Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 946

 

 

 

 

 

 

2019           11           14                                      2019/ШЦТ/946

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Б.Б-,

Гэрч: Э.Л-, Б.Т-,

Шүүгдэгч: Э.Д-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905037541060 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Д-, 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч багш мэргэжилтэй, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн  хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Д- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вэнсвэе” нэртэй баарны гадна иргэн Б.Б-ын биед халдаж доод эрүүний далд зөрүүтэй хугарал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл, буйлны цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б-, Т- гэх хоёр найзтайгаа баар орсон. Бааранд ороод 0.5 литрийн нэг шил архи уусан. Би 00-ын өрөөнд ороод бие засаад гарах гэтэл манай нутгийн таньдаг залуучууд таараад би тэд нартай юм яриад зогсож байхад Б- орж ирээд өөдөөс агсараад байсан. Тухайн үед Б- миний пудволкийг урсан. Тэнд байсан хүмүүс хоёр талаас салгасан. Би найз Т-гийн цамцыг өмсөөд явах гээд гартал Б- гадаа зогсож байсан. Гадаа гараад над руу дахиж дайраад өөдөөс агсараад намайг шууд ирээд мөргөсөн. Би тэр үед нь хальт нэг цохьсон. Бид хоёрыг хүмүүс салгаад бид нар явцгаасан...” гэв.

            Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Манай нэг найз дүүгийн төрсөн өдөр болсон. Бид нар бааранд ороод 0.750 граммын архи ууцгаасан. 00-ын өрөөнд ороход манай нутгийн дүү нар байсан. Ороход нэг дүү Д-тай маргалдаад байж байсан. Би боль гээд Д-ыг салгах гэтэл Д- өөдөөс агсараад байсан. Тухайн үед Д- нилээн согтолттой байсан. Тэгээд тэнд байсан дүү нар салгасан. Баар хаах болоод бид нар гарахад Д- гадаа байж байсан. Гарахад өөдөөс дайраад маргалдсан. Маргалдах үедээ цуг явж байсан манай нэг эмэгтэй дүүг гар луу нь өшиглөсөн. Би чи яагаад эмэгтэй хүн цохьдог юм гэж хэлэхэд нэг найз нь намайг араас татаад унагаасан. Би босож ирээд мөргөх гэтэл хүрээгүй. Тэр үед нүүр лүү Д- цохьсон. Тэгээд шүд унасан. Би цагдаа дуудаад, гэмтлийн эмнэлэг орсон...”гэв.

Гэрч Э.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б-, Д-ыг мөргөхийг завдсан, хүрээгүй. Б-, Д- хоёроос өөр хоорондоо маргалдсан хүн байхгүй. Б-ын амнаас нь цус гараад нэг шүд нь уначихсан, нэг шүд нь хугарчихсан байсан...” гэв.

   Гэрч Б.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д- 00-ын өрөөнд нутгийнхаа залуучуудтайгаа юм яриад зогсож байсан. Намайг бие засчихаад гараад ирэхэд Б- цаанаас чи манай дүү нарыг дээрлэхээд байгаа юм уу гээд маргалдсан. Салгах үед Б- Д-ын фудволкийг нь урсан. Би салгаад Д-д өөрийнхөө цамцыг өсгөөд явах гээд гадаа гартал гадаа Б- зогсож байсан. Гадаа гараад маргаан үргэлжилж Б- Д-ыг ирж мөргөсөн. Би тэр үед яг голд нь зогсож байсан. Д- Б-ыг зүүн гараараа нэг цохьсон. Би тэгээд салгаад аваад явсан...” гэв.

            Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах Венсвей нэртэй бааранд хуурай дүү нартайгаа хамт ороод нэг шил 0.75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. 00-н өрөө орсон ...надтай хамт явж байсан манай дүү нартай юм ярьж байсан, би юу болцгоогоод байгаа юм гэсэн чинь Б- “манай найз байгаа юм аа, юм ярьж байна” гэсэн би Д-ыг “чи бөх хүн байж олон нийтийн газар биеэ зөв авч яв” гэхэд “чамд ямар хамаатай юм” гэсэн тэгээд над руу агсарсан тэгээд хамт хажууд байсан хүмүүс салгаад...араас нэг залуу нь боогоод яах гээд байгаа юм чи гэсэн тэгээд салаад байж байхад Д- миний эрүү рүү хоёр, дух руу нэг удаа цохьсон. Би Д-ыг нэг удаа мөргөсөн, бараг хүрээгүй, миний эрүү эвгүй болчихлоо гээд цагдаа дуудахад Д- явчихсан, цагдаа нар ирээд би өргөдөл гаргасан. Хохирлоо барагдуулж авмаар байна...Д- надад 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Шүд гэмтсэн байгаа, шүд эмчлүүлэх шаардлагатай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 9, 63/,

          Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэр намайг явъя гээд татахад манай эхнэрийн гарыг цохисон, тэгээд Б-, Д-ыг “чи яахаараа манай дүү нар руу ингэж байгаа юм” гээд байж байсан ба тэгээд араас нь Б-ыг татаад газар унагаасан Б-, Д-ыг мөргөсөн тэгээд ухрахад Д- Б-ын нүүрэн хэсэгт нь хоёр гурав цохьсон, тэгээд салаад Б-ын амнаас нь цус гараад юм ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

          Гэрч Э.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тамхины өрөөнд тамхилж байхад Д- хүнтэй маргалдаж байхаар нь болиулсан, тэгээд салгасан. Б- Д-ыг “олон нийтийн газар соёлтой бай” гээд хоорондоо маргахад салгаад гарсан...гадаа маргаан болж байсан Б-, Д-ыг “олон нийтийн газар биеэ зөв авч яв” гэсэн. Тэгээд Б-ыг нэг удаа цохиж харагдсан. ...Б- нүүрээ дараад суусан. ...амнаас нь цус гарсан, шүд уначихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- гэх залуу гадаа нь хүлээгээд зогсож байсан. Тэгээд Д-ыг хэл амаар доромжлоод дайрсан. Д-ын уруул руу нь мөргөсөн. Тэгэхэд Д- зүүн гараараа уг Б- гэх залууг нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- гэх залуу Д-ыг баарны гадаа хэл амаар доромжлоод дайрсан тэгээд Д-ын уруул руу нь мөргөсөн. Тэгэхэд Д- зүүн гараараа уг Б- гэх залууг нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Шинжээчийн 11456 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ын биед доод эрүүний далд зөрүүтэй хугарал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл, буйлны цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх доод эрүүний далд зөрүүтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-аар тогтонги алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Яллагдагчаар Э.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтаар яллагдагчаар татан сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед Б-ыг нэг удаа цохьсон. Гэмтэл шарх учруулсан гэм буруугаа ухаарч байгаа. Би Б-т эмчилгээний зардал нэг сая төгрөг өгсөн байгаа...баримтаар гарсан зардлыг төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44-55, 70/, хохирол төлсөн баримт /хх-н 64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

             Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Д- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вэнсвэе” нэртэй баарны гадна иргэн Б.Б-тай маргалдан цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ын: “...би Д-ыг “чи бөх хүн байж олон нийтийн газар биеэ зөв авч яв” гэхэд “чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгээд над руу агсарсан ...хамт хажууд байсан хүмүүс салгаад...араас нэг залуу нь боогоод “яах гээд байгаа юм чи” гэсэн тэгээд салаад байж байхад Д- миний эрүү рүү хоёр, дух руу нэг удаа цохисон. Би Д-ыг нэг удаа мөргөсөн, бараг хүрээгүй, миний эрүү эвгүй болчихлоо гээд цагдаа дуудахад Д- явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, гэрч Б.Ц-гийн: “...тэгээд Б-, Д-ыг “чи яахаараа манай дүү нар руу ингэж байгаа юм” гээд байж байсан ба тэгээд араас нь Б-ыг татаад газар унагаасан Б-, Д-ыг мөргөсөн тэгээд ухрахад Д- Б-ын нүүрэн хэсэгт нь хоёр гурав цохисон, ...Б-ын амнаас нь цус гараад юм ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, гэрч Э.Л-гийн: “...Б- Д-ыг “олон нийтийн газар соёлтой бай” гээд хоорондоо маргахад салгаад гарсан...гадаа маргаан болж байсан Б-, Д-ыг “олон нийтийн газар биеэ зөв авч яв” гэсэн. Тэгээд Б-ыг нэг удаа цохиж харагдсан. ...Б- нүүрээ дараад суусан, ...амнаас нь цус гарсан, шүд уначихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, гэрч Б.Т-гийн: “...Д- зүүн гараараа уг Б- гэх залууг нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Б.Б-ын: “...Д- зүүн гараараа уг Б- гэх залууг нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, шинжээчийн 11456 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д- нь хохирогч Б.Б-тай маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаас 1.381.995 төгрөгийн баримтыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө өгсөн баримт зэргээр нотлогдож байх тул үлдэгдэл 381.995 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Б-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хохирогчийн шинээр гаргаж өгсөн баримтаас төрийн банкны 8.000 төгрөгийн худалдан авалтын баримт /юунд зарцуулсан нь тодорхойгүй/, хүнсний зүйл авсан 86.400 төгрөгийн баримт, нийт 94.400 төгрөгийн баримтыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол биш гэж үзэн 94.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно

Хохирогч нь шүд хийлгүүлэх шаардлагатай тул 1.500.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирол бодитой учирсан гэх баримт байхгүй, цаашид хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхой бус байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр буюу доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчийн зарим хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналаас доогуур торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Д-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-аас 381.195 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгосугай.

6. Хохирогч Б.Б- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хохирогч Б.Б-ын нэхэмжлэлээс 94.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР