| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0207/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-12-10 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 206
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Ж.Октябрь, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Жамбалын Октябрьт холбогдох эрүүгийн 1931003050186 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Боржигон овогт Жамбалын Октябрь, Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз 4-34 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/ТА86110711/, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Ж.Октябрь нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамал 15.3 киллограммыг түүж, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Октябрь нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамал 15.3 килограммыг түүж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Октябрь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд: 1.Гэрч Г.Мөнхтуяагийн “...Ж.Октябрь надад хэлэхдээ нэг ургамал түүсэн, энийг зарвал ашигтай гэсэн, энийг зарж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдье гэхээр нь би наадах чинь тэгээд болох юм уу, ямар ургамал юм харья гэсэн чинь зүгээрээ сүртэй зүйл биш, хүн бүр түүдэг гэсэн, хоёулаа мэддэггүй байсан юм байна, явж зарчихаад ирье гэхээр нь би хамт явья гээд ургамал зарах үед нь би хамт явсан. Ингээд Ж.Октябрь бид хоёр хамт явах гээд мотоцикль дээр суух үед ар талын суудлын хажууд 2 шуудайны тал амыг нь боосон, хөнгөн зүйл байсан. Би шуудайн дотор юу байсан, ямар ургамал байсан талаар нь мэдээгүй гудамжаар явж байхад замын цагдаагийн алба хаагч зогсоож шалгасан. Тэгсэн цагдаагийн алба хаагч бид нарыг та нар хориотой ургамал түүсэн байна гэж хэлээд саатуулаад дахин цагдаа нар дуудаад байсан” гэх мэдүүлэг, 2.Гэрч Р.Гансүхийн “2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би охин Мөнхтуяагийн гэрт ороход Мөнхтуяа нь 3 хүүхэдтэйгээ байсан. Би Ж.Октябрийг хаашаа явсан талаар Мөнхтуяагаас асуухад “мэдэхгүй гараад явсан” гэж хэлсэн болохоор би нээх сонирхож асуугаагүй. Манайх болон Мөнхтуяагийн гэр нь нэг хашаанд байдаг болохоор өдөр 16- 17 цагийн үед ороход Мөнхтуяа нь 3 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд гэгээ тасарсан үед цагийг нь сайн анзаараагүй мотоциклийн чимээ гарсан. Тэгээд удалгүй 30-40 минутын дараа Мөнхтуяа, Ж.Октябрь 2 хоёр хүүхдээ манайд үлдээгээд ойрхон гарчихаад ирье гээд явсан. Хаашаа ямар зорилгоор явж байгаагаа хэлээгүй гараад явсан.” гэх мэдүүлэг, 3. Шинжээч Б.Сүхбаатарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №18-02- 039/39 дугаартай: “Ж.Октябрийн түүж тээвэрлэсэн ургамал нь Майлзтаны овог Шүхэргэний төрөл “Дэрэвгэр жиргэрүү” зүйлд тохирч байгаа нь ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн “Дэрэвгэр жиргэрүү” мөн болно. ... Дэрэвгэр жиргэрүү гэх ургамалыг Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор Монгол улсын ховор ургамалын жагсаалтад оруулсан болно. ... “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамалыг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зөвхөн судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаас бусдаар түүж ашиглахыг 5 жилийн хугацаатай хориглосон байна. Уг ургамал нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт түгээмэл тархацтай ургадаг болно. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалыг үндэслэн тооцоход 1 кг-50000 төгрөг /тавин мянган төгрөг/ х7.89= 394.500 төгрөг болж байна. Иргэн Ж.Октябрь нь 2019 онд ховор ургамал болох ”Дэрэвгэр жиргэрүү” ургамалыг түүж бэлтгэх зөвшөөрөл аваагүй байна” гэсэн дүгнэлт, 4.Шинжээч Б.Сүхбаатарын “...Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хаана, ямар орчинд хадгалж байгаа байдлаасаа шалтгаалж ургамлын жин багасдаг ...” гэх мэдүүлэг, 5. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ТХҮ/518-016 дугаартай YINGANG маркийн мотоцикль 300.000 төгрөг гэсэн үнэлгээний дүгнэлт, 6. Яллагдагч Ж.Октябрийн “...би эрхэлсэн тодорхой ажилгүй, манай эхнэр бас ажилгүй учраас хууль бус зүйл хийчихлээ. “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэж болохгүй талаар сайн мэдэхгүй, хүмүүс түүгээд бэлтгээд зарвал ашигтай гэхээр нь л бэлтгэж түүсэн. Би “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг түүхдээ төмөр багаж хэрэглэсэн, уг багажийг нилээн дээр үед худалдан авч байсан. Уг багажаар ургамлыг Жавхлант сумаас түүсэн” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатарын “Манай суманд “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг түүж бэлтгэн тээвэрлэх, ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллага байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлийг олгодог. Гэхдээ “дэрэвгэр жиргэрүү”-г 5 жилийн хугацаатай хорьсон байгаа. ...би байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, 8. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 3 9.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Октябрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Ж.Октябрийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 394,500 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Гурав.Эрүүгийн хариуцлагын талаар. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ж.Октябрь нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, зүйлчлэлийн талаар маргаангүй, гэмт үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Октябрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Yingang маркийн улсын дугааргүй, мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 кг 89 гр “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр багаж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ж.Октябрь нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жамбалын Октябрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Октябрьт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Октябрь нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Октябрь нь оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.
5. Ялтан Ж.Октябрь нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн YINGANG маркийн улсын дугааргүй, 1 ширхэг мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 кг 89 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг тус тус улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр багаж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Ялтан Ж.Октябрьт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ