Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 616

 

Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 593 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тус дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 6 тоот дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт холбогдох 2014260005253 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хулууд овгийн Дэмидийн Энх-Амгалан, 1960 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 12-10166 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЛИ60122271/,

- Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял,

- Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 165 тоот шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2. Боржигон овгийн Мягмарын Отгонбаяр, 1967 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 12-10166 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЛИ67010360/,

1. Д.Энх-Амгалан нь М.Отгонбаяртай бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо “ХААН” банкны тооцооны төвийн байранд “Цэвэр агаар” төсөлд эсгийний үйлдвэрээс эсгий авч нийлүүлдэг, хамтарч бизнес хийе” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар хохирогч С.Гараваас 25.000.000 төгрөгийг, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Урьд авсан мөнгийг чинь гаргаж өгнө 2.000.000 төгрөг зээлчих” гэж хуурч мэхлэн давтан үйлдлээр нийт 27.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

-Б.Алтанхуяг, М.Отгонбаяр нартай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын “Бэрх” тосгоны орчмоос иргэн О.Ренчиндаваагийн хар зүсмийн оодон сүүлтэй нас гүйцсэн эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Устын ам” гэх газраас Ц.Амартайвангийн нэг тооны хүрэн зүсмийн мухар үнээг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Б.Алтанхуягтай бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж 2015 оны 5 дугаар сарын 17-18-ны хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Баян-Уулын ар” гэх газраас Р.Цогхалтарын нэг тооны эрээн нүүртэй улаан хүрэн сувай үнээг хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. М.Отгонбаяр нь Д.Энх-Амгалантай бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо “ХААН” банкны тооцооны төвийн байранд “Цэвэр агаар” төсөлд эсгийний үйлдвэрээс эсгий авч нийлүүлдэг, хамтарч бизнес хийе” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар хохирогч С.Гараваас 25.000.000 төгрөгийг, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Урьд авсан мөнгийг чинь гаргаж өгнө 2.000.000 төгрөг зээлчих” гэж хуурч мэхлэн давтан үйлдлээр нийт 27.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

-Б.Алтанхуяг, Д.Энх-Амгалан нартай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын “Бэрх” тосгоны орчмоос иргэн О.Ренчиндаваагийн хар зүсмийн оодон сүүлтэй нас гүйцсэн эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Устын ам” гэх газраас Ц.Амартайвангийн нэг тооны хүрэн зүсмийн мухар үнээг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт холбогдох 2014260005253 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Үүнд: Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

Прокурорын газраас яллагдагч Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

Яллагдагч Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 593 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг шүүхэд шилжүүлсэн огноо болон хэргийн зүйлчлэл зөрүүтэй байсан. Мөн Мэндсайханд холбогдох хэрэгт шүүх дүгнэлт хийсэн. Залруулга хийсэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, яллах дүгнэлтийг прокуророор гардуулуулах зорилгоор хэргийг прокурорт буцаах тухай 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 593 дугаар шүүгчийн захирамжийг гаргажээ.

Гэтэл уг захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг “Э.Мэндсайхан”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1” гэх зэргээр өөр хэргийн холбогдогчийг хэргээс хуулбарлан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн энэхүү алдаа зөрчил нь техникийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасан атлаа уг хэрэгт прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа залруулга хийж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 617 дугаартай захирамж гаргасан нь эрх зүйн зөрчилтэй эрхийн актыг техникийн шинжтэй алдаанд хамруулж залруулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 6 тоот дээд шатны прокурорын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцлээс бусад заалтыг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 617 дугаартай захирамжийг хүчингүй болгон, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 593 дугаартай захирамжид зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 593 дугаар захирамжийн Тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 29-ний...” гэж,

“...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 617 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Д.Энх-Амгалан, М.Отгонбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ