Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

   2019          12         03                                        2019/ШЦТ/986

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Ж.Б-,

Шүүгдэгч: А.Э-, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Э-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905039121146 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Э-, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Их” дэлгүүрийн орчим иргэн Ж.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Э-ын шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байж байхад А.Э- намайг уулзъя гээд байсан. Би гараад А.Э-той уулзсан. Тэгээд явах гэтэл миний цүнхийг авчихаад явуулахгүй байсан. Тэгээд маргалдаад миний хамар луу цохисон. Надад учирсан хохирлыг төлүүлэх хүсэлттэй, гомдолтой байна” гэв.

Хохирогч Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ахмадын баяр гээд хорооллын эцэст амьдардаг буурал өвөө Бижаагийн гэрт байхад нутгийн танил залуу А.Э- миний гар утас руу залгаад уулзъя гээд байхаар нь уулзахаар болсон. Тэгээд би буурал өвөөгийн гэрээс гараад А.Э-той хорооллын эцэст 17:00 цагийн үед уулзсан. Тэгээд бид хоёр уулзаад байж байтал А.Э- надтай хамт ажилладаг Г- гэх охиныг таньдаг болохоор бас уулзмаар байна гээд дуудсан. Г- гээд охиныг ирэх хооронд А.Э- бид хоёр хорооллын Прадоксын автобусны буудлын урд байдаг Ска нэртэй пабад орсон. ...ороод удаагүй Г- ирсэн. Бид гурав Ска пабад юм яриад сууж байхад А.Э- 3 ширхэг Тайгер нэртэй пиво захиалсан. Тэр үед би А.Э-ын захиалсан пивыг ажилтай болохоор уугаагүй. Тэгээд бид гурав жоохон юм яриад сууж байтал Г- бид хоёр ажилтай байсан болохоор А.Э-од хэлээд пабаас гарахаар болсон. Г- түрүүлээд пабаас гараад би ариун цэврийн өрөө орчихоод араас нь гарах гэтэл А.Э- паабын текэн дээр тооцоо хийгээд зогсож байхдаа ...миний цүнхийг аваад ирээч ...гэхээр нь би А.Э-ын цүнхийг аваад А.Э-од өгөөд гарах гэтэл А.Э- тооцоо хийж дуусаад хамт гаръя гэхээр нь би хамт гарахаар болсон. Бид хоёр пабаас гараад би түрүүлээд явсан чинь А.Э- миний араас ирээд гар цүнх булаагаад авчихсан. Тэр үед би яагаад байгаа талаар асуутал А.Э- надад ...хамт нэг газар сууя, кино үзье... гээд миний гар цүнхийг аваад хорооллын Номин Их дэлгүүр чиглээд алхаад явсан. Тэр үед би араас нь очоод гар цүнхээ авъя гэтэл А.Э- миний гар цүнхийг аваад такси бариад суухаар нь би өөрийнхөө гар цүнхийг авах санаатай араас нь хамт суусан. А.Э- бид хоёрын суусан такси хөдлөөд Номин их дэлгүүр орчим явж байхад нь би зогсоогоод буусан чинь А.Э- миний гар цүнхийг өгөхгүй араас дагаад буугаад ирсэн. Тэр үед би А.Э-оос гар цүнхээ авах гэсэн боловч миний гар цүнхийг А.Э- өгөхгүй, хоёулаа хорооллын эцэс ороод ирье, тэнд манай нэг найз буудалд байгаа, хоёулаа тэндээс нэг юм аваад ирье гэхээр нь би хамт явахгүй, ажилтай байгаа талаараа хэлсэн чинь А.Э- миний гар цүнхтэй хамт гарыг минь мушгиад байсан. Тэр үед би А.Э-той нилээн удаан маргалдаад байж байхад А.Э- гар цүнхийг минь өгөхгүй ...гар мушгиад байхаар нь нэг удаа алгадсан. Тэр үед А.Э- намайг зөрүүлээд аль гараараа гэдгийг нь мэдэхгүй байна 10 гаран удаа цохисон. Тэгээд миний үснээс зулгаагаад байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалах гэж нилээн түлхэж байгаад А.Э-оос салсан даруй өөрийнхөө нүүрийг дараад суусан чинь А.Э- надаас зугтаад бичил хорооллын зүг гүйсэн. Тэр үед би араас нь дагаад явсан чинь А.Э- зугтаасаар байгаад Бичил хорооллын урд байдаг нэг байрнууд дундах хашаа руу ороод зогсчихсон байсан. Тэр үед би А.Э-ыг хаана байгааг олоод цагдаад дуудлага өгч бариулсан. Намайг цагдаа дуудах үед А.Э- намайг “тэнэг гичий минь зайл, эргүү гичий” гэх зэргээр хараагаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,

Шинжээчийн 11995 тоот дүгнэлтэд: “...Ж.Б-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Яллагдагчаар А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би хохирогчид учирсан гэмтлийн улмаас гарсан зардлыг баримтаар үндэслэн гаргаж өгсөн байгаа. Харин хохирогч надаас ямар нэгэн баримтгүй 5.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа бөгөөд би тэр нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин хохирогч миний үйлдлийн улмаас учирсан гэмтэлдээ гарсан зардлын талаарх баримтаа гарган өгсөн тохиолдолд төлөхөд бэлэн байна. Миний бие өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогч Ж.Б-аас уучлалт гуйсан байгаа бөгөөд дахин уучлалт гуйх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 27, 30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31, 33-44, 54-55, 60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Их” дэлгүүрийн орчим иргэн Ж.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б-ын: “...А.Э-той нилээн удаан маргалдаад байж байхад А.Э- гар цүнхийг минь өгөхгүй ...гар мушгиад байхаар нь нэг удаа алгадсан. Тэр үед А.Э- намайг зөрүүлээд аль гараараа гэдгийг нь мэдэхгүй байна 10 гаран удаа цохисон. Тэгээд миний үснээс зулгаагаад байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалах гэж нилээн түлхэж байгаад А.Э-оос салсан даруй өөрийнхөө нүүрийг дараад суусан чинь А.Э- надаас зугтаад бичил хорооллын зүг гүйсэн. ...Намайг цагдаа дуудах үед А.Э- намайг “тэнэг гичий минь зайл, эргүү гичий” гэх зэргээр хараагаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/, шинжээчийн 11995 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э- нь согтуурсан үедээ хохирогчийг явуулахгүй гэж гар цүнхийг нь авсан. Гар цүнхээ авах гэсэн хохирогчтой маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр, эмчилгээ хийлгэхэд эгчийнхээ автомашинд бензин хийсэн нийт 442.375 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Б-т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчийн компьютер томографикт харуулсан 120.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч нь шүүгдэгчээс цалин 1.600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд “Aura salon”-д 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс гэмтлийн улмаас ажлаагүй гэсэн тодорхойлолт шүүхэд ирүүлсэн боловч цалингийн тодорхойлолт, өвчтэй байсан хугацааг нотолсон эмнэлгийн магадалгаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй бөгөөд хохирогч нь өвчтэй байсан хугацааны цалингаа нийгмийн даатгалын сангаас авах, тухайн олгосон цалин, авах ёстой байсан цалин хоёрын зөрүүгээр хохирлыг тооцож нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно.   

Иймд тухайн цалинтай холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э-од ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-оос 442.375 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бадамжгаравт олгосугай.
  6. Хохирогч Ж.Б- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-од хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР