Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

 

2019          11           25                                       2019/ШЦТ/971

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Ү.О-,

Шүүгдэгч: Я.Б-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905031091077 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я.Б-, 1982 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-5-160 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ВЮ-82051471 тоот регистртэй,

Шүүгдэгч Я.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-д инженерээр ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Тошиба брэндийн ай-3 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг завшиж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ү.О-гийн шүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Я.Б- 4 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа орсон. Манай байгууллага нөүтбүүк, гээд ойр зуурын багажнуудыг ажилчиддаа тарааж өгдөг. Сүүлд 6 дугаар сарын 10-наас хойш “танай байгууллага яагаад ажилчинаа багажгүй явуулаад байгаа юм бэ” гээд байгууллагуудаас гомдол ирэх болсон. Бид гайхаад шалгасан. Тэгтэл нөүтбүүкийг барьцаанд тавьсан байсан. Би өөрт нь хэлж байсан. Цагдаа шүүх гээд яах вэ, нөүтбүүкээ л өгчих гэж хэлж байсан. Одоо өөрийн нөүтбүүкийг авчих юм бол өөр гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Ү.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын сүүлчээр Я.Б- зарын дагуу анкет бөглөн техникчээр эхний 1 сар ажиллаад, дараагийн сараас Сүлжээний инженер болж ажилласан. 2019 оны 5 дугаар сарын сүүлчээр багаж хэрэгслүүд зайлшгүй шаардлагатай байдаг учраас Я.Б-д бүх багаж хэрэгслийг шинээр олгоод гарын үсэг зуруулан хүлээлгэн өгч байсан. Тэгээд 6 сарын сүүлчээр нөүтбүүкийг Я.Б- ажил дээрээ ч авчрахгүй байгаад байсан, мөн ажилд явахдаа нөүтбүүкгүй яваад байхаар нь Я.Б-ийг шалгаж үзэхэд нөүтбүүкийг маань алга болгочихсон юм шиг байхаар нь өөрөөс нь тодруулж асуухад “найздаа форматлуулах” гээд өгсөн гэж хэлсэн. Үүнээс хойш наадмын дараагаас эхлээд Я.Б- нь ажилдаа ирэхгүй нөүтбүүкийг маань өгөхгүй алга болчихсон. ...Манай компаниас Тошиба брэндийн ай-3 үзүүлэлттэй хар өнгийн нөүтбүүкийг авч явсан. Одоог хүртэл нөүтбүүкийг маань эргүүлж өгөөгүй л байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Я.Б- нь манай бүртгэлд байгаа, манай ломбарданд 2 удаа нөүтбүүк тавьж байсан бүртгэл байна. 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Тошиба ай-3 компьютер 100.000 төгрөгөөр тавьсан... Тошиба ай-3 нөүтбүүкээ хугацаанд нь аваагүй учраас манайд хураагдаж ломбардны орлого болсон байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Яллагдагчаар Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Энх-Өргөний гол ХХК-нд эхний 2-3 сар тогтвортой ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шиг санагдаж байна. Уг Тошиба ай-3 үзүүлэлттэй нөүтбүүкийг гэрийнхээ урд байдаг Хишигт гэх ломбарданд нийт 190.000 төгрөгийн барьцаанд тавиад цалин буухаар буцаагаад авах зорилготой байсан. ...Энэ хугацаанд нөүтбүүкийг 2 удаа сунгуулаад тэгээд авч чадахгүй байсаар байгаад хугацаа нь дуусаад зарагдчихсан байсан учраас компанийн нөүтбүүкийг буцаан авч өгч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

.... ХХК-ний өргөдөл /хх-н 4/, .... ХХК-ний ажилтан, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн хүснэгт /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 11-15, 40-50/, Хишигт барьцаат зээлийн гэрээ /хх-н 18/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 30-31/, хөдөлмөрийн гэрээ /хх-н 51-54/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-н 56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Я.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-д инженерээр ажиллаж байх үедээ түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Тошиба брэндийн ай-3 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг ломбарданд тавьж завшин 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ү.О-гийн: “...6 сарын сүүлчээр нөүтбүүкийг Я.Б- ажил дээрээ ч авчрахгүй байгаад байсан, мөн ажилд явахдаа нөүтбүүкгүй яваад байхаар нь Я.Б-ийг шалгаж үзэхэд нөүтбүүкийг маань алга болгочихсон юм шиг байхаар нь өөрөөс нь тодруулж асуухад найздаа форматлуулах гээд өгсөн гэж хэлсэн. Үүнээс хойш наадмын дараагаас эхлээд Я.Б- нь ажилдаа ирэхгүй нөүтбүүкийг маань өгөхгүй алга болчихсон...Манай компаниас Тошиба брэндийн ай3 үзүүлэлттэй хар өнгийн нөүтбүүкийг авч явсан. Одоог хүртэл нөүтбүүкийг маань эргүүлж өгөөгүй л байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч М.М-гийн: “...Я.Б-...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Тошиба ай3 компьютер 100.000 төгрөгөөр тавьсан... Тошиба ай3 нөүтбүүкээ хугацаанд нь аваагүй учраас манайд хураагдаж ломбардны орлого болсон байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 30-31/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Я.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Б- нь “....” ХХК-д инженерээр ажиллаж байх үедээ түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Тошиба брэндийн ай-3 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг ломбарданд барьцаанд тавьж завшин 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь өөрийнх нь өмч биш өөрт нь хариуцуулж өгсөн компаний өмч хөрөнгө гэдгийг мэдэж байсан, улмаар түүнийг захиран зарцуулах эрхгүй атлаа барьцаанд тавьж мөнгийг нь хэрэглэсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч .... ХХК-д 450.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд тус хохирлыг шүүгдэгч Я.Б- нь төлсөн нь шүүхэд шинээр гаргаж өгсөн мөнгө төлсөн банкны баримт, хохирогчийн төлөөлөгч Ү.О-гийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирол төлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч ажлын 4 хоногийн завсарлага авсан болохыг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Я.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Я.Б-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Я.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Я.Б-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Я.Б-ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Я.Б-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР