| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/00779/и |
| Дугаар | 182/шш2016/00779 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 182/шш2016/00779
|
2016 оны 10 сарын 12 өдөр |
Дугаар 182/ШШ2016/00779
|
Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ө-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “БП” ХХК -д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаас татгалзаж, “БП” ХХК-ийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Д.Ө нь 2015 оны 04 дүгээр сард “БП” ХХК-д оффис менежерээр ажилд орсон. Тэгээд нийгмийн даатгалын дэвтэрийг 2015 оны эхний гурван сар бөглөөгүй байсан. Энэ тухайгаа компанидаа мэдэгдэхэд “Нөхөн бичилт хийгээд өгье. Чи харин 189 000 төгрөг аваад ир” гэхэд тухайн үед тэр мөнгө олдоогүй учир мөнгө өгөлгүй удсан. Тэгтэл захирал Д.Т нь “Чиний хоёрдугаар сарын цалингаас хасчихъя” гэж хэлсэн. Ингээд миний цалингаас 250 000 төгрөгийг хассан. Д.Ө нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн болсон байсан. Эмч “Яаралтай хэвтрийн дэглэм сахь, хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Тэгэхгүй бол үр зулбах аюултай” гэсэн бөгөөд тэрээр 2016 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд өвчтэй, эмнэлгийн акттай байсан. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Д.Ө нь компанийн захирлын 99106885 дугаарын утасруу “Би жирэмсэн болсон байна. Эмч намайг тайван байж, хэвтрийн дэглэм сахь” гэсэн гэж мессеж бичиж, өвчтэй тухайгаа мэдэгдсэн. Эмнэлгээс олгосон актаа 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нөхөр болох Д.Баар ажлын газарт хүргүүлж, захирал Д.Тт өгсөн.
... Д.Өг акттай байхад нь тус компанийн хуулийн зөвлөх Б нь утасдаж, “яаралтай хүлээлгэн өг, өгөхгүй бол шүүхэд өгнө” гэж сүрдүүлсэн. Д.Ө нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа очин, захирал Ттай уулзахад “халагдах тушаал гарсан байгаа шүү” гэж хэлсэн. Ямар үндэслэлээр ажлаас халсан, тушаалаа харъя гэхэд харуулаагүй гэсэн. Д.Өг өвчтэй байх хугацаанд нь ажлаас халсан гэж үзэж байгаа. Мөн Д.Ө нь жирэмсэн гэдгийг мэдмэгц ажлаас халсан нь гомдолтой байгаа.
... Ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны дараа тус шүүхэд нэхэмжлэл гаргахад, урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Д.Ө нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “БП” ХХК-ийн захирал Д.Тт маргаан таслах хүсэлт бичгээр илгээсэн. Гэтэл захирал Д.Т и-мэйл хаягаар “Би дээр үед мессежээр хариу явуулсан” гэсэн хариу илгээсэн. Мөн хэрэв чи ажиллах хүсэлтэй бол рэалтор үл хөдлөх хөрөнгийн борлуулагч хийж болно гэж и-мэйлдээ бичсэн байсан. Үүнийг нь Д.Ө зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Иймд “БП” ХХК нь Д.Өг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “БП” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Д.Ө нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн “БП” ХХК-д оффис менежерээр ажиллаж байсан тухайд маргахгүй байна. Тус компанийн зүгээс Д.Өг ажлаас нь халаагүй, ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал байхгүй.
Д.Өгийн ажилд авсан тухай тушаал байгаа. Харин ажлаас чөлөөлсөн болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалин авч байсан тухай баримт байхгүй. Д.Өгийн эмнэлэгийн магадлгаа гэх баримтууд нь компанид байхгүй байна. Тус компанийн захирал өөрчлөгдөж, шинээр томилогдсон захирал “Д.Өг ажилдаа ор” гэж удаа дараа шаардсан. Д.Ө нь ажлаа хүлээлгэн өгөөгүй учраас Д.Өгийн эрхэлж байсан ажилтай нь холбоотойгоор асуудал үүсч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч “БП” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-2, 14-16 тал/
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг “... 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай ...” шаардлагыг дэмжиж байгаа болно.
Хариуцагч “БП” ХХК нь “... нэхэмжлэгч Д.Өг ажлаас нь халаагүй, шинээр томилогдсон захирал ... Д.Өг ажилдаа ор” гэж удаа дараа шаардсан. Д.Ө нь ажлаа хүлээлгэн өгөөгүй учраас Д.Өгийн эрхэлж байсан ажилтай нь холбоотойгоор асуудал үүсч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч “БП” ХХК-д оффис менежерээр 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллаж, сард 500 000 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтэр бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5, 66-67 тал/
Нэхэмжлэгч Д.Өг 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 02 сарын 26-ныг хүртэл өвчтэй байх хугацаанд нь буцаан ажиллуулахгүй, тус компанийн захирал Д.Т ам шийдвэрээр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй болох нь зохигчдын тайлбар улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн хөдөлмөрийн дотоод журам, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт болон хэргийн үйл баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 14, 30, 49-78 тал/
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ.
Хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй, ажилтныг ажлаас халах шийдвэр гаргахгүй байгаа зэрэг нь ажлаас халах үндэслэл болохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон, цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Ажил олгогч “БП” ХХК нь ажилтан Д.Өтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
Хариуцагч “БП” ХХК нь хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Ажил олгогч “БП” ХХК нь ажилтан Д.Өг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон үндэслэлээ заасан хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтласан тушаал гаргаагүй, түүнийг өвчтэй байх хугацаанд нь буцаан ажиллуулахгүй, гэж ажил үүргийг гүйцэтгүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Ажил олгогч ажилтныг “... ажлаас халаагүй ...” гэж маргаж байгаа боловч, өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иймд нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж үзлээ. /х.х-ийн 1-2, 15-16 тал/
Нэхэмжлэгч Д.Өг “БП” ХХК-ийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэстэй.
Д.Ө нь 2015 оны 08 дугаар сараас 2015 оны 12 сарыг дуустал сард 500 000 төгрөгийн цалин авсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон болно. /х.х-ийн 5, 66-67 тал/
Д.Өгийн сарын дундаж цалин хөлсийг, түүний нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн ажилгүй байсан хугацааны /2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал/ цалин хөлстэй тэнцэх олговрыг 3 681 820 төгрөг байхаар тооцов.
Уг олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “БП” ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өг “БП” ХХК-ийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Д.Өгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 681 820 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга найман зуун хорин/ төгрөгийг хариуцагч “БП “ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Өд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өгийн болон хариуцагч “БП” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “БП”ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “БП” ХХК-иас 73 860 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ