрлэн нь эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 30/гучин/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Шүүгдэгч Д.Хэрлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу эрх олгосны улмаас “Үзэсгэлэнт бугант” ХХК-ныг 10.800.000 төгрөгний орлого олох ашигтай байдлыг бий болгон ой санд 10.800.000 /арван сая найман зуун/ төгрөгний хохирол учруулсан байх тул энэ хохиролыг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Хэрлэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чонос овогт Давдайн Хэрлэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгчээс 10.800.000 /арван сая найман зуун/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Давдайн Хэрлэнг 5400 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Хэрлэнгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 30 /гучин/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Хэрлэнд мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Д.Хэрлэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
8.Гэмт хэргийн улмаас учирсан 10.800.000 /арван сая найман зуун/ төгрөгний хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлэн тодорхой хугацаанд төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулсныг дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хэрлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдв эрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН