Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 617

 

Э.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 562 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тус дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 тоот дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн Э.Наранбаатарт холбогдох 201526011150 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Шархай овгийн Элдэвхүүгийн Наранбаатар, 1982 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 89 дүгээр байрны 35 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЛЖ82090710/,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 553 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Э.Наранбаатар нь Ө.Алтанчимэг, П.Содгэрэл нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 46-06 тоотод хохирогч А.Рагчаасүрэнгийн эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан, 2 ширхэг монетон гинж, гар утас зэргийг дээрэмдэж бусдад 1.235.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Наранбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр Э.Наранбаатарт холбогдох 201526011150 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Үүнд: Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

Прокурорын газраас яллагдагч Э.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

Яллагдагч Э.Наранбаатарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Э.Наранбаатарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн Э.Наранбаатарт холбогдох эрүүгийн 201526011150 дугаартай хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байхад захирамжлах хэсгийн 2 дахь заалтад “хэрэг прокурорт очтол яллагдагч Э.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж заасан нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 562 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл болон яллагдагчийн нэр зөрүүтэй. Мөн хэргийг шүүхэд шилжүүлсэн огноо зөрүүтэй байсан. Э.Наранбаатар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэж буруу бичсэнийг зөвтгөж өгнө үү. Залруулга хийсэн захирамж  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, яллах дүгнэлтийг прокуророор гардуулуулах зорилгоор хэргийг прокурорт буцаах тухай 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 562 дугаар шүүгчийн захирамжийг гаргажээ.

Гэтэл уг захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг “Э.Мэндсайхан”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1” гэх зэргээр өөр хэргийн холбогдогчийг хэргээс хуулбарлан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн энэхүү алдаа зөрчил нь техникийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, Э.Наранбаатарт холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасан атлаа уг хэрэгт прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа залруулга хийж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 611 дугаартай захирамж гаргасан нь эрх зүйн зөрчилтэй эрхийн актыг техникийн шинжтэй алдаанд хамруулж залруулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 тоот дээд шатны прокурорын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцлээс бусад заалтыг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 611 дугаартай захирамжийг хүчингүй болгон, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 562 дугаартай захирамжид зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 562 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 27-ны...” гэж,

“...181.2.1 дэх заалтад...” гэснийг “...147.2 дахь хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Э.Наранбаатарыг...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 611 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Э.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ