Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 182/шш2016/00778

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр

       Дугаар 182/ШШ2016/00778

 

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Ч.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БП” ХХК -д холбогдох

1 048 026 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ч.Агаас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Ч.А нь “БП” ХХК-иар зуучлуулан өөрийн өмчлөлийн Б өрөө орон сууцыг бусдад түрээслүүлэхээр тохиролцож, “БП” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 956/15 тоот зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан юм.

“БП” ХХК-иар зуучлуулан Ж.Мтай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Ж.М нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатайгаар өрөө орон сууцанд амьдрахаар болсон. Сарын төлбөр нь 550 000  төгрөгөөр байхаар тохиролцсон.

2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд “БП” ХХК нь гэрээний тал болж оролцсон бөгөөд “БП” ХХК-иар дамжуулан түрээсийн төлбөрийг авах, орон сууц ашиглалтын төлбөрт хяналт тавьж оролцох, барьцааны мөнгийг тус компанийн дансанд байршуулах зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээр гэрээгээр тохиролцсон юм.

 

Иргэн Ж.М нь гадаад явах шалтгаанаар гэрээг хугацааны өмнө цуцлах тухай хүсэлтээ Ч.Ад болон “БП” ХХК-д тус тус мэдэгдэж, тухайн түрээсийн төлбөрийн асуудал болон барьцааны мөнгө буцаан авах тухай  хүсэлтээ гаргаж байсан. Бид хамтдаа  “БП” ХХК-ид очиж, төлөгдөөгүй үлдсэн түрээсийн төлбөрийг барьцаа мөнгөөр төлүүлэхээр тохиролцсон   тохиролцоог  шийдвэрлүүлэх  тухай  мэдэгдсэн. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Птай биечлэн уулзсан. Ж.М нь “БП” ХХК-д барьцаалуулсан мөнгөөр 2016 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн тал буюу 275 000 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон ба уг асуудлыг  шийдвэрлэж өгөхгүй , барьцаа мөнгийг буцаан олгохгүй байсаар өдийг хүрч байна.

Түрээслэгч тал Ж.М гадаадад явахаас өмнө уг асуудлыг шийдвэрлүүлэхээр тус компанид өргөдөл гаргаж, барьцаа мөнгөөр түрээсийн төлбөрийг төлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, барьцаа мөнгийг төлбөрт  тооцуулахаар тохиролцож, энэ тухай баримт үйлдэж, орон сууцаа буцаан авсан.  “БП” ХХК орон сууц ашиглалтын төлбөрт хяналт тавих үүргээ биелүүлээгүй, дээрх асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн боловч, шийдэж өгөөгүй,  хариуцах эзэнгүй болсон. “БП” ХХК нь орон сууцанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй үзэж байна. Иймд түрээсийн төлбөр, ус, цахилгааны төлбөр  болон  СӨХ-ийн төлбөр болох 1 048 026 төгрөгийг түрээслэгчийн зөвшөөрөлийн дагуу  “БП” ХХК-д байршуулсан барьцаа мөнгөнөөс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “БП” ХХК хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Түрээслэгч Ж.М нь гэрээний хугацаа дуусахаас өмнө 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээгээ цуцлахдаа,  төлөөгүй үлдсэн орон сууцны ашиглалтын зардал /цахилгаан усны зардал, СӨХ-ийн төлбөр, түрээсийн төлбөр/-ыг  хариуцан төлөх үүрэгтэй  байсан.

 Иргэн Ж.М нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай хүсэлтээ тус компанид 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Ж.Мын төлөөгүй  үлдсэн орон сууц ашигласаны хөлс, хэрэглэсэн ус цахилгааны болон СӨХ-ийн төлбөр болох 1 048 026 төгрөгийг манай компани хариуцахгүй. Учир нь энэ бүгдийг зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2-т заасан байгаа тул хариуцахгүй. “БП” ХХК нь тухайн түрээсийн гэрээнд байрны ашиглалтын төлбөр болон засварын ажилд хяналт тавих үүрэгтэйгээр л оролцсон.

Түрээслэгч Ж.Мын гүйцэтгээгүй үүргийг хариуцах үүрэг хүлээгээгүй.  “БП” ХХК нь гэрээ дуусгавар болоход л барьцаа мөнгийг түрээслэгч болон түрээслүүлэгчид байршуулсан хэмжээгээр нь буцаан олгоно. Ж.М нь гэрээг хугацааны өмнө цуцлах тухай хүсэлтээ тус компанид гаргаж байсан ба  түүний зөвшөөрөлтэйгээр барьцаа болох 250 000 төгрөгийг буцаан олгогдоно түрээслүүлэгчид олгоно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч “БП” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болох 1 048 026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.А нь өөрийн өмчлөлийн гэх Баянгол  дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон  27 дугаар байрны 25 тоот хаягт байрлах, 32 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг сарын 550 000 төгрөгийн төлбөртэйгээр Ж.Мад хөлслүүлэхдээ “БП” ХХК-иар зуучлуулсан нь тогтоогдож байх ба зохигчид 956/15 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний тухайд маргаагүй болно. /х.х-ийн 5-6, 49-52 тал/

 

Харин нэхэмжлэгч Ч.А, хариуцагч “БП” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүргийг хариуцах эсэх асуудлаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч “БП” ХХК, Ж.М нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Ч.Агийн өмчлөлийн тоот хаягт байрлах, 32 м.кв талбай бүхий, өрөө орон сууцыг сарын 550 000 төгрөгийн төлбөртэйгээр нэг жилийн хугацаатайгаар Ж.Мад хөлслүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа 250 000 төгрөгийг “БП” ХХК-ийн дансанд байршуулж, орон сууцыг Ж.Мын эзэмшилд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, “БП” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-8, 45, 49-52 тал/

 

Зохигчид  2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээг ”Түрээсийн гэрээ”-/ гэж нэрлэж байгаа хэдий ч гэрээний агуулгаас үзэхэд нь “БП” ХХК, Ч.А, Ж.М нарын хооронд орон сууц хөлслүүлэх /эд хөрөнгө хөлслүүлэх/ гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй  бөгөөд “БП” ХХК нь дээрх гэрээнд орон сууцны ашиглалтын төлбөрт хянах тавих, барьцаа мөнгийг өөрийн дансанд байршуулах, гэрээ дуусгавар болоход гэрээний талуудад барьцаа мөнгийг буцаан олгох үүргийг тус тус хүлээн оролцжээ. /х.х-ийн 7-8 тал/

 

2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй байна.

 

Иймд талууд хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

 Гэрээний нэг тал болох /хөлслөгч/ Ж.М нь хүндэтгэн үзэх үндэслэл /гадаадад явах болсон/-ээр орон сууц хөлслөх гэрээнээс татгалзах тухайгаа Ч.А, “БП” ХХК нарт мэдэгдэж, орон сууцыг хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.2, 295 дугаар зүйлийн 295.1 дэх заалттай нийцжээ. /х.х-ийн 38-39 тал/

 

Ж.М, Ч.А нар нь “БП” ХХК-д байршуулсан   барьцаа мөнгө болох 250 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны хүртэл хугацааны орон сууцны төлбөр 550 000 төгрөгийн тал хувь буюу 275 000 төгрөгт тооцох, уг мөнгийг шаардах эрхийг Ч.Ад шилжүүлэхээр харилцан тохиролцсон, энэ тухайгаа “БП” ХХК-д мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тохиролцооны баримт болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Ч.А нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу Ж.Мтай тохиролцсноор “БП” ХХК-д байршуулсан  барьцааны мөнгийг шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэж, хариуцагч “БП” ХХК-иас 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ад олгож, нэхэмжлэлээс 798 026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Ж.М нь барьцаа мөнгөө шаардах эрхээ Ч.Ад шилжүүлсэн байх тул энэ шаардах эрхийн хүрээнд “БП” ХХК-иас барьцаа болох 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Ч.Ад олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч  Ч.А нь Ж.Мын гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч, талууд харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцласан тул гэрээ цуцласнаас үүссэн үр дагаврыг жич нэхэмжлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдплага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар “БП” ХХК-иас 250 000 төгрөг /хоёр зуун тавин мянган/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 798 026 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БП” ХХК-иас 8150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,  119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ