Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 569

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/, хохирогч Ж.М, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, нарийн бичгийн дарга С.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Б-ийн Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, МҮИС-ийн багш ажилтай, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Б-ийн Ц /РД: ШЕ70072077/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны 7 тоот өөрийн гэртээ, хамтран амьдарч байсан Ж.М-тай “хүүхдийн тэтгэмж өгсөнгүй” гэж согтуугаар маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Ж.М: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би охинтойгоо уулзахаар Ц-ын гэрт очсон. Би өмнөх өдөр нь буяны ажилд оролцохоор Био комбинатад байдаг айлд очсон. Тэгээд маргааш өдөр голын эрэг дээр найзуудтайгаа архи уучихаад Ц руу ярьсан. Тэгээд Ц бид хоёр архи уугаад хоорондоо маргалдаад, сүүлдээ зодоон цохион болоод ийм байдалд хүрсэн. Би Цаас 3.200.000 төгрөг хохиролд авсан. Миний бие маш их зовиуртай байгаа. Би нуруундаа 6 сарын эмчилгээтэй, Ц надад 5.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй, миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 3,200,000 төгрөг төлсөн, цаашид эмчилгээний төлбөрийг баримтын хүрээнд төлж барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд амьдардаг манай найз С-ийн нөхөр нь нас барсан болохоор буяны ажилд нь очсон юм. Тус хороонд миний өмнө цуг амьдарч байсан хамтран амьдрагч Ц амьдардаг. Бид хоёр дундаасаа нэг охинтой, охин маань аавтайгаа цуг амьдардаг болохоор нэгэнт тэнд очсон юм чинь охинтойгоо уулзчихаад явъя гэж бодоод Ц-ын утас руу ярьтал тэг тэг, хүрээд ир гэхээр нь би гэрт нь очиж охин Н-тэй уулзсан. Тэгээд Ц хоол унд хийгээд 1 нэг шил архи авч бид хоёр хувааж уусан. Архиа хувааж ууж дуустал гадаа орой болсон байсан учир хонохоор болсон. ...Тэгээд орон дотор хэвтэж байсан чинь Ц охины тэтгэмж надаас нэхэхээр нь би чи эрүүлдээ авахгүй гээд байдаг биздээ, би өгөхгүй гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Би Цаас салсны дараа нэг хүнтэй танилцаж, дотносож байсан. Тэгтэл тэр хүнтэй бас хардаж тэрнийхээ утсыг өг, би одоо ярина гээд агсраад байхаар нь би орон дээрээс босоод суутал миний зүүн талд зэрэгцээд суусан. Тэгээд намайг утасны дугаарыг нь өг гээд хажуу талаас гараараа нүүрлүү цохиод унагасан. Миний нүүрлүү гараараа 9-10 удаа, хавирга хэсэгрүү бас цохисон. Дараа нь үснээс татаж газар унагааж, үснээс чирж, миний дээрээс хөлөөрөө нуруу, бөөр, гуя, өгзөг гэх газарлуу өшиглөсөн. Нилээн олон удаа өшиглөсөн. Тэгээд би уйлаад болиочээ гээд гуйж болиулсан. Тэгээд миний уруул, ам, хамарнаас цус гарсан байсан болохоор би угаагаад, бие өвдөөд байна гээд хэвтсэн. Өглөө хичээл сургуулийн цаг болоод манай охин Нандин-Эрдэнэ хичээлдээ явахаар Цын хамт гарсан. Тэгээд Ц буцаж гэртээ ирэхэд миний бие өвдөж байсан болохоор би өдөр болтол орондоо хэвтэж байгаад босч гэрлүүгээ явлаа гээд явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт байх өөрийнхөө гэртээ ирж унтаад өглөө бостол миний зүүн нүд хавдаж нээгдэхгүй байсан. Мөн бие өвдөж энэ тэнд хөх болсон байсан. Тэгээд өөрийн том охин Маргад-Эрдэнэ болон дүү Мөнхцэцэгтэй утсаар ярьж хэлээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” /хх-ийн 9-11/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ аав Цын хамт байхад ээж согтуу ирсэн. Тэгээд ээж М ааваас архи аваад өг гэж нэхсэн. Аав авч өгөөд цуг архи уусан. Орой аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд аав ээжийг нэг удаа гараараа гэдэс рүү нь цохисон. Тэгээд хэрэлдэхээ болиод бид 3 унтсан. Өглөө би босоод хичээлдээ яваад өдөр гэртээ ирэхэд ээж зодуулчихсан байсан. Тэгээд үдээс хойш аав, ээж хоёр дахиж хэрүүл хийж байгаад ээж явлаа гээд явсан. Би хэн зодсон гэдгийг мэдэхгүй байна. Намайг хичээлээсээ ирэхэд аав эрүүл, ээж согтуу байсан. Ээжийн нүүр нь зодуулчихсан юм шиг байсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,

Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай охин Н-ний гар утас руу нууцалсан дугаар залгахаар нь хэн бэ гэж асуухад ээж гэхээр нь би аваад хаана байгаа талаар асуухад Биокомбинатад байна, охинтойгоо уулзаж болох уу гэхээр нь тэгвэл манайд ирээд охинтойгоо уулзаж болно гэж хэлтэл гэрт ирсэн. Гэрт ирэхдээ согтуу ирээд намайг архи аваад өг гэхээр нь би архи авч өгөөд цуг хувааж уугаад хоносон. Маргааш өглөө нь охин хичээлдээ яваад би ажилдаа явах гэтэл ажилдаа битгий яваач хоёулаа нэмээд нэг шил архи ууя гэхээр нь ажилдаа явахаа болиод дэлгүүр гарч архи аваад гэрт хувааж уусан. Бид хоёр салахад хүүхэд надтай цуг үлдсэн юм. М хүүхэддээ сар болгон тэтгэмж өгөх ёстой. Тэгтэл тэр тэтгэмжээ огт өгөөгүй. Би хүүхдэд өгөх тэтгэмжээ өгөөч гэж хэлтэл М би чиний шээсэнд мөнгө өгөхгүй гэхээр нь миний уур хүрээд нүүр лүү нь гурван удаа, хавирга хэсэгт нь нэг удаа цохисон. Бид хоёр зууралдаж байгаад салсан. Тэгээд манайхаас яв гээд Мг гэрээсээ явуулсан юм. Бид хоёр 3 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний бие учруулсан, хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор зууралдаж ноцолдсон бараг харилцан зодоон шиг юм болсон. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 33-36/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05  дугаар сарын 06-ны өдрийн №5345 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ж.М-гийн биед зүүн талын 3 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1.2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хацрын арьсан доорхи цусан хураа, нүүр, хүзүү, зүүн чих, баруун талын хөхлөг сэртэн, цээж, нуруу, хоёр гарын бугалга, шуу, баруун хөх, хэвлий аюулхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьж, уруулын дотор салстад цус хуралт, ялзрал, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

-  Өргөдөл /хх-ийн 2/

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/

- Шүүгдэгч Б.Ц-ын хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 40/, бусад баримтууд /хх-ийн 42-47/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот өөрийн гэртээ, хамтран амьдарч байсан Ж.М-тай “хүүхдийн тэтгэмж өгсөнгүй” гэж согтуугаар маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн талын 3 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1.2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хацрын арьсан доорхи цусан хураа, нүүр, хүзүү, зүүн чих, баруун талын хөхлөг сэртэн, цээж, нуруу, хоёр гарын бугалга, шуу, баруун хөх, хэвлий аюулхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьж, уруулын дотор салстад цус хуралт, ялзрал, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв. Учир нь: Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ж.Мтай хамтран амьдарч байсан боловч гэмт хэрэг гарах цаг хугацаанд хамтын амьдрал үгүй байсан, тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ц-ын Н-тэй эх Ж.М нь уулзах гэж хаяа гэрт нь ирдэг байсан болох нь хохирогч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 163 дугаартай шийдвэр /хх-ийн 68/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг эх, ах, эгч, дүү …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ. Шүүгдэгч Б.Ц, хохирогч Ж.М нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд мөн байсан боловч хуульд заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй гэрч Ц.Н-ийн болон шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.М, шүүгдэгч Б.Ц нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь өөрийн охин Ц.Н-ийн ээж, хамтран амьдарч байсан Ж.Мг байнга зодож, харгис хэрцгий хандах, догшин авирласан, тарчлаасан, сэтгэл санаанд нь дарамт учруулсан, бие махбодид байнга халдсан үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул прокуророос шүүгдэгч Б.Цыг Ж.Мгийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38-7 тоот өөрийн гэртээ, хамтран амьдарч байсан Ж.Мтай “хүүхдийн тэтгэмж өгсөнгүй” гэж согтуугаар маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Мгийн “...Миний нүүрлүү гараараа 9-10 удаа, хавирга хэсэг рүү бас цохисон. Дараа нь үснээс татаж газар унагаж, үснээс чирж, миний дээрээс хөлөөрөө нуруу, бөөр, гуя, өгзөг гэх газар луу өшиглөсөн. Нилээн олон удаа өшиглөсөн би сайн санахгүй байна. Би уйлаад болиочээ гээд гуйж болиулсан. Миний уруул ам хамарнаас цус гарсан байсан болохоор би угаагаад, бие өвдөөд байна гээд хэвтсэн...” /хх-ийн 9-11/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Ц.Н-ийн: “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ аав Цын хамт байж байтал ээж согтуу ирсэн. Орой аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд аав ээжийг нэг удаа гараараа гэдэс рүү нь цохисон. Тэгээд хэрэлдэхээ болиод бид 3 унтсан. Ээжийн нүүр нь зодуулчихсан юм шиг байсан...” /хх-ийн 20-21/ гэсэн, шүүгдэгч Б.Цын “...Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний бие учруулсан, хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 33-36/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №5345 тоот дүгнэлт /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 2/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мгийн эрүүл мэндэд зүүн талын 3 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хацарын арьсан доорхи цусан хураа, нүүр, хүзүү, зүүн чих, баруун талын хөхлөг сэртэн, цээж, нуруу, хоёр гарын бугалга, шуу, баруун хөх, хэвлий аюулхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьж, уруулын дотор салстад цус хуралт, ялзрал, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан, эмчилгээний зардалтай холбоотой баримтаар 3,200,000 төгрөгийг хохирогч Ж.М нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.  Харин хохирогч Ж.М өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэж шүүх дүгнэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх дээх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл, хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасны дагуу торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ж.М гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч Б.Ц энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Б-ийн Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч О овогт Б-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б-ийн Ц-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ж.Мд 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ж.М гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ж.М гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч Б.Ц энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР