Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Д................ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох;

“Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн өөрт хамаарах буюу 3 айлын орон сууцны 03 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.Н.........-ийн нэр дээр өмчлөх эрх үүсгэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч..............., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б.............., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г..............., гэрч  Ц.Х................. нарыг оролцуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.З............. шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Д............... нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 3 тоотод гурван айлын орон сууцны баруун үзүүрт оршин суудаг юм. Би энэ орон сууцандаа 1979 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч ирсэн бөгөөд 1992 оны өмч хувьчлалаар ягаан тасалбараа Трестэд өгч байраа өөрийн болгож авсан юм. Үүнээс хойш өөрийн байрандаа оршин сууж амьдарч ирсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан. Гэтэл манай 3 айлын орон сууцны 1 тоотод оршин суух Б........-н Н...........-ийн нэр дээр 000199891 дугаар гэрчилгээ, Ү-1701000147 дугаар улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийг 3 айлын орон сууцны зориулалттай байшинг нийтэд нь хамруулан бүртгэгдсэнийг Б.Н............-ийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэл бусад баримтаас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олж мэдсэн юм.

... Б.Н.......... нь ямар бичиг баримт бүрдүүлж, улмаар Ц.Д................. /улсын бүртгэгч/ хуульд заасан ямар шаардлагад нийцүүлэн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэснийг ойлгохгүй байгаа бөгөөд тухайн бүртгэлийн өөрт хамаарах буюу тус 3 айлын орон сууцны 3 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Д.Н.........-ийн нэр дээр өмчлөх эрх үүсгэн бүртгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 000199891 гэрчилгээний дугаартай Ү-1701000147 улсын бүртгэлийн дугаартай Б.Н........-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлээс Б.Д.............-д хамаарах тус орон сууцны 3 тоотод байрлах орон сууцыг оролцуулан бүртгэснийг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч.................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1-1-3 тоотод байдаг 3 айлын орон сууцын эрх нь Б.Н............. гэдэг хүн дээр бүртгэгдсэн байгаа юм. Манай ээж энэ 3 айлын орон сууцны нэг орон сууцанд нь 1979 оноос хойш амьдран сууж байгаад 1992 онд өмч хувьчлал явагдахад өөрийн үр хүүхдүүдийн хувьцаагаар уг орон сууцыг өөрийн болгож авсан. Одоо энэ 3 айлын орон сууцыг бүхэлд нь Б.Н................ гэдэг хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан учраас үүнтэй холбогдуулж маргаан үүсгэж нэхэмжлэл гаргасан байгаа. Бид одоог хүртэл энэ орон сууцандаа амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Д............-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэгдсэн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр баг, /хуучнаар худалдаа бэлтгэлийн Трестийн байр/ хаягт байрлалтай 108 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Н........... бүртгэлтэй байгаа бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг анх 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Н..............., Б.Н............... нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2, 4.3-т заасан материалыг бүрдүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. Мөн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Б.Н................-ийн өмчлөлд шилжсэн бүртгэлтэй байна. Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу бүртгэгдсэн байна” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч................... шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага болсон дээрх үл хөдлөх хөрөнгийг анх  бүртүүлэхээр манай байгууллага дээр 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нямаа, Наранцэцэг нар нь мэдүүлэг гаргасан байгаа. Энэ мэдүүлэгт эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл,  Улсын бүргэл хөтлөх журмын 4.2, 4.3-т заасан материалуудыг бүрдүүлж ирснээр уг материалуудыг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ олгосон байдаг.  Мөн 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр үл хөдлөх хөрөнгө нь Б.Н............-ийн өмчлөлд шилжсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байгаа газрын кадастрын зургийн хувьд хувийн кадастрын компаниар газрын кадастрын зургийг гаргуулсан. Үүнийг үндэслээд кадастрын нэгдсэн бүртгэлд ороогүй байгаа юм. Үүн дээр хувийн кадастарчний хийсэн хэмжээ, огтолцлолоор нэгдсэн бүртгэлд бүртгэгддэг. Энэ дээр Даваахүү, Нямаа гэж бичигдсэн боловч бичвэртэй квадрат талбай нь бүхэлдээ 810 м2 талбай эсэх нь тодорхойгүй байгаа. Хатгал тосгоны Захирагчийн албаны дарга Мягмарсүрэн гэх хүний тодорхойлолт, газрын гэрчилгээ зэргийг үндэслээд Б.Нямаа гэх хүний нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэл байгаа учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа юм” гэв.

Гуравдагч этгээд ................... шүүхэд гаргасан тайлбартаа: “... 1982 онд Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа төлөөлөгчийн газрын ажилтнуудын байр гэх, одоогийн амьдарч байгаа 3 айлын сууцанд орсон. 1992 онд өмч хувьчлал явагдаж Худалдаа бэлтгэлийн трест түүхий эд, худалдаа, нийтийн хоол, гэж 3 хуваагдаж Тулга, Түшиг, Илч хоршоо болж хуваагдахад миний амьдарч байгаа 3 айлын сууц Илч хоршоо буюу нийтийн хоолны харьяаны мэдэлд шилжсэн. Би тогооч байсан тул Илч хоршооны гишүүн болсон. Энэ үед 3 айлын байранд жолооч Даваадалай, Б.Даваахүү нар манайхтай хамт байсан. 1994 онд хоршоо тарж хөрөнгөө хуваахад манайх 3 айлын сууцыг 9 хүний 27 ширхэг ягаан тасалбараар худалдан авч өөрийн болгосон. Б.Даваахүү нь худалдааны хоршоо буюу Тулгад орсон тул манай байрнаас гарч Ц.Очирпүрэв даргатай Худалдаа бэлтгэлийн трестэд шинэ байранд орсон юм. Гэтэл 1994 оны намар Б.Даваахүү эргэн ирж  “намайг байрандаа оруулаач Ц.Очирпүрэвийнх юмыг минь гадаа гаргаж овоолоод намайг хөөчихлөө” гэсээр уйлан гуйхад нь өрөвдөөд байрандаа оруулсан. 2010 онд 3 айлын сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан ба 43 м2 газар эзэмших гэрчилгээ нь 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/34 тоот шийдвэрийг үндэслэж газараа өөрийн болгож 0003818 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэж олгосон. Манай Хатгал тосгоны архив бүрэн шатаж нотлох баримт ховорхон болсон, захиргаа 2-3 удаа гал гарч тэндээс бичиг баримт холбогдох материал үндсэндээ байхгүй болсон. Ингээд Б.Нямаа миний бие Ү-1701000147 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 3 айлын сууцны 1 айлын сууцыг ихэнх газрын минь хамтаар миний байранд анх гуйж орсон Б.Д............... хууль бусаар булаан авах гэж завдаж байгаад маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б......................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж болох Бадамын Нямаа нь тухайн үед Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор 1979 оноос эхлэн ажиллаж, хөдөлмөрлөж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ингээд 1994 оны өмч хувьчлал явагдаж нэгдэл тарах үед дээрх орон сууцыг 9 хүний  хувьцаа буюу ягаан тасалбараар өөрийн өмчлөлд эзэмших эрхийг тус нэгдлийн дарга Ганбат гэх хүний зөвшөөрлөөр өөрийн өмчлөлдөө авсан. Үүний дараа манай ээж уг газрыг барьцаалж банкнаас зээл авахын тулд газрын гэрчилгээ буюу улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэрчилгээ гаргуулах үйл ажиллагаа хийгдсэн юм. Энэ гэрчилгээ гаргуулах үйл ажиллагаа хийгдэх үед буюу 2010 онд анх улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж тодорхой хэмжээний шаардагдах материал буюу газрын кадастрын зураг, газрын гэрээ гэрчилгээ, Хатгал тосгоны захирагчийн Тамгын газрын дарга Мягмарсүрэн гэх хүнээс тодорхойлолт авснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг төрсөн дүү болох Наранцэцэгийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан. Ингээд миний ээж болон түүний төрсөн дүү болох Наранцэцэг үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшиж байгаад  2014 онд Наранцэцэг нь нас барсан учраас уг ондоо талийгаачийн нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасуулж, шинэчилсэн гэрчилгээ гаргуулж авсан. Иймд нэхэмжлэгч Б.Д.........................-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г..................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хууль тогтоомжид зааснаар тухайн үед Б.Н.................. нь хуульд заасан байгууллагад мэдүүлгээ зохих газарт нь гаргасан. Мэдүүлэгтээ холбогдох баримтуудаа хавсаргасан байдаг. Тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээг мэдүүлэгт хавсаргаж өгнө гэсний дагуу бүрдүүлж өгсөн. Мөн хуулийн шаардлага хангаж, мэдүүлгээ бичгээр гаргасан. Улмаар аймгийн Улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдүүлгээ гаргаж энэ мэдүүлгийг үндэслээд аймгийн Улсын бүртгэлийн холбогдох албан тушаалтнууд иргэн Б.Н..............-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаснаар Б.Н............... нь үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон юм. 13 дугаар зүйлд заасан шаардлагыг иргэн Б.Н............... хангаж, үүнийг Улсын бүртгэлийн хэлтэс бүрдэл хангагдсан байна гэж үзээд өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Иймд өнөөдрийн үйлчилж байгаа хуульд зааснаар уг орон сууц нь яах аргагүй Б.Н.........-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө гэж хэлмээр байна. Мөн тухайн үед газар ашиглах эрхийн акт Б.Н...............-ийн нэр дээр гарсан байгаа. Үүний дагуу Улсын бүртгэлийн алба үл хөдлөх хөрөнгийг мөн Б.Н...............-ийн нэр дээр бүртгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаадлагийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хариуцагч талын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Ингээд хавтаст хэрэгт цугларсан баримтыг үндэслээд нэхэмжлэлийн төлөөлөгчийн шаардлага, түүний өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбарыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Д............ нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн өөрт хамаарах буюу 3 айлын орон сууцны 03 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.Н..................-ийн нэр дээр өмчлөх эрх үүсгэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

             Б.Н................., Б.Н.................. нар 2010 оны 09 дүгээ сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  өргөдөл гаргаж, ... Худалдаа бэлтгэлийн Трестээс хувьчилж авсан 9х12 хэмжээтэй, 108 м.кв талбайтай, өвлийн сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулахаар хүсэлт гаргаж, мэдүүлэг бичиж холбогдох баримтуудыг хавсаргаж өгснөөр хариуцагч байгууллага тэдэнд  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр /хуучнаар Худалдаа бэлтгэлийн трестийн байр/ багийн нутаг дэвсгэрт орших, 3 айлын орон сууцны зориулалттай  108 кв.м талбайтай  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн  Ү-1701000147 дугаарт бүртгэж, 000098469 дугаар  бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг   2010 оны 9 сарын 18-ны өдөр  олгожээ.

            Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн Б.Н............... 2012 онд нас барсан  бөгөөд 2014 оны 06 сарын 05-ны өдрийн “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр Б.Нямаад уг орон сууцын зохих хэсгийг  өвлүүлэхээр нотариатчаас 11 дугаар гэрчилгээг олгосноор Б.Н............. нь дүү Б.Н.................-ийн өмчлөх эрхийг өвлөн авч, тэрээр 2014 оны 06 сарын 05-ны өдөр ... мэдүүлэг гаргаснаар Хатгал тосгоны 1 дүгээр /хуучнаар Худалдаа бэлтгэлийн трестийн байр/ багийн нутаг дэвсгэрт орших, 3 айлын орон сууцны зориулалттай  108 кв.м талбайтай  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн  Ү-1701000147 дугаарт бүртгэж, 000199891 дугаар  бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг   2014 оны 06 сарын 05-ны өдөр  олгожээ.

            Иймээс иргэн Б.Д.................. өмнө нь өөрийн амьдарч байгаа орон сууцаа өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар холбогдох байгууллагад мэдүүлэг гаргаж байсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэнийг тодруулах, хүсэлтийг үндэслэн тухайн үед хэрхэн шийдвэрлэсэн зэрэг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Д................-д ноогдох хэсгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олгох эсэхийг хуулийн дагуу түүний мэдүүлэг болон хавсаргаж өгөх баримтуудыг бүрдүүлсний дараа эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч байгууллага  өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэвэл зохино.

  Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэн эрх бүхий захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ. 

Өөрөөр хэлбэл Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д  зааснаар  “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллага нь мэдүүлгийг хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх  эрхтэй учраас хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд иргэн Б.Д...............-ээс ... мэдүүлэг авч, холбогдох баримтууд болон  уг орон сууцыг өмчлөх эрхтэйг  нотолсон нотлох баримтуудыг шаардаж бүртгэх, мөн Д.Н............. нь анх уг орон сууцыг хувьчилж авсан баримт бий эсэхийг шалгах зэрэг шаардлагатай  нөхцөл байдлыг цаашид тодруулж, улмаар  хууль, журмын  холбогдох заалтын дагуу дахин шинэ акт гаргах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг баримтлан эрх бүхий захиргааны байгууллага буюу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нөхцөл байдлыг нэмж тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон дээрхи хугацаанд эрх бүхий захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг   хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН