Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 991

 

 

 

 

 

 

  2019          12          05                                      2019/ШЦТ/991

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: А.Марал,

           Шүүгдэгч: Р.О-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Р.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905029341105 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.О-, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архайнгай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Гэмтэл Согог судлалын төвийн ясны үений 2 дугаар тасагт сувилагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Р.О- нь 2019 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-д шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн 5 давхарын сувилагч Б.Б-гийн өрөөний хаалганд байрлах шилэн хаалтыг дээш нь гүйлгэн гараа дотор нь оруулж, дотор талд байрлах цоожийг эргүүлэн онгойлгож буюу үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж бэлэн 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Р.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 19 цагаас 19 цаг 30 минутын хооронд Дондов овогтой Б- гэх хүний хагалгааны төлбөр болох 1.896.516 төгрөгийг тоолж аваад резинээр боогоод өөрийн өрөөний компьютерийн хажууд тавиад өрөөгөө түгжчихээд гэр рүүгээ явсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед ажилдаа ирээд орж ирэхэд уг мөнгө ширээн дээр байсан. ...Платуудаар явж дуусаад өрөөндөө орж ирээд касс дээр мөнгийг нь тушаах гэтэл ...төлбөр дутуу байна гээд буцааж өгсөн юм. Тэгээд би тасагтаа очоод дахин мөнгөө тоолж үзэхэд нийт 550.000 төгрөг дутуу байсан. Тухайн үед би О-гэдэг хүнийг сэжиглээд цагдаагийн байгууллагад хандаад О-г цагдаа нар түрүүлж авч явсан. Тэгээд мэдүүлэг авахад үнэнээ хэлээгүй байсан. Тэгээд О-цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчихөөд буцаж очоод надтай уулзъя гээд байхаар нь би айгаад тухайн үед уулзаж чадаагүй. Тэгээд маргааш өглөө нь О-94731727 гэсэн дугаараас залгаад ажил дээр хүрээд ир хоёулаа уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би ажил дээр явж очоод О-тай уулзахад “би хүнээс мөнгө зээлсэн байсан, нөгөө хүн нь гадаа ирээд мөнгөө авъя гээд цохиж зодоод байхаар нь чиний мөнгийг хулгайлсан юм, чиний мөнгө надад одоо байгаа чи цагдаа дээр очоод гомдол саналгүй гээд хэлчих” гээд байсан. Би тэгээд  О-гаас 530.000 төгрөг авсан. Тухайн үед О-цалин буугаад дутуу өгсөн 20.000 төгрөгөө бэлнээр өгсөн. Хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10 билүү 11-ний өдөр санагдаж байна. Өглөө Б- ирээд мөнгөний тал нь байхгүй байсан. Тэгээд бид нар бүгдээрээ мөнгийг нь тоолоход 550.000 төгрөг дутаж байсан. Тэгээд өдөржин бие биенээ харж байгаад Гэмтлийн эмнэлгийн цагдаа дээр Б- очиж камер шүүхэд О-гаас өөр хүн орж гараагүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад тэр өдөр нь Б-, О-хоёр цагдаад мэдүүлэг өгсөн. Тэрнээс өмнө О-Б-г уулзъя гээд байсан. Тухайн үед Б- худлаа хүн гүтгэсэн юм болов уу гэж байгаад уулзаагүй байсан. Тэгээд маргааш өглөө нь ажил цуглахад О-намайг эмнэлгийн гадаа дуудаад “надад хэлэхдээ би мөнгө хүүлэгч нараас мөнгө аваад тухайн шөнө намайг ирж дарамтлаад мөнгөө нэхээд байхаар нь би Б-гийн мөнгийг авсан юм, би одоо мөнгөө өгнө, би санаа зовоод хэлж чадахгүй байна, та хэлээд өг” гэхээр нь би Б-д хэлсэн. Тэгээд цагдаа дээр очоод хохирлоо барагдуулсан байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Яллагдагчаар Р.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хэрэг гардаг буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 24 цагийн ээлжийн сувилагчийн ажлыг хийсэн. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед ирж ээлжээ авахад ахлах сувилагчаар ажиллаж байсан Б- нь сувилагчийн өрөөндөө ажлаа хийгээд сууж байсан ба удалгүй 17 цаг 30 минутын орчимд өөрийн хагалгааныхаа өрөөг цоожлоод тараад гараад явсан. Ингээд өрөө эзэнгүй болчихсон, надтай хамт гарч байсан Ууганцэцэг, Лхагвасүрэн нар нь тасгаар өвчтөнүүдийг эргээд явж байхаар нь ахлах сувилагч Б-гийн өрөөний хаалганы шилний завсраар дотогшоо хартал ширээн дээр нь бэлэн боодолтой мөнгө харагдаж байхаар нь түүнийг авах санаа төрсөн. Яагаад мөнгө авах болсон гэхээр би хүнээс мөнгө зээлчихсэн, түүнийгээ өгөх хэрэгтэй болоод надаас мөнгөө нэхээд байсан учир амар хялбар аргаар мөнгө олохын тулд Б-гийн өрөөнд байсан мөнгийг авах болсон юм. Ингээд ойр хавьд ажлын ямар нэгэн хүн байхгүй байсан учраас хаалганы цоожийг дотор талын түлхүүргүйгээр онгойлгодог цоожны хэсгийг эргүүлж байгаад хаалгыг онгойлгосон. ...Дотогшоо ороод Б-гийн суудаг ширээн дээр боодолтой мөнгө байхаар нь тоолж үзтэл одоо яг нарийн санахгүй байна 1.800.000 орчим мянган төгрөг байхаар нь түүнээс хүнд өгөх ёстой 550.000 төгрөг дундаас нь аваад бусад үлдэгдэл мөнгийг үлдээгээд гарсан. Ингээд эргэж гарахдаа дотогшоо хаалгыг онгойлгож гарсан шигээ цонхны шилийг дээш нь болгож байгаад хаалгыг дотор талаас нь цоожилсон. Ингээд хулгайлж авсан мөнгөө мөнгө өгөх ёстой байсан Төмөрөө гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй хүнд 550.000 төгрөгийг өгчихсөн юм. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б-д эргүүлж өгөх ёстой 550.000 төгрөг бүрэн барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-35, 41-46, 48-54/, хохирогчийн хүсэлт /хх-н 47/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.О- нь 2019 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-д шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн 5 давхарын ахлах сувилагч Б.Б-гийн өрөөний хаалганд байрлах шилэн хаалтыг дээш нь гүйлгэн гараа дотор нь оруулж, дотор талд байрлах цоожийг эргүүлэн онгойлгож буюу үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж бэлэн 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-гийн: “...Платуудаар явж дуусаад өрөөндөө орж ирээд касс дээр мөнгийг нь тушаах гэтэл ...төлбөр дутуу байна гээд буцааж өгсөн юм. Тэгээд би тасагтаа очоод дахин мөнгөө тоолж үзэхэд нийт 550.000 төгрөг дутуу байсан. ...О-цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчихөөд буцаж очоод надтай уулзъя гээд байхаар нь би айгаад тухайн үед уулзаж чадаагүй. Тэгээд маргааш өглөө нь О-94731727 гэсэн дугаараас залгаад ажил дээр хүрээд ир хоёулаа уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би ажил дээр явж очоод О-тай уулзахад “би хүнээс мөнгө зээлсэн байсан, нөгөө хүн нь гадаа ирээд мөнгөө авъя гээд цохиж зодоод байхаар нь чиний мөнгийг хулгайлсан юм, чиний мөнгө надад одоо байгаа чи цагдаа дээр очоод гомдол саналгүй гээд хэлчих” гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Б.Ц-ын: “...О-намайг эмнэлгийн гадаа дуудаад “надад хэлэхдээ би мөнгө хүүлэгч нараас мөнгө аваад тухайн шөнө намайг ирж дарамтлаад мөнгөө нэхээд байхаар нь би Б-гийн мөнгийг авсан юм, би одоо мөнгөө өгнө, би санаа зовоод хэлж чадахгүй байна, та хэлээд өг” гэхээр нь би Б-д хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “тухайн өрөө нь гадны хүн орох хориотой харин сувилагч нар орж болох эрхтэйгээр харагдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Р.О- нь ахлах сувилагч Б.Б-гийн цоожтой байсан өрөөнд орох эрхгүй атлаа шилэн хаалтыг дээш нь болгож гараа оруулан цоожийг онгойлгон нэвтрэн орж ширээн дээр байсан хагалгааны мөнгөнөөс 550.000 хулгайлсан нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Уг үйл баримт нь хохирогчийн “хаалгаа цоожлоод явсан” гэх  мэдүүлэг, шүүгдэгчийн хаалганы шилийг дээш нь болгож гараа оруулаад цоожийг дотроос нь онгойлгож орсон” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Р.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.О- нь хүн зээлсэн мөнгөө нэхээд байна гэсэн шалтгаанаар бусдын эд “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогчийн хүсэлт /хх-н 47/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Р.О-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 01 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял буюу 01 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Р.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.О-г “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.О-г 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Р.О-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Р.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР