Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 989

 

 

 

 

 

 

  2019          12           04                                       2019/ШЦТ/989

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Хохирогч: Н.Х-,

Шүүгдэгч: Б.Э-, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,

Шүүгдэгч: Б.М-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905028641016 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид В-9 гудамж, 428 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УП-93100319 тоот регистртэй,

 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М-, 1998 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Мөнгөн Морьт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Төв аймгийн Мөнгөн Морьт сум, 3 дугаар баг, Булагт гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Фламинго” бааранд 2019 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Н.Х-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Фламинго” баарны гадна 2019 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Н.Х-ийг түлхэж унагаан түүний биед дагз ясны шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэнгийн няцрал, баруун тал бөмбөлгийн цус хуралт гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Фламинго бааранд Х-той цуг орсон. Бид 2 архи ууж байгаад Х- гаръя гэхээр нь байж бай хамт архиа ууж дуусгачихаад явъя гэхэд Х- уурлаад над руу дээд талынхаа хувцасыг тайлаад дайрсан. Тэгээд барьцалдаж авсан байх үедээ Х-ыг нэг цохисон. Тэгсэн баарны хамгаалагч зөөгч нар та нар гар гээд гадаа гарсан. Гадаа гараад би Х-ыг цохисон зүйл байхгүй. Би дараа нь камерын бичлэгийг хуулж аваад байцаагчдаа аваачиж өгч байсан. Цуг бичлэгээ үзэхэд би цохисон зүйл байгаагүй. Би 10 жилийн найзтайгаа цуг явж байсан. Манай найз одоо болно явъя гэхэд нь за гээд найзтайгаа цуг явсан. Такси барих гэсэн чинь такси олдоогүй тэгэхээр нь буцаад 15-20 минутын дараа ирсэн чинь түргэний машин ирсэн байсан. Би эхнэрээс нь яасын бэ гэхэд Фланминго баарны зөөгч хамгаалагч нар зодчихлоо гэсэн байж байсан. Х- гэмтлийн эмнэлэг орсон байсан. Би араас нь эмнэлэг орсон. Маргааш нь би Х-ыг гэрээс нь очиж аваад эмнэлэгт үзүүлсэн томографикийн зураг авахуулахад хүнд гарсан. Тэгээд эмнэлэгт хэвтэхээр болоод зураг авахуулахад 80.000 төгрөг, ор хөнжлийн давуу 60.000 төгрөгөөр аваад эмчилгээгээ хийлгээрэй гээд 30.000 төгрөг өгсөн. Тэгсэн үдээс хойш нь Баянгол дүүргийн цагдаагаас дуудаад очиж хэрэгтэйгээ танилцсан. Би цагдаад хэлсэн намайг гэрчлэх камерын бичлэг байгаа гэхэд за аваад ир гэсэн. Тэгсэн Х-ын аав, ээж нь над руу яриад чи яахаараа өөрөө очиж камерын бичлэг авдаг юм бэ, хүүхэд зодчихлоо гээд байнга дарамталж байсан...” гэв.

            Шүүгдэгч Б.М-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө болсон явдал. Захирал “гадаа зодоон болоод байна гарч салга” гэхээр нь би гарсан. Намайг гарахад манай Дижи гадаа зогсож байсан. Х-ын хамарнаас нь цус гарчихсан байхаар нь хамрынх нь цусыг нь арчиж өгсөн. Би Х- Э- хоёрыг салгах үйлдэл л хийсэн. Салгах явцад Н.Х- хойшоогоо унасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Хохирогч Н.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 07-ны шөнө Э-тэй архи уусан, жоохон муудаад байхаар нь эхнэрээ дуудсан. Би Э-тэй мөнгөө нийлүүлж архи авсан. Гадагшаа гараад камергүй газар руу дагуулаад очсон. Би гараад юу болсоныг санахгүй байгаа. Э- өөрөө байцаагчид камерын бичлэг өгөхдөө өөрийнхөө явсан хэсгийг хасаад өгсөн байна гэж байцаагч надад хэлсэн. Манай аав ээж 2 нэг удаа утсаар л ярьсан, дарамталсан зүйл байхгүй. Баянгол дүүрэгт надад танил тал зөндөө байгаа надаас та нар юу ч авч чадахгүй шүү гэж хэлж байсан. Намайг эмнэлэгт байхад нэг ч эргэж ирээгүй манай эхнэрийг дарамталсан. Би их гомдолтой байна.  Мөнгөн надад эмчилгээний зардал гэж 1.500.000 төгрөгөө өгсөн. Э-ээс 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

            Хохирогч Н.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Фламинго баар руу шууд орсон ...явъя, удаан суувал согтох юм байна гээд эхнэртээ хэлээд бид хоёр явах болсон чинь Э- чи явах гэлээ, хүнээр архи авахуулчихаад гээд над руу уурласан. ...явлаа гээд босоход би чамайг ална шүү гээд миний хоолойноос Э- боосон, манай эхнэр хажуунаас салгасан. Э- над руу дайраад байсан. Э-ийн найз нь салгасан. Тэр үед баарны зөөгч, ди жи хоёр ирээд та хоёр боль гараад камергүй газар руу яв гээд Э- бид хоёрыг аваад үүд рүү гаргах үед шатны дэргэд Э- миний нүүр рүү хүчтэй цохиод би нүүрээ дараад суухад баарны зөөгч нь Э-тэй хамт намайг аваад баарны гадаа гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

            Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Х- намайг явъя гэхээр нь би Х-ыг босгоод авч гарахад Э- уурлаад Х-ыг буйдан руу түлхсэн. Э-, Х- хоёр хамт буйдан дээр суугаад хоорондоо чанга дуугаар ярилцсан. Би хажууд нь зогсож байсан. Э- нь Х-ын хоолойноос боож, хойш буйдан руу цохисон. Би Э-ийн баруун гарын булчин руу цохиод хүн гэр лүүгээ явах гэж байхад явуулаач гэж хэлсэн. Х- боолгосондоо уурлаад босоод ирэхэд Э-, Х-ын нүүр рүү 2 удаа цохисон. Х- фудволкоо тайлж шидээд бүжгийн талбай руу гарахад Э- уурлаад хүмүүс салгах гэж байхад зүтгээд дахин Х-ыг цохисон. ...баарны шатны дэргэд Э- нь Х-ын гуя руу өшиглөсөн. Тэгээд Х-ыг баарны гадна үүднээс холдуулаад шорлог зарж байгаа хүний урд очсон. Тэр үед Э- нь Х-ын нүүр рүү цохиод, дижи гэдэг залуу Х-ын хөл рүү өшиглөсөн. Х- буцаад цохих гэхэд дижи залуугийн нүүр рүү цохисон. Тэр үед улаан фудболктой залуу дундуур нь орж ирээд салгах гэхэд Э- явчихсан байсан. Улаан подволк өмссөн залуу салгах гэж байгаад Х-ын хүзүү хэсэг рүү гараараа цохиод түлхсэн. Тэр үед Х- хойш болоод цемент дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

            Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...өндөр залуу нь намхан залуутайгаа зодолдоод нүүр рүү нь хүчтэй цохиод тэр даруй намхан залуугийн хамарнаас цус гараад цусыг арчиж өгсөн. Манай баарны хамгаалагч тэр хоёрыг салгаад өндөр залууг нь явуулсан. ...намхан залуу Мөнгөний гарыг ирж мөргөөд ухарч байгаад савж унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

            Шинжээчийн 8479 тоот дүгнэлтэд: “...Н.Х-ын биед дагз ясны шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэнгийн тархины няцрал, баруун тал бөмбөлгийн цус хуралт, зүүн хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 42/,

            Шинжээчийн 1258 тоот дүгнэлтэд: “...Н.Х-ын биед учирсан дагз ясны шугаман хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархины хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэнгийн тархины няцрал, баруун тал бөмбөлгийн цус хуралт, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус, тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дагз ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэнгийн тархины няцрал, баруун тал бөмбөлгийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн ар /дагз/ хэсгээр унах үед үүснэ” гэсэн дүгнэлт /хх-н 45-46/,

            Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Х-ын биед дагз ясны шугаман хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт ...харин зүүн хоншоорын хөндийн урд ханын шөрмөсөн хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт ...бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт хамаарч байгаа бүх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой юм” гэсэн мэдүүлэг /хх-н 6062/,

            Яллагдагчаар Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг зөвшөөрч байна. ...Х- эхнэртэйгээ явах гэхээр нь Х-ыг явуулахгүй хоргоосон. Х- бид хоёр буйдан дээр ярилцсан би ..юмаа сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 86-87,

            Яллагдагчаар Б.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Мооноо Х- хоёрын дундуур ороод хоёр тийш нь гараараа түлхсэн. Тэр үед Х- хойш хоёр алхаад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 92-93/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 19-29/, хохирогчийн өвчний түүх /хх-н 50-56/, шүүгдэгч Б.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-65, 74-76/, шүүгдэгч Б.М-ий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-69, 78-81/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Фламинго” бааранд 2019 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Н.Х-той маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Фламинго” бааранд 2019 оны 7 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Н.Х-ийг бусад руу дайрах үед нь голоор нь орж салгахдаа түлхэж унагаан түүний биед дагз ясны шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн дэлбэнгийн няцрал, баруун тал бөмбөлгийн цус хуралт гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Х-ын: “...Э- чи явах гэлээ, хүнээр архи авахуулчихаад гээд над руу уурласан. ...явлаа гээд босоход би чамайг ална шүү гээд миний хоолойноос Э- боосон, манай эхнэр хажуунаас салгасан. Э- над руу дайраад байсан. ...Тэр үед баарны зөөгч, ди жи хоёр ирээд та хоёр боль гараад камергүй газар руу яв гээд Э- бид хоёрыг аваад үүд рүү гаргах үед шатны дэргэд Э- миний нүүр рүү хүчтэй цохиод би нүүрээ дараад суухад баарны зөөгч нь Э-тэй хамт намайг аваад баарны гадаа гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч Ц.А-ын: “...Э- уурлаад Х-ыг буйдан руу түлхсэн. ...Э- нь Х-ын хоолойноос боож, хойш буйдан руу цохисон. Би Э-ийн баруун гарын булчин руу цохиод хүн гэр лүүгээ явах гэж байхад явуулаач гэж хэлсэн. Х- боолгосондоо уурлаад босоод ирэхэд Э-, Х-ын нүүр рүү 2 удаа цохисон. Х- фудволкоо тайлж шидээд бүжгийн талбай руу гарахад Э- уурлаад хүмүүс салгах гэж байхад зүтгээд дахин Х-ыг цохисон. ...баарны шатны дэргэд Э- нь Х-ын гуя руу өшиглөсөн. Тэгээд Х-ыг баарны гадна үүднээс холдуулаад шорлог зарж байгаа хүний урд очсон. Тэр үед Э- нь Х-ын нүүр рүү цохиод, дижи гэдэг залуу Х-ын хөл рүү өшиглөсөн. Х- буцаад цохих гэхэд дижи залуугийн нүүр рүү цохисон. Тэр үед улаан фудболктой залуу дундуур нь орж ирээд салгах гэхэд Э- явчихсан байсан. Улаан подволк өмссөн залуу салгах гэж байгаад Х-ын хүзүү хэсэг рүү гараараа цохиод түлхсэн. Тэр үед Х- хойш болоод цемент дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, гэрч М.Б-гийн: “...өндөр залуу нь намхан залуутайгаа зодолдоод нүүр рүү нь хүчтэй цохиод тэр даруй намхан залуугийн хамарнаас цус гараад цусыг арчиж өгсөн. Манай баарны хамгаалагч тэр хоёрыг салгаад өндөр залууг нь явуулсан. ...намхан залуу Мөнгөний гарыг ирж мөргөөд ухарч байгаад савж унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/, шинжээчийн 8479, 1258 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”,

шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Н.Х-той маргалдаж түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

шүүгдэгч Б.М-ий хохирогч Н.Х-ыг бусад руу дайрах үед нь голоор нь орж салгахдаа түлхэж газар унагаасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-ий үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн бус харин хохирол, хор уршиг уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн  болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд хохирол учруулсан гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтаас 2.085.830 төгрөгийн баримтыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.М- нь хохирогч Н.Х-т 1.500.000 төгрөг өгсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн хохирогч, шүүгдэгч Б.М- нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин үлдэгдэл баримттай хохирол болох 585.830 төгрөгийг шүүгдэгч Б.Э-ээс гаргуулж хохирогч Н.Х-т олгох нь зүйтэй.

Хохирогчийн хавтаст хэрэгт өгсөн баримтаас хоол, хүнс авсан 84.890 төгрөг, хаан банкны банкны 59.100 төгрөгийн худалдан авалтын баримт /юунд зарцуулсан нь тодорхойгүй/ зэргийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол биш гэж үзсэн болно.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт зүүн хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал гэмтэлд хагалгаа хийлгэнэ гэж мэдүүлсэн ба эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гарах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М-, Б.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-, Б.М- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.М- нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-г 08 сар хорих ялаар, шүүгдэгч Б.Э-эд 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.М-ий өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал, шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М-ий холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ийг “...бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б.Э-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнсүхээс 585.830 төгрөг гаргуулж хохирогч Н.Х-т олгосугай.

8. Хохирогч Н.Х- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-, Б.Э- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР