Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 93

 

*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00307 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн *******т сумын ******* *******, ******* ******* ******* ******* оршин суух ******* Цэцгээгийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

            Хүсэлтийн агуулга: “Миний бие нь 1981 оны 9 сарын 1-нд хүнсний үйлдвэрийн техникийн сургуульд элсэн орж 1982 оны 6 сарын 30-нд төгссөн. Сургуулиа төгсөөд 1982 онд Дархан хотын хүнсний үйлдвэрт нормчиноор 1987 оны 11 сарын 25 хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд хүнд халуун нөхцөлд зуухчин хийж байсан ба Ховд аймагт  шилжин ирж  Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд  нормчиноор/ бэлтгэгч зуухчин/ 1994 оны 12 сарын 31 хүртэл ажилласан. Миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00307 дугаар шийдвэрээр: “1. Иргэний   Хэрэг   Шүүхэд  Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* Цэцгээг 1982 оны 7 сарын 5-наас 1987 оны 11 сарын 12 хүртэл Дархан хотын хүнсний үйлдвэрт хүнд нөхцөлд зуухчинаар, 1987 оны 11 сарын 25-наас 1995 он хүртэл Ховд аймгийн хүнсний үйлдвэрт хүнд нөхцөл зуухчин, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор онцгой ажиллагааны журмаар хүслэт гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 307 дугаар шийдвэрээр ******* намайг 1982 оны 07 дугаар сарын 5-ны өдрөөс 1987 он хүртэл Дархан хотын хүнсний үйлдвэрт хүнд нөхцөлд зуухчинаар 1987 оны 11 дүгээр сарын 25-наас 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт, бэлтгэгч, зуухчинаар ажиллаж байсныг тогтоосон байна.

Гэтэл шүүх ажилласан байдлыг тогтоохдоо хүнсний үйлдвэрийн бус метал төмөр боловсруулах үйлдвэрийн хэвчин, бэлтгэгч, зуухчинаар тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.3-д заасны дагуу нэхэмжлэлээ буцаан татах хүсэлтэй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй  байна.

Хүсэлт гаргагч нь 1982 оноос 1987 оны хооронд Дархан хотын хүнсний үйлдвэрт нормчин /зуухчин, зуурагч/, 1987 оноос 2003 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн хүнсний комбинатын талхны цехэд   /зуухчин, зуурагч/-аар нийт 21 жил ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсчээ.

Шүүх түүнийг 1982 оны 7 дугаар сарын 05-наас 1987 оны 11 дүгээр сарын 12 хүртэл  Дархан хотын хүнсний үйлдвэрт хүнд нөхцөлд зуухчнаар,1987оны 11 дүгээр сарын 25-наас 1995 он хүртэл Ховд аймгийн хүнсний үйлдвэрт хүнд нөхцөлд зуухчин бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нар шүүх ажиллаж байсан байдлыг тогтоохдоо “хүнсний үйлдвэрийн бус металл төмөр боловсруулах үйлдвэрлэлийн хэвчин, бэлтгэгч, зуухчнаар тогтоосон байна” гэж гомдол гаргасан байна.

Хүсэлт гаргагч нь шүүхэд 1982 оноос 1987 оны хооронд Дархан хотын хүнсний үйлдвэрт нормчин /зуухчин, зуурагч/, 1987 оноос 2003 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн хүнсний комбинатын талхны цехэд  /зуухчин, зуурагч/-аар нийт 21 жил ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд шаардлагаа нэмэгдүүлэх, хүсэлтээ өөрчлөх талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй   байна.

 Гэтэл шүүх түүний шаардлагыг тодруулахгүйгээр шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж шийдвэрлэж, Дархан хотын хүнсний үйлдвэрт зуурагчаар, Ховд аймгийн хүнсний комбинатын талхны цехэд зуурагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг шийдвэрлүүлээгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нар шаардлагаас өөр зүйл шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол  гаргасан нь  үндэслэлтэй байна.

Түүнчлэн хүсэлт гаргагчийг Ховд аймгийн хүнсний комбинат, хүнсний үйлдвэр хоёрын алинд ажиллаж байсныг тодруулаагүй,   хэргийн 16 дугаар хуудас дахь нотлох баримтыг хүсэлт гарагчийн шаардлагатай харьцуулан судалж үзээгүй байна.Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт  авагдсан нотлох  баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэрэгт ач холбогдолтой, хамааралтай  үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний гаргасан тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалт байхгүй боловч  тодорхойлолт ирүүлсэн хүмүүст хууль сануулан гэрчээр асууж *******тэй хамт хаана ямар байгууллагад ямар цех, тасагт, ямар ажил албанд ажиллаж байсан талаар бодит байдлыг тогтоож, шаардлагатай бол дээрх хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрүүдийг харьцуулан судалж  бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх байжээ.

Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.3-д зааснаар нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна гэж гаргасан гомдлыг  давж заалдах шатны шүүх хангах боломжгүй.  Харин анхан шатны шүүхэд дээрх хуульд зааснаар энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

  Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцааж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ховд дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны  өдрийн 307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч  *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА