Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Д.Ганзаяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Цоохор овогт Доржсүрэнгийн Ганзаяад холбогдох эрүүгийн 1931002130135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Цоохор овогт Доржсүрэнгийн Ганзаяа, Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгоны Ходоод гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байсан, РД:/МТ83020535/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Д.Ганзаяа нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвөөс 21км зайд байрлах “Агуйт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ганзаяа нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвөөс 21км зайд байрлах “Агуйт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ганзаяа гэм буруутай болох тогтоогдсон гэж үзэж байна. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: -мөрдөн байцаалтад гэрч Ц.Буянтогтохын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “... Одоогоос 10 гаруй хоногийн өмнөөс манай Бугант нутгийн хүмүүс сумын төвөөс 30 орчим км зайтай газарт байдаг “Агуйт” гэдэг газарт алт гараад байна гэж ярьж байхыг нь дуулаад тийшээ очсон. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчимд найз Оргил, Савет бид нар 3 уулаа тийшээ Агуйтад явж очсон. Тэнд очиход доогуур хүн амьтан харагдахгүй баахан ухсан нүхнүүд байхаар нь тэндээс нь шороо аваад угааж үзсэн. Биднээс дээшээ модон дотор экскаватор бол ажиллаж байгаа сонсогдож байсан. Бид хэд тийшээ очиж үзээгүй доогуураа л шороо угаагаад 2 грамм алт олоод буцаж ирэхээр болоод тэндээс буугаад явсан.Тэгээд өчигдөр 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нөгөө хоёртой дахиад хамт тэнд очоод цагдаа нартай тааралдаад ирсэн” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч Н.Батбаатарын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би одоогоор ажилгүй гэр зуураа байгаа намайг Ганзаяа ах “ажилгүй байхаар надтай цуг ажилд гарнаа, ах нь цалин мөнгийг нь шийдэж өгнө” гээд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хюьндай 2800” маркийн экскаватораа асуугаад намайг дагуулаад төвөөс 20 гаруй километрийн зайтай “Агуйт” гэдэг газарт алт гарч байгаа гээд замдаа нээх юм хэлээгүй. Тэгээд очиход 2-3 танихгүй хүмүүс явган гараар угааж байсан. Бид тэнд “Хюьндай 2800” маркийн экскаватораа хөлөөр нь Ганзаяа ах жолоодоод би хажууд нь суугаад замдаа 2 хонож байж “Агуйт”-д очсон. Тэнд очоод би хоол унд хийгээд зарагдаад Ганзаяа ах өөрөө ажил эхлүүлэхээр ус тогтоох зорилгоор нэг том нүх ухсан. Тэр газар бол бид нарыг очиход бол зүлэг, модтой эрүүл газар байсан. Биднийг очиход өөр хүмүүс экскаватортой хүмүүс очсон байсан. Баагий, Сүхээ гэх хүмүүсийн экскаватор байгаа гэж хүмүүс ярихыг дуулж байсан. Тэгээд өчигдөр 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ганзаяа ахтай хамт тэнд очоод цагдаа нартай тааралдаад ирсэн. Тэр газар Ганзаяа ахтай хамт очиход бол Баагий, Сүхээ хоёр хүн шар өнгөтэй 2 ширхэг экскаватортой очоод тавьчихсан юм хийгээд байсан. Өөр бусдыг нь бол танихгүй байна. Би хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Би ажилгүй гэрт зүгээр байхаар Ганзаяа ахыг дагаж мөнгө олох зорилготой л дагаж гарын үзүүрт зарагдаж явсан. Газар ухаж алт олсон угаасан зүйл бол байхгүй, “ус байхгүй ус тогтохоор эргэж ирж ажиллана” гэж Ганзаяа ах нүх ухаад ирэхдээ хэлээд намайг “Бугантад гэртээ байж бай” гээд явуулсан. Тэгээд өчигдөр 2019.06.05-ны өдөр машинтай ирээд явья гээд суулгаад Агуйт гэх газарт очоод цагдаа нартай тааралдчихсан. Өөр зүйлгүй” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч О.Алтанбаярын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. ...Тухайн “Агуйт” гэх газар Д.Ганзаяа болон өөр хэн нэгэн хүн, аж ахуйн нэгж ашигт малтмал олборлолтын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгогдоогүй газар. Д.Ганзаяа өмнө нь ашигт малтмал хууль бусаар олборлосон гэж хуулийн хариуцлага хүлээлгэж байгаагүй. “Агуйт” гэх газарт ашигт малтмал олборлох чиглэлээр ямар нэгэн зөвшөөрөл хэн нэгэн хүнд олгогдоогүй, өмнө хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Бугант тосгоны иргэд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа байх” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад хохирогч Д.Эрдэнэбулганы 2019 оны 07 дугаар сарын 02- ны өдөр мэдүүлсэн: “...Хууль зөрчиж байгаль экологид хохирол учруулсан бол хуулийн байгууллага шалгаж тогтоогоод буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж бодож байна” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч А.Сансарбаярын 2019 оны 07 дугаар сарын 24-ний мэдүүлсэн: “...Намайг гэртээ амарч байхад Д.Ганзаяа ах ирж надтай уулзаж, “хэд хоног надад экскаватороо хэрэглүүлээд, түрээслүүлчих” гэж хэлсэн. ...Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа Д.Ганзаяа ах надтай тааралдах үедээ цагдаад шалгагдаж байгаа гэж хэлэх үед мэдсэн. Экскаваторыг бичиг баримт, гэрчилгээ гэж байхгүй анх би “НYUNDAI-2800” маркийн экскаваторыг Улаанбаатар хотоос хувь хүнээс 2006 онд худалдан авч байсан. Намайг Улаанбаатар хотоос экскаватор худалдан авах үед нилээн хуучин загвартай, эвдрэл гэмтэлтэй, засаж, янзлах, сэлбэх шаардлагатай байсан. ...Тэрнээс Д.Ганзаяа ахыг хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор миний экскаваторыг түрээслэж байсан талаар нь мэдээгүй байсан. “НYUNDAI-2800” маркийн экскаваторыг нэхэмжилж байна, хүнд техникээ өгч явуулаад эцэст сүүлд нь би хохирогч болж үлдэх гэж байна. Энэ миний эд хөрөнгө учраас би энэ өөрийн эзэмшлийн техникээ хуулийн байгууллагаас нэхэмжпэх хүсэлтэй байна. Өөр надад гаргах санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч У.Бат-Эрдэний 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Нарантөгс гэдэг хүнтэй амаар ярилцаж тохироод өөрийн эзэмшлийн “НYUNDAI-2800” маркийн экскаваторыг аваад очсон юм. Миний экскаватор огт ажиллаагүй. Дахиад 1 экскаватор байсан нь Хүрэлсүх гэдэг хүнийх хамт ажиллах ёстой байсан юм. Анх Хүрэлсүх гэдэг хүн надтай ярилцаад “Агуйт” гэдэг газарт бичиг баримттай газар байгаа, би өөрөө 1 экскаватор түрээсэлсэн, чиний экскаваторыг Нарантөгс гэдэг хүн түрээслээд ажиллана гэж ярилцаад Хүрэлсүхтэй хамт “Агуйт” гэх газарт очсон юм. Нарантөгс ер нь “Агуйт” гэх газрын бичиг баримтыг бүрдүүлж, намайг түрээсээр ажиллуулах хүн байгаа юм. Газрын бичиг баримтаа бүрдүүлж байгаад, гэрээ баримтаа үйлдэнэ гэж ярилцсан юм” гэх мэдүүлэг, -Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын байцаагч, шинжээч О.Болд-Эрдэний 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №18-02- 038/22 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтээр: “Д.Ганзаяагийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (1464+470340+78000) нийт 549,804 (таван зуун дөчин есөн мянга найман зуун дөрөв) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв. Д.Ганзаяагийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 549,804 (таван зуун дөчин есөн мянга найман зуун дөрөв) төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр: “1993 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 1999 онд Монгол улсад орж ирсэн, 2018 онд гар аргаар сэргээн засварласан хууль ёсны бичиг баримт байхгүй “Хюьндай- 2800” маркийн, шар өнгийн экскаваторын өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч 2019 оны 07 сарын байдлаар 8,000,000 /найман сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ш.Батсайханы 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Д.Ганзаяа нь 1984 онд Бугант тосгонд төрсөн, намайг Бугант тосгоны сургуульд сурч байхад манай 2 дээд талын ангид сурч байсан. Мөн гэр нь манай хажуугийн саахалт айл байсан учир бид тоглож өссөн. Д.Ганзаяа нь хувь хүний хувьд сайн залуу гэж боддог, илүү дутуу зан авир байхгүй, энэ тэнд хар бор ажил төрөл хийгээд амьдралын төлөө явдаг залуу, архи дарс уугаад байдаггүй баяр ёслолын үеэр уучихдаг, архи уусан үедээ илүү, дутуу зангүй, найз нөхөдтэйгөө эвсэг найрсаг сайн залуу гэж бодож явдаг” гэж мэдүүлсэн байдаг, Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Ганзаяагийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Д.Ганзаяагийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 549,800 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 549,800 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Ганзаяа төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй. Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх шүүгдэгч Д.Ганзаяад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Ганзаяа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн Huyndai-2800 маркийн шар өнгийн экскаватор нь шүүгдэгч Д.Ганзаяагийн өмчлөл, эзэмшлийн техникийн хэрэгсэл биш бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Huyndai-2800 маркийн шар өнгийн 1 ширхэг экскаваторыг Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын Бугант тосгонд битүүмжилснийг чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Алтанцэцэг овогтой Сансарбаярт /МТ90121817/ олгож, түүний үнэ болох 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Ганзаяагаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилан заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Ганзаяад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цоохор овогт Доржсүрэнгийн Ганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Доржсүрэнгийн Ганзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзаяад оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзаяа нь шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзаяа уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Шүүгдэгч Д.Ганзаяа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн Huyndai-2800 маркийн шар өнгийн 1 ширхэг экскаваторыг Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын Бугант тосгонд битүүмжилснийг чөлөөлж, Алтанцэцэг овогтой Сансарбаярт /МТ90121817/ олгож, түүний үнэ болох 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Ганзаяагаас гаргуулан улсын төсөвт орлогод оруулсугай. 

7.Шүүгдэгч Д.Ганзаяад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АМАРГЭРЭЛ