Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 915

 

 

 

 

 

 

   2019          11         06                                      2019/ШЦТ/915

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч: О.М-, түүний өмгөөлөгч Н.Д-нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905037471069 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.М-, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Сүлд кузов засварын газарт засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн  хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч О.М-  нь 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангал” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Н.М-ын гарыг мушгих, мөргөх зэргээр зодож биед нь баруун шуу богтос ясны гадна хэсгийн далд хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ажлаа тараад А- гэх танил ахтайгаа хамт ...дөрвүүлээ архи хувааж уучихаад гэр лүүгээ харих гээд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангал дэлгүүрийн харалдаа 00 цагийн орчим явж байсан чинь манай ар талын хашаанд амьдардаг М- машинтайгаа явж байгаад тааралдаад зогсоод бид хоёр уулзаад би машинд нь суусан. Тэр үед А- цаашаа гэр лүүгээ явлаа гээд салаад явсан. ...М- жолоогоо барьж байсан ба бас нэг танихгүй залуу Мөнхтулгын хажууд урд талын сандал дээр сууж байсан. Тэгээд М-тай юм ярьж байсан чинь хажууд нь сууж байсан залуу “яасан том дуутай юм бэ” гэхээр нь би “угаасаа ийм дуутай” гэхэд “буугаад ир үзье” гэхээр нь би машинаас буусан. ...нөгөө залуу над дээр ирснээ миний хоёр гарын шуунаас бариад мушгиад өөрлүүгээ татаад нүүр лүү 3 удаа мөргөсөн. Тэр үед М- салгасан. Тэгээд би шууд гэр лүүгээ зугтаагаад гэртээ орж ирээд цагдаад дуудлага өгч өргөдлөө гаргасан. Тэр үед миний баруун гар өргөж болохгүй хөндүүрлээд өвдөөд байхаар нь тэр өдөртөө гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь миний баруун гарын шуу зөрүүгүй хугарсан байсан ...Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч Л.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...найз М-тай уулзаад байж байсан чинь манай хамар хашааны залуу М- дайралдсан ба мэнд мэдээд миний машинд суугаад юм яриад сууж байсан чинь М-, М- хоёр гэнэт маргалдаад гаръя гээд машинаас буугаад барьцалдаж аваад маргалдаж байгаад М-, М-ыг хоёр удаа нүүр лүү нь мөргөхөөр нь би салгаад М-ыг аваад цааш явсан. М- Хангал дэлгүүрийн үүдэнд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

Шинжээчийн 11271 тоот дүгнэлтэд: “...Н.М-ын биед баруун шуу богтос ясны гадна хэсгийн далд хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удА-н үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 25/,          

Яллагдагчаар О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...танил М-, Э- хоёрын хамт нэг шил архи хувааж уучихаад ...М-ар машиныг нь бариулаад доод уулзвар дээр хүргэж өгөх гээд замаар уруудаж байсан чинь М- таньдаг хүн явж байна гээд хоёр танихгүй хүнтэй дайралдаад машиндаа суулгаад Э-ыг буулгачихаад буцаад дээшээ өгсөөд Хангал дэлгүүрийн орчим ирсэн чинь нэг залуу нь том том дуугараад ...та нар шиг нөхдүүдийг Эрдэнэцагаан цэргийн ангид байхдаа цохьдог байлаа гээд яриад байсан. Тэр үед М- машинаас буу гэсэн чинь нөгөө хүмүүс нь буухгүй байсан. Тэгээд машинаас бүгдээрээ буугаад нөгөө том яриад байсан өндөр залуу онгироод байхаар нь би цаашаагаа яв гээд түлхсэн чинь цаашаагаа яваад өгсөн. Тэр үед хохирогч М- өөдөөс маргалдаад байхаар нь гарнаас зуураад өөдөөс нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд би чи яв гээд цээж рүү нь түлхсэн чинь цаашаагаа яваад Хангал дэлгүүрийн шатан дээр очоод суусан. Тэгэхээр нь би хойшоогоо алхаад гэрлүүгээ явсан. ...Гэмтлийг тухайн үед би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчтой ноцолдож зууралдаад мөргөх үедээ учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 69-70/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-43, 79/, хохирогчийн цалингийн тодорхойлолт /хх-н 81/,  хохирлын баримтууд /хх-н 82-83/, хохирол төлсөн баримтууд /хх-н 84, 86/ зэрэг болно.                                  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

             Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.М-  нь 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангал” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Н.М-той маргалдан гарыг нь мушгих, мөргөх зэргээр зодож биед нь баруун шуу богтос ясны гадна хэсгийн далд хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.М-ын: “...Тэгээд М-тай юм ярьж байсан чинь хажууд нь сууж байсан залуу “яасан том дуутай юм бэ” гэхээр нь би “угаасаа ийм дуутай” гэхэд “буугаад ир үзье” гэхээр нь би машинаас буусан. ...нөгөө залуу над дээр ирснээ миний хоёр гарын шуунаас бариад мушгиад өөрлүүгээ татаад нүүр лүү 3 удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Л.М-ын: “...М-, М- хоёр гэнэт маргалдаад гаръя гээд машинаас буугаад барьцалдаж аваад маргалдаж байгаад М-, М-ыг хоёр удаа нүүр лүү нь мөргөхөөр нь би салгаад М-ыг аваад цааш явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, шинжээчийн 11271 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.М- нь хохирогч Н.М-той маргалдан түүний гарын шууг мушгиж, нүүр лүү нь мөргөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.М-ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

   Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгө шилүүлсэн банкны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдолтой, ажилгүй байсан үеийн цалин нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд цаашид эмчилгээ хийлгэх эсэх, хэдэн төгрөгийн зардал гарах эсэх нь тодорхойгүй, мөн цалинтай холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналаас доогуур хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Н.М- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР