Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 62

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар С.Д-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* газрын даргад холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д, хариуцагч тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын ******* газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, 2 сарын цалингаас суутгасан 301647 төгрөг гаргуулна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт, санхүүгийн албаны даргын сонгон шалгаруулалтыг өгч 2015 оны 3 дугаар арын 2-ны өдрөөс эхлэн сумын ******* газрын Санхүүгийн албаны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа болно. Санхүүгийн албаны даргын ажлын чиг үүрэг, Төсвийн тухай хууль, төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төлбөр, тооцооны журам, эрх зүйн актын хүрээнд ажиллах ёстой төрийн албан хаагч иргэн миний ажиллаж, хөдөлмөрлөх эрх удаа дараалан зөрчигдөж ажил үүргийнхээ хүрээнд хууль журмын дагуу шаардлага тавьсан би буруутан болж дарамт, шахалтанд орж байна. Засаг дарга Д.А нь байгууллагын дарга нартай амаар тохиролцон албан тушаалаараа төсвийн мөнгийг хяналтгүйгээр анхан шатны баримт, захирамж, тушаалгүй үрэлгэн зарцуулах гэсэнд нь хяналт тавьсан би буруутан болж байгаа юм. Нутгийн зөвлөлийн уулзалт зохион байгуулах гэж байна гэж хурлын тогтоолоор 2.000.000 төгрөг тавиулсан байсан. Нутгийн зөвлөлийн уулзалтыг уламжлал болсон гэж үздэг боловч 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор ямар нэгэн уулзалт, цуглаан, баяр ёслолыг төсвийн мөнгөөр хийхийг хориглосон. Би энэ талаар байгууллагын дарга, эрхлэгч, нягтлангуудад албан тоотоор хүргүүлж байсан. Тэгсэн боловч нутгийн зөвлөлийн золголтод явах гэж сургуулиас 2.000.000 төгрөг, хүүхдийн цэцэрлэгээс 500.000 төгрөг, хүн эмнэлэгээс 500.000 төгрөг, соёлын төвөөс 390.000 төгрөгийг няраваар нь бичүүлээд няравын данс руу хийх гэж байсан нь ямар ч баримтгүй байсан. Засаг дарга байгууллагын дарга, нягтлан зөвшөөрөөд гаргасан мөнгийг чи яахаараа гаргадаггүй юм. Чамд ямар ч хамаагүй гэж хэлж байсан. Би ер нь чамтай хамтарч ажиллаж чадахгүй юм байна. Чи зайл, гар гэж хэлсэн. Тамгын газрын ажилчдын хуралдаан дээр нутгийн зөвлөлийн золголтод явах гэсэн боловч төсөв мөнгө гаргаж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэр хурал дээр над руу нилээдгүй олон зүйл хэлсэн. Тэгэхэд нь би юм хэлээгүй. Тэгээд сургуулийн концертийг Соёлын төвд очиж үзэх байсан учраас бид хурлаас гарах үед Засаг дарга Д-д арга хэмжээ ав гэж хэлэхэд нь би надад хэлэх зүйл байна гээд ...би хууль журмын дагуу ажиллаж байгаа. Хууль бус мөнгийг би төсвөөс гаргахгүй... гэж хэлсэн. Засаг даргыг Улаанбаатар явсны дараа мөнгө төгрөгийг нь бололцооных нь хэрээр гаргаж өгсөн. Хэргийн материалтай танилцахад байгууллагын дотоод ажилд хэт их оролцдог гэж бичсэн байна лээ. Би хуульд заасан эрх үүргийнхээ дагуу оролцох эрхтэй. Сумын сургуулиас Тбэ ХХК-ний данс руу шилжүүлсэн 5.000.000 төгрөгийн баримт нь өгсөн, авсан хүний гарын үсэг байхгүй, хугацаа дууссан, хүүхдийн хоолонд өгөхөд эрүүл мэндийн шаардлага хангахааргүй байна гэсэн хэл ам дагуулж байсан учраас би тухайн шилжүүлгийг буцаасан. Өмнө нь гаргасан туршилтын талбайн засварын 4.800.000 төгрөгийн бараа, материалыг авалгүй дүүгийнхээ хоршоонд шилжүүлсэн зэрэг нь үндэслэлтэй байсан учраас би тухайн гүйлгээг удаа дараа буцаасан. Дээрх нөхцөл байдлуудаас хамаарч намайг бусад байгууллагын ажилд оролцож байна гэж үзэж байгаа байх. Намайг бусад байгууллагууд дээр очиж үнэн худал мэдээлэл тараасан гэж бичсэн байна лээ. Тэр ямар учиртай юм бэ гэхээр би эмнэлэгийн нягтлангаар олон жил ажилласан. Намайг ажиллаж байхад авсан хэдэн куб мод байдаг. Тэр модноос эмнэлэгийнхэн өөрсдөө дур мэдэн 500.000 төгрөгөөр зарсан байсан. Эмнэлэгийн нярав нь Засаг даргын хадам эгч нь байдаг. Тэгээд би хэний зөвшөөрлөөр зарсан юм бэ гэж л хэлснээс өөр хэлсэн зүйлгүй. Хадам эгч нь худлаа юм ярьсан байсан. Засаг дарга өөрөө захирамжаараа ёс зүйн хороог байгуулсан нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.3, 2.5.1, 2.5.2, 2.5.4 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1, 5.3.1, 5.3.3, 5.3.4, 5.3.5 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа. Миний бие ньТөрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.6, 5.4.7, 5.5.1, 5.5.2, 5.5.3 дахь заалтуудыг зөрчөөгүй байхад зөрчсөн болгож сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2 сарын цалингийн 20 хувийн суутгал болох 251338 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар Д-ийг 2 сарын хугацаанд цалингийн 20 хувиар хассан сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эрх зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Ёс зүйн хороо нь дүгнэлт гаргахдаа хэт нэг талыг барьж, Д-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж дүгнэлт гаргасан. Тухайн тушаалд С.Д-ийг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.6, 5.4.7, 5.5.1, 5.5.2, 5.5.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж заасан байгаа. Энэ гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Дээрх заалтуудыг зөрчсөнийг шалгаж тогтоодог төрийн албаны журам байгаа. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллаагүй. Журмыг хэрэгжүүлээгүй болох нь ёс зүйн хорооны гишүүдийн гаргасан дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. С.Д-ийн гаргасан зөрчлийг шалгах шаардлагагүй өмнө нь илэрхий харагдаж байсан юм гэж өгсөн мэдүүлэг нь хувь хүний өөрийнх нь дүгнэлт байгаа. ******* сумын ******* газар нь аливаа асуудлыг хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэдэг ёс зүйн алдаа дутагдлыг өөрсдөө гаргаж байна. Тиймээс ёс зүйн хорооны гаргасан дүгнэлт нь хуульд нийцэж гарсан байна гэж үзэх үндэслэлгүй байгаа тул үндсэн цалингаас суутгасан 251.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна. Д-д сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 04 сарын 06-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна. Д-ийн гаргасан ёс зүйн зөрчлийг шалгаж тогтоогоогүй. Мөн ёс зүйн хорооны гишүүд Д нь хүмүүстэй хэрэлдэж маргалддаг гэж өөрсдийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Г ******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр томилогдон ажиллаж байна. Энэхүү нэхэмжлэлд дурдагдаж буй тушаал нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гарсан байна. Холбогдох хууль журам, албан ажлын эрх үүргийн дагуу С.Д-ийн нэхэмжлэлтэй холбоотой баримт бичигтэй танилцсан. Үүнд: 1.Ёс зүйн хороо байгуулсан захирамж 2. Ёс зүйн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлт, 3. Сумын засаг дарга Д.А-ын өргөдөл, С.Д нь:1. Төрийн албаны тухай хуулийн 13.1.5 дахь заалтыг сумын удирдлага, албан хаагч нартай ёс зүйгүй харьцаж байсан нь хурлын тэмдэглэлд байгаагаар 2.Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.6 дахь заалтыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байгууллагын хуралд тэмдгэлсэнээр Засаг даргыг удаа дараа дуудахад уулзаж чадахгүй гэж хэлсэн. 3. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.5.1, 5.5.2, 5.5.3 дахь заалтуудыг Засаг даргатай байгууллагын хурал дээр хэрэлдэж бүдүүлэг зан авир гаргасан, өөр байгууллага дээр очиж худал мэдээлэл тараасан зэргээр тус тус зөрчсөн гэж үзэж байна. Шүүхэд тайлбар өгөх үүднээс сумын Засаг дарга, сургуулийн захирал нартай уулзаж С.Д-ийн нэхэмжлэлд дурдсан зүйлд тайлбар өгөхийг хүслээ. (Тайлбарыг хавсаргав). Мөн ёс зүйн хороо байгуулсан захирамж, ёс зүйн хорооны тэмдэглэл, сумын засаг дарга Д.А-ын өргөдлийг хавсаргаж хүргүүлэв гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан хариу тайлбар дээр тайлбараа тодорхой бичсэн байгаа. Тиймээс надад хэлэх тайлбар байхгүй байна. Би энэ ажилд 2017 оны 06 сард орсон. Өмнө нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн ёс зүйн хороог даргалж байсан юм байна лээ. Би байгууллагын хурлын тэмдэглэлийг уншиж танилцсан. С.Д бид 2 нэг нутаг усны хүмүүс. Ер нь энэ хүний зан авир, удам судрын талаар бүгдийг нь мэддэг. Ажил төрлөөс болж маргаан гарахыг алийг тэр гэхэв. Гэхдээ хэн нь эхэлж ёс зүйгүй зан гаргасан талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн хороо дүгнэлтээ гаргаж өгсөн байгаа учраас надад хэлэх тайлбар байхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч С.Д нь сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан гэж ******* сумын ******* газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хоёр сарын цалингаас суутгасан 301647 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Шүүх хуралдаан дээр хоёр сарын цалингийн суутгал 301647 төгрөгийг 251338 төгрөг болгож 50309 төгрөгөөр багасгаж нэхэмжилсэн байна.

Маргаан бүхий акт буюу ******* сумын ******* газрын даргын /цаашид Тамгын газрын дарга гэх/ 2017 оны А/06 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч С.Д-ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.6, 5.4.7, 5.5.1, 5.5.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч С.Д нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах, цалингаас суутгасан 251338 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж Засаг дарга өөрөө захирамжаараа ёс зүйн хороо байгуулсан нь журам зөрчсөн, захирамжаар байгуулсан ёс зүйн хороо нь хэт нэг талыг барьсан, дүгнэлтээр биш хурлын тэмдэглэлээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтоох-оор заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам батлагдаж, уг журам хүчин төгөлдөр үйлчилж байх тул эрх бүхий албан тушаалтан төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа уг журмыг баримтлах үүрэгтэй. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч ******* сумын ******* газрын дарга нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах зохицуулалтыг зөрчсөн, албан хаагчийн ... баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрх ийг хангаагүй байх тул сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэх боломжгүй, сумын Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл[2] нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасныг нотлох баримт болохгүйн зэрэгцээ төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл биш болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ямар зөрчил хэдийд яаж гаргасан талаар шалгаж тогтоолгүйгээр сумын Засаг даргын гаргасан гомдлын дагуу зөвхөн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж нэхэмжлэгчийг буруутган зөрчил гаргасан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Д-д сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гомдол гаргагчаас С.Д-ийг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, 5.4.6, 5.4.7, 5.5 дахь заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь заалтуудыг удаа дараа зөрчиж, удирдах удирдуулах ёсыг үл хүндэтгэн гүтгэх, нэр төрийг санаатайгаар гутаах зэрэг үйлдэл гаргасан талаар гомдол[3] гаргасан байна. Гэтэл Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хороо нь уг гомдолд дурьдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр С.Д нь Засаг даргатай зүй бус харьцаж байсан нь бидэнд илэрхий байсан гэж арга хэмжээ авсан нь хууль болон журамд нийцээгүй байна. Зүй нь сумын Засаг даргын гомдолдоо дурьдсан ...Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаар нутгийн иргэдтэй уулзалт зохиох ажил нь Засаг дарга миний ажлын нэг, Уламжлал болсон үндсэн чиглэлд орсон ажиллагааг хууль бус гэж, төсөв хөрөнгийн асуудалд 5 сая төгрөг хууль бусаар авч явсан гэсэн гүтгэлэгийг тараасан гэж дурьдсан байгааг шалгаж, энэ нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил мөн эсэх, хэрвээ мөн бол Ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэх, захирамж гаргах нь буруу гэсэн ташаа ойлголтыг хүн эмнэлэгт очиж тараасан гэснийг хэзээ гаргасан ямар захирамжийн талаар гомдолд дурдаад байгааг шалгаж, энэ нь ёс зүйн зөрчил мөн эсэх, мөн бол ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчиж байгааг, бусдыг үг хэлээр дайрч доромжлох, төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд, тушаал шийдвэрт хөндлөнгөөс хэт оролцож байгаа гэсэн талаар мөн шалгах, хэнийг хэзээ доромжилсон болох, аль төрийн байгууллагын ямар үйл ажиллагаа, шийдвэрт хөндлөнгөөс оролцсон талаар шалгаж дүгнэх ёстой байсан байна. Гэтэл ******* сумын ******* газрын дэргэдэх ёс зүйн хороо нь шалгаж тогтоох, баримт бүрдүүлэх, энэ талаар гомдол гаргагч болон зөрчил гаргасан албан хаагчид танилцуулах ажиллагааг хийгээгүй, дахин шалгуулах хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг баталсан байна. Энэ журмын 2.2-т зааснаар ёс зүйн хороог томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д зааснаар сумын ******* газрын дарга нь тухайн Тамгын газрын төсвийн шууд захирагч байх бөгөөд тус хуулийн 16.5.3-д зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоохоор, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар Тамгын газрын дарга нь Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож ажилтнуудыг томилж, чөлөөлөхөөр байна. Үүнээс үзэхэд сумын ******* газрын ажилтнуудыг томилох эрх бүхий этгээд нь Тамгын газрын дарга байх бөгөөд дээрх журамд зааснаар ёс зүйн хороог Тамгын газрын даргын тушаалаар байгуулахаар байна. Гэтэл ******* сумын Засаг даргын захирамжаар ёс зүйн хороог байгуулж, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд сумын Тамгын газрын даргыг оролцуулсан, эргээд Тамгын газрын даргын тушаалаар хариуцлага ногдуулж байгаа нь зохимжгүй бөгөөд дээрх журамд нийцээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн ...Засаг дарга өөрөө захирамжаараа ёс зүйн хороог байгуулсан нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.3... дахь заалтыг зөрчиж байгаа гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ийнхүү ******* сумын ******* газрын дэргэдэх ёс зүйн хороог томилох эрх бүхий этгээд байгуулаагүй, нэхэмжлэгч С.Д-ийн үйлдсэн гэх ёс зүйн зөрчлийг журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчил гарсан талаар дүгнэлт гаргаагүй байхад хариуцагч болох сумын Тамгын газрын дарга нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул ******* сумын ******* газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

С.Д-д сахилгын шийтгэл ногдуулсан ******* сумын ******* газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 04, 05 саруудын цалингаас суутгасан 251338 төгрөгийг[4] ******* сумын ******* газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ******* сумын Засаг даргыг төсөв санхүүтэй холбоотой зөрчил гаргадаг талаар тайлбарлаж холбогдох баримтуудыг ирүүлсэн байх боловч энэ нь хэрэгт хамааралгүй байх тул үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9-д заасныг баримтлан иргэн С.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ******* сумын ******* газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 04, 05 дугаар саруудын цалингаас суутгасан251338 төгрөгийг ******* сумын ******* газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

[1] Хавтаст хэргийн 19-р хуудас

[2] Хавтаст хэргийн 26-р хуудас

[3] Хавтаст хэргийн 20-р хуудас

[4] Хавтаст хэргийн 125,126-р хуудас