| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/00170/и |
| Дугаар | 182/шш2016/00784 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 182/шш2016/00784
| 2016 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2016/00784
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Х-д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээг цуцлаж, 2 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчД.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлтэндээ: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие нь А.Х-тай 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр амаар тохиролцсоны үндсэн дээр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 79 дүгээр байрны 22 тоотод байрлах 1 өрөө орон сууцаа сарын 450 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. А.Х нь төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр ХААН банк дах миний ... данс руу шилжүүлж байхаар тохиролцсон. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой 450 000 төгрөг, барьцаа 100 000 төгрөгийн хамт төлсөн. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой төлбөрөөс хойш төлбөрийг төлдөггүй, очихоор хаалгаа тайлж өгдөггүй, утсаа ч авахгүй байсаар өдийг хүрч байна. А.Хд төлбөрөө төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан.
Иймд А.Хтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр болох 2 250 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сараас хойшхи ашиглалтын зардал 650 000 төгрөг нийт 2 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1400 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчД.М нь хариуцагч А.Хд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээг цуцлаж, гэрээний үүрэг болох 2 250 000 төгрөг, ашиглалтын зардал 650 000 төгрөг, нийт 2 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
НэхэмжлэгчД.М нь хариуцагч А.Хтай амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн өмчлөлийн тоотод байрлах м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сарын 450 000 төгрөгөөр тодорхой бус хугацаагаар хөлслүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 1, 17 тал/
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ...” гэж тус тус заажээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно” гэж заажээ.
Хариуцагч А.Х нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2016 оны 06 сар хүртэл хугацааны орон сууц ашигласны хөлсийг хугацаанд нь төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлаж болно” гэж заажээ.
Хариуцагч А.Х нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчД.М нь гэрээ цуцлах тухайгаа мэдэгдэж, орон сууц хөлслөх гэрээг цуцлаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 294 дүгээр зүйлийн 294.2.1 дах заалттай нийцсэн гэж үзнэ.
Гэрээнээс татгалзах явдал нь дан ганц үүргийн зөрчлөөс биш өөр бусад нөхцлөөс шалтгаалах боломжтойг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заажээ.
Хариуцагч А.Х нь дээрх гэрээг цуцлах хүртэл хугацаанд гэрээний зүйлийг ашигласан байх тул, орон сууц ашигласаны хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй.
А.Х нь гэрээний зүйлийг буцаан хүлээлгэн өгөөгүй байх бөгөөд гэрээ цуцлах шаардлага гаргах хүртэл хугацаагаар, хариуцагчийг бусдын эд хөрөнгийг эзэмшил ашиглалтад байлгасан хугацааг тогтоох нь зүйтэй.
Иймд зохигчдын хооронд байгуулсан 2015 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг цуцлаж, хариуцагч А.Хаас 2 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 10 дугаар сараас хойш хугацааны цахилгаан болон усны төлбөрт 650 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд гэрээ цуцласантай холбогдон учирсан хохирол шаардсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, ашиглалтын зардалд 650 000 төгрөг төлсөн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Шүүх хариуцагч А.Хд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3-т заасан журмын дагуу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн. /х.х-ийн 5, 10 тал/
Түүнчлэн хариуцагч нь А.Х нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч А.Х нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчдын эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацааг шүүхээс олгож шүүх хуралдааныг хойшлуулж байсан. /х.х-ийн 22 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5, 77.6-д заасан журмын дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1400 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчД.М, А.Х нарт хүргүүлсэн боловч нэхэмжлэгч өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн ба хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 23-24, 27 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг цуцалж, хариуцагч А.Хаас 2 250 000 /хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчД.Мд олгож, 650 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар А.Х нь тоотод байрлах өрөө орон сууцыг чөлөөлж,Д.Мд хүлээлгэн өгөх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 350 төгрөгийг улсын төсвийн дансад хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас 50 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчД.Мд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ