| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0049/Э |
| Дугаар | ХШТ/2026/35 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар ХШТ/2026/35
Х.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, иргэний нэхэмжлэгч Б.Г, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 84 дүгээр магадлалтай, Х.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, *** ХХК-д жолооч ажилтай, урьд 2019 оны 04 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, *** овогт Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-ыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дах заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-аас 217,800,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д, 5,913,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулах,
шүүгдэгч Х.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д 60,426,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 28,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй Б.Н, Б.Х, Б.О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж,
6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-аас 57,722,626 /тавин долоон сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 5,913,000 /таван сая есөн зуун арван гурван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.” гэж,
7 дахь заалтыг “Шүүгдэгч Х.Б-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 21,076,026 /хорин нэгэн сая далан зургаан мянга хорин зургаа/ төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 41,277,374 /дөчин нэгэн сая хоёр зуун далан долоон мянга гурван зуун далан дөрөв/ төгрөг, нийт 62,353,400 /жаран хоёр сая гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийн үнэ бүхий авто машин авч өгөн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 11,793,200 /арван нэгэн сая долоон зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.” гэж,
8 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй Б.Н, Б.Х, Б.О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Х.Б-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...Магадлалын тодорхойлох хэсгийн 9 дэх заалтад “...анхан шатны шүүх хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулахдаа дээрх шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгон үнэлж, амь хохирогчийн тоогоор бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байхаас гадна шүүгдэгч Х.Б-ын амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд төлсөн төлбөр, хэрэгт хамааралгүй орон сууц хөлсөлсөн зардал болон оршуулгын зардлаас илүү төлсөн төлбөрийг хасаж тооцоогүй нь буруу болжээ.”, ”...Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаас гадна таамаглалд бус гагцхүү тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан аргаар цуглуулсан баримт сэлт, нотолгоонд үндэслэсэн байх ёстой”, “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хөгшин, залуу, хүүхэд хэн ч бай хууль, шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд хүнийг ямарваа нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Б-аас хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А-д төлсөн 41,277,374 төгрөгийг хасаж 57,722,626 төгрөгийг гаргуулахаар байхад 217,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзлээ” гэж тус тус дүгнэсэн.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497.1, 511.5 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэхдээ хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасныг баримтлан нийтэд илэрхий судалгааны баримтыг ашиглаж ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрүүтэй шийдвэр гаргасан байна.
Хохирогч талын зүгээс орон сууц хөлсөлсөн төлбөрийн гэрээ нь бурхан болсон хөөрхий хоёр үрийн минь буяны зардалд багтсан төлбөр гэж үзэж байна. Учир нь бурхан болооч нарын уламжлалт болон шашны зан үйл хийхдээ түрээсэлж амьдарсан болно. Тухайн аймшигт хар дарсан зүүд шиг осол болж хоёр үрийн минь алтан амийг авч одоогүй, хэзээ ч нөхөж үл баршгүй сэтгэл санааны хохирол учруулаагүй байсан бол орон сууц хөлслөх шаардлага гарахгүй байсан. Миний охин болох Г.Т нь хоёр хүүхдийн хамт тусдаа амьдардаг байсан болно. Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн эзэмшлийн приус 41 маркийн автомашинд ослын улмаас 11,793,200 төгрөгийн хохирол учирчээ. Б.Г нь уг эвдэрсэн приус 41 маркийн автомашиныг Х.Б-д шилжүүлэн өгч, шүүгдэгч Х.Б нь 28,000,000 төгрөгийг Б.Г-ийн дансанд шилжүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хохирогч нас барсан бол эцэг, эх, эхнэр, нөхрийг хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөгч, прокурор тогтоохоор заасан. Амь хохирогч 25 настай Г.Т нь Д.А-ийн төрсөн охин, харин 5 настай О.О нь Г.Т-ийн хүү байхад хууль ёсны төлөөлөгчөөр эмээ болох Д.А-г тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бий болгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж зааснаар Г.Т-ийн хууль ёсны эрх ашиг, О.О-ийн хууль ёсны ашиг сонирхол тус бүр байх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх нэг гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг ноцтой зөрчиж байна. Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ДШМ/84 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх хэлсэн саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйгээс Г.Т, О.О нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэгчээс осол болох үед эвдэрсэн машиныг өгөөд зөрүүнд нь авсан мөнгийг ихэсгэсэн хэмжээгээр дүгнэсэн нь шийдвэр ойлгомжтой байх шаардлагыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Учир нь, хохирлын хэмжээг амь хохирогч нарын тоогоор тогтоож шийдвэрлэсэн. Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 84 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Г хэлсэн саналдаа “Иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор С.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, нэг гэр бүлийн дөрвөн хүн зорчиж явсан тээврийн хэрэгслийг мөргөж, осол гаргасны улмаас хоёр хүний амь нас хохирсон хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүхээс нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй, зөв сэргээн тогтоосон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлбөрийг зөрүүтэй шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэлийг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хүн амын дундаж наслалтаас амь хохирогчийн насыг хасаж, зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнтэй үржүүлэн тооцох аргачлалаар нөхөн төлбөрийг тооцож олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ тооцооллын алдаа гаргасан. Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний жишгээр сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоож шийдвэрлэхдээ хоёр хүний амь нас хохирсон байхад нэг хүний амь нас хохирсон мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тодорхойлсон “хохирогч нас барсан бол” гэсэн нөхцөл нь амь хохирсон хүн бүрт хамаарна гэж ойлгож байна. Иймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу амь хохирсон хүн тус бүр дээр сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, 198,000,000 төгрөгөөр тогтоон шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замаар иргэн Д.Б-ын эзэмшлийн *** улсын дугаартай Хино ренжер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж иргэн Д.А-ийн жолоодож явсан *** улсын дугаартай Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай Г.Т, 5 настай О.О нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зам тээврийн осол гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал), амь хохирогч Г.Т нь гавал тархины цөмөрсөн хугарал, цус харвалт хавсарсан хүнд гэмтлийн улмаас зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 78-82 дахь тал), амь хохирогч О.О нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 94-103 дахь тал), зам тээврийн осол болсон хэргийн газарт болон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 7-23 дахь тал), шүүгдэгч Х.Б нь *** улсын дугаартай Хино ренжер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, харин *** улсын дугаартай Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчөөгүй талаар 48 тоот тусгай зөвшөөрөлтэй шинжээч С.Бямбасүрэнгийн гаргасан дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 131-133 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Х.Б-ыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж үзэв.
3.Хоёр хүний амь хохирсон гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
Тодруулбал, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахдаа “Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2024 онд эрэгтэй хүний дундаж наслалт 67.6 байх ба гэмт хэрэг гарах үед амь хохирогч хүү О.О нь 5 настай байсан нь хэрэгт тогтоогдсон байх тул дундаж наслалтын зөрүүг 66 байхаар тодорхойлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийг хэмжээг тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-аас 218,800,000 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 99,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхүүд гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон байхад гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг нэг хүний амь нас хохирсон хэрэгтэй адил хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
4.Хууль тогтоогчоос 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг хуульчилж, уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус өөрчилснөөр гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бус, харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр сэтгэцэд тогтоож, амь насны нөхөн төлбөр гэсэн агуулгаар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан ар гэрт нь нэг удаа олгуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх” зарчимд нийцнэ.
Энэ гэмт хэргийн улмаас 25 настай Г.Т, 5 настай О.О нарын амь нас хохирсон тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу амь хохирогч нарын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнг 2 дахин нэмэгдүүлж 198,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Б-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн 9,000,000 төгрөг нь энэ гэмт хэргийн шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч Х.Б-аас хоёр хүний амь нас хохирсны улмаас тэдгээрийн ар гэрт учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах 198,000,000 төгрөгөөс түүний төлсөн 41,277,374 төгрөгийг хасаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 156,722,626 (нэг зуун тавин зургаан сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин зургаа) төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д, 5,913,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 84 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-аас 57,722,626 (тавин долоон сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А-д… олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ