Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00411

 

Г.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01912 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2017/02348 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлтэй

Гэм хорын хохиролд 43 689 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.У-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.У- би 2013 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд нийт 107 хоног цагдан хоригдсон. Тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т ...нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч Г.У- надад холбогдох заалт хэвээр үлдсэн.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 173 тоот тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Г.У-т холбогдох хэргийг цагаатгасан. Уг тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Тухайн үед би Доктор авто засварын газарт механикч хийдэг, сарын 850 000 төгрөгийн цалин авдаг байсан. Цагдаагаас дуудсан цагт ирж байхыг даалгасан тул би ажил хийж чадахгүй үргэлж сэтгэлийн дарамттай байж, хэзээ дуудах бол хэмээн айдаг байсан бөгөөд ажлын газрын хүмүүст эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэгдэхгүйн тулд ажлаасаа чөлөө авсан. Би одоо ажиллаж байх үеийн сарын цалингаа нэхэмжилнэ. Энэ талаар байгууллагаас баримт гаргуулж авах боломжгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож гаргуулах хүсэлтэй байна.

Иймд намайг хууль бусаар цагдан хоригдсон 107 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож 20 544 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, хэрэгт мөрдөн шалгагдаж эхэлсэн цагаас буюу 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг амжиргааны доод түвшингийн хэмжээгээр бодож, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацааг 149 900 төгрөгөөр тооцож 899 400 төгрөг, 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарыг хүртэл 169 000 төгрөгөөр тооцож 1 690 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сараас 05 дугаар сарыг дуустал 185 400 төгрөгөөр тооцож 556 200 төгрөг буюу 3 145 600 төгрөг, нийт 43 689 600 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор А.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Г.У- нь бүлэглэж 2013 оны  06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн  Ө.Төрбатын биед халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг дээрэмдсэн хэрэгт холбогдож шалгагдсан. Энэ хэрэгт иргэн Ө.Төрбатын гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шалгалтын явцад Г.У-ыг холбогдуулан шалгах үндэслэл байсан гэх үндэслэлээр төрийн байгууллагад гомдол гаргасан. Энэ гомдлыг төрийн байгууллага хүлээж аваад шалгах ёстой. Гомдолд болоод хохирогчийн мэдүүлэгт 3-4 хүн нийлээд тал талаас зодсон. Хэн нь зодож байгааг мэдээгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг болох үед шүүгдэгч н.Лхагвасүрэн, н.Золбаяр, н.Мөнхбаясгалан, н.Ариунбаяр, н.Уранбаяр нар  байсан нь тогтоогдсон учраас хохирогчийн мэдүүлгийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.

Шүүхээс Г.У-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон. Цагдан хоригдсон шалтгааны тухайд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул энэ өдрөөс хойш таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон. Нэхэмжлэлийн шаардлага 43 000 000 төгрөгийг нотолж ирүүлсэн нотлох баримт байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01912 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын нөөц сангаас 20 544 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 145 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2017/02348 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01912 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “Баянгол дүүргийн прокурор” гэснийг “Хан-Уул дүүргийн прокурор” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “498 дугаар зүйлийн 498.4,” гэсний дараа “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7” гэж, “20 544 000” гэснийг “955 510” гэж, “23 145 600” гэснийг “42 734 090” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч” гэснийг “нэхэмжлэл” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие дээрхи шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хуулийн 497, 498, 511 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүх миний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх үндэстэй, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн ингэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуульд заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Г.У- нь сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг шаардсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна...” гэж үзээд төрөөс сэтгэл санааны хохирол төлүүлэх, мөн нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага болох 20 000 000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисон. Гэтэл Иргэний хуулийн 497.2.-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан нь төр буюу түүнийг төлөөлөн төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа Прокурор үүнийг нотлох ёстой гэдгийг харуулж байна. Гэтэл гэм хорын хохирол шаардаж байгаа надад нотлох үүргийг хүлээлгэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...20 544 000 төгрөгийг хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс гэж, 20 000 000 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж, 3 145 600 төгрөгийг олох ёстой орлого гэж тус тус тодорхойлжээ...” хэмээн бичсэн нь миний нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна. Миний зүгээс хууль бусаар, үндэслэлгүйгээр цагдан хоригдож Үндсэн хууль болон бусад хуульд заагдсан эрх маань зөрчигдсөн тул төрөөс түүний хохирлыг 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг жишиг болгон цагдан хоригдсон 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн тооцоолсон байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг багасгасанд гомдолтой байна.

...Дээр дурдсанчлан би хийгээгүй хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, цагдан хоригдож, улмаар сэтгэл санаагаар маш их хохирол авч, ажил хөдөлмөргүй, цалингүй хохирсон ба нэр төр минь олон нийтийн дунд унаж, сэтгэл санаа бүхий л байдлаар хохироод байна. Нэр төр, алдар хүнд минь гутаагдаж сэтгэл санааны хохирлыг тооцох норм, стандарт, тарифыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгийг 104 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож болно гэж үзэж байгаа учраас сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2.27 дахь заалт “Хүн бүр эдийн болон сэтгэл зүйн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ...эрхтэй”, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4.1-д “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэж заасны дагуу сэтгэл санаа, нэр төр, ажил хэргийн нэр хүндээр хохирсон тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасныг шүүх харгалзан үзэх ёстой байсан. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 45 дугаар тогтоолын 16 дахь хэсэгт “Мөн зүйлийн 391.2- т зааснаар “эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно” гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын агуулга, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ, хэрэгт шалгагдах болон ял эдлэх хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлнэ” гэж Улсын дээд шүүх тайлбарласан байхад 2 шатны шүүх миний сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хохирсон байдлыг үл харгалзан 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангахаас татгалзаж байгаад нь гомдолтой байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

...Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тусгайлсан хууль гараагүй байх тул би эдийн бус хохирлыг нэхэмжлэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 59.3-т заасан зохицуулалтаас дордсон байх тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх Эрүүгийн хуулийг буцаан журмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 59.3. “...Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж заасныг жишиг болгон хууль бусаар цагдан хоригдсон нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн тооцоолсон бөгөөд анхан шатны шүүх мөн адил ингэж тооцоолсон байхад давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан миний эрх зүйн байдлыг илт дордуулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, эрх зүйн буруу жишиг тогтоож байгаа анхаарч шударга ёсны зарчимд нийцүүлж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг Г.У-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гэм хорын хэмжээг тогтоосон тооцоог зассан нь зөв боловч хууль хэрэглээний алдааг залруулаагүй нь учир дутагдалтай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар хууль хэрэглээний зөрчлийг засах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Г.У- хууль бусаар цагдан хоригдсон 107 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож, 20 544 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, хэрэгт мөрдөн шалгагдаж эхэлсэн цагаас буюу 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг амжиргааны доод түвшингийн хэмжээгээр бодож, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацааг 149 900 төгрөгөөр тооцож, 899 400 төгрөг, 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарыг хүртэл 169 000 төгрөгөөр тооцож, 1 690 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сараас 05 дугаар сарыг дуустал 185 400 төгрөгөөр тооцож, 556 200 төгрөг буюу 3 145 600 төгрөг, нийт 43 689 600 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.У- дээрмийн хэрэгт сэжиглэгдэн эрүүгийн журмаар шалгагдсан байх ба шүүх холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх зүйн презумпци нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим юм. Ийнхүү төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна. 

Энэ утгаар шүүх дээрх ажиллагаанаас учирсан гэм хорын асуудлыг эрх зүйн маргааны журмаар буюу нэхэмжлэлээр бус харин хүсэлтээр буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт юм. Нөгөө талаар, уг гэм хор эрх бүхий этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас учирсан байдаг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэлээр энэ хэрэгт хариуцагчаар уг үйл ажиллагааг явуулсан этгээд оролцох үндэслэлгүй болно. Харин хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй ба шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх 2002 оны хуулийн 397 дугаар зүйлийн 397.1.-д “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуульд ийм зохицуулалт байхгүй байгаа нь тухайн асуудлыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Шүүх нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч оролцуулаагүй,  хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134, 135 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг удирдлага болгоогүй нь алдаатай болжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болдгоос гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог байна. Дээрх зохицуулалтын дагуу прокурор нь тухайн төрлийн хэрэгт гуравдагч этгээдээр, эсхүл төрийг төлөөлж, эсхүл аль алинаар нь оролцох боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.У- өөрт учирсан гэм хорыг 43 689 600 төгрөг гэж тодорхойлохдоо цагдан хоригдсон 107 хоногт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 000 төгрөгөөр тооцон 20 544 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, олох байсан орлого 3 145 600 төгрөг гэж хуваажээ.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д заасан байна.  Мөн хуулийн 45.4.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлана. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй ба хоёр шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин нэхэмжлэгч цагдан хоригдсон 107 хоногт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 000 төгрөгөөр тооцож, гэм хорыг 20 544 000 гэж нэхэмжлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг жишиг болгосон гэж гомдолдоо заажээ.

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т “цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж заасан байна.

Торгох ялаар шийтгүүлж буй этгээдийн төлбөл зохих төлбөрөөс цагдан хоригдсон хоногийг хасахын тулд хэрэглэдэг дээрх зарчмыг цагдан хоригдсон хугацаанд цалин хөлс аваагүй хохирлын хэмжээг тодорхойлоход баримтлах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Г.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “тухайн үед би “Доктор” авто засварын газарт механикч хийдэг, сарын 850 000 төгрөгийн цалин авдаг байсан....Би одоо ажиллаж байх үеийн сарын цалингаа нэхэмжилмээр байгаа ч энэ талаар байгууллагаас баримт гаргуулж авах боломжгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож гаргуулах хүсэлтэй байна” гэсэн байна. Энэ тайлбараас үзвэл, 20 544 000 төгрөгийн шаардлагыг хоригдож  байх хугацаанд авч чадаагүй цалин хөлс гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй ба “нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарласан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлд “амьжиргааны баталгаажих доод түвшингээр” гэж заасан атлаа шаардлагаа “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр” тооцож 20 544 000 төгрөг гэж тодорхойлсон байх тул шүүх шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад зааснаар хөдөлмөрийн хөлсний сард тооцогдох доод хэмжээг нэхэмжлэгчийн цагдан хоригдсон 107 хоногт үржүүлэн 20 544 000 төгрөгийн шаардлагыг хангасан нь алдаатай болсон ба давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн хөлсний нэг өдөрт тооцогдох доод хэмжээгээр тооцоо гаргасан нь үндэслэлтэй болжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоодог.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2013 оны 04 дүгээр  сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 192 000 төгрөг буюу нэг цагт 1 142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоосон байх ба нэхэмжлэгчийн цагдан хоригдож байх хугацаанд цалин, хөлсний энэхүү доод хязгаарыг даган мөрдөж байсан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа тооцооны алдаа болон прокурорын байгууллагын нэрийг ташаа бичсэнийг залруулсан нь зөв боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан зохицуулалтыг баримталсан алдааг засаагүйгээс гадна Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д заасныг нэмсэн нь тус тус хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зөрчил болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх зохицуулалтыг хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасан “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэх зохицуулалттай давхар баримтлах боломжгүй юм.

Гэм хор учирсан явдалд гэм буруутай этгээд буюу гэм хор учруулагчийн хариуцлагыг тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээ нь гэм хор учрахад гэм буруугүй боловч гэм хорыг арилгах этгээдийн хуулиар тогтоосон үүргийн эрх зүйн үндэслэл болохгүй бөгөөд шүүх “гэм буруугүйгээр гэм хор арилгах” иргэний эрх зүйн ойлголтыг анхааралгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй, цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлдэг боловч Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль тухайн хэрэгт хамааралгүй тул энэ хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрт баримтлах шаардлагагүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2017/02348 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01912 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдааны оролцогчид “Баянгол дүүргийн прокурор” гэснийг “Хан-Уул дүүргийн прокурор” гэж, тогтоох хэсгийн хууль удирдлага болгосон хэсэгт “118 дугаар зүйлүүдийг” гэснийг “118, 134 дүгээр зүйлийн 134.1.-д заасныг” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У-т 955 510 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс 42 734 090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч” гэснийг “нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэл” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                           Ц.АМАРСАЙХАН