| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00175/И |
| Дугаар | 134/ШШ2016/00161 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2016/00161
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй
Орхон овогт Тогоочийн Нэргүй /РД: ЕЙ79062404/-г албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 72 дугаар байрны 4 тоотод оршин суух, Тогоочийн Нэргүй нь удаа дараа архидан согтуурч нийтийн хэв журам зөрчсөн. Говьсүмбэр аймагт оршин суух хаягтай, 3 хүүхэдтэй боловч хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, гэртээ тогтдоггүй, дээд тал нь 3 хоног гэртээ байдаг ба Улаанбаатар хотод 19 дүгээр хорооллын буудлын орчмоор байнга архи уудаг, өөрөө ажил хийх сонирхолгүй. Урьд нь 2013 онд албадан эмчилгээнд хамрагдаж байсан хэдий ч дахин архи ууж, ар гэрийнхэндээ агсам тавьдаг тул ээж П.Норжмоо нь албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан. Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэлээр албадан эмчилгээнд явуулах саналтай байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь Т.Нэргүйг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Орхон овогт Тогоочийн Нэргүй нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, удаа дараа эрүүлжүүлэгдэн нийгмийн хэв журмыг зөрчиж, захиргааны хариуцлага хүлээсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох комиссын дүгнэлт, 2015 оны 06 дугаар сарын 19, 2015 оны 06 дугаар сарын 24, 2016 оны 07 дугаар сарын 16, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдийн эрүүлжүүлсэн хүний бүртгэл, Т.Нэргүйгийн захиргааны зөрчилд холбогдон арга хэмжээ авагдсан талаарх лавлагаа, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шийдвэр, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Т.Нэргүй, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн П.Норжмоо нарыг асуусан тэмдэглэл, П.Норжмоогийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Т.Нэргүйг албадан эмчлэх газарт явуулан албадан эмчилж, түүнийг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Орхон овогт Тогоочийн Нэргүй /РД: ЕЙ79062404/-г албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилсүгэй.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Т.Нэргүйг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хүсэлт гаргагчийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг өвчтэй этгээд эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ