Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2016/00772

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж-24, “Рокмон бюлдинг” 3-р давхар 308-2 тоотод байрлах, “Их ирээдүй капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол ҮЭ гудамж 8а байр 66 тоотод оршин суух, эмэгтэй, ШВ69121368 регистрийн дугаартай, Тангуд овогт Замбалын Батдолгор,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 13-р хороо, Дүүрэг 4 гудамж 215Б тоотод оршин суух, эмэгтэй, ЧП69021305 регистрийн дугаартай, Тангуд овогт Гончигийн Янжинсүрэн нарт холбогдох

гэрээний үүрэг 27 664 794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Батчимэг, хариуцагч З.Батдолгор, Г.Янжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Их ирээдүй капитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал Пак Күй Нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Их ирээдүй капитал” ББСБ нь иргэн З.Батдолгорт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №ЗГ2015/01/01 тоот зээлийн болон барьцааны №БГ2015/01/01 тоот гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүүтэй олгосон. Харилцагчийн хүсэлтээр зээлийн үлдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн №ЗНГ2015/10/04 тоот нэмэлт гэрээ байгуулж дахин 6 сарын хугацаатай сунгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол 8-А байр 66 тоотод байрлалтай ЭХЭУБ Гэрчилгээний №0047253, Улсын бүртгэлийн Ү-2201004636 дугаарт бүртгэгдсэн 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалсан. Иргэн З.Батдолгор нь манай байгууллагатай харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчин зээл төлөлтийг төлөөгүй. Манай байгууллагатай байгуулсан зээлийн нэмэлт гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Одоо манай байгууллага нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 22 729 308 төгрөг, үндсэн хүү 1 064 568 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 88 761 төгрөг, нийт 23 882 637 төгрөгийн авлагатай байна. Иймд З.Батдолгороос зээлийн үлдэгдэл төлбөр болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23 882 637 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэн З.Батдолгорын зээлийн төлбөрийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол 8-А байрны 66 тоотод байрлах ЭХЭУБ Гэрчилгээний №0047253, Улсын бүртгэлийн Ү-2201004636 дугаарт бүртгэгдсэн 30 м.кв бүхий 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Их ирээдүй капитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал Пак Күй Нам нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагдаа:

“Их ирээдүй капитал” ББСБ нь иргэн З.Батдолгор, хамтран зээлдэгч Г.Янжинсүрэн нарт холбогдох зээлийн өр төлбөрийн талаарх нэхэмжлэлийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүгч Д.Мөнгөнтуулд хувиарлагдсан боловч өнөөг хүртэл ажиллагаа хийгээгүй байна. Иймд бидний зүгээс Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-т заасны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан ЗГ2014/09/08 тоот зээлийн гэрээний 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үндсэн зээл 22 729 308 төгрөг, үндсэн зээлийн хүү 4 216 365 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719 121 төгрөг, нийт 27 664 794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Их ирээдүй капитал” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Бид сая ярилцаж тохиролцсон. Хариуцагч нар нь 27 664 794 төгрөгийг маргаангүй төлнө гэсэн. Гэхдээ 2016 оны 9 дүгээр сард 1 000 000 төгрөг, 10 дугаар сард 7 000 000 төгрөг, 11 дүгээр сард 10 000 000 төгрөг, 12 дугаар сард 9 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр болсон. Мөн хариуцагч Г.Янжинсүрэн нь 634 800 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг байгаа. Хэрэв эвлэрлийн гэрээнд төлөөгүй бол зээлийн төлбөрийг З.Батдолгорын эзэмшлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон болохыг талууд хүлээн зөвшөөрсөн гэв.

 

Хариуцагч З.Батдолгор шүүхэд гаргасан тайлбартаа:

Их ирээдүй капитал ББСБ-ын нэхэмжлэлтэй З.Батдолгорт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,882,637 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Их ирээдүй капитал ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний нэг тал болох хамтран зээлдэгч гэх Г.Янжинсүрэн нь тус ББСБ-аас бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авахаар болсон чинь барьцаа хөрөнгө байдаггүй гээд намайг орон сууцаа барьцаанд тавиулчих 6 сар болгоод л буцаагаад өгнө гээд гуйгаад байхаар нь ганц охины минь найзын эцэг эх гэж бодоод тус болох үүднээс өөрийн өмчлөлийн байраа барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн.

Ингээд барьцааны гэрээн дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна гэж тус байгууллагын ажилтан дуудсаны дагуу очиж ажилтных нь зур гэсэн баримт дээр гарын үсэг зурсан. Тухайн үед зээлийн гэрээн дээр үндсэн зээлдэгчээр гарын үсэг зурж байна гэдгээ мэдээгүй.

Миний бие тухайн үед байраа барьцаанд бариулахыг зөвшөөрсөн учраас барьцааны гэрээн дээр гарын үсэг зурах хүсэл зоригтой байсан болохоос, энэ ББСБ-аас зээл авах, зээлийг ямар нэг бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах, хэрэглэх хүсэл зориг байгаагүй. Энэ байдлыг тус байгууллагын ажилтан болон Г.Янжинсүрэн нар сайн мэдэж байсан.

Ингээд энэ зээл олгогдсон байх. Би мөнгийг ББСБ-аас хүлээж аваагүй, хэрэглээгүй, эргэн төлөлтийг ч би хийж байгаагүй надад зээл авах хүсэл зориг байгаагүй. Энэ нь мөнгө хүлээж авсан Г.Янжинсүрэн гарын үсэг бүхий баримтаар нотлогдоно.

Энэ зээлийг хөөцөлдсөн, авч хэрэглэсэн, мөн төлж байсан хүн нь Г.Янжинсүрэн байхад надаас энэ зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ зээлийн зориулалт нь бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар олгогдсон бөгөөд Г.Янжинсүрэнгийн тус байгууллагад гаргасан хүсэлт болон түүний явуулдаг бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөх чадварыг нь харгалзаж, судалсны үндсэн дээр тус ББСБ нь зээлийг олгосон байх гэж бодож байна. Гэтэл одоо яагаад энэ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөн энэ зээлийг авч хэрэглэсэн, эргэн төлж байсан Г.Янжинсүрэн гэдэг хүнийг хариуцагчаар татаагүй байгааг нь зөвшөөрөхгүй байна.

Миний бие ажил эрхэлдэггүй, эрүүл мэнд тааруу энэ зээлийг төлөх ямар ч чадваргүй нэгэн бөгөөд ганц охины минь найзын эцэг эх гэдэг үүднээс тус болох гээд одоо өөрийн ганц хөрөнгө болох орон гэргүй болох хүнд нөхцөл байдалд орчихоод байна.

Дээрх болсон бодит нөхцөл байдлын талаар тус байгууллагын зээл олгосон ажилтан нь өөрөө сайн мэдэж байгаа. Гэтэл мэдсээр байж намайг зээлийн гэрээн дээр үндсэн зээлдэгч дээр гарын үсэг зуруулж, одоо намайг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжпэл гаргаж байгаа зэрэг үйлдлээс нь үзэхэд Г.Янжинсүрэнтэй хуйвалдсан, цаана нь өөр ашиг сонирхол байсан байна гэж үзэхээр байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,882,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед барьцааны гэрээн дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна гэж тус байгууллагын ажилтан дуудсаны дагуу очиж ажилтных нь зур гэсэн баримт дээр гарын үсэг зурсан.

Гэрээний харилцаа нь талуудын хүсэл зориг нэгдсэний үндсэн дээр байгуулладаг. Миний бие ББСБ-аас зээл авах хүсэлт гаргаагүй, зээлийг ямар нэг бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах зэрэг тус ББСБ-аас зээл авах хүсэл зориг байгаагүй. Энэ байдлыг нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь өөрсдөө мэдэж байгаа ба хариуцагч Г.Янжинсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдоно. Гэтэл намайг тухай үед зээлийн гэрээн дээр зуруулсан байсныг шүүхэд нэхэмжлэл гаргахад нь мэдсэн билээ.

Зээлийн гэрээг мөнгө хүлээж авснаар байгуулагдсанд тооцох бөгөөд энэ мөнгийг ББСБ-аас хүлээж аваагүй, хэрэглээгүй, эргэн төлөлтийг ч би хийж байгаагүй нь мөнгө хүлээж авсан Г.Янжинсүрэнгийн гарын үсэг бүхий баримт болон түүний төлөлт хийж байсан баримтуудаар нотлогдоно.

Энэ зээлийг авахаар тус байгууллагад хүсэл гаргаж өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, авч хэрэглэсэн, төлөлт хийж байсан хүн нь Г.Янжинсүрэн байхад надаас энэ зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие ажил эрхэлдэггүй, эрүүл мэнд тааруу энэ зээлийг төлөх ямар ч чадваргүй нэгэн бөгөөд ганц охины минь найз тухай үед 6 сарын хугацаатай байраа барьцаанд тавиулаач гэсний дагуу тус болох гээд одоо өөрийн ганц хөрөнгө болох байраа барьцаанд бариулсан. Гэтэл одоо өөрөө орон гэргүй болох хүнд байдалд орчихоод байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 664 794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Янжинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Янжинсүрэн миний бие “Их ирээдүй капитал” ББСБ-аас иргэн Батдолгорын 2 өрөө байрыг барьцаалан 25 000 000 төгрөгийг авч хүү алдангийг тухайн үед өгч байсан билээ. Одоогоор бидний барилгын салбарын маань үйл ажиллагаа явагдахгүй зогсонги байгаа, ажил үйлчилгээ бага байсан. Одоо 8, 9, 10 сард явагдана. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Их ирээдүй капитал” ББСБ нь хариуцагч Г.Янжинсүрэн, З.Батдолгор нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 664 794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

З.Батдолгор, Г.Янжинсүрэн нар нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Их ирээдүй капитал” ББСБ-тай №ЗГ2015/01/01 дугаар зээлийн гэрээ, №БГ2015/01/01 барьцааны гэрээг тус тус байгуулж 25 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь З.Батдолгорыг хариуцагчаас чөлөөлсөн байна.

Хариуцагч Г.Янжинсүрэн нь 27 664 794 төгрөгөөс 664 800 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 27 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч маргаангүй төлөхийг зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Янжинсүрэн нь 27 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 7 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 10 000 000 төгрөг, 2016 ны 12 дугаар сард 9 000 000 төгрөгийг төлөхөөр хугацааны хувьд тохиролцсон байна.

Хариуцагч Г.Янжинсүрэн нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг авахаар талууд тохиролцсон тул 50 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. “Их ирээдүй капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй Г.Янжинсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27 664 794 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 7 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 10 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг төлөөх тохиролцсоныг баталж талууд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Г.Янжинсүрэнгээс 148 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 296 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ