Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

  2019           11           22                                      2019/ШЦТ/970

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Иргэдийн төлөөлөгч: М.Д-сүрэн,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Хохирогчийн төлөөлөгч: Б.Б-,

Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905034480923 дугаартай хэргийг  2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, 1990 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах, бэр эгч нарын хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны 383 тоотод үйл ажиллагаа явуулах “Оргил дуут хад” гэх хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Б.Б-ын толгой тус газарт гараараа цохиж унагаан гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б-, С- эгч хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Б-ыг хойш нь түлхсэн. Тэгээд ийм асуудал болсон...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би талийгаачийн дүү нь байгаа юм. Тухайн үед би хашаагаа барьцаанд тавьж оршуулгын зардлыг гаргасан. Одоо шүүгдэгчээс оршуулгын зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Оршуулгын үеэр бүх баримтыг нь хамтад нь газарт нь хийсэн тул баримт байхгүй. Баримтыг нь цуглуулах ёстойг мэдээгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн хэрэг үйлдсэн хүн талийгаачийг маань цохиж унагаасныхаа дараа ядаж эмнэлэгт үзүүлчихгүй гудамжинд хаяад явсанд гомдож байна, хуулийн дагуу зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү, нэхэмжилж байгаа зүйл гэвэл оршуулгын зардалд 4.000.000 төгрөг гарсан боловч надад үзүүлчихээр баримт байхгүй. Буяны ажлын үеэр бүгдийг нь шатаачихсан учир 4.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх 1-н 35/,

Гэрч Х.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Саппоро 1-р хорооллын орчмоор явж байгаад нэг гахай гороо цуглуулсан. Гахай гэдэг нь том шуудайг хэлдэг бөгөөд тэрийгээ дүүргээд 16 цагийн үед Б-гийн хоёрдогч түүхий эдийн цэг дээр очсон. Тэгээд юмаа тушаасан. Тухайн үед тушаасан гороо 3.200 төгрөг болсон. Миний түүсэн гороог яг хэн нь авсныг санахгүй байна, гэхдээ горооны цэгийн Э-, Б- юм уу эсвэл Б- эгч авсан байхаа. Намайг хэлээд юм тушаах гээд ирж байхад дэлгүүрийн гадаа О-, Барби хочтой С- гээд хүүхэн сууж байсан. Согтуу байх шиг байсан. Би гороог тушаагаад эргэж гарч ирээд О-, С- хоёртой юм яриад суусан. Тэгсэн Б- ах хүрээд ирсэн. Б- ах С- руу чи наад өмсөж байгаа хувцсаа тайлаа, миний олж өгсөн юм гээд уурлаж дайрсан. Тэгээд С-гийн хувцасанд хүрч тайлах гээд байсан. Яг тэр үед О- нэг машины урд талын суудлаас бууж ирээд Б- ахыг цохиод унагаачихсан, цээж хавь руу нь гараараа цохилоо гэж бодсон. Яг цохихыг нь, яг хаана цохисныг нь би хараагүй, гэхдээ гараараа цохиод унагаасан, нэг хараагаа өөр тийш нь хандуулахад пид гээд арагшаа дагзаараа Б- ах саваад унасан. О- цохисноос болоод арагшаа саваад унасан. Би О-д “чи балай хар пизда минь, яаж байгаа юм бэ, наадах чинь чамд гай болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би салаад гэмтлийн эмнэлгийн тийшээ зам гараад явсан. Намайг салаад явахад О-, С- хоёр тэндээ л үлдсэн. Б- ах хэвтсэн чигээрээ үлдсэн. О-г цохингуут Б- ах ямар нэг хөдөлгөөн хийгээгүй хэвтээд өгсөн. Тухайн үед 16-18 цагийн хооронд үйл явдал болсон ба нар бууж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40-42/,

Гэрч Ж.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- ах чи хаачих гээд байгаа юм гээд намайг зодох гээд дайрсан. Тухайн үед Б- ах наад хувцасаа тайл гээд байсан. Тэгсэн чинь О- Б-гийн цэгээс гараад ирсэн. Тухайн үед О-, Э- ах бас нэг ачигч өвгөнтэй хэрэлдэж байгаад гарч ирсэн. Тэгээд дөхөөд бид нар дээр ирснээ Б- ах руу О- чи яагаад эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм бэ гэж хэлээд Б- ахын духны орчим руу нь гарынхаа алгаар цохисон. Тэгсэн чинь Б- ах пидхийгээд л саваад унасан. Би тэр үедээ тархи нь хагарсан байх гэж айсан, хагарсан үгүйг нь анзаараагүй. Б- ах намайг тэр үедээ муу янхан, гичий гээд дайраад гар хүрсэн зүйл бол байхгүй. ...тэндээсээ Ш-, Б-бид гурав архи аваад салаад явсан. О- тухайн үедээ тэнд үлдсэн. Бид гурав хойш зам гараад Хаус 25-ын балгас дээр очсон. Тэгээд бид гурав архиа уугаад талыг нь үлдээгээд гараад явсан. ...22 цагийн үед байх Б- ах дээр яваад очтол хог түүдэг гахайгаа дээгүүрээ нөмөрсөн байсан. Тэгээд би дэргэд нь очоод “Б- ахаа та босч чадах уу” гэтэл Б- ах “ах нь чадахгүй байна, толгойгоо даахгүй байна” гэсэн. Миний “дүү цагаан гахайгаа авчраад өг” гэхээр нь би дээр нь нөмөргөөд яваад өгсөн. Би тэндээс хорооллоор явж гороогоо түүсэн. Би нэг байрны болконы доор унтсан. Өглөө 8 цагийн үед байсан байх Б-гийн цэг дээр очих гээд явж байтал Болороо гээд мэдрэл муутай охин Б- ахыг ухаангүй байхад нь эмнэлэг аваад явлаа гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 46-47/,

Гэрч Б.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- гээд Архангай аймгийн харъяат залуу С- гээд хүүхнийг янхан гичийгээр дуудаад байсан. Гэхдээ зодож цохиогүй.  Д- гээд авгайн ногоон өнгийн микро автобуснаас О- буюу Б- гэдэг залуу буугаад ирсэн. Тэгснээ Б-д дөхөж очоод чи эмэгтэй хүнээс гарсан байж юу яриад байгаа юм гээд Б-гийн магнай хэсэг рүү гарынхаа алгаараа Б- цааш нь огцом түлхтэл Б- арагшаа дагзаараа саваад унасан. Тухайн үед борооны ус тогтсон байсаны яг хажууд Б- унасан. Гэхдээ юм мөргөөгүй саваад л унасан. Б- эргэж босч ирээгүй, О- бас тэндээ үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/,

Гэрч П.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...дэлгүүр орох замд Америк О- гэж дууддаг /нэрийг нь мэдэхгүй/ гороо буюу шил лааз түүдэг эмэгтэйтэй таарсан чинь ...Б-ыг сахал О- дэлгүүрийн урд зодчихлоо гэж хэлээр нь би яахаараа Б-ыг О- зоддог юм бэ гэж лавлан асуухад Б- ах С- эгчийг зодоод сахал О- С-г өмөөрөөд зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 68-69/,

Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 09 цагийн үед сэрээд Батбаярын хамтаар Б-гийн цэг рүү очсон. Тэгэхэд Б- гэж дууддаг Б- ах Оргил дуут хад нэртэй дэлгүүрийн урд талд газар хэвтэж байсан ба Б- ахыг зүгээр газарт хэвтэж байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 66-67/,

Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...О- надад хөгшин нь нэг хүн цохичихлоо гэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд асуутал О- “өөрөө миний дургүйг хүргээд байхаар нь цохиод унагаачихлаа, цагдаа дуудчихсан одоо ирэх юм байгаа биз гэж хэлээд сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 56-57/,

Шинжээчийн 1845 тоот дүгнэлтэд: “...Талийгаач Б.Б-ын цогцост зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай яснаас доош суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай болон таславч хоорондын аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн дэлбэн болон суурийн дэлбэнд тархины эдийн няцрал, зүүн хацар ясны нум, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн чихний дэлбэн, баруун өвдөгт зулгаралт, зүүн чамархай, зулайн хуйх, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 115-116/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 11800 тоот дүгнэлтэд: “...Б.Б- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 152-156/,

Яллагдагчаар Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...С- эгчийг Б- ах зодоод байхаар нь салгах зорилгоор түлхэхэд газарт савж унасан юм. ...Нэг удаа цээжин тус газар нь түлхэхэд хойшоо савж унасан. Тэгээд хөдлөхгүй, бас босож ирэхгүй байсан. Үүнээс өөр биед нь хүрсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 182-184/,

  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 3/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 4-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 9-13/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 15-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 19-24/, хохирлын баримтууд /хх 1-н 31-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 46-47, 50-51, 54-55/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 92-94/, хохирогчийн өвчний түүх /хх 1-н 103-113/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 196, 198-206, 232, 238-242, 2-н 8/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны 383 тоотод үйл ажиллагаа явуулах “Оргил дуут хад” гэх хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Б.Б-ын толгой тус газарт гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэм буруутай болох нь:

Гэрч Х.Э-ын: “...Б- ах С- руу чи наад өмсөж байгаа хувцсаа тайлаа, миний олж өгсөн юм гээд уурлаж дайрсан. Тэгээд С-гийн хувцасанд хүрч тайлах гээд байсан. Яг тэр үед О- нэг машины урд талын суудлаас бууж ирээд Б- ахыг цохиод унагаачихсан, цээж хавь руу нь гараараа цохилоо гэж бодсон. Яг цохихыг нь яг хаана цохисныг нь би хараагүй, гэхдээ гараараа цохиод унагаасан, нэг хараагаа өөр тийш нь хандуулахад пид гээд арагшаа дагзаараа Б- ах саваад унасан. О- цохисноос болоод арагшаа саваад унасан. ...Намайг салаад явахад О-, С- хоёр тэндээ л үлдсэн. Б- ах хэвтсэн чигээрээ үлдсэн. О-г цохингуут Б- ах ямар нэг хөдөлгөөн хийгээгүй хэвтээд өгсөн. Тухайн үед 16-18 цагийн хооронд үйл явдал болсон ба нар бууж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40-42/, гэрч Ж.С-ийн: “...Б- ах чи хаачих гээд байгаа юм гээд намайг зодох гээд дайрсан. Тухайн үед Б- ах наад хувцасаа тайл гээд байсан. Тэгсэн чинь О- Б-гийн цэгээс гараад ирсэн. Тухайн үед О-, Э- ах бас нэг грушиг өвгөнтэй хэрэлдэж байгаад гарч ирсэн. Тэгээд дөхөөд бид нар дээр ирснээ Б- ах руу О- чи яагаад эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм бэ гэж хэлээд Б- ахын духын орчим руу нь гарынхаа алгаар цохисон. Тэгсэн чинь Б- ах пидхийгээд л саваад унасан. Би тэр үедээ тархи нь хагарсан байх гэж айсан, хагарсан үгүйг нь анзаараагүй. Б- ах намайг тэр үедээ муу янхан, гичий гээд дайраад гар хүрсэн зүйл бол байхгүй. ...22 цагийн үед байх Б- ах дээр яваад очтол хог түүдэг гахайгаа дээгүүрээ нөмөрсөн байсан. Тэгээд би дэргэд нь очоод “Б- ахаа та босч чадах уу” гэтэл Б- ах “ах нь чадахгүй байна, толгойгоо даахгүй байна” гэсэн. Миний “дүү цагаан гахайгаа авчраад өг” гэхээр нь би дээр нь нөмөргөөд яваад өгсөн. ...Өглөө 8 цагийн үед байсан байх Б-гийн цэг дээр очих гээд явж байтал Болороо гээд мэдрэл муутай охин Б- ахыг ухаангүй байхад нь эмнэлэг аваад явлаа гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 46-47/, гэрч Б.Ш-ын: “...Б- гээд Архангай аймгийн харъяат залуу С- гээд хүүхнийг янхан гичийгээр дуудаад байсан. Гэхдээ зодож цохиогүй.  Д- гээд авгайн ногоон өнгийн микро автобуснаас О- буюу Б- гэдэг залуу буугаад ирсэн. Тэгснээс Б-д дөхөж очоод чи эмэгтэй хүнээс гарсан байж юу яриад байгаа юм гээд Б-гийн магнай хэсэг рүү гарынхаа алгаараа Б- цааш нь огцом түлхтэл Б- арагшаа дагзаараа саваад унасан. Тухайн үед борооны ус туссан байсаны яг хажууд Б- унасан. Гэхдээ юм мөргөөгүй саваад л унасан. Б- эргэж босч ирээгүй, О- бас тэндээ үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/, гэрч П.Э-ын: “...дэлгүүр орох замд Америк О- гэж дууддаг /нэрийг нь мэдэхгүй/ гороо буюу шил лааз түүдэг эмэгтэйтэй таарсан чинь ...Б-ыг сахал О- дэлгүүрийн урд зодчихлоо гэж хэлэхээр нь би яахаараа Б-ыг О- зоддог юм бэ гэж лавлан асуухад Б- ах С- эгчийг зодоод сахал О- С-г өмөөрөөд зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 68-69/, гэрч Н.О-ийн: “...2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 09 цагийн үед сэрээд Батбаярын хамтаар Б-гийн цэг рүү очсон. Тэгэхэд Б- гэж дууддаг Б- ах Оргил дуут хад нэртэй дэлгүүрийн урд талд газар хэвтэж байсан ба Б- ахыг зүгээр газарт хэвтэж байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 66-67/, гэрч М.Э-ын: “...О- надад хөгшин нь нэг хүн цохичихлоо гэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд асуутал О- “өөрөө миний дургүйг хүргээд байхаар нь цохиод унагаачихлаа, цагдаа дуудчихсан одоо ирэх юм байгаа биз гэж хэлээд сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 56-57/, шинжээчийн 1845 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч нь гэмтэл авсаны маргааш нь эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хүнийг алсан гэмт хэргийн хувьд шууд ба шууд бус санаатай алах санаа зорилго агуулахгүй бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж түүнийг хүсэж үйлдсэнээр гэмт хэргийн шинж хангагдах ба хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас газар унаж амь насанд аюултай гэмтэл авч нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр тухайн хэрэг болох үед амь хохирогчийн бусадтай зүй бус харьцсан буруутай үйлдэл хийгдсэн хэдий ч энэ нь шүүгдэгчийг амь хохирогчийн амь насанд халдах шалтгаан болохгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б- нь амь хохирогч Б.Б-ыг алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн төлөөлөгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 4.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч Б.Б-д олгох нь зүйтэй.

Хэдийгээр хавтас хэрэгт 1.725.500 төгрөгийн баримт авагдсан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирол нь хүний амь нас буюу амьд явах эрх байх ба хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй тул хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-д 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих  ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 82 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн голоороо урагдсан 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч Б.Б-д олгож, амь хохирогч Б.Б-ын хувцас болох юүдэнтэй улаан цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн бүс 1 ширхэг, хар өнгийн хос оймс, саарал 5 хурууны бээлий 1 ширхэг, хар өнгийн пүүзэн хос гутал, саарал дотуур өмд 1 ширхэг зэргийг устгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Б.Б-ыг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 08 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 08 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ы урьд цагдан хоригдсон 82 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 4.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Б.Б-д олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн голоороо урагдсан 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч Б.Б-д олгож, амь хохирогч Б.Б-ын хувцас болох юүдэнтэй улаан цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн бүс 1 ширхэг, хар өнгийн хос оймс, саарал 5 хурууны бээлий 1 ширхэг, хар өнгийн пүүзэн хос гутал, саарал дотуур өмд 1 ширхэг зэргийг устгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР

    

        ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА

                                                        

        ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ